Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 176

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2012/0181/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар

улсын яллагч хяналтын прокурор Т.Оюунжаргал,

хохирогч Ц.Ц.А- түүний өмгөөлөгч Ж.Туяа,

шүүгдэгч Ө.Ө.О- түүний өмгөөлөгч Д.Тэрбиш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт - -ын Ө.О-д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201209000362 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, --ын Ө.О- /РД: / 1986 оны 11 дүгээр сарын 16-нд Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт ***** тоот оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Ө.Ө.О- нь 2012 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум Өргөө багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Ц.А-тай маргалдаж түүнийг мөргөж улмаар биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ө.Ө.О- шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн “2012 оны 6 дугаар сарын 02-ны орой найз О-, Б- нарын хамт “Ocean” кароеке бааранд сууж пиво уусан. Тэндээсээ 23 цагийн үед гараад явж байхад 17 дугаар байрны буланд 2-3 залуутай тааралдсан. Намайг барьж аваад хавсарч унагаасан. Тэгээд утсаа алдчихсан юм. Найз О-ын утсаар өөрийн утас руу залгахад дуудаад авахгүй байсан. Тэгсэн хохирогч Ц.А- утас барьчихсан, би өөрийнхөө утас оруу залгахад А-ы барьж байсан утасны гэрэл нь асаалттай авахгүй байсан. Тэгээд миний утсыг авчихаж гээд хөөе чи миний утсыг аваад ир гэсэн. Ц.А- зугтаасан. Араас нь гүйцэж очоод утас аваад ир гэсэн. Босоод ирэхээр нь би мөргөчихсөн. Би миний утсыг андуураад авсан гэж бодоод мөргөчихсөн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

 

Хохирогч Ц.Ц.А- шүүхийн хэлэлцүүлэгт “Би таксинаас буухад байшингийн буланд 3 залуу байсан. Тэгээд Ө.О- намайг дээрэнгүйгээр хөөе чи нааш ир гэсэн. Тэгээд би айгаад зугтаасан. Тэгээд багтраад замд таарсан 3 хүнд намайг хүн хөөгөөд байна гэж

 

Ө.Ө.О- 99.1 шийтгэх тогтоол 176

 

хэлсэн. Тэгээд тэр 3 хүний ард нуугдсан юм. Тэгсэн Ө.О- хүрч ирээд хашгичихаад утас өг гээд намайг мөргөсөн. Би ээж рүүгээ ярих гэхэд яриулахгүй, арай хийж ярьсан. Манай ээжийг ирэхэд Ө.О- байхгүй байсан. О- гээд найз нь үлдсэн байсан. Тэгээд цагдаа ирсэн. Миний хувьд ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Надад 400.000 төгрөг өгсөн. Гэхдээ 2 үүдэн шүд янзлуулахад үнэтэй юм билээ. 1 шүдний ханш 1,000,000 гаран төгрөг гэсэн. Шүдээ эмчлүүлж янзлуулсны зардлаа авмаар байна. Маш их гомдолтой байна“ гэв.

 

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 23 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 506 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.А-ы биед тархи доргилт, 2 шүдний хугарал, 1 шүдний хөдөлгөөн орсон байдал, уруулын салстын цус хуралт, хацрын зөөлөн эдийн зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэжээ. /хэргийн 25 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Нэмэлт шинжилгээний 711 тоот шинжээчийн дүгнэлтэд: Ц.А-ы биед тархи доргилт, 2 шүдний хугарал, 1 шүдний ёзоор хэсгийн хугарал, уруулын салстын цус хуралт, хацрын зөөлөн эдийн зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, энгийн хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэжээ /хэргийн 75 дугаар тал/,

 

Хохирол нэхэмжилсэн баримт /хэргийн 21, 71-72, 88-89 дүгээр тал/,

Гэрч Д.Д.А-, А.Б-, С.О- нарын мэдүүлгүүд /хэргийн 14, 15-16, 18-20 дугаар тал/,

Ө.Ө.О- -----оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 48 дугаар тал/,

 

шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 46 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүгдэгч Ө.Ө.О- нь 2012 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн

Дархан сум Өргөө багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Ц.А-тай маргалдаж түүнийг мөргөж улмаар биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүгдэгч Ө.Ө.О-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон

гэрч Д.Д.А-гийн “...манай хүү Ц.А-ы 2 үүдэн шүдийг хугалчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дүгээр тал/,

гэрч А.Б-ийн “...Ө.О- хүрч ирээд миний гар утсыг 2 хүн авчихлаа гэсэн. Утсаа алдсан газар дээр очиход хэн ч байгаагүй. Утсаа хаячихсан юм болов уу гээд залгахад хажуугаар өнгөрч тааралдсан хүүхдийн гар утасны гэрэл анивчаад байхаар нь энэ хүүхэд мөн юм биш үү гэхэд нөгөө хүүхэд гүйгээд явчихсан. Ө.О- араас нь хөөгөөд явсан. О- бид 2 араас яваад 18-ын буудлын дэлгүүрийн үүдэн дээрх сандал дээр очиход Ө.О- нөгөө бандитай цуг байсан. ...нөгөө хүүхэд нь амаа дарчихсан шүд гээд орилоод байсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16 дугаар тал/,

гэрч С.О-ын “...Ө.О-гийн гар утсаа алдсан гэх газар очоод гар утас руу нь залгасан чинь дуудаад байсан. Энэ үед нэг залуу хажуугаар өнгөрсөн бөгөөд гар утсанд нь дуудлага ирээд гэрэл нь асаад байсан ба гар утсаа авахгүй яваад байсан. Тэгээд энэ залуу мөн юм биш үү гээд Ө.О- хэлсэн чинь уг залуу зугтаасан. ...нөгөө залуугийн амнаас цус гарчихсан байсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 18-20 дугаар тал/ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ө.Ө.О-г бусдын эрх чөлөөнд халдаж, бих махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай гэж үзэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ө.Ө.О-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус  тооцно.

 

Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.Ө.О-гээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурьдаж байна.

Түүнчлэн хохирогч Ц.Ц.А- өөрт учирсан хохирол, эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлсний үндсэн дээр иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. --ын Ө.О-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч -ын Ө.О-д 1 /нэг/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч -ын Ө.О-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

4. Шүүгдэгч -ын Ө.О- нь цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3-д зааснаар хохирогч Ц.Ц.А- нь эмчилгээ хийлгэсэн нотлох баримтаа бүрдүүлсний эцэст нэхэмжлэлээ иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, -ын Ө.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МАНЛАЙБААТАР