Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2019/0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Төмөрбат, шүүгч Б.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Д.У /РД:********/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.Э, Ү ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 дугаар захирамжийн иргэн Б.Д-д холбогдох хэсэгт иргэн Б.Д-н газрын эзэмших эрхийг 108 м.кв-ээр анх захиргаанаас олгосон болохыг тогтоолгох (Тодруулбал, иргэн Б.Д-н газрын эзэмших эрхийг 108 м.кв-ээр анх захиргаанаас олгон 170 м.кв газар нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн болохыг тогтоож үлдэх 62м.кв газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар иргэн Б.Д-гаас иргэн Н.О-д, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 494 дүгээр захирамжаар Н.О-гээс Б.Эт тус тус 170 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох захиргааны актын 62м.кв-тад нь хамаарах хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Н.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч В.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд Б.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, гуравдагч этгээд Ү ХХК-ийн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий захиргааны актуудад холбогдох газрын эрх иргэн Б.Д-д 2004 онд анх үүссэн байдаг бөгөөд уг газрын эрх өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар иргэн Н.О-д, 2011 оны 494 дүгээр захирамжаар Б.Эт тус тус шилжсэн байдаг. Уг газартай хөрш газрыг эзэмшигч иргэн Д.Угийн хувьд иргэн Д-д захиргаанаас анх олгосон буюу олгохоор төлөвлөгдөж байсан 108 /9x12/ м.кв газрын хувьд маргаан байхгүй харин Нийслэлийн Засаг дарга болон Газрын албаны зүгээс иргэн Б.Д-д анх 170 м.кв газар анх эзэмшүүлсэн төдийгүй уг газрын эрхийг шилжүүлсэн мэтээр хариуцагчдын зүгээс тайлбарлаж холбогдох захиргааны актуудыг үйлдсэн нь үндэслэлгүй юм.

Иргэн Б.Д- анх 108 м.кв талбайтай нийт 4 эргэлтийн цэгтэй кадастарт анх тусгагдсан байсан бол Н.О-д шилжүүлэх явцад 6 эргэлтийн цэгтэй 170 м.кв талбайтайгаар кадастрын зураг үйлдээд улмаар хожим дахин 4 эргэлтийн цэгтэй нийт 170 м.кв-тай болж дахин кадастрын зураг үйлдэж баталгаажсан байдаг.

Иргэн Б.Д-гийн газрын эрхийг Нийслэлийн Засаг даргын зүгээс анх үүсгэхдээ 300 м.кв, 288 м.кв, 170 м.кв, 108 м.кв гэх мэтээр харилцан адилгүй тодорхойлсон захиргааны актууд байдаг хэдий ч бидэнд тодорхой байгаа нэг зүйл нь иргэн Б.Д- иргэн Н.О-д 108 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэхээр албан ёсоор захиргааны байгууллагад хүсэлт гаргасан байдаг. Мөн иргэн Б.Д-н мэдэлд байсан маргаан бүхий газрын эрхийг улсын бүртгэлд анх 2005 онд 108 м.кв-аар бүртгэгдсэн болохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг газрын албан тоот нотолдог. Өөрөөр хэлбэл, иргэн Б.Д-гийн газрын эрх шилжүүлэх хүсэлт, нэгж талбарын өөр өөр дугаарууд, нэгж талбарын харилцан адилгүй хэмжээ болон эргэлтийн цэгүүдтэй кадастрын 2-3 янзын зураг гэх мэт нь хэрэгт баримтаар авагдсан байдаг. Иргэн Б.Д- нь өөрийн 108 м.кв газар дээрээ иргэн Д.Угийн эрх ашгийг хөндөхгүйгээр танай хашаан дээгүүр консулдаж барилга барина хэмээн тухай үедээ зөвшилцөж байсан байдаг.

Гэтэл бүүр хожим 2011 онд иргэн Б.Эт энэхүү газрын эрх шилжсэний дараа Б.Д-, Н.О-, Б.Э нарын эзэмшлийн уг газрыг хэмжээ 170 м.кв байсан нь иргэн Д.Уд мэдэгдэж, улмаар иргэн Д.У Нийслэлийн Газрын албанд хандсанаар энэхүү маргаан эхэлсэн байдаг. Нийслэлийн Газрын албаны зүгээс Д.Угийн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн орчны газар дээрх маргааныг орц, гарц гаргаж, цардсан зам болон хашаа, ногоон байгууламжийг хэсэгчлэн хүчээр буулгасан байдаг. Ингэснээр иргэн Д.У болон бусад иргэдийн Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, галын машин чөлөөтэй орж гарах боломжгүй нөхцөл бүрдээд байгаа болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 болон 106.3.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргааныг шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 дугаар захирамжаар иргэн Б.Д-д Чингэлтэй дүүргийн Их Тойрууд 170 м,кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ,

Улмаар иргэн Б.Д- нь газар эзэмших эрхээ Н.О-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлж, үүний дараагаар Н.О- нь газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Эт шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар 170 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар иргэн Б.Эт шилжүүлж, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна.

Ийнхүү 170 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлэх үед газрын талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй, мөн нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газарт ороогүй газрыг тохижилт хийх төлөвлөгөө батлуулсан гэж маргаж байх боловч тухайн газрыг эзэмших эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчсөн байх ба гуравдагч этгээдийн газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Иргэн Б.Э нь 170 м.кв маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч мөн. Б.Э нь Б.Д-г танихгүй гэдэг. Иргэн Н.О-гээс Б.Э нь үнэ тохиролцож газар эзэмших эрхийг шилжүүлж авсан.

Уг газар эзэмших эрхийг шилжүүлж авсан гэрээнд 4 эргэлтийн цэг бүхий 170 м.кв газрын кадастрын зургийн эх хувь байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн 6 эргэлтийн цэгтэй маргаан бүхий газартай холбоотой кадастрын зураг байхгүй. Б.Д- 2004 онд тус газрын эзэмших эрхийг шилжүүлж авсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлсэн боловч, хавтаст хэрэгт 1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар 300 м.кв газрыг эзэмших эрхийг авч байсан болох нь нотлох баримтаар хэргийн материалд авагдсан байгаа.

Б.Э 170 м.кв бүхий газар эзэмших эрхийн хүрээнд 5 давхар үйлчилгээний төв бариулж эзэмшиж байгаад Ү ХХК-д тодорхой шалтгааны улмаас түр шилжүүлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийж Б.Эийн хууль ёсоор эзэмшиж байгаа 170 м.кв талбай бүхий газрын 62 м.кв бүхий хэсгийг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж байгаа нь хуульд нийцээгүй шаардлага болохыг тогтоох нь зүйд нийцнэ гэж үзэж байна.

Мөн Д.Угийн өөрийн эзэмшил бүхий газартай маргаан бүхий газар нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гаргасан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/13147 дугаар бүхий албан бичигт давхцалгүй болох нь тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй бөгөөд, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь тодорхой тохижуулалт хийсэн газартай нь холбоотой гэж маргадаг ч тус тохижуулалт хийсэн газрын хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч мөн гэсэн нотлох баримт хэргийн материалд авагдаагүй. Иймээс Б.Эийн хууль ёсоор эзэмшиж буй газар эзэмших эрхийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ү ХХК-ийн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актууд нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, кадастрын зураглалын дагуу олгогдсон захиргааны актууд байсан бөгөөд Б.Э 170 м.кв газар эзэмших эрхтэй болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдоно.

2004 онд Б.Д-д 170 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 185 дугаар захирамж нь хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр захирамж юм. Энэхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн олгосон зөвшөөрлүүд нь хууль зөрчсөн үйлдэл байхгүй болохыг дурдах нь зөв юм.

Мөн иргэн Д.У нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ мөн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байх бөгөөд гуравдагч этгээд Ү ХХК хуулийн энэхүү заалтыг зөрчөөгүй. Иймд гуравдагч этгээд Ү ХХК нь зохих байгууллагын зөвшөөрөлгүй ашигласан газар дээр барилга байгууламж барьсан зүйлгүй, бусдын орц гарцыг хаасан үйлдэл байхгүй болно. Иймд нэхэмжлэгч Д.Угийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Угаас нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 дугаар захирамжийн иргэн Б.Д-д холбогдох хэсэгт иргэн Б.Д-н газрын эзэмших эрхийг 108 м.кв-аар анх захиргаанаас олгосон болохыг тогтоолгох /Тодруулбал, иргэн Б.Д-н газрын эзэмших эрхийг 108 м.кв-аар анх захиргаанаас олгон 170 м.кв газар Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн болохыг тогтоож үлдэх 62 м.кв газарт хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү/, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар иргэн Б.Д-гаас иргэн Н.О-д, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 494 дүгээр захирамжаар Н.О-гээс Б.Эт тус тус 170 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох захиргааны актын 62 м.кв-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан бөгөөд уг тодруулсан шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, анх Нийслэлийн Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/227 тоот захирамжаар иргэн Б.Д-д Чингэлтэй дүүргийн Их тойрууд үйлчилгээний орон сууцны зориулалтаар 300 мкв газрыг 2 жилийг хугацаатай ашиглуулах эрх олгож, 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 тоот захирамжаар 170 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Улмаар Б.Д- нь газар эзэмших эрхээ Н.О-д шилжүүлэх хүсэлтээ гарган Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 тоот захирамжаар Н.О-д эзэмшүүлэх эрх олгож, үүний дараагаар Н.О- нь газар эзэмших эрхээ Б.Эт шилжүүлэх хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 тоот захирамжаар 170 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр болж гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, мөн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ний дагуу Б.Эийн зүгээс Улсын бүртгэлийн Y-220******* дугаар үл хөдлөх хөрөнгийг Ү ХХК-д шилжүүлжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...гуравдагч этгээд Б.Эийн зүгээс иргэн Д.Угийн хөрөнгө оруулалт хийн орц, гарц гаргаж, цардсан зам болон хашаа, ногоон байгууламжийг хэсэгчлэн хүчээр буулгасан байдаг. Ингэснээр иргэн Д.У болон бусад иргэдийн Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, галын машин чөлөөтэй орж гарах боломжгүй нөхцөл бүрдээд байгаа... гэж тайлбарлан маргажээ.

Шүүхээс хийсэн маргаан бүхий газрын үзлэгээр болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/2426 тоот албан бичгээр нэхэмжлэгч Д.Угийн эзэмшиж буй газар нь маргаан бүхий газартай давхцалгүй болох нь тогтоогдож байхын зэрэгцээ Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 09/4436 тоот албан бичигт ...Д.У нь тус газарт орц, гарцтай холбоотой өргөдөл гомдол гаргаж байгаагүй... гэсэн, өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар нь нэхэмжлэгч Д.Угийн эзэмшиж буй газартай давхцалгүй байхын зэрэгцээ өөрийн орц гарцтай холбоотой асуудлаар төрийн захиргааны байгууллагад хандаж байгаагүй, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрийн эзэмшлийн газарт ороогүй газрыг тохижилт хийх төлөвлөгөө батлуулж тохижуулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй атлаа маргаан бүхий газрыг тохижуулсан гэж тайлбарлаж байгаа нь гуравдагч этгээдийн газрыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Түүнчлэн Нийслэлийн Газрын албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02-04/5739 тоот албан бичигт ...иргэн Б.Д-гийн 170 м.кв эзэмшил газарт барилгын хэмжээ 108 м.кв, Д.Угийн 862 м.кв эзэмшил газарт баригдах барилгын хэмжээ 320 м.кв байхаар зааж тэмдэглэгдсэн... гэснээс харахад гуравдагч этгээд Б.Эийн хувьд Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу 170 м.кв газрыг эзэмших, уг газарт 108 м.кв хэмжээний суурьтай үл хөдлөх хөрөнгө барих зэргээр ашиглах эрхтэй бөгөөд хариуцагчаас түүнд газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч Д.Угийн газартай давхцаагүй, орц гарц хаагаагүй тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Д-н Их тойрууд 2 жилийн хугацаатай 300 м.кв талбай эзэмших эрх нь 2001 онд дуусч 2004 онд Бага тойрууд тэр үе тоглоомын талбайн зориулалтаар тохижуулсан байсан талбайг кадастрын зураг хийлгэн 2007 онд барилгын зургаа зуруулсан. Д.Угийн хувьд Бага тойрууд 2001 онд газар аваад зохих төлөвлөлтийн зургийн дагуу барилга зам талбайгаа түүнээс өмнө 2003 онд барьж эхлээд 2004 онд дуусган 2006 онд Улсын комисст хүлээлгэн өгсөн гэжээ.

Нийслэлийн Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А-227 тоот захирамжаар Б.Д-д Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Их тойруу-д үйлчилгээний зориулалттай 300 м.кв газрыг ашиглах эрх олгосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Их тойруу гэж техникийн алдаа гарсан... гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна. Учир нь 1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А-227 тоот захирамжаар үүссэн эзэмших эрх дуусгавар болсон шийдвэр гараагүй, мөн хэрэгт авагдсан Б.Д-, Н.О- нарын 2007, 2008, 2010 онуудын кадастрын зураг, нэхэмжлэгч Д.Угийн кадастрын зураг зэргийг харахад нэхэмжлэгч, гуравдагч этгээд хоёрын газрын хажууд байрлах /6 дугаар байр/ байсаар л байгаагаас харвал маргаан бүхий газрыг анхнаасаа гуравдагч этгээд Б.Д-. Н.О- нар ашиглаж байсан нь тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт авагдсан кадастрын зураг буруу, гараар засагдсан, Б.Д-гийн газар эзэмших эрх шилжүүлэх өргөдөл алдаатай гэх зэргээр маргаж байх хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185, 2009 оны 295, 2011 оны 494 дүгээр захирамжуудад 170 м.кв-аар газар эзэмших эрх олгогдсон байх бөгөөд эдгээр алдаатай байдал нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Түүнчлэн Нийслэлийн Газрын албаны 2010 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5/2994 тоотоор нэхэмжлэгчид өгсөн хариунд ...Н.О-гийн газрыг хүчингүй болгуулах талаар гаргасан гомдлыг Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хамтарсан техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх болно гэсэн ба шүүхээс техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн эсэх талаар баримтыг Нийслэлийн газрын алба, Нийслэлийн архивын газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Үндэсний төв архиваас тус тус гаргуулахаар шаардсан боловч энэ талаар баримт байхгүй, мөн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн талаар үндэслэл бүхий тайлбарлаагүй тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн... гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Угийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Угаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 дугаар захирамжийн иргэн Б.Д-д холбогдох хэсэгт иргэн Б.Д-н газрын эзэмших эрхийг 108 м.кв-аар анх захиргаанаас олгосон болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар иргэн Б.Д-гаас иргэн Н.О-д, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 494 дүгээр захирамжаар Н.О-гээс Б.Эт тус тус 170 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох захиргааны актын 62 м.кв-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОДМАА

ШҮҮГЧИД С.ТӨМӨРБАТ

Б.АДЪЯАСҮРЭН