Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0042

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0001/Э/
 
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Т.Энхжаргал, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч *** ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч *** ,
Хохирогчийн өмгөөлөгч *** ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123397 дугаартай хэргийг 2013 оны 12 дугаар сарын 9-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр *** аймагт төрсөн, *** настай, *** дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ***  тоотод иргэн *** тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр найз *** ийн төрсөн өдөр болж байна гээд манайд ирсэн. Бид гурав гарч дэлгүүр ороод 0.75 шар чингис архи нэгийг авсан. Талийгаач нэг алтан түрүү авсан. Тэгээд бид нар *** ийнд очоод тэндээ уугаад хоёр цаг гаруй болсон. Би “Хас банк”-наас зээл авсан байсан. Тухайн үед доллар өсөөд их хэмжээний хүү төлсөн юм. Энэ байдлаасаа болоод талийгаачтай маргалдсан. Батзаяа салгаад би 


D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Munkhbayar 98.1.doc.docx
гэрлүүгээ явсан. Маргааш нь *** талийгаачийн эрүү нь хугарсан байна гэсэн. Тухайн үедээ мэдээгүй. Маргааш нь бид цуг гэрт нь очиход эрүүгээ хадуулсан гээд байж байсан. Хохирол төлбөрт нийт 5 сая төгрөг өгсөн. Үхлийн шалтгаан нь цохисоноос болоогүй, цусны хорт хавдараас болж нас барсан гэж үзэж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

-Хохирогч *** аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2011 оны 07 дугаар сарын 21-ний шөнө 12 цагт орж ирээд эрүүгээ гэмтээчихлээ, эмнэлэг дээр байж байгаад ирлээ, маргааш хагалгаанд орно гэж байсан. Яагаад юу болсон юм бэ? гэхэд манай нэг найз дуудаад ууж идээд байж байтал эрүү рүү ***  цохисон гэж байсан. Жолоочоо дуудаад машинаараа эмнэлэгт хүргүүлсэн. Өглөө боссон чинь *** , ***  2 нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд манай нөхөр чиг барина гээд шүдийг нь боочихсон байсан учраас нээх юм яриагүй. Тэгээд би нөгөө өрөөнөөс гарч ирээд та нар чинь ямар сонин юм бэ гэхэд ***  гомдолгүй биздээ гомдолгүй гэж хэлээрэй гээд байсан. Бид 2 нэгдсэнд хагалгаанд орсон. Хагалгаанаас гараад байж байгаад буцаад бие нь эвгүйрхээд буцаад эмнэлэгтээ ирсэн. Тэгээд хот руу явсан тэнд очиж ахиж хагалгаанд ороод эмчилгээ хийлгүүлсэн. Цусны тасаг руу шилжээд эрүү нүүрний тасагт давхар эмчлүүлж байсан. Тэргэнцэр дээр явдаг байсан. Цусаа гайгүй болхоор нь хоёулаа эрүү нүүрний тасаг руу шилжин эрүүний хагалгаанд орж, 2.5 см яс, 2 шүд авагдсан. Мөн Дарханд байхдаа 2 шүд авхуулж, нийт 4 шүдээ авахуулсан. Тэгээд бид 2 буцаж цусны тасагтаа хэвтээд гайгүй болоод ажилдаа орсон. Удаан ажиллаж чадаагүй. 2 сар гаруй л ажилласан. Эрүүнээс нь 2.5 см яс авчихсан, шархны ленттэй, ярихдаа эрүүгээ барьж ярьдаг байсан. Цусны өвчтэй гэж гараагүй байсан. Шинжилгээ өгөхөд ходоод нь цооролтой байна, цусны талын юм гарч ирж байна гэж байсан учир цусны тасагт шилжсэн. Эрүү нүүрний тасаг руу явж давхар эрүүгээ эмчлүүлж байсан. Ерөөсөө өвчин хэлж байгаагүй, сэтгэл санааны хямралаас болсон байна гэж ходоодны тасгийн эмч хэлж байсан. Бид 2 Сонгодод ахиад үзүүлэхэд цусны өвчин нь эдгэрчихсэн гэсэн хариу гарсанд үнэхээр гайхсан. Тэгээд бид 2 Тайланд руу шинжилгээ өгөх гээд билетээ захиалчихсан 04 дүгээр сарын 14-нд нисэх гээд байж байсан. Паспортоо авах гээд явсан хойгуур ажил дээрээ надтай утсаар ярьж байгаад утас нь салчихсан. Гэтэл ажил дээрээ харвалт өгөөд эмнэлэгт очсон байсан. Намайг хотоос ирэхэд манай нөхөр эмнэлэгт очиход ухаангүй байсан. Манай нөхөр 85 кг жинтэй байсан хүн энэ хэрэг болсны дараа 60 кг болтлоо турсан. 2 хүүхдийг 18 нас хүртэл нь одоо авч байгаа тэтгэмж, цалингийн зөрүү болох 78718583 төгрөгийг нэхэмжилж байна. Манай бага хүүхэд бие муутай хүүхэд байдаг. Төрөхдөө л хүчил төрөгчийн дутагдалтай төрсөн учир би өөрөө байнга харж, ямар нэгэн ажил төрөл эрхлэх боломжгүй байдаг учир ганц тэжээгчээ алдсаны тэтгэврээр амьдрах боломжгүй болсон. Иймд аргагүйн эрхэнд 14 настай хүүгээ бателонд байдаг “Нарны хүүхдүүд” гэдэг асрамжийн газарт өгсөн байгаа. Эрүүндээ гэмтэл аваагүй байсан бол манай нөхөр байж л байх байсан. Манай нөхөр надтай хамт 15 жил ханилахад өвчин хэлж байгаагүй, эмчид очиж үзүүлж байгаагүй, гомдолтой байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 4 дүгээр байрны 89 тоотод иргэн *** тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би Улаанбаатар хотоос ирсэн юм. Надтай хамт ажилладаг ***  над руу утсаар залгаж ярьсан. Тэгээд мэнд ус мэдээд ярьж байсан чинь “хотын юм авчирсан биз дээ, одоо би танайд очлоо” гэж хэлээд утсаа тасалсан. Түүний дараа *** бас над руу залгаад “чи ирсэн юм уу?” гэж асуухаар нь “би гэртээ ирсэн байна, Мөнхсайхан ярьсан, одоо манайд ирнэ гэж байна” гэж хэлсэн чинь Мөнхбаяр “за тэгвэл та хоёр намайг ирээд авчих” гэж хэлсэн.Манайд ***  19 цаг өнгөрч байхад машинтайгаа ирэхээр нь манай гаднаас хөдлөөд хээтэй хорооллын 4-7 дугаар байр ороод ***ыг аваад замаасаа дэлгүүр ороод хоёр шил архи аваад манай гэрт Мөнхсайхан, Мөнхбаяр бид гурав орсон. 
…жолооч Мөнхсайхан ирээд удаагүй байхад *** хоёр хоорондоо нэг нь зээл аваад их хэмжээний хүү төлсөн, танай банк шулсан” энэ тэр гээд юм ярьсан. Мөнхсайхан “чи хэрэгтэй үедээ авчихаад одоо яах гэж ингэж байдаг юм” гэж маргалдсан. Тэгээд архи уугаад нилээн халсан учир тарах болсон. Жолооч ***д би “***  ахыгаа гэрт нь хүргэж өгөөд машиныг нь тавиарай” гэж хэлээд хоёр Мөнхсайхан түрүүлээд гарсан, ***  манайд үлдсэн. 
...хаалган дээр ирсэн чинь *** хаалга онгойлгочихсон, ***, *** хоёр хоёр биенээ барьсан байхаар нь араас нь салгаад хоёр тийш нь болгосон. 
... Мөнхсайхан *** “чи миний шүдийг хугалчихлаа” гэсэн. Намайг харахад ам хамраас нь цус гараагүй байсан, гэхдээ яриа нь нэг их сонин болсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 46 дахь тал/,

-Гэрч *** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр орой 22 цаг 40 минутын үед манай банкны эрсдэлийн менежер *** ах над руу залгаад “хээтэй хорооллын 4-4 дүгээр байранд айлд байна, жаахан архи уучихлаа, намайг аваад машин гэрт хүргээд өгөөч” гэхээр нь би очиход манай ажлын ***  ахынх байсан. Гэрт нь орох үед *** гурав байсан.
...архи ууж байхдаа *** хоёрт хандан “танай банк шулдаг, шулаачин” гэж хэлсэн чинь хэрэлдээгүй, бие биедээ үг хаяад байсан.
... *** ах хоёр хоорондоо хэрэлдээд босож ирээд бие биенээ заамдах гээд авах үед нь Батзаяа ах бид хоёр салгаад би *** ахыг аваад Батзаяагийн гэрээс гарсан. Би *** ахыг орцны үүдэнд гаргаад “зогсож байгаарай” гэж хэлээд машин дээр очоод аваад хөдлөх гэж байсан чинь орц руу орж байсан. Үүдэн дээр нь ирэх үед буцаад орцноос гарч ирсэн
...Тэгээд М***ы гэр рүү явж байсан чинь “миний шүд эвгүй болчихлоо, *** сая намайг цохьчихлоо, хараадах” гэхэд нь машины кабины гэрэлд амыг нь ангайлгаж байгаад харсан чинь баруун доод эрүүнд шүд нь хазайсан юм шиг харагдахаар нь эмнэлэг ороод эмчид үзүүлсэн чинь “эрүү нь хугарсан байна, зураг авахуул гэсэн. Тэгээд зураг авахуулсан чинь хугарсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/,

-Шинжээч эмч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...хохирогч ***ны хувьд доод эрүүний ясны хугарал эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах шалгуур буюу 1-3 сарын хугацаанд эрүүл мэндийг сарниулж байгаа учир хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарч байгаа юм.” гэх мэдүүлэг /хэргийн 48-49 дэх тал/,

-Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 50 дахь тал/,

-“Хохирогчийн биед доод эрүүний хоёрлосон ил хугарлын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх 719 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг /хэргийн 54 дэх тал/,
-3673 дугаартай өвчний түүх /хэргийн 58-78 дахь тал/,
-“Урьд гаргасан шүүх эмнэлгийн 719 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ***ы биед доод эрүүний их биеийн баруун талд дээрээс доош чиглэлтэй, эрүүний ясны зүүн салаа дунд хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх эрүүний ясны хугарал гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ***нь цусны цагаан эсийн цочмог хорт хавдар, ходоод 12 хуруу гэдэсний шархлаа өвчтэй байсан байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 657 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 99-101 дэх тал/,

-“ ***ы биед доод эрүүний хоёрлосон ил хугарал, уг гэмтлийн улмаас 3 шүдээ авахуулсан гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Мөнхсайхан нь цусны цагаан эсийн цочмог хорт хавдар, 12 хуруу гэдэсний шархлаа өвчтэй байх ба 12 хуруу гэдэсний шархлаанаас цус алдсан байна. Эрүүний хоёрлосон ил хугарал гэмтлийн улмаас цус алдаагүй байна. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Улсын клиникийн төв эмнэлгийн өвчний түүхээс үзэхэд эрүүнд учирсан гэмтлийн улмаас баруун доод 3, 4, 5 дугаар шүдийг авсан байна. Уг 3 шүдийг гэмтлийн улмаас авсан нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги 10 хувь нөлөөлнө. Мөнхсайхан нь цусны цагаан эсийн цочмог хорт хавдар, 12 хуруу гэдэсний шархлаа өвчтэй байна. Цусны цагаан эсийн цочмог хорт хавдар өвчин яг хэдийд үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй, 12 хуруу гэдэсний шархлаа өвчин нь өвчний түүхээс үзэхэд 2011 оны 8 дугаар сард үүссэн байхаар байна.” гэх шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 209-214 дэх тал/
-“ ***ы бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдохгүй байна. *** нь цусны хорт хавдар өвчтэй бөгөөд тархины эдийн гүний болон зөөлөн бүрхүүлийн дор цус харвалт явагдаж хүндэрснээс нас баржээ. Цус нь ABO-н системээр BIII-р бүлэгтэй байна. Эрүүний баруун нумны хугарал нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Эмчилгээ зохих ёсоор хийгдсэн байна. 2011 онд эрүү хугарсан гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 925 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 329-335 дахь тал/,
-2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 59 тоот, 2013 /2012/ оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 925 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Талийгаачийн биед доод эрүүний хоёрлосон ил хугарал бүхий гэмтэл учирсан ба дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь цусны цочмог хавдар өвчний улмаас тархины эдийн гүнд болон зөөлөн бүрхүүлийн дор цус харваж нас баржээ. Эрүүний хоёрлосон хугарал нь үхэлд хүргэсэн цусны цочмог хавдар өвчинтэй шалтгаант холбоогүй. 12 хуруу гэдэсний шархлаа өвчин нь гэмтэл болон стрессээс үүсэлтэй байж болох ба уг өвчнүүд хэзээ үүссэн болон шалтгааныг нь нарийн ялган тогтоох боломжгүй байна. Талийгаачийн биед эрүүний баруун ооч болон зүүн сэртэнгийн хугарал үүссэнийг эрүүний хоёрлосон хугарал гэж нэрлэх бөгөөд энэ нь гэмтлийн зэрэг өөрчлөгдөхөд нөлөөлөхгүй. Цусны цочмог хавдар бүхий өвчний улмаас эрүүний яс зөөлөрч анхны мэс заслын чиг болон шруп суларснаас эмчилгээний зорилгоор хугарлын ирмэгийг хусч цэвэрлэх болон 3 шүд авах мэс ажилбарууд хийгдсэн байна. Эмчилгээний зарчмаар хийгдсэн мэс ажилбар нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй, нүүр засрашгүй гэмтэж хэлбэр дүрс өөрчлөгдөх ойлголтонд хамаарахгүй. Эрүүний хугарлын дараах ясны идээт үрэвсэл нь цусан үжил үүсч болох ба энэ нь цусны хавдартай холбоогүй. Цусан үжлийн үед цусны цагаан эс ихэсдэг нь зарим үед цусны цочмог хавдарын үеийн цагаан эсийн ихсэлттэй төстэй харагддаг. Талийгаач нь цусны цочмог хавдар өвчний улмаас тархины эдийн гүнд болон зөөлөн бүрхүүлийн дор цус харваж нас баржээ.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 396 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 651-658 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.    

Иймд ***ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирогч *** нь талийгаач нөхөр ***ы эмчилгээний болон шинжилгээ өгсөн зардал, эмчилгээ, сувилгаа хийлгэсэнтэй холбоотой гарсан бензины зардал, хохирогч нас барсантай холбоотой хохирогчийн авч байсан цалин болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа ирүүлсэн байна.
Талийгаач *** нь эмчилгээ хийлгэж эм тарианд 2619527 төгрөг /хэргийн 17-21, 453 дахь тал/, эмчилгээний төлбөрт 783050 төгрөг /хэргийн 15-16, 30, 447 дахь тал/, шинжилгээ өгөхөд 1434300 төгрөг /хэргийн 22-23, 453, 456, 460/, Б***ы замын зардалд 8000 төгрөг /хэргийн 448 дахь тал/, Б***ийн замын зардалд 24500 төгрөг /хэргийн 449 дэх тал/, Б.Түвшинжаргалын замын зардалд 12500 төгрөг /хэргийн 451 дэх тал/, автозам ашигласны төлбөрт 3000 төгрөг /хэргийн 29 дэх тал/ нийт 4884877 төгрөг зарцуулсан болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч *** нь хохирол төлбөрт 1600000 төгрөг /хэргийн 43 дахь талд хохирогч *** ы мэдүүлэг, 785000 төгрөг /хэргийн 301 дэх тал/, 1500000 төгрөг /хэргийн 543 дахь тал/ 1000000 төгрөг /хэргийн 688 дахь тал/, нийт 4885000 төгрөг төлжээ.

Харин шатахуунд 1111800 төгрөг зарцуулсан гэж холбогдох нотлох баримтуудаа ирүүлсэн боловч ямар дугаартай автомашинд хэдэн литр шатахуун авсан нь тодорхойгүй бичсэн 367200 төгрөгийг хасч, үлдэх 744600 төгрөг, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой дутуу авсан цалинд 1688035 төгрөг /хэргийн 252 дахь тал/ нийт 2432635 хоёр сая дөрвөн зуун гучин хоёр мянга зургаан зуун гучин тав/ төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж, хохирогч ***д олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *** ыг Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй гэж тодорхойлсон баримтыг үндэслэн /хэргийн 179 дэх тал/ тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж нийт 4885000 төгрөг хохирол төлбөрт төлсөн байдлуудыг гэмт хэрэг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох хэдий ч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогчийн дутуу авсан цалин, шатахууны зардлын зарим хэсэг төлөгдөөгүй байх тул Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг журамлан оногдуулсан хорих ялын тэнсэж хянан харгалзах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг дурьдаад

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ***ыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ***т 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
   
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1,298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ***аас 2432635 /хоёр сая дөрвөн зуун гучин хоёр мянга зургаан зуун гучин таван/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан *** тоотод оршин суух ***д олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
    
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    
    
    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МАНЛАЙБААТАР
                     
ШҮҮГЧИД                       Т.ЭНХЖАРГАЛ

                                   Я.ТУУЛ