Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 177

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2012/0110/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Л.Оюундарь, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар

иргэдийн төлөөлөгч Ц.Цэндсүрэн, Д.Г-, С.Банди,

улсын яллагч хяналтын прокурор Г.Яндаг,

хохирогч Д.Д.Б-,

шүүгдэгч Т.Т.Б-э түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт - -гийн Т.Б-эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000250 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, - -гийн Т.Б-э /РД:-/ 1969 оны 6 дугаар сарын 04-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “-” ХХК-д тракторын жолоочоор ажилаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ************* тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Тївшингийн Т.Б-э нь 2012 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт байрлах “Номин” зочид буудлын үүдэнд иргэн Д.Д.Б-ыг танхайн сэдэлтээр буюу үл ялиг зүйлээр шалтаглан зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Т.Б-э шүүхийн хэлэлцүүлэгт “Би 2012 оны 4 дүгээр сарын 14-нд 21 цагийн орчим хамт ажилладаг Г-, Ж.Т.Б-э нартай өөрсдийн ажилладаг бригадаас халуун усанд орох гэж ирсэн. Халуун ус хаалттай байхаар нь Оргил гэдэг бааранд орж 0.75 граммтай Ерөөл архи авч хуваан ууцгаасан. Д.Б- нэг найзтайгаа бааранд сууж байгаад бид нар танилцсан. Баарнаас гараад Д.Б- та нарт хүүхэн танилцуулж өгье гэсэн. 3 хүүхэн цуг байсан. Тэгээд буудал орох болоод замдаа Г-, Ж.Т.Б-э бид гурав 0.75 граммтай Тэргүүн архи аваад Номин

 

 

Т.Т.Б-э шийтгэх тогтоол 177

гэдэг буудалд очоод ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусаад Д.Б- Т- хоёр идэх юм авна гэж яваад том савтай боргио пиво авчирсан. Тэр пивоо ууж дуусгаад Д.Б-тай муудалцсан. Шөнийн 02 цаг болж байхад буудлын хүн биднийг хөөгөөд гаргасан. Буудлаас гараад би Д.Б-ыг хүүхэнтэй танилцуулна гэчихээд танилцуулсангүй худлаа ярьлаа гээд нүүр рүү цохьсон. Газар унахаар нь нэг удаа өшиглөсөн. Хаана өшиглөснийг сайн мэдэхгүй байгаа. Д.Б-ыг ганц цохьсоноос болж ийм хүнд гэмтэл үүсэхгүй байх гэж бодож байгаа. Траншейнд унасан байх. ...Би хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.

 

Хохирогч Д.Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “Би гэрээсээ гарч яваад орцны үүдэн дээр хэдэн хүүдүүдтэй тал шил архи уусан. Тэгээд найз Т-тай тааралдаад бааранд орж 0.5 граммтай Ерөөл архи уусан. Тэгээд дахин нэг шил архи уугаад тасарсан, тэрнээс хойш юу болсноо мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд өшиглүүлээд зодуулж байсан. Миний хавирга хугарч хүнд гэмтэл авсан. Намайг Т.Т.Б-э өшиглөснийг буудлын Ю.О- эгч надад зааж өгсөн юм. Надад гомдол санал байхгүй“ гэв.

Шүүх эмнэлгийн 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 362 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 63 дугаар тал/,

Гэрэл зургийн үзүүлэлт, хүн таньж олуулсан тухай тэмдэглэл /хэргийн 9-11 дүгээр тал/,

Хохирогч Д.Д.Б- мөрдөн байцаалтад “...тэгээд л нэг мэдсэн би газар уначихсан хэн нэгэн хүн миний цээж рүү өшиглөөд байх шиг байсан. Би тэр үед болиоч ээ амьсгалж чадахгүй байна ш дээ гэж хэлж байсан. Энэ үед намайг буудлын эзэн Ю.Ю.О- эгч гарч ирээд авч байх шиг байсан. Тэгээд Ю.Ю.О- эгч намайг буудалдаа оруулах үед арай жаахан ухаан ороод унтах гэсэн боловч унтаж чадахгүй, хэвтэж ч чадахгүй амьсгалж ч чадахгүй суугаараа хоносон. Тэгээд өглөө нь эмнэлэг орж үзүүлэхэд Дархан яв гэж хэлсэн. Дарханд ирээд эмчид үзүүлтэл хагалгаанд ор гэсэн. Тэгээд хагалгаанд орж эмнэлэгт хэвтсэн. ...би Т.Т.Б-э гэдэг залуу намайг өшиглөж байхад нь сэргэж ухаан орсон. Тэр үед л ямар ч байсан  миний цээж хэсэг рүү 2-3 удаа өшиглөж байсан. Үүнийг бол би тод санаж байна. Би Т.Т.Б-эд зодуулах ямар нэгэн шалтгаан гаргаагүй гэж бодож байна. Гэтэл тэр залуу намайг ямар ч шалтгаан байхгүйгээр зодсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-33, 201-202 дугаар тал/,

Гэрч Г.Г.Г-, Ж.Т.Б-э, Ю.Ю.О- нарын мэдүүлгүүд /хэргийн 41-44 дүгээр тал/, /хх-ийн 45-46, 204, 47-48 дугаар талууд/,

 

Т.Т.Б-ийг сэжигтнээр байцаасан тэмдэглэлд ”…би тэр хоёр залууд та хоёр худал хэлж бид нараар архи авахуулж уулаа гэж уурласан. Эхэлж нөгөө хоёр залуугийн сүүлд нэгийг нь мэдсэнээр Д.Б- гэдэг залууг нь нүүр рүү нь цохиж газар унагаад дараа нь газар уначихсан хэвтэж байхад нь нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би тэр залуугийн яг хаана нь өшиглөсөнөө санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 79-80, 208 дугаар тал/,

Т.Т.Б-э Сэлэнгэ аймгийн ****** дугаар багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 91 дүгээр тал/,

шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 90 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 95 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Т.Б-э нь 2012 оны 4 дүгээр

сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт байрлах “Номин” зочид буудлын үүдэнд иргэн Д.Д.Б-ыг танхайн сэдэлтээр зодож бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн 201209000250 дугаартай хэрэгт авагдсан гэрч Ж.Т.Б-ий ”… Д.Б-, Т- хоёр хүүхэн өгнө гэчихээд бидэнд худлаа яриад байх шиг байна. ...Д.Б-, Т- та хоёр худлаа ярьлаа гээд маргалдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46, 204 дүгээр тал/ болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгээр шинжлэн судлуулсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Т.Б-э нь “...хүүхэн өгнө гэчихээд худлаа яриад, архи авахуулж уулаа” гэсэн сэдэлтээр иргэн Д.Д.Б-тай маргалдаж улмаар биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь

Шүүх эмнэлгийн 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 362 дугаартай шинжээчийн дүгнэлт: Д.Д.Б-ын биед хэвлийн битүү гэмтэл, чацархайн судасны гэмтэл, хэвлийн хөндий дэх сул цус /80 мл орчим/, зүүн талын 2 хавирганы хугарал, цээжний хөндий хий хуралт, арьсан доорхи хийжилт, нүүрний зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно гэжээ. /хэргийн 63 дугаар тал/,

Хүн таньж олуулсан тухай тэмдэглэлд: Гэрч Ю.Ю.О- 6 гэсэн дугаарыг бариад зогсч байгаа залуу /- овогтой Т.Б-э/ Д.Д.Б-ыг газар унагаачихсан гэдэс орчимд нь өшиглөж байсан. Харин буудлаас гарч ирэх үед нэг удаа өшиглөөд авч байгаа нь харагдсан гэжээ. /хэргийн 9-11 дүгээр тал/,

Хохирогч Д.Д.Б- мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлгүүд,

 Гэрч Г.Г.Г-ийн ”…2012 оны 7 дугаар сарын 15-ны өглөө 07 цагт манай хамаатан Т- утсаах яриад Д.Б- бид хоёр 1 дүгээр 5-н давхрын “Номин” зочид буудалд байна. Д.Б- хүнд зодуулчихлаа. Нэг л сонин болчихлоо амьсгалж чадахгүй байна чи гараад ирээч гэсэн. Тэр хоёртой гудамжинд уулзахад Д.Б- доошоо тонгойгоод  намайг харснаа би нэг сонин байна гэж хэлээд уйлаад миний цээжин  дээр дараад үз дээ гэхээр нь цамцыг нь сөхөөд хартал цээжин бие нь ус гүйчихсэн юм  шиг дараад үзэхээр бяцарчихсан юм шиг сонин болчихсон байсан. Тэгэхээр нь эмнэлэг рүү тэр хоёрыг очоод үзүүлээд ир гээд явуулсан. Гэтэл удалгүй Т- буцаж ирэхдээ Д.Б- яаралтай Дархан яв гэж байна хувцас хунарыг нь авья гэж орж ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-44 дүгээр тал/,

Гэрч Ж.Т.Б-ийн ”… Д.Б-, Т- хоёр хүүхэн өгнө гэчихээд худлаа яриад байх шиг байна. Бүгдээрээ явцгаая гэж ярилцаад Д.Б-, Т- хоёрыг гарья та хоёр худлаа ярьлаа гэсэн. Тэгээд буудлын эзэн Ю.Ю.О- гэдэг хүүхэн бид нарыг гарч ярилц гэж  хэлсэн. Тэгээд бид нар буудлаас гарсан. Тэгээд буудлаас яг хэн түрүүлж гарсныг бол мэдэхгүй байна. Ямар ч байсан би хамгийн сүүлд буудлаас гарахад буудлын гадна орцны үүднээс зайтай Т- Г-ыг заамдчихсан тэр хоёр барьцалдаж аваад зогсч байсан. Тэгэхээр нь би одоо больцгоо гэж хэлээд салгасан. Тэгээд би тэр хоёрыг салгах үед буудалийн эзэн Ю.Ю.О- гарч ирчихсэн, та нар хүн алчихлаа ш дээ гэж орилсон. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэж эргэтэл Д.Б- орцны хажуугийн сандлын дэргэд газар хэвтэж байсан. Хажууд нь Т.Т.Б-э зогсч байсан. ...би очиж Д.Б-ыг гэрэлтүүлж харахад бөөлжсөн байдалтай харагдаж байсан. Тэгээд Ю.Ю.О- Д.Б-ыг босгож буудал руу орсон. Т- нь Т.Т.Б-ийг чи миний найзыг зодлоо гээд хөөсөн. Т.Т.Б-э зугтаад явчихсан. Тэгээд Т- хөөхөө болиод буудал руу орсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46, 204 дүгээр тал/,

Гэрч Ю.Ю.О-ийн ”...гадаа хүмүүс муудалцаж  байгаа бололтой орилолдоод явчихсан. Би тэгэхээр нь хөшигөө нээгээд цонхоор хартал Д.Б- орцны урдхан талд эвхрээд хэвтчихсэн хажууд нь нөгөө танихгүй гурван залуугийн нэг бүдүүн залуу нь зогсчихсон Д.Б-ын элэг, гэдэс орчимд нь өшиглөж байгаа харагдсан. Харин  манай буудлын миний амардаг цонхны доод талд Т- нөгөө танихгүй залуучуудын намхан залуутай заамдалцаад зогсч байсан. Хажууд нь бас нөгөө нэг танихгүй бүдүүн залуу нь зогсч байсан. Ямар ч байсан гурвуулаа шавааралдчихсан зууралдчихсан зогсч байсан. Тэгэхээр нь би сандраад буудлаасаа гарч хүн аллаа ш дээ та нар ямар юмаа булаалцалдаж зодолддог юм бэ гэж орилсон. Гэтэл тэд нар больсон. Гэтэл нөгөө танихгүй гурван залуугийн нэг нь буюу Д.Б-ыг өшиглөж байсан залуу нь луйварчин хоёр пацаан чинь бид нарыг луйвардаж байж зодуулж байхгүй юу гэж орилсон. Тэгэхээр нь би  Т-, Д.Б- хоёрт эмнэлэг явья түргэн дуудья цагдаад мэдэгдье гэхэд Д.Б- яах юм бэ хэрэггүй гээд байсан. Тэгээд цаг харахад 3 цаг болж байсан. Гэтэл Д.Б- буйдан дээр суугаад нойр хүрээд байна гээд унтаад өгсөн.  Би ч бас хажуугийн орон дээр унтсан. Тэгээл өглөө үүрээр 6 цаг өнгөрч байхад сэрсэн. Тэгээд Төмөрөө, Д.Б- хоёрыг яг одоо эмнэлэг явья гэж хэлээд гаргасан. Д.Б- буудлаас гарахдаа ойр ойрхон амьсгаадаад хөлөө ойр ойрхон зөөгөөд гарч явсан” гэсэн мэдүүлэг  /хэргийн 47-48 дугаар тал/ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

  • Тухайн үед шүүгдэгч Т.Т.Б-этэй хамт явсан Г.Г- хохирогч

Д.Д.Б-тай хамт явсан Б.Т- нар мөн дээрхи шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар Г.Г- Б.Т-ын эрүүл мэндэд халдаж хөнгөн гэмтэл учруулсан байна. Прокурорын шатанд Г.Г-ын үйлдлийг хувийн сэдэлтээр бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан боловч хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон мөртлөө нэг цаг хугацаанд, нэг санаа сэдэлттэй, нэг орчин нөхцөлд маргалдсан шүүгдэгч Т.Т.Б-ийг танхайрсан гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болжээ.

 

Иймд шүүгдэгч Т.Д.Б-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Ийнхүү ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Т.Т.Б-э анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байгаа хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт - -гийн Т.Б-эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 гэж өөрчилсүгэй.

 

            2. - -гийн Т.Б-ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч -гийн Т.Б-эд 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч -гийн Т.Б-эд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч -гийн Т.Б-ий 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2012 оны 7 дугаар сарын 10-ныг хүртэл цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч -гийн Т.Б-эд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс тоолсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч -гийн Т.Б-ээс гаргуулах хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч -гийн Т.Б-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МАНЛАЙБААТАР

 

                        ШҮҮГЧИД                                                           Д.ОЮУНДАРЬ

 

                                                                                                    Ё.РИНЗААН