Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 00381

 

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2020/00381

Жаргалант сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 4-24 тоотод оршин суух, Боржигон овогт Дийн Ш //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00354/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Д.Ш нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралаанд гаргасан тайлбартаа:...Би 1959 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд Дийн ууган охин болон мэндэлсэн. 1967-1976 дугаар онд Ховд аймигийн Чандмань сумын 8-н жилийн сургуульд элсэн орж суралцсан. 1976-1977 онд Ховд аймгийн 1 дүгээр сургуулийн 10-н жилийн сургуулийг төгссөн. 1977 онд Монгол улсын их сургуулийн харьяа политехникийн дээд сургуулийн сантехник инженерийн барилгын материалын технологич инженер мэргэжлээр элсэн орж 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төгссөн. Тухайн үед сургуулиа төгсөөд Барилга материалын үйлдвэрийн яамны томилолтоор Барилын материалын үйлдвэрийн ерөнхий газрын харьяа Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт томилогдон ирж ажилласан. Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хөдөлмөр хамгаалал аюулгүйн техникийн инженерээр ажилласан. 1990-2004 он хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлсэн....1982 оноос 1990 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилласан жилийн хөдөлмөрийн дэвтэрээ тухайн үед ажиллаж байсан байгууллагаасаа аваагүй. 1990 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхрийн бие нь өвдөөд хот руу авч яваад 1995 он хүртэл хотод байсан. 1995 онд манай нөхөр нас бараад би Ховд аймагт ирсэн. Намайг ирэхэд Ханын материалын үйлдвэр тарсан байсан учир би бичиг баримтаа хайгаад олоогүй.

1990-2000 он хүртэл Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу бүрэн хамрагдсан.

Иймд намайг Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Ховд аймаг дахь Барилга конторын Барилгын материалын үйлдвэр болон Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал маркшейдр инженер, хөдөлмөр хамгаалал, аюулгүйн техникийн инженерээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....

Тухайн үед Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Ховд аймаг дахь Барилга конторын барилгын материалын үйлдвэрийн даргаар Цогтдэлгэр ажиллаж байсан. Харин орлогч даргаар нь Аюуш дарга ажиллаж байсан. Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Ховд аймгийн Ханын материалын үйлдвэр болон салахад Аюуш даргыг даргаар нь томилсон....1982 оны 10 дугаар сард тусдаа салж байсан санагдаж байна. Тухайн үед намайг үндсэн ажлаараа ханын материалын үйлдвэрт ажил гээд Ханы материалын харьяанд шилжүүлсэн. Үндсэн мэргэжлээрээ ажиллаж байгаад 1990  оны 4 дүгээр сард үйлдвэрүүд багасаж инженерүүдийг орон тооны цомхотголд оруулсан....Тухайн үед Аюуш дарга надтай уулзаад мастерээр ажиллах уу гэж асуусан. Тухайн үед манай нөхрийн бие өвдөж, эмчилгээ хийх шаардлагатай байсан учир өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан....гэв.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ш нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ш нь нэхэмжлэлийн шаардлагаа Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Ховд аймаг дахь Барилга конторын Барилгын материалын үйлдвэр болон Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал маркшейдр инженер, хөдөлмөр хамгаалал, аюулгүйн техникийн инженерээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Ш нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Ховд аймаг дахь Барилга конторын Барилгын материалын үйлдвэр болон Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал маркшейдр инженер, хөдөлмөр хамгаалал, аюулгүйн техникийн инженерээр тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1100 дугаар албан бичгээр ирүүлсэн Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 48 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Дийн Шгийн 30571 дугаартай 1982 онд Монгол Улсын Их сургуулийг барилгын материал, эдлэлийн үйлдвэрлэл мэргэжлээр төгссөн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч Д.Шгийн Ажилладаг гэх хэсэгт Ханын материалын үйлдвэр, ажилд орсон он гэх хэсэгт 1983, эрхэлдэг ажил гэх хэсэгт хөдөлмөр хамгааллын инженер, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.6.16 гэх бичвэртэй ХААТР-1/Б/ маягтын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1406 дугаар албан бичгээр ирүүлсэн Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Ховд аймаг дахь Барилга конторын барилгын материалын үйлдвэрийн даргын 1984 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 152 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Барилгын материалын үйлдвэрийн даргын 1985 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 6 дугаартай “Уралдаант үзлэгийн тухай” тушаалын хуулбар, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 109 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 153 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 105 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, гэрч Б.Аюушийн “....Д.Ш нь 1982 оны 7 дугаар сард Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр ажилд орсон. Д.Ш нь 1990 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч байсан. Д.Ш нь 1990 он ажлаасаа гарах хүртэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр тасралтгүй ажилласан....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-5,9-10, 30-37 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.Ш нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600003639 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 6 дугаар тал/

Хавтаст хэргийн 7-8 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Аюуш, С.Батсүх нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Д.Шгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Дийн Ш //-ийн Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Ховд аймаг дахь Барилга конторын Барилгын материалын үйлдвэр болон Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал маркшейдр инженер, хөдөлмөр хамгаалал, аюулгүйн техникийн инженерээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Шгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ