Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

                                       

                                    

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

   Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

           Улсын яллагч: Ж.Ганцэцэг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Амаржаргалын Билгүүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601000225 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, Боржигон овогт Амаржаргалын Билгүүн, 1994 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Салхит суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Тээврийн дээд сургуулийн вагон үзэгч, засварын ангийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн 3-1 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 0-8 тоот буюу подвалийн өрөөнд түр оршин суух хаягтай, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 02 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  ТХ-94052918 тоот регистртэй,

Шүүгдэгч А.Билгүүн нь ялтай байх хугацаандаа 2016 оны 8 дугаар сарын 20-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1.6657 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн түр оршин суух Сэлэнгэ аймгийн Мандал сумын Партизаны 58 тоотод, дараа нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн түр оршин суух Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 0-8 тоотод тус тус хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Билгүүний өгсөн: “…Манайх зун Зүүн хараад амьдардаг байсан. Би өвс гэх зүйлийн талаар сайн мэдэхгүй. Анх дуу бичлэг, киноноос мэдэж байсан. Дархан руу дүүдээ хувцас авахаар явж байхад таксины дугуй хагараад зогссон. Тэгээд дүүтэйгээ гадаа хүлээж суухдаа дуу, клипнээс харж байсан ургамалтай адилхан ургамал байхаар нь 2-3 навчийг дүүгийнхээ чихрийн уутанд хийгээд халаасандаа хийсэн. Би үүнийг Эрүүгийн хэрэг үүсэх хууль зөрчсөн үйлдэл гэж мэдээгүй. Би анх цэрэгт байхдаа тамхи татаж эхэлсэн. Тэгээд сонирхоод татсан. Би ямар хор уршигтай гэдгийг мэдээгүй. Би намар хотод сурахаар ирсэн. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр миний тамхи дууссан байхаар нь хавар намрын куртикээ гаргаж иртэл халаасанд нь нөгөө зун түүж байсан өвс байсан. Урьд нь хүнээс тамхи шиг татдаг гэж сонсож байсан. Тэгээд тухайн үедээ тамхигүй болчихоод татсан. Тэрнээс биш урьд нь татаж, донтсон зүйл байхгүй. Би буруу зүйл хийснээ хүлээж байна” гэв.

Гэрч Б.Батнямын мөрдөн байцаалтанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дэслэгч Б.Баттулгын хамт Бугат-116 чиглэлд Баянгол дүүргийн 4, 5, 6-р хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд орой 17 цаг 10 минутын үед хүмүүс хар тамхи хэрэглээд байна гэсэн дуудлага ирсний дагуу Бугат-66 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Цогтбадрах, Билэгсайхан нарыг нэмэлт хүчээр аваад хамт очсон. Хэргийн газарт очиход 20 орчим насны 2 залуу болон 3-4 орчим насны 1 хүү байсан. Өрөө нь нил утаа, шарилж шатаахад гардаг эвгүй үнэр үнэртэж байхаар нь болсон асуудлын талаар асуухад Билгүүн гэх залуу нь нилээн манарсан шинжтэй байсан. Би хүүхдийг гэрээс нь авч гараад хажуу айлых нь эмэгтэйд оруулж өгсөн. Учир нь гэр нь нил утаа болсон, хүүхэд хүртэл хордохоор байсан учир хаалгыг нь онгойлгоод хажуу айлд нь оруулсан. Ингээд удалгүй Бугат-10-аас дуудлага ирэхээр нь би дэд ахлагч Билэгсайханы хамт дуудлагаа очиж шалгачихаад буцаад ирэхэд жижүүрийн бүрэлдэхүүн ирээд үзлэг хийж байсан. Үзлэгээр нэг тавагтай өвс шиг зүйл хурааж авч байхыг харсан. Тэндээсээ бид нар 2 залууг аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн....Хэргийн газарт очиход тэнд байсан 2 залуу өөдөөс эсэргүүцэл үзүүлээгүй тул тусгай хэрэгсэл, мэх, хүч хэрэглэх шаардлага гараагүй. Дуудлагаар очсон цагдаа нар тэр 2 залууг зодож, цохисон асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 19-р хуудас/,

Гэрч М.Билэгсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ахлах ахлагч Цогбадрахын хамт Баянгол дүүргийн 5-р хороо 10-р хороолол дахь дэд хэсэгт Бугат-66 чиглэлд 24 цагийн явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 17 цаг өнгөрч байхад жижүүрээс Бугат-115-р чиглэлд хүмүүс хар тамхи хэрэглээд байна гэж дуудлага ирсэний дагуу Цогбадрах бид 2 хүч нэмэгдүүлж хамт дуудлага шалгасан. Хэргийн газарт очиход нийтийн байрны подвалийн нэг жижиг өрөө байсан бөгөөд дотор нь 2 залуу, 1 жоохон хүүхэд байсан. ...Өрөө нь нил утаа болсон, эвгүй үнэр үнэртэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 20-р хуудас/,

Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: “…Ингээд жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудаж, хэргийн газрын үзлэг хийлгэхэд өлгүүрийн дээд хэсэгт байх малгайны тавиур дээрээс цагаан өнгийн тавагтай ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйл байсныг хураан авсан. ... Биед нь хүрч, зодож цохисон асуудал байхгүй... Хэргийн газарт ороход өрөө нь нилэнхүйдээ утаа болсон, хурц, эвгүй үнэр үнэртэж байсан. Орон дээр Отгонбаатар нь хэвтээд, Билгүүн нь зурагтныхаа өмнө газар хэвтэж байсан. Тэр 2- той юм ярихад Билгүүн их манарсан шинжтэй, Отгонбаатар нь арай гайгүй байсан. Ингээд цагдаагийн хэлтэс дээр авч ирээд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглахад Билгүүн ТНС төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн, Отгонбаатар нь хэрэглээгүй гэж заасан”  гэсэн мэдүүлэг /хх-н 20-р хуудас/,

Гэрч О.Цогбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “…Дуудлагаар очиход өрөө нь битүү утаа болсон, шарилжны эвгүй үнэр гарсан, 2 манарсан залуу, 1 жоохон хүүхэдтэй хамт байсан. Юу болоод байгаа талаар асуухад Билгүүн гэх залуу нь нилээн манарсан шинжтэй, асуусан асуултанд хариулж чадахгүй, үг дугарахгүй байсан ...Би өөрөө тамхи татдаггүй учраас утаанд нь хоолой гашуун оргиод, дотор муухайраад байсан болохоор хар тамхи татсан юм байна гэж ойлгогдсон” гэсэн мэдүүлэг /хх-н 22-р хуудас/,

Гэрч Ё.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “…Билгүүнийх манай хажууханд ойрхон нүүгээд ирсэн болохоор нь эхлээд Билгүүнийд ороод гаръя гэж бодоод тэднийд очсон. Намайг гэрт нь ороход Билгүүн дүүтэйгээ хамт зурагт үзээд сууж байсан бөгөөд гэр нь утаа болчихсон, тамхи татаж байсан. Билгүүн тамхиа татаж дуусаад хоол хийж идье гээд хоол хийж эхэлсэн. Би орон дээр нь сууж байтал 10 орчим минутын дараа Билгүүн нэг тавагтай өвс гаргаж ирээд надад 1 ийм юм байна гэхээр нь би энэ чинь юу юм гэхэд ороож татдаг өвс байгаа юм, татахаар манардаг гэсэн гэж хэлсэн. Би өөрөө тамхи ч татдаггүй болохоор тэрийг нь сонирхоогүй. Билгүүн өөрөө цаасанд ороогоод татахад нь их муухай эвгүй үнэр гарч эхэлсэн. Би Билгүүнд чи ингэж болж байгаа юм уу, нийтийн байранд хамаагүй ингэж болохгүй байхаа гэхэд Билгүүн гайгүй ээ одоо татаад дууслаа, сонирхож үзсэн юм, одоо энийг хаялаа гэсэн. Тэгээд Билгүүн тамхиа унтраахаасаа өмнө намайг нэг сорох уу гэхээр нь би тамхи татдаггүй байж юу боллоо гэж энэ муухай үнэртэй юмыг сорох юм гээд Билгүүний татаж байсан тамхийг нэг барьж үзээд, харчихаад буцаагаад өгсөн. Би тэрнээс нь сорж үздэг юм билүү гэж бодож байснаа огт таалагдахгүй, муухай үнэртэй байсан болохоор нь буцаагаад өгчихсөн. Ингээд Билгүүн тамхиа унтраагаад тавагтай өвсөө өлгүүрийн дээд талд тавиад, газар утсаараа оролдоод сууж байтал гаднаас цагдаа нар орж ирээд бид 2-ыг шалгана, юу хэрэглэсэн юм бэ, тэрийгээ гаргаад ир, удахгүй бүрэлдэхүүн ирж үзлэг хийх болно, та 2-ыг цагдаагийн хэлтэс дээр авч очно гэж хэлсэн....А.Билгүүн хаанаас, хэзээ олж авсан талаараа хэлээгүй. Хэзээнээс уг зүйлийг хэрэглэдэг болсныг ч би мэдэхгүй байна.…Намайг гэрт нь анх ороход Билгүүн хэвийн байсан. Цагдаа нар орж ирээд Билгүүнээс юм асуухад Билгүүн огт хариулахгүй, юм дуугарахгүй байхаар нь нүд рүү нь харахад хүүхэн хараа чинь томорсон байна гэж хэлсэн....Би хар тамхи гэж зүйлийг болохгүй зүйл, ухаан санаа, сэтгэцэд нөлөөлдөг муу зүйл гэж л мэднэ. Түүнээс илүү дэлгэрэнгүй зүйл мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24-р хуудас/,

Гэрч Н.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “…Би Билгүүнтэй хамт өвс гэх мансууруулах бодис түүх нь бүү хэл хамт Сэлэнгэ аймаг ч явж байгаагүй. Билгүүн яагаад надтай хамт өвс түүсэн гэж хэлсэн талаар өөрөөс нь асуухад тухайн үед их манарсан байсан, би зун дүүтэйгээ хамт Дархан явах замдаа түүсэн юм, тэгээд дүүтэйгээ явж байгаад түүсэн гээд хэлчихвэл дүү маань асуудалд орчих болов уу гээд айгаад чи хамгийн түрүүнд санаанд ороод тэгээд хэлчихсэн юм аа, харин сүүлд дахин байцаалт өгөхдөө би чамайг ямар ч холбоогүй гэдгийг хэлсэн байгаа, уучлаарай хөгшөөн гэж хэлсэн” гэсэн  мэдүүлэг /хх-н 25-р хуудас/,

Шинжээчийн 8838 тоот дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “А.Билгүүн” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/- ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. “Отгонбаатар Ёндон” гэсэн хаягтай шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй” гэжээ. /хх-н 27-28-р хуудас/,

Шинжээчийн 8839 дугаартай дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Цайвар ногоон өнгийн ургамал” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн найрлаганд Дельта 9-тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol /-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно” гэжээ. /хх- ийн 30-31-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1067 дугаар дүгнэлтэд: “А.Билгүүн нь одоо сэтгэцийн өвчингүй байна. А.Билгүүн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хх-н 33-34-р хуудас/,

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэлд: “...ТНС хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэж зааж байгаа нь А.Билгүүн нь ТНМ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэнийг заасан болохыг тэмдэглэлд тусгав”. гэжээ. /хх-н 11-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургууд /хх-н 8-10-р хуудас/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулгын 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн илтгэх хуудас /хх-н 7-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 16-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 59-р хуудас/, урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 61-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 66-68-р хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-н 71-79/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Билгүүн нь ялтай байх хугацаандаа 2016 оны 8 дугаар сарын 20-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1.6657 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн түр оршин суух Сэлэнгэ аймгийн Мандал сумын Партизаны 58 тоотод, дараа нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн түр оршин суух Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 0-8 тоотод тус тус хадгалсан болох нь:

            Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургууд /хх-н 8-10-р хуудас/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулгын 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн илтгэх хуудас /хх-н 7-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 16-р хуудас/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх  үнэлэв.

Шүүгдэгч А.Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Билгүүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Билгүүн нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Билгүүнийг ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч А.Билгүүн нь урьд 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байхдаа шинээр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.Билгүүний биечлэн эдлэх ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны конвенцийн жагсаалтад багтсан 0.8 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Каннабис /дельта 9 тетрагидроканнабинол/ бодисын агууламж бүхий цайвар ногоон өнгийн каннабис өвсийг устгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжилсэн хөрөнгөггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Амаржаргалын Билгүүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Билгүүнийг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар А.Билгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил хорих ялын зарим болох 06 сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.Билгүүний биечлэн эдлэх ялыг 01 жил 06 сар хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Билгүүнд оногдуулсан 01 жил 06 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.2, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.8 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Каннабис /дельта 9 тетрагидроканнабинол/ бодисын агууламж бүхий цайвар ногоон өнгийн каннабис өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комист даалгасугай.
  6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Билгүүн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч А.Билгүүнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, хорих ялыг 2017 оны 01 дүгээр  сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Билгүүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

                   ДАРГАЛАГЧ                                          Ч.ОТГОНБАЯР