Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0053

 

      


    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


  Хэргийн индекс: 171/2014/0057/Э/

    Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000832 дугаартай хэргийг 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1. Монгол Улсын иргэн, ***  өдөр *** төрсөн, *** настай, ***  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

2. Монгол Улсын иргэн, *** *** төрсөн, *** настай, *** , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орой ***  дугаар багийн нутаг дэвсгэр Үйлчилгээний төвийн Манхан дэлгүүрийн ойролцоо *** нь үл таних этгээдүүдэд зодуулсан ба үүний улмаас түүний хажуугаар өнгөрч явсан иргэн  ***г өөрийг нь зодсон хүн байна гэж андуурч маргалдаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас хамт явж байсан ***той бүлэглэж ***г зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:


Шүүгдэгч ***оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 12 дугаар сарын 11-ний оройн 22 цагийн үед *** бид 2 ***  гэх хүүхдийн хамт Queen баранд орсон. Тэндээсээ 23 цагийн орчимд гарсан, тэгээд ***  гэрлүүгээ ээж дуудаад байна гээд явсан. Тэгээд *** бид 2 барны гадна байдаг шатны дэргэд тамхи татаад байж байсан чинь нэг залуу ирээд тамхи байна уу гэж гуйсан. Тэгсэн чинь бид 2 ганц тамхиа татаад байж байна гэсэн чинь ямар том гар вэ гээд ***ыг заамдаж аваад хавсарч унагаагаад шууд цохисон. Тэгээд тэр хүнийг явсан гэж мэдээгүй ***ыг босгоод эргээд харсан чинь мөн байх шиг байсан, тэгээд тэр хүнийг хавсарч унагаагаад дээрээс нь дэвссэн. Тэгээд *** өшиглөөд байсан. Удалгүй цагдаа ирээд бид 2-ыг авч явсан.” гэв.   

Шүүгдэгч ***аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 12 дугаар сарын 11-ний орой Queen бааранд 2 найзтайгаа орсон. Тэр орой 6 пиво уусан. Тэгээд 23 цагийн үед гарсан. *** ээж нь дуудаад байна гээд явсан. Тэгээд тамхи татаад зогсож байсан чинь нэг хүн ирээд тамхи асуусан. Тэгээд ганц байна гэсэн чинь ямар том гар вэ гээд шууд намайг цохиод авсан, тэгээд ***  намайг босгоод би эргээд харсан чинь нөгөө хүнийг андуураад хавсарч унагаагаад, дээрээс нь дэвссэн, тэгээд цагдаа ирсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 7 дахь тал/,
-Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хэргийн 8-9 дэх тал/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 10 дахь тал/,
-Эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хэргийн 11-12 дахь тал/,
-Хохирогч *** с мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд би гэр лүүгээ алхаж байтал үйлчилгээний “Манхан” дэлгүүрийн биллярдны үүдэнд танихгүй 4 залуучууд зогсож байхаар нь хажуугаар нь гараад явах гэтэл над руу “яах гээд байна” гэхээр нь би “яасан юм, явж л байна шүү дээ” гэж хэлсэн чинь учиргүй барьж авч унагаагаад дээрээс өшиглөөд зодоод байсан. 
...миний баруун нүдний хөмсөг задарсан, доод зовхи задарсан, тэгээд оёдол тавиулсан.
...би эмчилгээ, эм тарианы мөнгө төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дахь тал/,

-Гэрч ***н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр өдөр орой 23 цаг 30 минутаас 00 цагийн хооронд яг баар хаах үед ахлагч ***ын хамт эргүүлээр явж байхад Үйлчилгээний төвийн Манхан дэлгүүрийн хажуу талын биллярд теннисны газрын үүдэнд 2 залуу нэг залууг унагаачихсан дээрээс нь өшиглөж байхад бид хоёр очоод салгаад зодуулж байсан залууг босгоод харахад нүүрээ дараад нүүр амнаас нь цус гарсан байдалтай байхаар нь зодуулсан залууг эмнэлэг рүү явуулж үзүүл гээд эмнэлэг рүү явуулсан. Нөгөө зодож байсан 2 залууг эргүүлийн машин дуудаж эрүүлжүүлэх рүү өгч явуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...орой 23 цаг өнгөрөөд яг баар хаагаад хүмүүс тарж байх үед ахлах ахлагч ***ын хамт баар орчимд хяналт тавиад явж байхад Үйлчилгээний төвийн “Манхан” дэлгүүрийн хажуу талын биллярд теннис гэсний үүдэнд 2 залуу нэг залууг газар унагаачихсан дээрээс нь өшиглөж байхад бид хоёр очоод салгаад зодуулж байсан залууг босгоход тэр залуу нүүрээ дараад нүүр, амнаас нь цус гарсан байдалтай байхаар нь зодуулсан залууг эмнэлэгт явж үзүүл гээд эмнэлэг рүү явуулаад нөгөө зодож байсан 2 залууг нь эргүүлийн машин дуудаж эрүүлжүүлэх рүү өгч явуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,
-Хохирогч ***ын биед үзлэг хийж гаргасан “***ын биед нүүрний зөөлөн эдийн цус хуралт, шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.12-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт /хэргийн 25 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 43, 46 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр Үйлчилгээний төвийн Манхан дэлгүүрийн ойролцоо хохирогч *** г өөрийг нь зодсон хүн байна хэмээн андуурч маргалдан ***зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. 

Иймд шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
    Хохирогч *** нь ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн талаар нотлох баримт ирүүлээгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний төлбөрт 200000 төгрөг авсан, гомдол саналгүй гэсэн тодорхойлолт бичгээр гаргаж өгсөн /хэргийн 48 дахь тал/, хавтаст хэргийн материалтай танилцахдаа гомдол санал байхгүй /хэргийн 51 дэх тал/ гэсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзнэ.
     
     Шүүгдэгч ***, *** нар нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 43, 46 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
    
    Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
    Мөн шүүгдэгч *** нь оюутан, шүүгдэгч *** нь мэргэжлийн сургалтанд хамрагдаж байгаа зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

    Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. ***  нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч *** нарт тус бүр 251 /хоёр зуун тавин нэгэн/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоног баривчлах ялаар тооцож солихыг  ***, *** нарт анхааруулсугай.
    
    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***од авсан батлан даалтад өгөх, ***т оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    6. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***од авсан батлан даалтад өгөх, ***т оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Я.ТУУЛ