Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 111/ШШ2018/0031

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч /онлайн/, хариуцагчийн төлөөлөгч , , гуравдагч этгээдийн төлөөлөгч нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох Баянхонгор аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга *******гийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал, мөн газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, ******* миний биеийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрынНийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилохыг аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргад даалгуулах, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах, ажилгүй болсон хугацаанаас хойш ажилд томилогдох хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие нь 2012-2016 онуудад Баянхонгор аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга болон Аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний заалт бүрийг ханган ажиллаж, системийн болон аймгийн хэмжээнд 1-3-р байранд тус тус шалгарч А үнэлгээтэй дүгнэгдэж ирсэн. Дээрх хугацаанд ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмжийг эрс дээшлүүлэхийн тулд Дэмжлэгт удирдлагын менежмент-ийг нэвтрүүлж дөрвөн давхар оффисын шинэ барилга ашиглалтанд оруулж 19 сум, 9 баг, хэлтсийн хэмжээнд компьютер, тавилга тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэл хийж, сургалтын танхим, мини-номын сан, эрүүл мэндийн өрөө, цайны өрөө, амралтын өрөө, хүүхдийн өдөр өнжүүлэх танхим зэргийг тохижуулан тогтмол үйл ажиллагаанд оруулж ажиллуулсан нь зохих үр дүнгээ өгсөн билээ. Мөн парк шинэчлэл хийсэн. Тус хэлтсийн хамт олон нь нийгмийн хамгааллын багц хуулийн дагуу хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзаж зорилтот бүлгийн иргэдийг оновчтой тодорхойлж, нийгмийн хамгааллын үйлчилгээг салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд холбогдох хууль, дүрэм, журмын дагуу тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт тусламжуудыг тогтмол цаг хугацаанд нь олгож байсан. Энэ хугацаанд санхүүгийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөт шалгалтууд /Мэргэжлийн хяналтын газар, Аудит, Аймгийн засаг даргын дэргэдэх санхүүгийн албаны/-аар зөрчил дутагдал илэрч байгаагүй болно. Манай хамт олон 2015 онд Аймгийн шилдэг төрийн байгууллагын болзол"-ын шаардлагыг ханган ажиллаж Шилдэг менежменттэй төрийн байгууллага-аар шалгарч 104 баг, 19 сум, багийн засаг дарга, 48 төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдах ажилтан, албан хаагчдыг хамруулсан Үзүүлэх сургалт- Өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байсан. Түүнчлэн 2015 онд болсон Засаг даргын нэрэмжит Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үзлэг болон 2016 онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан Архив албан хэрэг хөтлөлт-ийн улсын үзлэгт 93 хувьтай шалгагдаж ирсэн. Гэтэл Монгол улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болгон өөрчилсөнтөй холбоотойгоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаалаар намайг хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн. Хуучнаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь 2 албатай, 56 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь газрын дарга, орлогч дарга, халамжийн хэлтсийн дарга, хөдөлмөрийн хэлтсийн дарга, захиргаа хяналтын хэлтсийн дарга гэсэн удирдлагын том бүтэцтэй болсноор Нийгмийн халамжийн хэлтэс нь газрын бүтцэд орж нэр нь Халамжийн хэлтэс болсноос биш ажил үүргийн хуваарь, бүтэц, чиг үүрэгт онцгой өөрчлөлт ороогүй өмнөх чиг үүргийн дагуу ажиллаж байна.

Гэтэл Баянхонгор аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга нь өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудын зохих заалтууд, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай тушаалыг биелүүлэхгүй байгаад гомдолтой байна.

Миний бие төрд 33 жил ажилласны эцэст 2018 оны 6 дугаар сард тэтгэвэрт гарах байсан тул 2017 оны ХХҮГ-ын төсөвт 36 сарын тэтгэмж суугдах байсан юм. Гэтэл төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж, хууль болон тушаал биелүүлдэггүй, төрийн захиргааны залгамж шинж чанарыг хангадаггүй төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг хохироосон төрийн удирдах албан тушаалтан *******гаас болж өрх толгойлсон эх хүний хувьд эдийн засгийн болон сэтгэл зүйн асар их хохирлыг хүлээгээд байна. Би Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга *******г аймгийн даргаар ажиллаж байсан хүнийх нь хувьд дээрх хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг ойлгож ажилд томилохыг хүлээсээр, мөн ажилд томилуулахаар холбогдох эрх бүхий албан тушаалтан, төрийн албаны салбар зөвлөлд удаа дараа хандсаар 18 сар гаруй хугацаанд ажилгүй хүлээж өнөөдрийн байдлаар ч шийдвэрлэгдээгүй байна.

Миний бие нь ажлаас чөлөөлөгдөж, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн тушаал гарснаар өмнө эрхэлж байсан Халамжийн хэлтсийн даргаар томилуулахаар дээрх хугацаанд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад хандсаар тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд өргөдөл, гомдлыг бие биедээ дамжуулан шилжүүлж, иргэний гомдол барагдуулах хуулийн хугацааг хэтрүүлж хүлээлгэсээр байгааг дараах баримтуудаар нотолж байна.

******* миний бие нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт гомдол гаргасан боловч уг гомдлыг Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гомдлын хариуг өгсөн бөгөөд уг хариуд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс танд ******* сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг санал болгосон боловч та татгалзсан, захиргааны санаачлагаар ажлаас халагдсан гэсэн агуулга бүхий хариу өгсөн. Гэвч албан ёсоор дуудаж санал солилцож, хариуцлагатай хандсан асуудал байхгүй.

Миний бие нь өнөөдрийг хүртэл ажлаас захиргааны санаачлагаар халагдсан тушаал гараагүй тул ядаж ажлаас халсан тушаалыг албан ёсоор гаргаж өгөхийг хүсч Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандан Ажлаас халагдсан тушаал гаргаж өгөхийг хүссэн өргөдөл өгсөн бөгөөд хариуг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 415 дугаартай Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр ирүүлсэн. Уг хариуд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаалаар таныг ажлаас чөлөөлсөн байна. Иймд тус газар таньтай хөдөлмөрийн харилцаанд орсон тухай гэрээ байгуулаагүй тул таныг ажлаас чөлөөлсөн тухай тушаал гаргах эрх зүйн үндэслэлгүй байна... гэсэн хариу ирүүлсэн. Миний бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаалаар ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн биш харин шинээр өөрчлөн байгуулагдсан Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн даргаар томилогдох хүсэлтэй байсан тул дээрх хариуг эс хүлээн зөвшөөрч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад дахин өргөдөл гаргасан юм. Уг өргөдлийн хариуг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1448 дугаартай Гомдлын хариу өгөх тухай албан бичгээр ирүүлсэн бөгөөд уг албан бичигт ХХҮЕГ-ын даргын тушаалын биелэлтийг хангуулж хэрэгжүүлэх үүргийг хуулийн дагуу Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хүлээнэ. Иймд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны ******* дугаартай тушаалын биелэлтийн талаар Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хандаж албан ёсны тайлбар тодруулга авсны үндсэн дээр таны гомдлыг шийдвэрлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн тул би дахиад л албан ёсны тайлбар авах хүртэлх хугацааг хүлээх шаардлагатай болсон. Ингээд Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1/162 дугаартай албан бичгээр Баянхонгор аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад хандан тайлбар ирүүлсэн байх бөгөөд "... *******ийг ажилд авах боломжгүй. гэсэн агуулга бүхий тайлбар ирүүлсэн байсан.

Иймээс миний бие харьяаллын дагуу Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандан гомдол гаргасан боловч уг зөвлөлөөс таны өргөдлийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлсэн гэсэн хариуг өгсөн. Уг салбар зөвлөлд хандан гомдлын хариуг авахыг, эсхүл ямар шатандаа явж байгаа талаар хариу авахыг хүссэн ч хариуцсан нарийн бичгийн дарга нь өөр ажил, албан тушаалд шилжсэн, өөр хүн томилогдоогүй байна гэсэн шалтгаанаар миний гаргасан гомдлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна. Миний бие нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн төрийн албан хаагчийн хувьд өнөөдрийн байдлаар ажлаас халагдсан тухай албан ёсны шийдвэр гараагүй бөгөөд дээд шатны удирдах албан тушаалтны шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдлээс болж цаг хугацаа, санхүү, сэтгэл зүйн хувьд ихээхэн хохирол хүлээж байгаагаа дахин илэрхийлж байна. Дээрх шийдвэрүүдээс өмнө анхлаж урьдчилан сонсгох үйл ажиллагаа ерөөсөө хийгдээгүй болно.

Иймд ******* миний биеийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн даргаар томилуулахыг мөн Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэр тус бүрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Эцэст нь миний бие нь төр улсад 33 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллачихаад гавъяаныхаа амралтын босгон дээр 36 сарын тэтгэмжээ 2018 онд авах эрхгүйгээр төрийн удирдах албан тушаалтны хариуцлагагүй байдлаас болж бүтээж босгосон, эмхлэж бий болгосон нөр их ажлынхаа үр бүтээлийг үзэж чадалгүй өнөөдрийг хүртэл цалин хөлс ч үгүй, банкны 33 сая төгрөгийн зээлээ ч төлж чадахгүй хүнд нөхцөлд байгаа учраас гомдолтой байгаагаа илэрхийлье. Миний нэхэмжлэлийг хүлээн авч зохих шийдвэрийг гаргаж өгнө гэдэгт найдаж байна. /Дээрх тэтгэмжийн хэмжээ 2019 оны 1 сарын 01-ээс 12 сар болж өөрчлөгдсөн/ гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн *******ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Дараах үндэслэлээр тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

******* нь ХХҮГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаалаар халамжийн хэлтсийн даргын ажлаас нь чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн. Уг албан бичгийн дагуу ажлын байр санал болгосон боловч, өөрөө, хуульд заасан тэтгэмжийн авсан болно.

ХХҮГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаалд *******ийг халамжийн хэлтсийн даргын ажилд томилох талаар тусгагдаагүй байтал шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлд халамжийн хэлтсийн даргаар томилуулахыг даалгах нэхэмжлэл гаргасан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн иргэн ******* нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулах хүсэлт, өргөдөл огт өгч байгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана., 14.3-д Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана., 14.4-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана. гэж заасан. Гэтэл эрх ашгийг нь хөндсөн шийдвэр гараад 18 сар болсон байхад шүүхэд хандаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн *******ийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн захиргааны хэргийн шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ******* даргыг өмнө нь Хонгор сургуульд багш байхаас нь таньдаг шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай мэдээгүй нэхэмжлэлтэй танилцаад албан ёсоор мэдсэн. ******* миний бие Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр хариуцсан байцаагчаар ажиллаж байгаад 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд хуулийн дагуу томилогдон ажиллаж байна. Миний хувьд дээд сургуулиа төгсөөд төрийн албанд тасралтгүй 16 дахь жилдээ ажиллаж байна. Иймд миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцоно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд хандан Баянхонгор аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга *******гийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал, мөн газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, ******* миний биеийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилохыг аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргад даалгуулах, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах, ажилгүй болсон хугацаанаас хойш ажилд томилогдох хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн ажилгүй болсон хугацаанаас хойш ажилд томилогдох хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах шаардлагаас татгалзсан тул үлдэх Баянхонгор аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга *******гийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал, мөн газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, ******* миний биеийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилохыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгуулах, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч нь нэхэмжлэгч *******ийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан тул энэ үндэслэлд дараахь дүгнэлтийг шүүх өгөв. Нэхэмжлэгч ******* Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* дүгээр тушаалыг биелүүлүүлэхээр төрийн захиргааны байгууллага, хариуцагчид удаа дараа хандсан, өргөдөлд дээрх байгууллагууд хариу өгсөн байдал, түүнчлэн Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр хандсан өргөдлийг тус салбар зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлснийг хянаад, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар тогтоолыг гаргаж нэхэмжлэгчид 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн зэргээс үзвэл нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, мэдүүлгүүд зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга *******гийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал, мөн газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, ******* миний биеийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилохыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч *******ийг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 44 дүгээр тушаалаар Баянхонгор аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаар тушаалаар жинхлэн, томилон ажиллуулж байжээ. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолоор хуучин Хөдөлмөрийн хэлтэс, халамжийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн байгуулж, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосон байна. Үүний дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай ******* дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн, Баянхонгор аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга *******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Ийнхүү шилжүүлсэн асуудлаар нэхэмжлэгч маргаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно. гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангуулахаар холбогдох газар, албан тушаалтанд удаа дараа хандаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга *******д хандан цалин хөлсийг бууруулахгүйгээр, ажлын байраар хангуулах тухай өргөдлийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гаргасныг шийдвэрлүүлэхээр 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1/840 дүгээр албан бичгээр Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч *******д шилжүүлсэн, хариуцагчийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 301 дүгээр албан бичгээр өгсөн хариу, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр мөн хариуцагчид хандан ажлаас чөлөөлсөн тушаал гаргуулах тухай өргөдөл, уг өргөдлийн хариу болох Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч *******гийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 381 дүгээр албан бичиг зэрэг баримтуудаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн манай газарт хандан өргөдөл, гомдол өгөөгүй тул шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэл гаргаагүй, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож шийдвэрлэсэн, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж тайлбарлан маргаж байгааг үндэслэлгүй гэж дүгнэв.

Шүүх нэхэмжлэгчийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд томилохгүй байгаа үйлдлийг хууль бус гэж үзсэн агаад захиргааны байгууллагын эс үйлдэхүйг дээрх байдлаар хязгаарлан ойлгох боломжгүй гэж дүгнэв. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж тус тус заасан.

Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******гийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал-ыг биелүүлэхгүй байгаа үйлдэл нь захиргааны акт гаргахаас татгалзсан үйл ажиллагаа буюу хууль бус эс үйлдэхүй байх бөгөөд нэхэмжлэгчийн Хөдөлмөрлөх эрх-ийг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан ...албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах..., дараагийн тохиолдолд 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан ...цалин хөлсөө бууруулахгүйгээр мэдлэг, мэргэшлийн дагуу өөр, ажил, албан тушаалд шилжих... баталгааг алдагдуулсан байна. Харин Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгийг *******ийн томилуулахаар маргаж байгаа албан тушаалд томилоход давуу байдал үүсгэхгүй, хариуцагч нэхэмжлэгчид түүний 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг зайлшгүй эдлүүлэх хуулийн шаардлагыг хангахгүй байх үндэслэл биш гэж үзсэн болно.

Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу халагдсан эсхүл чөлөөлөгдснөөр дуусгавар болох зохицуулалттай. Үүнээс өөрөөр төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг төрийн байгууллага, албан тушаалтан хязгаарлах, хориглох, ажиллах боломжоор хангахгүй байх эрхгүй юм.

Хариуцагч нэхэмжлэгч *******ийн цалин хөлсийг бууруулахгүйгээр ажлын байраар хангуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн *******ыг ажилд томилох тухай Б/42 дугаар тушаалыг гарган Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар сонгон шалгаруулалтгүй, төрийн өөр байгууллагад ажиллаж байсан этгээдийг томилсныг үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь Баянхонгор аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны гол үйл ажиллагаа, ихэнх чиг үүрэг, орон тоо хэвээр байхад *******ийн мэргэжил, мэргэшлийн шаардлагыг хангах, эс хангах эсэхийг тогтоолгүйгээр хариуцагч нэхэмжлэгчийг хөдөлмөрлөх эрх, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаануудыг алдагдуулсан нь Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим гэж заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчид ******* сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлыг байрыг санал болгосон боловч татгалзсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байхаас гадна Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан цалин хөлс бууруулахгүй-гээр шийдэгдэх мэргэжил, мэргэшлийн дагуух ажил, албан тушаал биш болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан хэвээр гэж тайлбарлан, төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, эс үйлдэхүйн улмаас иргэнд учирсан хохирлыг шаардах эрх, барагдуулах этгээд, маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчинг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2 дугаар зүйлд тус тус хуульчилсныг эс анхааран, маргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан, дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд олговрыг олгож болохоор хуульд тусгайлан заажээ. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч *******ийг өөрчлөн байгуулагдсан Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай хууль зүйн ялгаатай ойлголт болохыг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг ханган, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга *******гийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал, мөн газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, *******ийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилохыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, үлдсэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсгийг баримтлан *******ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох ажилгүй болсон хугацаанаас хойш ажилд томилогдох хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН