Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2026/0239

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Агийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0144 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-ын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: А.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А

Хариуцагч: Боловсролын сайд, Боловсролын зээлийн сан

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б, Т.А

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг 

Хэргийн индекс: 128/2025/0645/З                                          

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0144 дүгээр шийдвэрээр Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн (2011 оны) 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Агаас Боловсролын сайд, Боловсролын зээлийн санд тус тус холбогдуулан гаргасан “А.Хгийн 2024 оны 2 дугаар семестр, 2025 оны 1 дүгээр семестрийн сургалтын төлбөрийг буюу нийт 70,552,603 төгрөгийг Боловсролын яамны харьяа Боловсролын зээлийн сан төлөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож төлүүлэх, А.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нартай байгуулсан Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг сунгах тухай Боловсролын сайд шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээг сунгаж санхүүжүүлэхээр даалгах, Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/93 дугаартай тушаалын А.Хд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, уг захиргааны актын А.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ашүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын 1.9-д заасан “сургалтын зээлийн санхүүжилтийг зөвхөн үндсэн ангийн суралцагчид олгоно” гэсэн заалтыг захиргааны байгууллага, албан тушаалтан бүрэн хянаж, нягтлалгүйгээр суурь/бэлтгэл сургалтыг санхүүжүүлснээс шалтгаалж үндсэн ангийн сургалтын 6 дахь семестрийг санхүүжүүлээгүй Боловсролын зээлийн сангийн хууль бус үйлдлийг шүүх үндэслэлтэй гэж нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн.

2.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.7-д тус бакалаврын хөтөлбөрийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн урилгад “... энэ санал нь та Олон улсын боловсролын үйлчилгээний IES байгууллагаас өмнө нь авсан Foundation Year /бэлтгэл жилийн/ хөтөлбөрийн саналын хамт хүчинтэй юм. Та дараагийн хуудсанд буй зааврыг даган хоёр саналыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай болно” гэж, дүгнэсэн атал, дээрх хөтөлбөрүүд Австралиас бусад улсад дунд боловсрол эзэмшсэн суралцагчийн хувьд заавал хамрагдах шаардлага үүссэнийг, мөн Боловсролын зээлийн сан суурь/бэлтгэл сургалтыг санхүүжүүлсэн нь буруу бол энэ нь төрийн захиргааны байгууллагын буруугаас буюу хянаж, нягтлалгүйгээр санхүүжилтийг хийсэнтэй холбоотой бөгөөд энэ алдааг үндсэн бакалаврын сургалтыг санхүүжүүлэх хугацаанд суутгаж болохгүйг шүүх дүгнээгүйгээс А.Хгийн хууль ёсны эрх ашгийг хохироож байна.

2.3. Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний 3.5 дахь хэсэгт “Хүүхэд төрүүлэх буюу өвчний улмаас холбогдох хууль тогтоомжийн дагуу чөлөө авсан тохиолдолд энэ тухайгаа тухай бүрд нь Сургалтын төрийн санд албан ёсоор мэдэгдэнэ” гэж заасныг буруу үнэлж тайлбарласан. Учир нь, гэрээний дээрх заалт нь хүүхэд төрүүлэх, хүндээр өвдөх зэрэг хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас суралцахаас чөлөө авах буюу сургалтыг түр завсарлуулах тухай гэрээний зохицуулалт гэж ойлгож байгаа бөгөөд суралцагч А.Хгийн тохиолдолд тэрээр чөлөө аваагүй, харин эх орноосоо өөр уур амьсгал бүхий орон нутгийн шалтгаантай бие организмын өөрчлөлтийн улмаас эмчийн зааврын дагуу хичээлийн тоог цөөлөх замаар ачааллыг хөнгөлөн үргэлжлүүлэн тасралтгүй суралцаж буй юм. Тодруулбал, гэрээний 3.5 дахь заалт үйлчлэх нөхцөл байдал үүсээгүй, харин семестрт сонгон суралцах хичээлийн тоо багассанаар суралцах хугацааг сунгах шаардлага үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.

2.4. Сургалтын төрийн сан /тухайн үеийн нэршлээр/-аас суралцагч А.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нартай 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-ний зорилгыг тодорхойлсон 1.1 дүгээр заалтад “дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын зэргийн өдрийн ангид суралцагчдын суралцах хугацаандаа сургалтын төлбөрийн зориулалтаар авсан санхүүжилтийг эргэн төлүүлэх, зээл олгох харилцааг зохицуулж, гэрээнд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох” тухай тэмдэглэсэн байгааг үнэлээгүй орхигдуулсан. Тодруулбал, суралцагч А.Хгийн тохиолдолд гэрээнд заасан суралцах хугацаа нь сайдын тушаалд заасан 4 жилээр хязгаарлагдах ёсгүй бөгөөд санхүүжилтийг шууд зогсоосон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болсон.

2.5. Бодит байдал дээр, Боловсролын зээлийн сан сургуулиа төгсөөгүй, харин тасралтгүй үргэлжлүүлэн суралцаж байгаа А.Хг төгссөн хүүхдүүдийн жагсаалтад оруулан Үндэсний аудитад тайлагнаж, улмаар зээл аваад эргэн төлөөгүй ангилалд хамруулан Монголбанкны зээлийн мэдээллийн сан, Сангийн яамны өрийн удирдлагын мэдээллийн санд бүртгэгдэх шалтгаан болсон. Ингэснээр Зээлийн мэдээллийн тухай хуульд заасны дагуу А.Хг зээлийн өртэй мэтээр бүртгэж, нийгэм, эдийн засгийн харилцаанд орох, гадаадад зорчих, оршин суух зэрэгт сөргөөр нөлөөлөхүйц муу түүх үүсгэж, түүний эрх, ашиг сонирхлыг шууд хохироож байхад зөвтгөх арга хэмжээ авалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2.6. Боловсролын зээлийн сан, Боловсролын сайд хэн аль нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Захиргааны үйл ажиллагаанд үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчим”-ыг баримталж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох” үүргээ биелүүлээгүйгээс гадаад улсад суралцагч А.Хгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирч байна. Мөн анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заасныг буруугаар хэрэглэж, хууль бус татгалзлыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэлээ.

2.7. Эцэст нь, хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “Боловсролын зээлийн сан нь санхүүгийн дэмжлэг, тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл олгох замаар дээд боловсрол эзэмших хүсэлтэй тодорхой шалгуур, шаардлагыг хангасан иргэнийг төрөөс дэмжих бодлогыг хэрэгжүүлэх зориулалттай байна” гэж тодорхойлсны дагуу суралцагч А.Хгийн бакалаврын сургалтыг дуусгах нөхцөлийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

3. Суралцагч А.Х нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр International Education Services /цаашид IES гэх/ байгууллагаас Foundation year /бэлтгэл жилийн/ хөтөлбөрийн саналыг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр UOQ/К их сургууль/ их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах урилгыг авсан байх бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн саналын захидалд “... энэ санал нь та Олон улсын боловсролын үйлчилгээний IES байгууллагаас өмнө нь авсан Foundation year /бэлтгэл жилийн/ хөтөлбөрийн саналын хамт хүчинтэй ...” гэж дурдаж, бакалаврын хөтөлбөрийн үргэлжлэх хугацааг 6 улирал, хичээл эхлэх өдрийг 2022.02.21, төгсөх төлөвлөсөн огноог 2024.11.16 байхаар тусгасан байна.

3.1. Ийнхүү Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/115 дугаар тушаалаар Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн гадаадын их, дээд сургуулийн бакалаврт суралцах иргэдийг хавсралт ёсоор баталж, тус хавсралтад А.Хг UOQ/К их сургууль/ сургуульд 4 жилийн хугацаагаар суралцахаар заажээ.

3.2. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх 2020/19 дугаар гэрээ, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг А.Х болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нар Сургалтын төрийн сантай байгуулсан байна.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, суралцагч А.Х нь 2020-2021 онд IES байгууллагын Foundation year /бэлтгэл жилийн/  хөтөлбөрт суралцсан байх бөгөөд энэхүү хөтөлбөрийн сургалтын төлбөр болох 24,233.2 ам.доллар буюу 32,200 австрали долларыг Боловсролын зээлийн сангаас IES байгууллагад шилжүүлжээ.

5. Харин бакалаврын хөтөлбөр 2022 оны 02 дугаар сард эхэлсэн байх ба Боловсролын зээлийн сангаас А.Хгийн 2021-2024 оны Foundation year /бэлтгэл жилийн/ болон бакалаврын хөтөлбөрийн нийт 7 семестрийн сургалтын төлбөрт 10 удаагийн шилжүүлгээр 95,174.53 америк доллар буюу 144,048.06 австрали долларын зээлийн санхүүжилт олгосон болох нь тус тус тогтоогдож байна.

6. А.Хгийн суралцсан Foundation year нь Австрали болон бусад гадаадын улс орнуудын их сургуулийн бакалаврын зэрэгт шууд элсэн суралцах боломжгүй (суурь мэдлэг, академик ур чадвар, хэлний бэлтгэл гэх мэт) олон улсын оюутнуудад зориулсан 1 жилийн бэлтгэл хөтөлбөрийг ойлгохоор байх бөгөөд Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Дэлхийн шилдэг их сургууль оюутан суралцуулах журам”-ын 1.9-д “Сургалтын зээлийн санхүүжилтийг зөвхөн үндсэн ангийн суралцагчид олгоно”, 2.5-д “Сургалтын зээл олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн бакалаврын сургалтын үндсэн хугацаанаас хэтрэхгүй байна” гэж тус тус зааснаас үзэхэд сургалтын зээлийн санхүүжилтийг зөвхөн үндсэн ангийн суралцагчид буюу бакалаврын хөтөлбөрт олгохоор байна.

7. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх 2020/19 дугаар гэрээ нь дээрх журмаар зохицуулагдахаар заасан байх ба тус гэрээнд ч Foundation year буюу бэлтгэл жилийн хөтөлбөрийн төлбөрийг санхүүжүүлэх үүргийг хариуцагч хүлээгээгүй, тус хөтөлбөр нь бакалаврын хөтөлбөрт хамаарахааргүй байх тул IES байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу тус хөтөлбөрт суралцсан төлбөрийг Боловсролын зээлийн сангаас төлж, үүнийг нийт зээлийн дүнд тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

8. Учир нь гэрээний 3.1-д суралцах хугацааг 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тооцохоор харилцан тохиролцсон байх ба Боловсролын зээлийн сан тухайн хугацаанаас эхлэн санхүүжилтийг олгосон, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/115 дугаар тушаалаар А.Хг UOQ/К их сургууль/ сургуульд 4 жилийн хугацаагаар суралцахаар зааж, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр UOQ/К их сургууль/ их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах саналын захидалд бакалаврын хөтөлбөрийн үргэлжлэх хугацааг 6 улирал, хичээл эхлэх өдрийг 2022 оны 02 дугаар сарын 21, төгсөх төлөвлөсөн огноог 2024 оны 11 дүгээр сарын 16, нийт сургалтын төлбөрийг 143,644 австрали доллар байхаар тус тус тусгаснаас нэгтгэн дүгнэвэл гэрээнд заасан нийт төлбөл зохих сургалтын төлбөрийг 100 хувь бүрэн төлсөн болох нь тогтоогдож байна.

9. Мөн гэрээний 3.2-т “Өөрийн талаарх их сургуулийн албан ёсны тодорхойлолтыг дүнгийн жагсаалтын хуудасны хамт улирал бүрээр электрон хэлбэрээр ирүүлж гэрээгээ сунгуулахдаа бичгэн хэлбэрээр Сургалтын төрийн санд өгнө”, 3.5-д “... өвчний улмаас холбогдох хууль тогтоомжийн дагуу чөлөө авсан тохиолдолд энэ тухайгаа тухай бүрд нь Сургалтын төрийн санд албан ёсоор мэдэгдэнэ” гэж тус тус заасан байх боловч суралцагч А.Х болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нараас эрүүл мэндийн шалтгааны улмаас улиралд 3 хичээл сонгож суралцах болсон талаар мэдэгдээгүй, гэрээний хугацаа сунгах хүсэлтийг Боловсролын зээлийн санд гаргаж байгаагүй зэргээс үзвэл хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэжээ.

10. Харин Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/93 дугаар тушаалаар дэлхийн шилдэг их сургуульд бакалаврын хөтөлбөрт суралцаж төгссөн нэр бүхий 104 зээлдэгчийн холбогдох зээлийг урьдчилж төлсөн зардал данснаас хасаж, авлага дансанд бүртгэхээр шийдвэрлэж, уг тушаалын хавсралтаар А.Х-н зээлийн хэмжээг 95,172.03 ам.доллар гэж бүртгэжээ.

11. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний 3.1-д “...сургалтын төлбөрийн зээлийг эргэн төлөх нөхцөлийг тохирч энэхүү гэрээг байгуулав” гэж заасан хүрээнд гарсан гэж үзэхээр байна.

12. Сангийн сайдын 2017 оны 361 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх зааврын 2 дугаар бүлгээр Санхүүгийн байдлын тайлангийн авлага болон урьдчилж төлсөн зардлыг хэрхэн бүртгэх талаар зааварласан байх бөгөөд уг бүлгийн 7-д “Урьдчилж төлсөн зардал/тооцоо гэж тухайн тайлант хугацаанд хамааруулан зардал гэж зөвшөөрч бүртгэхээс өмнө төлбөрийг нь урьдчилж төлсөн зарлагыг (даатгал, түрээс г.м) санхүүгийн байдлын тайлангийн хөрөнгийн зүйл ангид хамааруулж, урьдчилж төлсөн зардал гэж бүртгэнэ. Ийм төрлийн зарлагыг дараагийн тайлант үеийн холбогдох зардалд нь шингээнэ. Бараа материал, бусад зүйлсийг худалдан авахаар төлсөн урьдчилгааг урьдчилж төлсөн тооцоонд хамааруулна” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчид олгосон зээлийг уг төрлийн данснаас хасаж, авлагаар бүртгэсэн нь зөв байна.

13. Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... авлага дансанд бүртгэснээр Монголбанкны хугацаа хэтэрсэн зээлийн жагсаалт руу орсон ...” гэх зэргээр тайлбарлаж байгаа боловч энэ талаар хариуцагч Боловсролын зээлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “... зээл авсан бүх хүмүүсийн мэдээллийг Монголбанканд нийлүүлдэг, сурч байгаа болон суралцах хугацаа дууссан, гэрээ түдгэлзсэн тохиолдолд авлагын дансанд бүртгэдэг, урьдчилж төлсөн зардлын дансанд бүртгэсэн ч зээлийн мэдээллийн санд нэр нь ордог. Санхүүжилтийг зогсоосон учраас авлагын дансанд бүртгэсэн. Зээлийн эргэн төлөлт суралцагчтай харилцан тохиролцож, график байгуулсны үндсэн дээр төлөгддөг ...” гэж тайлбарласан.

14. Өөрөөр хэлбэл, суралцагчид олгосон санхүүжилтийг авлага дансанд бүртгэсэн нь дээрх байдлаар гэрээний заалтыг хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

15. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0144 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-с гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                             О.ОЮУНГЭРЭЛ

 

                        ШҮҮГЧ                                             Ц.САЙХАНТУЯА

 

                        ШҮҮГЧ                                             Ц.ОДМАА