Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0047

 


  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0051/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг,  
Хохирогч *** , 
        Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201309000836 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1.Монгол Улсын иргэн, ***  өдөр төрсөн*** настай, ***  бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, 
2.Монгол Улсын иргэн, ***  өдөр төрсөн *** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй,  

Шүүгдэгч ***  нар нь бүлэглэн, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өглөөний 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутагт байрлах 16 давхрын гадна иргэн *** г үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө  бид  хоёр  Шарын  гол  руу явах гээд дэлгүүрээс тамхи авах онгорхой

D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Lhagwasuren, Hosoo 181.1, 181.2.5.docx
дэлгүүр байгаагүй. *** аас тамхи асуусан. Тэгэхэд *** би та нарын тамхийг бэлдэх ёстой юм уу гэж хэлсэн. Тэгээд ***той зууралдаж аваад салгах гэж үзсэн. Салахгүй байхаар нь би нэг удаа элэгрүү нь цохичихоод машиндаа суугаад явсан. Хохиролд 993.000 төгрөгийг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч  ***  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 6 цагийн үед дэлгүүр хаалттай байхад ***  тамхи асуухад “Чиний тамхи бэлддэг хүн юм уу” гэж хэлсэн. Бид хоёр барьцалдаж авсан. Тэр үед *** ирээд тавиулах гэж оролдоход тавихгүй байсан. ***  цохих шиг болсон Түмэнжаргал унаад өгсөн. Тэгээд бид хоёр машиндаа суугаад явсан. Хохиролд 993.000 төгрөгийг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг, 

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 6 цагт ажил руугаа явж байхад ***, *** нар надаас тамхи асуухад би тамхи татдаггүй гэж хариулсан. ***  намайг худлаа яриад байна гээд барьж аваад тавиач гэхэд ***  ирээд толгой руу 2,3 удаа цохиж 1 удаа өшиглөсөн. Намайг хэвтэж байхад ажлын ах ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Хохиролд 993.000 төгрөг авсан. Гомдол санал байхгүй, миний биеийн байдал зүгээр байгаа.” гэх мэдүүлэг, 

-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө ажилдаа явах гээд 16 давхрын хойд талд явж байтал манай ажлын хувцастай адилхан хувцастай хүн хэвтэж байхаар нь яваад очиход сантехникч *** босож чадахгүй хамарнаас нь цус гарсан байдалтай элэгээ тэврээд хэвтэж байсан. Тэгэхээр нь би юу болсон бэ? гэхэд “хүнд зодуулчихлаа, элэг рүү өшиглөөд босож чадахгүй байна гэхээр нь эмнэлэг рүү авч явсан. *** надад хэлэхдээ тамхи асуухаар нь байхгүй гэсэн чинь зодчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хэргийн 22 дахь тал/ 
-Хохирогч *** ын биед үзлэг хийж гаргасан: “…*** ын биед тархи доргилт, хавирга завсарын мэдрэлийн эмгэгшил, зүүн шанааны зулгаралт, хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх 1288 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 24 дэх тал/ 
-Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хэргийн4-7 дахь тал/ 
-Хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 8 дахь тал/ 

    -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 48-49 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нар нь бүлэглэн, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өглөөний 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутагт байрлах 16 давхрын гадна иргэн *** ыг үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч ***  нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
    
    Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***  нар нь хохирогч *** д 493000, Прокурорын шатанд 500000 төгрөг, нийт 993000 төгрөгийг төлсөн, хохирогч *** нь “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

    Шүүгдэгч  *** нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 48-49 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч ***  нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, тэдэнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
    
Шүүгдэгч ***  нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэж шийдвэрлэснийг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч ***  нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч *** нарт тус бүр 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***  нарт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид 993000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар *** нарт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** нарт мэдэгдсүгэй.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ