| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 71/2014/0055/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0048 |
| Огноо | 2014-02-11 |
| Зүйл хэсэг | 211.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0055/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000716 дугаартай хэргийг 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр төрсөн, *** настай, *** бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шүүхээс ял шийтгүүлж байгаагүй
Шүүгдэгч *** нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *** улсын дугаартай маяти маркын автомашиныг ашиглаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр болох “Шаазгайтын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 5.5 м куб түлээний хуурай нарс мод бэлтгэн, байгаль орчинд 330000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***гээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 10 дугаар сарын 25-ний өдөр аавындаа түлээний мод бэлтгэхээр очсон. Ингээд Шаазгайтын ам гэдэг газраас мод бэлтгэж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд модоо ачаад дагаад яв гэхээр нь дагаад явсан. Хохиролд 300.000 төгрөг төлсөн. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй хөнгөн ял оноож өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Ингээд Шаазгайтын ам гэдэг газраас мод бэлтгэж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд модоо ачаад дагаад яв гэхээр нь дагаад явсан.“ гэх мэдүүлэг,
-Иргэний нэхэмжлэгч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “***гийн ойн санд учруулсан хохирол болох 330000 төгрөгийг гэм буруутай эздээс нэхэмжилнэ.
...мод бэлтгэсэн газар нь Хонгор сумын 2 дугаар багт орших “Шаазгайт” нөхөрлөлийн ойн сан гэрээгээр эзэмшдэг газар.
... *** ийн мод бэлтгэсэн газарт 2013 онд иргэдэд түлээний мод бэлтгэх зөвшөөрөл гоожин олгогдоогүй газар юм аа.” гэх мэдүүлэг /хэргийн 7-8 дахь тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нөхөрлөлийн газар нутаг дээр мод бэлтгэхээр бол байгаль хамгаалагчаас албан ёсны мод бэлтгэх эрхийн бичиг аваад бэлтгэх газраа заалгуулаад модоо бэлтгэх ёстой.
... *** г Шаазгайтын аманд мод бэлтгэсэн талаар мэдэх зүйл алга, сүүлд модоо бэлтгээд Цагдаа дээр албадан саатуулагдсаных нь дараа л мод бэлтгэсэн талаар нь мэдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 9 дэх тал/,
-Түлээний нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон акт "...нийт 5.5 метр куб түлээний хуурай нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 330000 төгрөг болж байна." гэх дүгнэлт /хэргийн 11 дэх тал/,
-Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хэргийн 33-34 дэх тал/,
-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 37 дахь тал/
-хууль бусаар бэлтгэсэн мод, тээвэрлэсэн авто машины гэрэл зураг /хэргийн 40-42 дахь тал/
-Хонгор сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн *** тоот дансанд ***гийн 330000 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 47 дахь тал/,
-Шүүгдэгч *** г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хэргийн 26 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр болох “Шаазгайтын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 330000 төгрөгийн үнэ бүхий 5.5 м куб түлээний хуурай нарс мод бэлтгэж, байгаль орчинд 330000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч ***г зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.
. Шүүгдэгч ***гийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан гэх *** улсын дугаартай маяти маркын тээврийн хэрэгсэл нь П.Хишигбуянгийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Шүүгдэгч *** нь тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч *** аас худалдаж авсан учир хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж улсын яллагч мэтгэлцэж байгаа боловч тэдний хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ хэлцэл хавтаст хэрэгт авагдаагүй төдийгүй дээрх машинаар зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг тээвэрлэсэн үйлдэл хийгээгүй байх тул *** ийн өмчлөлийн *** улсын дугаартай маяти маркын автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагч Д.Өлзийхүүгийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1209 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч *** нь 5.5 метр куб хуурай нарс модны үнэ 330000 төгрөгийг төлж баргдуулсан, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *** тоотод хашаанд хадгалагдаж байгаа 5.5 метр куб хуурай нарс, 2 гартай аман хуур хөрөөг улсын орлогод тус тус оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***г зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар шүүгдэгч *** д 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг Тосгоны 5-1 тоотод хадгалагдаж байгаа 1.5 м орчим хэмжээтэй 5.5 м куб хуурай нарс мод, 2 гартай аман хуур хөрөө зэргийг хурааж, тус тус улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар П.Хишигбуянгийн өмчлөлийн 46-75 УБЗ улсын дугаартай маяти маркын автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагч Д.Өлзийхүүгийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1209 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар ***д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ