Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 142/шш2020/00048

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч:Н-О ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ОАЗДТГ-т холбогдох,

Гэрээний үүрэгт 42750000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н-О ХХК--ийн захирал Л.Н-шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ОАЗДТГ-тай 2016 оны 05 дугаар сард БЗА-90/16 тоот гэрээ байгуулан Эрдэнэт хотын угтах хаалганы угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. ОАЗДТГ- хүсэлт гарган Угтах хаалганы ажлыг гүйцэтгэх явцад зайлшгүй шаардлагатай авто машины зогсоол, зам талбай, орчны тохижилтыг 42 750 000 төгрөгөөр хийлгэхээр, ОАЗДТГ- нь манай Н-О ХХК--тай НГ-02/16 тоот гэрээг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Бид гэрээний дагуу ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Манай компани нь нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтыг удаа дараа нэхэмжилсэн боловч одоог хүртэл шийдвэрлэн өгөөгүй манай ажлыг хохироосоор байна. Иймд манай компанид Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын нэмэлтээр хийлгэсэн гэрээт ажлын санхүүжилт болох 42 750 000 төгрөгийг олгож өгөх асуудлыг шийдвэрлэж өгнө үү. ... 2016 онд манай компани ОАЗДТГ-тай гэрээ байгуулж тус аймгийн угтах хаалганы ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Ингэхдээ угтах хаалганы хамт 1000 м.кв хэмжээтэй авто зогсоолыг тохижуулахаар тохиролцож гэрээ байгуулж, ажлыг мөн хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхгүй байсаар 3 жил өнгөрсөн учраас шүүхэд хандсан юм. Уг шаардлагад алданги нэхэмжлээгүй гэдгийг тодруулж хэлмээр байна. ...Хариуцагч тал хариу тайлбараа бичгээр өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. Гэрээний дагуу хүлээлгэж өгсөн ажлынхаа төлбөрийг 3 жил шаардаж байна. ... Нэмэлт гэрээг 2016 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан ба хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандсан. 2016 оны 12 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Засаг дарга Б.Батлут дарга өөрөө тус гэрээнд гарын үсэг зурж баталсан. Манай компанийн зүгээс удаа дараа төлбөр шаардсан албан бичиг хүргүүлж байсан ч төлбөрийг барагдуулахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Нэмэлт гэрээний дагуу угтах хаалганы ойр орчмын тохижилт, авто зогсоол, саравч зэргийг угтах хаалганы ажлыг хүлээлгэж өгөхдөө хамтад нь улсын комиссын актаар хүлээлгэн өгсөн. Ажил хийж байх үеийн зураг гэх мэт бүгдийг хэрэгт хавсаргасан байгаа. Хариуцагч тал дөнгөж саяхан гэрээний дагуу төлбөрийг олгох нь зүйтэй гэж хэлсэн хирнээ одоо татгалзаж байгааг үнэхээр ойлгохгүй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Одхүү шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ОАЗДТГ- нь Эрдэнэт хотын угтах хаалганы угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тухай БЗА90/16 дугаартай гэрээг нэхэмжлэгч Н-О ХХК--тай 2016 онд байгуулсан байдаг. Уг гэрээг гүйцэтгэх явцад 2016 оны 12 сард НГ0216 дугаартай нэмэлт гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хоёр үндэслэл байна гэж үзэж байна. Үүнд: 1/ Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээ 2016 оных учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч компани 2016, 2017, 2018 онуудад төлбөр барагдуулах тухай албан бичиг явуулж байсан гэх боловч ОАЗДТГ- тэдгээрийг хүлээж авсан талаар албан ёсны баримт хэрэгт алга байна. 2/ Хэрэгт байгаа нотлох баримтуудыг харахад угтах хаалганы барилга угсралтын ажлын гэрээ буюу БЗА90/16 дугаартай гэрээ л хэрэгт байна. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь уг гэрээтэй холбоотой биш НГ0216 дугаартай нэмэлт гэрээтэй холбоотой юм. Тиймээс уг хэрэгт хавсаргасан гэрээ болон хавсаргасан баримтуудаас харахад нэмэлт гэрээний дагуу барьж байгуулсан авто зогсоол, саад зэргийг улсын комисс хүлээж авсан талаар баримт тодорхойгүй байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н-О ХХК- нь ОАЗДТГ- гэрээний үүрэгт 42750000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

ОАЗДТГ- Н-О ХХК-тай2016 оны 05 сарын 09-ний өдөр №БЗА-90/16 дугаартай Угтах хаалга хийх ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, 2016 оны 12 сарын 01-нд угтах хаалганы ажлыг гүйцэтгэх явцад зайлшгүй шаардлагатай авто машины зогсоол, зам талбай, орчны тохижилтыг 42750000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцож, №НГ-02/16 дугаартай нэмэлт гэрээ байгуулсан байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч Н-О ХХК нь Орхон аймгийн угтах хаалгыг хийж, угтах хаалганы авто машины зогсоол, зам талбай, орчны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №16/128 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт-аар хүлээлгэн өгсөн ба зохигчид энэ талаар маргаагүй, тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...нэхэмжлэгч нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж гаргасан, ....уг нэмэлт ажлын төсөв төсөвлөгдөөгүй учир төлөх боломжгүй... гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Талуудын хооронд 2016 оны 12 сарын 01-нд гэрээнд нэмэлт оруулах гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч уг гэрээний шаардлагыг 2019 оны 12 сарын 01-ний дотор шүүхэд гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй буюу хөөн хэлэлцлэх хугацаандаа буюу 2019 оны 11 сарын 14-ний өдөр гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн хувийг гардан авч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүний тайлбар, татгалзал нотлох баримтаар нотлогдохгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан тайлбар татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч ОАЗДТГ- ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42750000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н-О ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ОАЗДТГ- улсын тэмдэгтийн хураамжид 317700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ОАЗДТГ- 42.750.000 /дөчин хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н-О ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 371700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАЗДТГ- улсын тэмдэгтийн хураамж 317700 төгрөгийг гаруулан нэхэмжлэгч Н-О ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ