| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0190/Э/ |
| Дугаар | 174 |
| Огноо | 2012-09-11 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0190/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Г.Яндаг,
шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба /0-314/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт - -ын А.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000489 дугаартай хэргийг 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн --ын А.О- /РД: /, 1978 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд тахир дутуугийн групед байдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн - тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч А.А.О- нь согтуугаар 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 19 цаг 45 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг 1 дүгээр гудамны орчимд өөрийн эзэмшлийн ****ДАА улсын дугаартай "Х.Аксент" маркийн авто машиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж 11 настай иргэн П.П.С-ыг мөргөж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.А.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн үед би хоёр найзтайгаа Древэнд нэг шил архи хувааж уугаад харьж явахад гадаа үзэгдэх орчин харагдахгүй, бүрэнхий болсон байсан. Тэгтэл гэнэт бага насны хүүхэд гарч ирэхэд нь би машиныхаа тоормосоо гишгээд зогссон юм. Тэгтэл би тэр хүүхдийг машинаараа шүргэсэн байсан. Тухайн үед би архи уусан байсан нь үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна бас гэмшиж байна гэв.
Шүүгдэгч А.А.О- нь согтуугаар 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 19 цаг 45 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг 1 дүгээр гудамны орчимд өөрийн эзэмшлийн ****ДАА улсын дугаартай "Х.Аксент" маркийн авто машиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1а, 2.7а, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан заалтуудыг тус тус зөрчиж 11 настай иргэн П.П.С-ыг мөргөж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь:
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\А.Оргил-215.2-174.doc
насанд хүрээгүй хохирогч П.П.С-ын:...”2012 оны 8 дугаар сарын 15-ны орой 19 цагийн орчимд би аав П- болон хоёр настай дүү Б- нарын хамтаар хашааныхаа урд байрладаг үерийн далан дээр сууж байгаад эргээд харсан чинь нэг машин намайг чиглээд ирсэн юм. Тэгэхэд нь би босох гэхэд уг машин намайг урд гупрээрээ мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12 дахь тал/,
гэрч Г.П-гийн:...”2012 оны 8 дугаар сарын 15-ны орой 19 цаг өнгөрч байхад хүү П.С- болон дүүгийнхээ хоёр настай хүүхэд Б- нарын хамтаар хашааныхаа гадаа байдаг үерийн далан дээр салхилаад сууж байтал гэнэт өөдөөс хар ногоон өнгийн жижиг машин маш хурттайгаар биднийг чиглээд ирсэн. Тэгэхэд намайг хөөе гээд орилохын зуургүй уг машин манай хүүг мөргөхөд нь би хажуу тийш болж амжсан юм. Тэгээд би хүүхэд дээрээ очоод түүнийг тэврэхэд манай хүү ухаан алдсан байсан. Тэр машины жолооч шал согтуу байсан бөгөөд түүний эхнэр нь бололтой нэг хүүхэн нөхөртөө хандаж “чи хүүхэд дайраад хаячихлаа шүү дээ” гэж хэлээд машинаасаа бууж ирсэн” /гэсэн мэдүүлэг 13 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 727 тоот актын
1. “П.П.С-ын биед зүүн гарын шууны богтос ясны болон зүүн сарвууны 1 дүгээр хурууны алганы шивнүүр ясны битүү хугарал, баруун шагайны үеийн шарх, зүүн хацар, шанаа, мөр, дагзны баруун хэсгийн зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 17 дахь тал/,
жолоочийн согтуурал шалгасан магадалгаа /хэргийн 7 дахь дахь тал/,
зам орчны байдлыг харуулсан тусгай тэмдэглэл /хэргийн 6 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд --ын А.О-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1а, 2.7а, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан заалтуудыг тус тус зөрчиж 11 настай иргэн П.П.С-ыг мөргөж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуулийн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч насанд хүрээгүй хохирогч П.П.С- болон түүний хууль ёсны төлөөлөгч Г.П- нар нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч А.А.О-оос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.А.О- урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 30 дахь тал/.
Шүүгдэгч А.А.О- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзаж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.
1. --ын А.О-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ,тээврийн хэрэгсэл жолоодож улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1а, 2.7а, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан заалтыг зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар -ын А.О-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.А.О-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч А.А.О- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч А.А.О-ын ********* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А.А.О-д буцааж олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар А.А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан А.А.О-д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг А.А.О-д мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.А.О-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.А.О-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН