Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2026/0226

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 119/ШШ2026/0007 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Х, Б.О, гуравдагч этгээдийн төлөөлөгч З.Н нараас гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Э ХХК

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: Э-УХХК

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Х, Б.О, Т.А

Гуравдагч этгээдийн төлөөлөгч З.Н

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, А.М

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 119/2025/0049/З                                          

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 119/ШШ2026/0007 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, 28 дугаар зүйлийн 28.1, 48 дугаар зүйлийн 48.2.3, 48.2.4, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, ““ЭУ” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-122-12/11198 дугаартай мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Э-УХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон М-ДБ-112-12/10682 дугаартай мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202501027** дугаар тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, Э ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан болохыг тогтоохыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 119/ШЗ2026/0041 дугаартай "Шүүх хуралдааны товыг тогтоох тухай" захирамжаар шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 цагт товлосон. Энэ тухай шүүхээс нэхэмжлэгчид 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 888804** дугаартай утсанд мэдэгдсэн баримт хавтаст хэрэг авагдсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж ирүүлсэн байх ба Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан товлогдсон 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хариуцагчид тус нэхэмжлэлийг гардуулаагүй, танилцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн.

2.2. Нэхэмжлэгч 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тус компанид хүргүүлсэн М-ДБ-112-12/10683, М-ДБ-112-12/11198 дугаар мэдэгдлүүдийг хавсаргаж дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112- 12/10683 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан болохыг даалгах. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тус шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан тайлбарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202501027** дугаар тендерт оролцогч нарт хүргүүлсэн мэдэгдлүүдийг нотлох баримтаар хүргүүлсэн. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, мөн үйлдвэрийн газраас гаргасан нотлох баримтуудыг мэдэж байсан, танилцсан нь илэрхий байсан ба 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж ирүүлэхдээ тус мэдэгдлүүд, мэдэгдлүүдийн дугаарыг өөрчлөөгүй. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан зөрчигдсөн, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд гаргасан өргөдөлдөө нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоогүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох бөгөөд, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж шийдвэр гаргах үүрэгтэй, нэхэмжлэгчийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүх өөрийн санаачилгаар залруулан тайлбарлах эрхгүй.

2.3. Гэтэл Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 119/ШШ2026/0007 дугаартай шийдвэртээ Э-УХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр болон Э ХХК-д хүргүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-122-12/11198 дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж тодорхойгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

2.4. Үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу шаардлагад нийцсэн тендерүүдийг өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэж заасны дагуу шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн Э-УХХК нь харьцуулах бага үнийн санал ирүүлсэн тул Үнэлгээний хороо гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, захиалагч М-ДБ-112- 12/10682 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг Э-УХХК-д илгээсэн. Э ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан тул тус гомдлыг Сангийн яам хянаж, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 02/9779 дугаартай албан бичгээр тус компанийн гомдлын заримыг үндэслэлгүй гэж үзсэн. Харин Э-УХХК-ийн тендерийг хянан үзсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргаагүй.

2.5. Үнэлгээний хороо 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 7 дугаар хурлаар Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерт шалгарсан компанийн ирүүлсэн тендерийг дахин нягтлан үзэж шийдвэр гаргасан ба тус хурлаар хэлэлцсэн асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлэлцэж, үйлдвэрийн газрын баталсан техникийн тодорхойлолтод заасан стандарт бүхий барааг Э-УХХК нь санал болгосон нь тогтоогдсон. Энэ тухай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.3-т Э-УХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг Сангийн яам ... шийдвэрээр хүчингүй болгосон бөгөөд дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг захиалагч биелүүлж, тендерийг дахин хяна үзэх, үнэлэх ажиллагааг хийсэн гэж дүгнэсэн ч тус хэсгийн 3.5-д нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Э-УХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус гэж маргасан тул энэхүү үндэслэлд дүгнэлт өгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-122-12/11198 дугаартай мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв гэсэн нь ойлгомжгүй.

2.6. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1-д “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх; 26.4.3. захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх”, 26.4.4-т заасан тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх гэж зааснаар үйлдвэрийн газрын үнэлгээний хороо тендерт оролцогчдын чадавхын болон туршлагын шаардлага, бусад шаардлагыг хангасан эсэхийг хянан үзсэн. Хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэж заасны дагуу техникийн тодорхойлолтод заасан стандартыг санал болгосон тендерт оролцогч нараас Э-УХХК-ийг “Хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж Үнэлгээний хороо үзэж, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг Захиалагчид хүргүүлж шийдвэрлүүлсэн нь хуульд заасан журмыг зөрчөөгүй.

2.7. Шүүхийн шийдвэрийн 3.14-т “...техникийн тодорхойлолтод электрод тус бүрийн техникийн үзүүлэлт, стандартыг заасан байх бөгөөд стандарт дээр “ГОСТ, ТУ” гэсэн стандарт шаардлагыг аль алийг нь оруулж нийлүүлэх барааны техникийн үзүүлэлтээ баталсан байх тул техникийн тодорхойлолтод зааснаар “ГОСТ, ТУ” гэсэн стандартын холбогдох үзүүлэлт тус бүрээр захиалагчийн шаардлагад тухайн нийлүүлэх барааны стандартын үзүүлэлтүүд нийцсэн эсэхийг хянан үзэхээр байна”, 3.15-д “Үнэлгээний хороо тендерийг дахин хянан үзэхдээ ОХУ-ын ГОСТ, ТУ стандартыг нэгэн зэрэг хангаагүй Э-УХХК-ийн тендерийг шаардлага хангасан гэж шийдвэрлэсэн нь зөрчсөн гэж дүгнэв” гэсэн байна.

2.8. Оросын Холбооны Улсад 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Стандартчиллын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилдэг байх ба тус хуулийн 2 дугаар зүйлд стандарт нь олон улсын стандарт ГОСТ, үндэсний стандарт ГОСТ Р, салбарын стандарт ОТП, байгууллагын СТО гэж ангилагдаж байна. Харин техникийн нөхцөл ТУ /техническое условие/ нь олон улсын болон үндэсний хэмжээний стандарт биш байх бөгөөд тодорхой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч эсхүл ажил, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын баталсан дотоод техникийн баримт бичиг байх ба зөвхөн тухайн байгууллагад мөрдөхөөр зохицуулсан байна. Энэ тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд тайлбарласан болно.

2.9. Захиалагчийн баталсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202501027** тендер шалгаруулалтын баримт бичгийн Багц-2-ын барааны техникийн үзүүлэлт хүснэгтийн 2 дахь дэс дугаарт тавигдсан шаардлага нь нийлүүлэх бараанд тавигдах нэг үзүүлэлт стандарт байсан. Өөрөөр хэлбэл тендерт оролцогчийн нийлүүлэх бараанд тавигдах стандартын төрлүүд байсан ба Э-УХХК нь тус стандартын барааг ОХУ-аас нийлүүлэхээр санал болгосон байсан тул үнэлгээний хороо тус компанийн тендерийг дахин хянан үзэж, үйлдвэрийн газрын тавьсан ОХУ-ын стандартыг санал болгосон тул олонхын саналаар тус компанийг шалгаруулсан нь хуульд заасан журмыг зөрчөөгүй.

2.10. Тодруулбал үнэлгээний хороо тодорхой нэг байгууллагын техникийн нөхцөлийг шаардаж ирүүлсэн тендерүүдийг хянан үзвэл энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд шударга, өрсөлдөх, тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг хангахгүй болно.

2.11. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны акт дуусгавар болсон, тендер шалгаруулалтад хоёрт эрэмбэлэгдсэн тендерт оролцогчийн “онцгой ашиг сонирхол байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан актуудыг бус нэхэмжлэлд дурдаагүй актыг хууль бус болохыг тогтоож, олон улсын стандарт болон байгууллагын техникийн нөхцөлийг ялгалгүй аль алийг нь хангах шаардлагатай гэж хуулийн зорилгыг явцуу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь цаашид тендер шалгаруулалтын хоёрт, гуравт, эсхүл 10-т эрэмбэлэгдсэн тендерт оролцогч /тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хамгийн бага үнийн санал ирүүлээгүй/ нар Үнэлгээний хороодын хуульд заасан журмыг зөрчөөгүй гаргасан шийдвэрийг үгүйсгэн маргах, шүүхийн ачаалал хийсвэрээр нэмэгдэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд шударга, ил тод, өрсөлдөх, тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг алдагдуулах үр дагавартай байна.

2.12. Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 119/Ш32026/0007 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө γγ” гэжээ.

            3. Гуравдагч этгээд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч анх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202501027** дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Э-УХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны М-ДБ-112-12/10683 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин дараа нь 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “хүчингүй болгуулах” шаардлагаа “хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага болгон өөрчилсөн. Гэтэл шүүхийн шийдвэрт “Эрд Уул” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр болон ... гэж заасан нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өөр шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

3.2. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112- 12/11198 дугаар мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг агуулаагүй зөвхөн Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг дамжуулан мэдэгдсэн албан бичиг юм. Харин гэрээ олгох эрх олгосон албан бичиг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11197 дугаар албан бичиг бөгөөд манай компани нь энэхүү албан бичгийг үндэслэн гэрээ байгуулсан билээ.

3.3. Монгол Улсын Их Хурлаас 2017 онд батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно” гээд 4.1.2-т “стандарт” гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд мөн зүйлийн “Тайлбар хэсэг”-т “Энэ зүйлийн 4.1.2-т заасан “сонгон хэрэглэх баримт бичиг” гэж хүчин төгөлдөр стандартаас хэрэглэхэд тохирох стандартыг сонгохыг ойлгоно” гэж заасан. Манай компани дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд ОХУ-ын ГОСТ стандартыг сонгож, тухайн стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг санал болгосон.

3.4. Нөгөөтэйгүүр, захиалагчаас тавьсан хэд хэдэн стандартаас ОХУ-ын ГОСТ стандартыг сонгосон нь бусад стандартыг үгүйсгээгүй бөгөөд хуульд зааснаар сонгон хэрэглэсэн гэж ойлгохоор байна. ОХУ болон дэлхийн улс орон бүр өөр өөрийн бараа, бүтээгдэхүүндээ стандарт тогтоодог бөгөөд ЗХУ-ын хувьд анх 1925 онд ОСТ стандарт буюу "общесоюзный стандарт", 1940 оноос ГОСТ стандарт буюу “государственный общесоюзный стандарт” гэх стандартууд хэрэглэгдэж байсан бол тэдгээрийг өвлөсөн буюу росстандарт гэх өөр өөр бичиглэлтэй болсон байна. Гэвч ГОСТ стандарт хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

3.5. Иймд захиалагч байгууллагаас тавьсан техникийн тодорхойлолтод нийцсэн бараа, бүтээгдэхүүн санал болгосон гэж үзэхээр байна. Захиалагчийн техникийн тодорхойлолтын “нэмэлт шаардлага” хэсэгт “Хэрэв өөр стандарт хэрэглэсэн тохиолдолд бараа материалын шинж чанар нь энэ стандартад нийцэж буйг илэрхийлсэн нотлох бичиг баримтыг ирүүлнэ” гэж заасны дагуу бид нэгэнт өөр стандарт хэрэглээгүй тул/ ГОСТ стандартын барааны шинж чанар нь техникийн тодорхойлолтод заасан ТУ болон AWS стандартад хэрхэн дүйцэж буйг нотлох шаардлагагүй байсан болно.

3.6. Мөн ОХУ-ын хүчин төгөлдөр үйлчилж байгаа стандартуудыг шүүж үздэг https://etr- torgi.ru/ сайтад захиалагчийн техникийн тодорхойлолтод тусгагдсан ГОСТ 9467-75 зэрэг ГОСТ стандартуудыг шүүж үзэхэд хүчин төгөлдөр гэж харуулж байсан бөгөөд ТУ25.93.15- 45-16302447-2018 зэрэг ТУ стандартыг шүүхэд хүчин төгөлдөр төлөв илрэхгүй байна. Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 119/Ш32026/0007 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт илт хууль зөрчсөн үндэслэлгүй байх тул шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч болон гуравдагч этгээд нараас гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй мөн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг гүйцэт цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана: 52.2.4. нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”, гэж

мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

3. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл бүрд хамаарах нотлох баримтыг талуудын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны бөгөөд зөрчигдсөн эсэх, хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргааны үйл баримтын хүрээнд хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Хэргийн үйл баримтын тухайд,

4.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Төрөл бүрийн гагнуурын электрод” нийлүүлэх 2 багц бүхий ЭҮТӨҮГ/202501027** дугаартай тендер шалгаруулалтыг нийтэд зарласан.

4.2. Нэхэмжлэгч Э ХХК нь тус тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/9856, мөн өдрийн М-ДБ-112-12/9849 дүгээр албан бичгүүдээр тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан талаарх мэдэгдлийг хүргүүлсэн.

4.3 Э ХХК дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан дагуу Сангийн яаманд хандан гомдол гаргасныг Сангийн яам хянан, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 02/8833 дугаар албан бичгээр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх талаар захиалагчид мэдэгдсэн.

4.4. Дээрх шийдвэрийн дагуу тендерийн Үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дахин хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10683 дугаар албан бичгээр Э ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан талаарх мэдэгдлийг хүргүүлж, 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10682 дугаар албан бичгээр гуравдагч этгээд “Э У” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгджээ.

4.5. Тус шийдвэрүүдийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Сангийн яаманд дахин гомдол гаргасныг Сангийн яам 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 02/9779 дүгээр албан бичгээр захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх талаар захиалагчид мэдэгдсэн.

4.6. Үнэлгээний хороо 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дахин хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11197 дугаар албан бичгээр гуравдагч этгээд “Э у” ХХК-д “... танай компанид 2025.10.12-ны өдрийн М-ДБ-112-12/10682 дугаар албан бичгээр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээснийг мэдэгдэж байна” гэж,

4.7. 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Э ХХК-д “... танай компанид 2025.10.12-ны өдрийн М-ДБ-112-12/10683 дугаар албан бичгээр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээснийг мэдэгдэж байна” гэх мэдэгдлүүдийг тус тус хүргүүлж, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус гэрээг дүгнэсэн актыг үйлджээ.

5. Ийнхүү нэхэмжлэгчээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202501027** дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 10 дугаар сарын 12-ны өдрийн Э-УХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны М-ДБ-112-12/10682 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06- ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202501027** дугаар тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, Э ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан болохыг тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж маргасан байна.

6. Гэтэл анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн маргаагүй буюу ““Э у” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоох” гэж тодорхой захиргааны актгүйгээр шүүх өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг нэмж тодорхойлон хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

6.1. Учир нь нэхэмжлэгчээс зөвхөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/10682 дугаар албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11198 дугаар албан бичгүүдтэй маргасан байх ба “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/10683 дугаар албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11197 дугаар зэрэг албан бичгүүд болон уг албан бичгүүд гарах үндэслэл болсон салгаж үл болох үнэлгээний хорооны шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй байхад шүүхээс дээр дурдсанаар тодорхойлж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй.

6.2. Зүй нь, шүүх юун түрүүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах, захиргааны актыг зөв тодорхойлон маргасан эсэхийг шалган шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, зөрчигдсөн эрх сэргэх боломжтой эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

6.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө тодорхой тусгахаас гадна биелэгдэх боломжтой байдлаар тодорхойлох учиртай. Гэтэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ бүрэн тодруулаагүй, хэрэв нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, түүний үндэслэл хоорондоо зөрүүтэй, эсхүл тодорхойгүй байгаа тохиолдолд шүүхээс үүнийг зайлшгүй тодруулах үүрэгтэй.

6.4. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолын Тайлбарлах нь хэсгийн 8-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг тайлбарлахдаа  “Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь түүний сонгосон нэхэмжлэлийн шаардлагатай илтэд тохирохгүй, эсхүл энэ нь бичгээр гаргасан нэхэмжлэлээс шууд тодорхойлогдож ойлгогдохгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шууд тодруулах, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах замаар тодруулна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж болно” гэсэн байхад энэ үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байна.

6.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй албан бичгүүд /хожим уг албан бичгүүдийн дагуу захиалагч гуравдагч этгээд нарын хооронд гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу бараа нийлүүлэгдэж гэрээг дүгнэсэн/ нь хэрэгжээд дууссантай холбогдуулан нэхэмжлэгч дан ганц тухайн албан бичгүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн боловч захиалагч, гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан гэрээ, маргаж буй албан бичгүүдээс салгаж үл болох үнэлгээний хорооны шийдвэрүүдтэй холбогдуулан шаардлага гаргаагүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд “онцгой ашиг сонирхол” хэрхэн хамгаалагдах нь тодорхойгүй, шүүх энэ талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

7. Хуульд заасан тусгай журмаар шийдвэрлэгддэг хэрэг маргааны хувьд шүүх процессын хэмнэлттэй байх зарчмыг баримтлах нь зүйтэй боловч энэхүү хэргийн тухайд нэгэнт хэрэгжээд дууссан тендертэй холбоотой захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоох агуулгаар маргаж байгаа энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийн онцгой ашиг сонирхол үүссэн эсэхэд тухайлан дүгнэлт өгөх шаардлагатай байна.

8. Түүнчлэн нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарт холбогдуулж шүүхээс нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

8.1. Анхан шатны шүүх шийдвэртээ стандарт болон техникийн нөхцлийг ялгаж тайлбарлаагүй.

Тодруулбал, захиалагчаас бараа бүтээгдэхүүний Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, техникийн үзүүлэлтийн стандарт хэсэгт ГОСТ 9467-75, ГОСТ 9466-78, ТУ25.93.15-054-16302447-2018, AWS А5.1Е6012 гэж заасан байх ба захиалагч нь тендерт оролцогчийн тендерийг энэхүү шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан байх эсхүл аль нэг шаардлагыг хангасан байхыг шаардсан эсэх талаарх маргааны үндэслэлтэй холбогдуулан шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй байна.

8.2. Дээрх техникийн үзүүлэлтийн стандарт хэсэгт Оросын холбооны улсын болон Америкийн нэгдсэн улсын стандартын шаардлагыг сонголттойгоор шаардсан атлаа ТУ /технические условия/ буюу тухайн үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, шаардлагыг сонголтгүй шаардсан нь ойлгомжгүй байхад анхан шатны шүүх стандарт болон техникийн нөхцлийг ялгаж авч үзэлгүйгээр дээрх бүх стандарт болон техникийн нөхцлийг нэгэн зэрэг хангасан байхыг шаардсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй.

8.3. Жишээ нь тухайн тендерт оролцогч Америкийн нэгдсэн улсын AWS А5.1Е6012 стандартын шаардлага хангасан тохиолдолд Америкийн нэгдсэн улсын өөрийнх нь үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, шаардлагыг хэрхэн, яаж хангах эсэхийг тодруулаагүй, энэхүү 2 компанийн тухайд:

- нэхэмжлэгч Э ХХК нь ГОСТ 9467-75, ГОСТ 9466-78 стандартуудаас гадна ТУ25.93.15-054-16302447-2018 техникийн нөхцлийг аль алийг нь хангасан гэж үзсэн тохиолдолд AWS А5.1Е6012  гэх Америкийн нэгдсэн улсын стандартыг хангасан эсэх, энэ тохиолдолд захиалагчаас бүх шалгуурыг зэрэг хангасан байх шалгуур тавьсан гэж үзэх эсэх

- гуравдагч этгээд Э-УХХК-ийн нийлүүлсэн бүтээгдэхүүнүүдийн хувьд ГОСТ стандартаас гадна тухайн үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, шаардлагыг /ТУ-тай ижил/ хэрхэн хангасан эсэх дээр нотлох баримт цуглуулж, талуудаас тайлбар гаргуулан дүгнэлт өгөх, энэ тохиолдолд аль нэг стандарт болон техникийн нөхцлийг хангасан байх шалгуур тавьсан гэж үзэх эсэхэд дүгнэлт өгөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй.

8.4. Ийнхүү шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь тендерийн аль алиных нь шаардлагыг хэрхэн хангасан, хангаагүйтэй холбоотой нотлох баримтыг дутуу бүрдүүж нэхэмжлэгчийн хувьд 2 багцын 49 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний шаардлагыг хангасан, гуравдагч этгээд 1 багцын 16 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний шаардлагыг хангасан талаарх баримтууд хэрэгт авагдсан зэрэг зөрүүтэй нөхцөл байдлуудыг нэг мөр тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

9. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Харин гомдолд дурдагдсан “...шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад хариу тайлбар гаргах боломжит хугацаа олгоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр шүүгч талуудаас энэ талаар тодруулахад шүүх хуралдаан дээр тайлбар гаргаж мэтгэлцэх боломжтой талаар мэдэгдсэн энэ тохиолдолд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 21.1.2, 20.1.2-т заасан “...тэдгээрт тайлбар өгөх..., шүүх хуралдаанд оролцох” эрх хангагдсан гэж үзнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар дугаар сарын 10-ны өдрийн 119/ШШ2026/0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.         

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                        О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                        Ц.ОДМАА