Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0049

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:171/2014/0040/Э 

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, 
хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл,
хохирогч *** 
гэрч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт *** д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000652 дугаартай хэргийг 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***  төрсөн, ***  настай, эрэгтэй, яс үндэс халх***  ***  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар *** ***
Шүүгдэгч *** нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ***  тоотод хүргэн ах *** маргалдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2013 оны 10 дугаар сарын 08-ний өдөр 22 цаг өнгөрч байхад ***  гэдэг дэлгүүрээс юм авах гээд явж байсан. Тэр үед манай эгч надруу уйлаад залгасан. ***  намайг зодчихлоо, намайг ирээд ав гэсэн. Тэгээд би гэрт нь яваад очиход байрныхаа гадаа уйлчихсан зогсож байсан. Би машиндаа суулгаад яасан, юу болсон гэж асуухад ***  намайг удаа дараа зодож байсан гэж хэлсэн. Тэгээд би утсаар залгаад яасан бэ юу болсон гэж ярихад утасны цаанаас дайрч давшлаад байсан. Эгч маань одоо ингээд салмаар байна, орж хувцасаа авмаар байна гэж хэлсэн. Тэгээд гэрт нь ороод хүргэн ахаасаа яасан бэ гэж асуухад чамд ямар ч хамаа байхгүй гэж хэлсэн. Та хоёр 2 жил гаран амьдараад яагаад салах сарних дээрээ тулаад байгаа юм гэж асуухад, гар чи зайл та 2 
Шийтгэх тогтоол 2014.*** 99.1.doc
гэж хэлсэн. Миний ах халхын шоронд ялаа эдлээд хэвтэж байна чи яах гээд байгаа юм гээд дайрч давшлаад байсан. Тэгээд чаддаг юм бол намайг ал гээд хутганы набор цацсан. Тэгээд цаад өрөөрүү орж индүү аваад үүгээр намайг цохиод алчих гээд байсан. Надад хүн алах тийм юм байхгүй гэж хэлсэн. Миний эгч дундуур ороод байсан. Хүргэн ах дотуур хувцастайгаа байж байсан. Би сорочкон цамц өмссөн байсан, миний хоолойг боогоод байхаар нь цамцаа тайлж тавьсан. Намайг түлхээд байсан, учир зүггүй хашгираад өнөөдөр чи намайг алахгүй бол би чамайг ална гээд байсан. Тухайн үед би үнэхээр айсан байсан. Намайг цохих гээд байхаар нь би толгойг нь зүүн гартай нь хамт бариад биеэ хамгаалсан. Гэтэл 2 өрөөний завсар байсан паркетэн шалны тасархайгаар намайг доороос бараг 7, 8 удаа хатгасан. Тэгсэн чинь цус гараад байна гэж эгч орилсон. Тэгээд гэдсээ харсан чинь цус бол гараагүй байсан, миний гэдсийг зөндөө урсан байсан. Хүргэн ахаас цус гараад байсан байна лээ. Тэгээд харсан чинь зурагтны араас төмөрийн хөрөө гаргаж ирж байсан. Би хамгаалаад бариад авсан. Шалаар нэг хутга байсан, хэрвээ би өөрсдийгөө хамгаалаагүй бол миний эгч эсвэл би хатгуулах л байсан. Тэгээд орилоод байхаар нь хаалгыг нь хаагаад гараад явсан, тийм л зүйл болсон” гэв.
Хохирогч ***шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2013 оны 10 сарын 08-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад надруу ***  залгаад яагаад байгаа хөгшин төгцөг вэ гэж байсан. Чи юу яриад байгаа юм бэ гэсэн чинь чамайг алнаа гээд байсан, би ярих юм байвал уулзаж байгаад ярь гэсэн чинь чамтай уулзаж яадаг юм бэ алнаа чамайг гээд байсан. Би чамтай ярих юм байхгүй, ярих зүйл байвал маргааш би хөдөө явна очиж ногоогоо авна тэгээд уулзья гэсэн чинь чи юугаа авдаг юм бэ чамд өгөх юм байхгүй гэсэн. Тэгээд удаагүй байж байсан чинь Оргилсайхан эгчтэйгээ гэрт орж ирээд баахан юм яриад байсан. Чамтай ярих юм байхгүй гээд гэртээ том өрөөндөө сууж байсан чинь чамайг ер нь алнаа гээд цамцаа тайлаад байсан. Би гэртээ нүцгэн байж байсан. Тэгээд намайг сууж байхад том өрөөнд орж ирээд цохиод авсан. Би түлхээд хажуугаар нь гараад угаалгын өрөө орсон чинь хамар, нүднээс цус гарсан байсан. Угаалгын өрөөнөөс гараад хаалгаа онгойлгоод 3 давхарын айлаас цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд намайг орцонд сууж байхад 2 цагдаа ирээд гэрт хамт орсон чинь коридорт хутга, индүү байж байсан. Тэгээд надаас энэ юу юм бэ гэсэн. Би мэдэхгүй гээд хэлсэн тэгсэн чинь маргааш цагдаа дээр ирээрэй гэсэн. Тэгээд л маргааш цагдаа дээр очиход *** гэж цагдаатай уулз гэсэн. Тэгээд нөгөөдөр нь эмнэлэгт үзүүлсэн чинь гэмтэлтэй байна нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүл гэсэн. Цээж, хэвлий хэсгээр гэмтэлтэй байсан. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн чинь эмнэлэгт хэвт гэсэн. Тэгээд 10 хоног Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн, ийм л зүйл болсон” гэв.
Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт: “... Тэр өдөр би дүү *** тай орсон. Дүү минь ороод энэ нэг хүнийг яагаад зовоогоод байдаг юм бэ гэсэн. Гэтэл ***  миний дүүрүү дайраад байсан, тэгээд гал тогоонд ороод хутга авч ирээд бас индүү бариад дайраад, тэр үед би салгах гэж байсан. Миний дүү нэг харахад *** ын гарыг бариад байж байсан, тэр 2 барилцсан чигээрээ яваад байсан. ***  миний дүүгийн гэдэс рүү паркетэн  шалаар цохиод байсан” гэв.
Шүүгдэгч *** нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн ***тай маргалдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 
Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн … Чамтай ярих юм байхгүй гээд гэртээ том өрөөндөө сууж байсан чинь чамайг ер нь алнаа гээд цамцаа тайлаад байсан. Би гэртээ нүцгэн байж байсан. Тэгээд намайг сууж байхад том өрөөнд орж ирээд цохиод авсан. Би түлхээд хажуугаар нь гараад угаалгын өрөө орсон чинь хамар, нүднээс цус гарсан байсан гэсэн мэдүүлэг,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…. Гэрт нь ирэхэд дүү ***  хүнд зодуулсан байдалтай, хамраас нь цус гарсан байдалтай байсан. 


Тэгээд ***  миний утас олдохгүй байна, та утсаа өгч бай гээл миний утсыг авсан. Юу болсон талаар асуухад ***  зодсон гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ явсан. Маргааш нь ***  “таны утсан дээр миний зодуулсан зураг байгаа шүү” гэж хэлээд миний утсыг авч ирж өгсөн. Тэр зураг нь одоо болтол байгаа. 2013 оны 10 дугаар сарын 08-ны орой 23 цаг 00 минутанд авахуулсан зураг байсан”  гэсэн мэдүүлэг /хэргийн 49 дэхь тал/,

Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэгээд лүү *** маргалдсан. Тэгээд манай дүү “чамайг алнаа” гэж хэлсэн. Тэгсэн Т*** гал тогооны өрөөндөө ороод хутга заазуур авч ирээд манай дүүд өгөөд “намайг дүрээд алчих” гэж хэлсэн. Манай дүү хутгыг нь аваагүй, тэгээд “чамайг дүрж алахгүй, зодож ална” гэж хэлсэн. Тэгээд тэр 2 барьцалдаад авсан. Манай дүү *** ыг доош нь тонгойлгоод тэврээд авсан. Тэгээд зууралдаад байсан. тэгсэн Төмөрбаатар шалан дээр байсан мод, төмөрийн хөрөө аваад миний дүүгийн гэдэс рүү доороос нь хатгаад байсан. *** ын нүүрнээс нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хэргийн 2-6 дахь тал/,
2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 100.000 төгрөгийн КТГ-зураг авахуулсан тухай Кассын орлогын ордер, 240.000 төгрөг тушаасан тухай бэлэн мөнгөний орлогын баримт /хэргийн 8 дахь тал/,
Хохирогч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 10-11 дэхь тал/,
2013    оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1047 дугаартай шинжээчийн дүгнэлт:
    “1. …*** ын биед тархи доргилт, нүүр, их биеийн зөөлөн эдийн зулгаралт, цус хуралт, шархны гэмтэл тогтоогдлоо.
    2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх
боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” /хэргийн 18 дахь тал/,
2013    оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1060 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.    “... ***ы биед хэвлийн зөөлөн эдийн зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх
боломжтой, гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага учир гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно” /хэргийн 22 дахь тал/,
2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Давтан шинжилгээ хийсэн Шинжээчийн дүгнэлт:
“... Шүүх эмнэлгийн үзлэгийн 1047 тоот акт үндэслэлтэй байна.” /хэргийн 42-43 дахь тал/,
2013    оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 323 дугаартай Шинжээчийн дүгнэлт:
“... Паркет модны хэсэг дээр цус илэрсэн. Бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй” /хэргийн 66 дахь тал/,
Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлэн байцаасан тухай тэмдэглэл /хэргийн 71-75 дахь тал/,
2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаартай “Эрүүгийн хэргээс зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай” Прокурорын тогтоол /хэргийн 83 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч *** нь 711.000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байгаа бөгөөд нотлох баримтаар нотлогдсон 340.000 төгрөгний эмчилгээний /хэргийн 8 дахь тал/ зардлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, үлдэх 371000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хэргийн 35 дахь тал/

Шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар***д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /5*192.000=960.000 төгрөг/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч ***аас 340.000 /гурван зуун дөчин мянга/ төгрөг гаргаж хохирогч ***т олгож, 371000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4.     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн паркетан шалны тасархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,     шүүгдэгч ***д урьд  авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг сэргээж хэвээр үргэлжлүүлсүгэй.


      
          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА