| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00373/И |
| Дугаар | 00382 |
| Огноо | 2020-06-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 00382
| 2020 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 153/ШШ2020/00382 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн .. айлын .. тоотод оршин суух, Газарчин овогт Д Б //-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 153/2020/00373/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Д.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралаанд гаргасан тайлбартаа:...Би 1968 онд Ховд аймгийн 1 дүгээр 10-н жилийн сургуульд элсэн орж суралцаад 1976 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд элсэн орж суралцаад 1980 онд төгссөн.
1980-1981 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшил нэгдэлд 1 жил ажиллаж байгаад ардын цэргийн албанд татагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1984 оноос эхлэн Тээврийг удирдах газар жолоочоор ажилд орон ажиллаж байгаад 1990 онд тээврийн удирдах газар үйлчилгээний авто парк болон тусдаа салсан.
1993 онд тээврийн удирдах газар үйлчилгээний авто паркаас аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжин ирсэн боловч уг газарт шилжин ирсэн тушаал олдохгүй байгаа учир шүүхэд хандсан.
1993 оноос хойш өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажиллаж байна.
Иймд намайг Ховд аймгийн тээврийн удирдах газрын харьяа Үйлчилгээний авто паркад 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...1990 онд аж ахуйн тооцоонд гарч үйлчилгээний авто паркыг тусад нь салгаж байсан...гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа Үйлчилгээний авто паркад 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Б нь Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа Үйлчилгээний авто паркад 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1130 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Засаг даргын 1993 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 97 дугаар “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 85 дугаар Үйлчилгээний авто паркын орон тоо, цалингийн тухай тушаалын хуулбар, Д Бын 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нээсэн №385464 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 187 дугаартай “Ховд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байсан Үйлчилгээний авто парк нь 1990 оны 6 сарын 04-нд байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх бичилттэй лавлагаа, 1991 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д.Бд олгосон Баярын бичиг, гэрч Б.Ганболдын “....Д.Б надтай 1968-1976 оны хооронд Ховд аймгийн 1 дүгээр 8 жилийн дунд сургуульд хамт суралцаж төгссөн. Би Д.Быг Хөдөө аж ахуйн техникумд суралцаж төгссөн гэж сонсож байсан. Д.Б нь намайг цэргээс халагдаж ирээд 1983 онд Ховд аймгийн Авто 4 дүгээр баазын үйлчилгээний хэсэгт жолоочоор ажиллаж эхлэх үед тус үйлчилгээний хэсэгт бас жолоочоор ажиллаж байсан. Ингээд бид хамтдаа тус үйлчилгээний хэсэгт жолоочоор 1992 он хүртэл ажиллаж байгаад Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжиж ирсэн. Гэхдээ Д.Б нь М.Болдбаатар бид 2-оос 6 сарын дараа шилжиж ирж байсан. Ингээд бид 2002 он хүртэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажиллаж байгаад би Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд жолооч болж, Д.Б нь өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажиллаж байна....” гэх мэдүүлэг, гэрч М.Болдбаатарын “....Намайг Ховд аймгийн Авто 4 дүгээр баазын үйлчилгээний паркад жолоочоор ажилд ороход Д.Б нь тус паркад жолоочоор ажиллаж байсан. Ингээд Д.Б бид хоёр 1993 оны 01 дүгээр сар хүртэл хамтдаа Ховд аймгийн Авто 4 дүгээр баазын үйлчилгээний паркад жолоочоор ажиллаж байгаад хамт Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт жолоочоор шилжсэн. Ингээд Д.Б нь өнөөдрийг хүртэл тасралтгүй Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажиллаж байгаа юм....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-6, 10, 13, 17, 18, 26-28, 29-31 дүгээр тал/
Нэхэмжлэгч Д.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоход бүртгүүлээгүй талаарх Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаар албан бичиг хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 14 дүгээр тал/
Хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1984 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 149 дүгээр Ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Мянгад сумын давшилт нэгдлийн даргын 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах гаүрын даргын 1980 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбарууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн М.Болдбаатар, Б.Ганболд нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Газарчин овогт Д Б //-ын Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа Үйлчилгээний авто паркад 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ