Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 0116

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч  Д.Мөнхтуяа, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

улсын яллагч: С.Солонго

шүүгдэгчийн өмгөөлөгч :У.Сайнбилэг

иргэдийн төлөөлөгч: Э.Болорчимэг

шүүгдэгч: Ч.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Адьяа  овогт  Чимэдийн Баяраад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201625014376 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Адьяа  овогт  Чимэдийн Баяраа,1967 оны 11 дүгээр сарын 10-ны өдөрТөв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хорооллын 40 дүгээр байрны 36 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй байсан, одоогоор оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:УЖ67111034,

 

Холбогдсон хэргийн талаар:

            Ч.Баяраа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын төв хоёрдугаар эмнэлэгийн хашаанд байх траншейн дотор Д.Эрдэнэтогтохтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нуруун тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учрууулсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

       Шүүгдэгч  Ч.Баяраа  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

       Хохирогч Д.Эрдэнэтогтох  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны  12 дугаар сарын 16-ны өдөр хэдэн цагт гэдгийг нь сайн санахгүй байна гэгээтэй байхад бага үдийн үед би хоёрдугаар эмнэлгийн хашаанд байх траншейнд Чимэдийн Баяраатай хамт байж байсан. Бид хоёр 0.5 литрийн архи хувааж уугаад би тасарчихсан байсан. Нэг мэдэхэд Чимэдийн Баяраа хар өнгийн цүнхнээс хар иштэй дунд зэргийн хэмжээтэй хутга гаргаж ирээд мөр дээгүүр гар нь даваад нуруу хэсэгт хутгалах шиг болсон. Тэгэхлээр нь би траншенээс гараад эмнэлгийн хашаанд явж байтал нэг охин хүүе ахаа наад өмд чинь яачихсан юм бэ гэхээр нь дал хэсэгтээ хүрч үзэхэд цус гарч  байсан. Тэгээд л юу болсон талаар санахгүй байгаа юм. Нэг сэрэхэд би эмнэлэгт миний дэргэд цагдаа сууж байсан. Надаас юм асуусан би тухайн үед ухаан балартаад юм хэлж байгаагаа мэдээгүй. Би Госпидалд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлсэн. Тэнэмэл амьдралтай болохоор эмчилгээний зардалыг төлөөгүй эмнэлгээс гарсан. 330.000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Баяраа намайг нэг удаа л хутгалсан. Өөрөөр зодож цохиогүй. Би Чимэдийн Баяраатай 2015 оноос хойш хамт амьдарч байна. Бид хоёр байнга гадуур хог түүж амьдралаа зогоодог. Өвөлдөө хоёрдугаар эмнэлгийн хашаанд байдаг траншейд амьдардаг.  Би тус траншейд ганцаараа 2014 оноос хойш амьдарсан. Тухайн үед Баяраа өөр траншейд амьдардаг байсан юм. Тэгээд уг траншейг нь таглахаар манайд ирсэн юм. Баяраа хүн чанарын хувьд гайгүй. Бид эвтэй найртай хамт гороогоо түүж хоолоо  хувааж идэж амьдардаг байсан. Баяраа хүн чанартай Англи, Герман, Орос, Солонгос зэрэг улсуудаар олон жил явж амьдарч байсан гэж ярьдаг байсан. Яагаад гудманд гарсан, ямар гэр бүлтэй талаар нь би мэдэхгүй асууж ч байгаагүй. Баяраа байнга архи уугаад байдаггүй юм хааяа л уудаг. Хэрэгт холбогдож байсан талаар нь би мэдэхгүй. Надад хамаатан садан гэж байдаггүй, Баяраа дээр ч хүн амьтан нэг их ирдэггүй юм байлаа.  Би 1963 онд Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн. Ээж намайг бага байхад өөд болсон. Тэгээд би аавтайгаа хамт амьдарч байгаад аав 1997 онд нас барсан. Би сумын клубт хөгжимчин хийж байсан мөн айлын мал маллаж байсан. 2014 онд Улаанбаатар хотод орж ирээд тэнэмэл болсон. Би Баяраад ямар нэгэн гомдол байхгүй. Би тэнээд явж байдаг болохоор утас ч байхгүй гэжээ. /хх-н 20-21/

Шүүгдэгч Ч.Баяраа  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 16-ны өглөө гороо түүж байгаад Эрдэнэтогтох, Бямбаа нарын хамт 2 шил найрсан архи авч уусан. Тэр архиа хувааж ууж байгаад эхний шил архиа ууж дуусахад Бямбаа нэг тойрчихоод ирье гээд гараад явсан. Тэгээд Эрдэнэтогтох бид хоёр сүүлийн архиа ууж байгаад юунаас болж маргалдсанаа сайн мэдэхгүй байна, маргалдаж байгаад манай траншейд байсан хар иштэй хутгыг би авч байгаад хутгалсан байсан. Би ямар ч байсан алим идэж байсан. Хутгалсан гэдгээ сайн санахгүй байгаа юм. Шөнө цагдаа нар ирэхээр нь би хэрэг хийсэн юм байна гэж бодсон. П.Эрдэнэтогтох бид хоёр гороо түүж байхдаа танилцсан. Хамт амьдраад 1 жил болж байна. Эрдэнэтогтох өмнө нь уг траншейндээ амьдарч байсан юм. Бид хоёр өмнө нь муудалцаж байгаагүй. Хааяа л маргадаг байсан. Түүнээс зодолдож байгаагүй. Намайг шөнө унтаж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд л би хэрэг хийсэн юм байна гэж мэдсэн гэжээ. /хх-ийн 33/

            Д.Эрдэнэтогтохоос асууж   авсан тайлбар / хх-н 3-4/

           2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19.55-д БХХСАХНЭ-н гэмтлийн тасагт цээжний зүүн талд нуруунд хатгагдсан шархтай.Шарх цээжний хөндий рүү нэвтэрсэн, цаашид хэвтүүлж эмийн эмчилгээ хийх шаардлагтай, мэдүүлэг өгөх чадвартай гэсэн тус эмнэлэгийн тодорхойлолт / хх-н 5/

           Шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол / хх-н 6/

          2017 оны 01 дүгээр сарын 11-ний 500 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн Чимидийн Баяраагийн гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.

2.Чимидийн Баяраагийн гарын хээний дардас нь санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ. / хх-н 7-9/

           Шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол /  хх-н 11/

           Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 527  тоот акт дүгнэлтэд:

1.Д.Эрдэнэтогтохын биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх,зүүн хөндий дэхь цусан хураа /200 мл/ гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  / хх-н 12/       

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / хх-н 13-14/

           Д.Эрдэнэтогтохын өвчний түүхийн хуулбар /хх-н 49-59/

          Хураан авах тогтоол /хх-н 15/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 16/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 17-19/

          Гэрч Д.Батцэрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Баяраа бид хоёр 23 жилийн өмнө бид хоёр гэр бүл болж байсан. 1994 онд бид хоёр хүүтэй болсон нэрийг нь Эрдэнэболд гэдэг тэрээр удамшлын өвчтэй юм. Баяраа бид хоёр 15 жил хамт амьдраад Баяраа өөр залуухан эмэгтэйтэй нийлээд гэрээсээ явчихсан юм. Баяраа надаас салаад явахдаа шууд гудманд гараагүй. Харин ч нилээн мөнгөтэй явсан. Яаж явж байгаад гудманд гарсаныг нь би мэдэхгүй байна. Залуу эхнэртээ хаягдаад гудманд гарсан юм болов уу л гэж бодож байна. Баяраа нэг эгч, нэг ах, хоёр дүүтэй. Төв аймгийн Эрдэнэ-сант суманд хамгийн том ах нь байдаг юм. Нэр нь Нэргүй гэдэг. Тэр хүмүүстэй нь би холбоотой байдаггүй юм. Баяраа бид хоёр гэрлэлтийн баталгаатай байсан. Сүүлд гэрлэлтээ цуцлуулсан. Бид хоёр эхлээд Хятад улс руу явж наймаа хийдэг байсан. Сүүлдээ Солонгос явж наймаа хийж байсан. Баяраа архи их уудаг тэгээд агсам согтуу их тавьдаг байсан. Надаас байнга мөнгө гуйж зах дээр ирдэг байсан гэжээ.  /хх-н 22-23/

          Гэрч Д.Бямбасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Бид хоёр хоёрдугаар эмнэлгийн траншэйд амьдраад 2 сар болж байна. Би энэ намар гудманд хог гороо түүж яваад танилцаж байсан.  Тэгээд бид хоёр хоёрдугаар эмнэлгийн траншэйд хамт байдаг болсон. Эрдэнэтогтох тус траншэйд байдаг байж байгаад хэсэг өөр газар байж байгаад буцаж ирэхэд нь бид хоёр эргээд хамт байсан. Тэгээд бид 3 хамт амьдрах болсон. Ч.Баярааг хоёр сарын өмнөөс нэг траншэйд хамтран амьдарч байгаа гэдгээр нь мэднэ. Өмнө нь мэддэггүй байсан юм. Эрдэнэтогтох ах бид хоёр аль аль нь согтсон байдалтай байхдаа муудалцаад Ч.Баяраа намайг хутгалсан гэж хэлж байсан. Өөрөө бас архи их уусан байсан болохоор сайн санахгүй байгаа юм шиг байсан. Нэг их тодорхой ярьж чадахгүй байсан. Тэр хутгалдаг гэх өдөр 2016 оны 12 дугаар сард байсан. Яг хэдний өдөр гэдгийг нь тодорхой санахгүй байна. Бид гурав өглөө босоод би ганцаараа 8.00 цагийн үед түрүүлж траншэйнээс гараад И.Март, Чингис, Оюу Толгой, хоёр өндөр зэрэг газруудаар явж гороо, шил лааз түүж үдийн үед Сансарын колонкын буудлын орчим очиж тушаасан. Тэгээд траншэйндээ 13.00 цагийн үед буцаж очсон. Намайг очиход Эрдэнэтогтох, Ч.Баяраа хоёр траншэйндээ  нэг их согтуу биш нэг шил архи хуваагаад уугаад сууж байсан. Би сууж байгаад 14.00 цагийн үед дахин гороо түүх гээд гарч явсан. Тэгээд гадуур явж байгаад орой бүрэнхий болж байхад траншэйндээ буцаж ирэхэд Эрдэнэтогтох ах байхгүй, Ч.Баяраа ах ганцаараа хэвтэж байсан. Тэгээд би Эрдэнэтогтох ах хаашаа явсан юм гэж асуухад мэдэхгүй байна гараад явсан байх би дуг хийсэн байна тэр хооронд гараад явсан байх гэж хэлсэн. Намайг траншэйндээ хөл нүцгэн байж байтал цагдаа нар ирээд авч явсан. Тэр хоёр архи уухаараа их эвтэй байдаг байсан. Дээр үеэс найзалж байгаа гээд ярьцгаадаг байсан. Баяраа архи уухаараа юм хэлдэггүй шууд л хэвтээд өгдөг юм. Ер нь согтуу байхдаа бид хоёрт юм хэлж агсам тавьж байгаагүй. Тэр өдөр Эрдэнэтогтох ах шээс асгаад миний өмдийг норгосон тэр нь үнэртээд гэж Баяраа Эрдэнэтогтох хоёр Эрдэнэтогтох ахыг эмнэлгээс гарч ирээд траншэйндээ ирэхэд нь хэлж байсан. Тэгтэл Эрдэнэтогтох ах мэдэх юм алга их согтсон байна гэж хэлж байсан. Бид нар өглөө гараад орой л ирдэг. Эрдэнэтогтох ах эмнэлэгээс гараад удаагүй байсан болохоор нэг их гарахгүй байгаа юм. Тэр хоёр надаас ах учраас би хүндэлж харьцдаг юм. Ч.Баяраа эхнэрээсээ салаад л траншэйд ирсэн юм шиг байсан. Би сайн мэдэхгүй байна гэжээ.    /хх-н 24-25/

         Сэжигтнийг баривчлах тогтоолд: Ч.Баярааг Д.Эрдэнэтогтохыг үл ялих зүйлээр шалтаглан ар нуруу хэсэгт нь нэг удаа хутгалж гэмтэл учруулсан хэрэгт сэжигтнээр тооцогдсон бөгөөд хүнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлж болзошгүй үндэслэл байх тул 2016.12.17-ны өдөр баривчилсан байна. / хх-н 26/,

       2016.12.20-нд Ч.Баяраад гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол / хх-н 27/,

         2017.01.04-ний өдөр яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна./ хх-н 30-31/

          Ч.Баярааг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /  хх-73-32-37/

          X.Баярааггийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43/, Ч.Баяраагийн захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай материал /хх-н 44-46/ зэрэг болно.

          Ч.Баяраа нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын төв хоёрдугаар эмнэлэгийн хашаанд байх траншейн дотор Д.Эрдэнэтогтохтой хажууд шээс асгалаа гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нуруун тус газар нь нэг удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учрууулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

            Д.Эрдэнэтогтохын биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, зүүн хөндий дэхь цусан хураа /200 мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой..Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 12/

       Хохирогч Д.Эрдэнэтогтохын мөрдөн байцаалтад өгсөн … траншейнд Чимэдийн Баяраатай хамт байж байсан. Бид хоёр 0.5 литрийн архи хувааж уугаад би тасарчихсан байсан. Нэг мэдэхэд Чимэдийн Баяраа хар өнгийн цүнхнээс хар иштэй дунд зэргийн хэмжээтэй хутга гаргаж ирээд мөр дээгүүр гар нь даваад нуруу хэсэгт хутгалах шиг болсон. Тэгэхлээр нь би траншенээс гараад эмнэлгийн хашаанд явж байтал нэг охин хүүе ахаа наад өмд чинь яачихсан юм бэ гэхээр нь дал хэсэгтээ хүрч үзэхэд цус гарч  байсан. Би Баяраад ямар нэгэн гомдол байхгүй гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/

     Шүүгдэгч Ч.Баяраагийн   мөрдөн байцаалтад  өгсөн … Эрдэнэтогтох, Бямбаа нарын хамт 2 шил найрсан архи авч уусан. Тэр архиа хувааж ууж байгаад эхний шил архиа ууж дуусахад Бямбаа нэг тойрчихоод ирье гээд гараад явсан. Тэгээд Эрдэнэтогтох бид хоёр сүүлийн архиа ууж байгаад юунаас болж маргалдсанаа сайн мэдэхгүй байна, маргалдаж байгаад манай траншейд байсан хар иштэй хутгыг би авч байгаад хутгалсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/ зэрэг болно.

            Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          Тухайн үед тус траншейн дотор Ч.Баяраа, Д.Эрдэнэтогтохтой хамт архи ууж байсан ба коршоктой шээс дэргэд асгалаа гэсэн асуудлаас болж маргалдан улмаар Ч.Баяраа нь Д.Эрдэнэтогтохын нуруун тус газар нэг удаа хатгасанаас цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх үүсэж улмаар цээжний хөндийд 200 мл цус хуралдсанг мэс заслын аргаар авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Ч.Баяраагийн үйлдэл, Д.Эрдэнэтогтоход учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбооо хангалттай тогтоогдож байх ба түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирч байх тул Ч.Баярааг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Эрдэнэтогтох нь мэс заслын аргаар цээжний хөндийд хуралдсан цусыг авахуулсан тул биеийн байдал сайжирсан, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй тул  нэхэмжлэх зүйлгүй  гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1. дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 13 см, бариул нь 12 см хэмжээтэй хар өнгийн иштэй нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

     Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болно.

     Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг журамлан хуульд заасны дагуу  хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн гэм хорыг арилгасан  байдал, хувийн байдал, гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан  хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт заасныг журамлан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх  зүйтэй гэж үзэв.

 Ч.Баяраа энэ хэргийн улмаас 68 хоног цагдан хоригдсонг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

          Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Адьяа овогт Чимэдийн Баярааг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1. дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн  96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баярааг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52.5 дах хэсэгт зааснаар Ч.Баяраад оногдуулсан хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ч.Баяраагийн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1. дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 13 см, бариул нь 12 см хэмжээтэй хар өнгийн иштэй нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Ч.Баяраа нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Баяраад цагдан хорихоор авсан  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

8.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Баяраад   цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ                           С.ПҮРЭВСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                               Д.МӨНХТУЯА

 

                                                                  Э.ЧИНГИС