Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 173

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2012/0185/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар

улсын яллагч хяналтын прокурор Б.Сүрмандах,

хохирогч Н.Н.Б-, З.З.Т-,

шүүгдэгч Д.Д.Т- түүний өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт - -гийн Д.Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000376 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, - -гийн Д.Т- /РД: / 1965 оны 02 сарын 02-нд Увс аймгийн цагаанхайрхан суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагчийн мэргэжилтэй, Дархан зах дээр лангуу ажиллуулдаг гэх, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн - тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Д.Д.Т- нь 2012 оны 6 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 2 дугаар баг, Ширээнурууны 2 дугаар гудамж 06 тоот хашааны гадаа - УНЗ улсын дугаартай Хонда Ариа маркийн автомашин жолоодож Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6 “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчины байдлыг биеэр шалгаж байх эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж иргэн Ж.Ж.З-ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Д.Т- шүүхийн хэлэлцүүлэгт “2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн орчим С-, С- бид нар талийгаачийн машинаар гэрт нь очин ногооны талбайны зэрлэгийг зулгаасан. Тэгээд тэр гурав 0,75 шилтэй Хараа архийг хоол идэж байгаад ууж дуусгасан. Тэгээд би гэр орныг нь цэвэрлэж өгчихөөд явах гэж байхад С-гийн хүү нь машинтай ирээд бид гурвыг аваад явсан. Гэртээ ирчихээд байж байхад Ж.З- намайг дуудаад цуг хоноё хэрүүл уруул хийхгүй гэсэн. Тэгээд би машинаа бариад яваад очиход хашааныхаа хаалгыг онгойлгохгүй байсан. Цонхоор нь харахад гэрэлтэй хүн байхгүй байхаар нь утас руу залгахад хажуу айлд байна одоо очлоо гэсэн. Би машиндаа хүлээгээд суусан. Надад 0,33 грамттай архи захиад байсан юм, дэлгүүр хаачихсан болохоор би авч очиж чадаагүй. Тэгээд би Ж.З-од архи уучихсан байна гэж хэлэхэд нилээн агсамнасан. Чи аймаар согтуу байна би явлаа гэхэд явуулахгүй байсан. Тэгэхээр

 

Д.Д.Т- 215.3 шийтгэх тогтоол 173

нь чи хашааныхаа хаалгыг онгойлгочих би машинаа оруулчихъя гэж хэлсэн. Талийгаач хашааныхаа хаалгыг онгойлгож өгсөн. Тэгээд би явъя гэж бодож байсан болохоор харилаа гээд машинаа асаагаад жоохон хөдөлгөхөд дугуйн дор овгос гээд хүн ёолсон. Машины ард гарахад хүн байхгүй байсан. Нөгөө тал руу тонгойгоод харахад талийгаач байсан. Тэгээд айлын хүн дуудсан. Миний хувьд харахгүйгэээр хөдөлчихсөн байсан. Би тэр үед сандраад цагдаа дуудсан. Тэрнээс хойш ухаан санаа хэцүү болсон. Талийгаачид буруу санаж очоогүй. ...Талийгаач тусдаа амьдарч байсан гэлээ би байнга тусалж дэмждэг байсан. 3 хүүхэд 1 зээгийн  хамт амьдарч байна ийм байдлыг харгалзан үзээд хөнгөн ял оноож өгнө үү“ гэв.

 

Хохирогч З.З.Т- мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “2012 оны 06 дугаар сарын 13-ны өглөө гэртээ 10 цагт ирэхэд манай ээжтэй ажилладаг Б- гэх хүн аав нь нас барсан байна гэж хэлээд би аавыгаа нас барсаныг мэдсэн. Ах Т- гэрт 13 цагийн үед ирээд болсон асуудлыг надад хэлээд юу болсонг мэдсэн. Би ийм зүйл болсонд харамсаж байгаа. Би аавтайгаа илүү дотно байсан. 2008 оноос хойш 2009 он хүртэл цуг амьдардаг байсан. Тэрнээс хойш ээжтэйгээ цуг амьдарсан. Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй“ гэв.

 

Хохирогч Н.Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “-- Ж.З- нь миний төрсөн ах юм. Миний бие эцэг, эх нэгтэй төрсөн дүү нь учир уг хэрэгт хохирогчоор оролцох хүсэлтээ албан ёсоор гаргаж байгаа юм. Манай ах дүүсийн зүгээс энэ хэргийг санаатай аллага гэж үзэж байна. Манай ар гэрийнхэн их гомдолтой байгаа. Буяны ажилд оролцохоор Ховд аймгаас манай аав, 2 дүү, нар ирсэн замын зардлыг нэхэмжилж байгаа. 1,000,000 орчим төгрөг байгаа. Яг хэдэн төгрөг нэхэмжилж байгааг нарийн гаргаагүй“ гэв.

 

Гэрч Б.С-, Р.Р.Б-, С.С.О-, Л.Л.Б-, Т.Т.Н-, Н.Н.Т-, Ц.Ц.Т- нарын мэдүүлгүүд /хэргийн 34, 36, 38, 39, 40-41, 48, 50 дугаар тал/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн 024 тоот дүгнэлт /хэргийн 51-53 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 82 тоот дүгнэлт /хэргийн 57-58 дугаар тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3-4 дүгээр тал/,

Цогцосны гадна болон хувцсанд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 9-13 дугаар тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хэргийн 14-20 дугаар тал/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 22 дугаар тал/,

Шинжээчийн 03 тоот дүгнэлт /хэргийн 62 дугаар тал/,

Хохирол нэхэмжилсэн баримт /хэргийн 173-189/

Хохирол төлсөн баримт /хэргийн 95-132 дугаар тал/,

 

Д.Д.Т- - багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 87 дугаар тал/,

 

шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 86 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 85 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүгдэгч Д.Д.Т- нь 2012 оны 6 дугаар сарын 12-ны шөний 01 цагийн орчим

Дархан-Уул аймгийн Дархан сум 2 дугаар баг, Ширээнурууны 2 дугаар гудамж 06 тоотын  орчим - УНЗ улсын дугаартай Хонда Ариа маркийн автомашин жолоодох үедээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6 “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчины байдлыг биеэр шалгаж байх эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс иргэн Ж.Ж.З-ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч З.З.Т-, Н.Н.Б- нарын мэдүүлгүүд /хэргийн 24, 28 дугаар тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3-4 дүгээр тал/,

Цогцосны гадна болон хувцсанд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 9-13 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 82 тоот дүгнэлтэнд: Талийгаачийн биед учирсан гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь цээж хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Талийгаачийн цусанд 1,7 промиль этилийн спирт илэрсэн нь дунд зэргийн согтолттой байсныг харуулна. Талийгаачийн биед зүүн бөөрний архаг үрэвсэл илэрсэн бөгөөд энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаачийн цусны билэг АII байна гэжээ. /хэргийн 57-58 дугаар тал/,

 

гэрч Б.С-ын “2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр С-, Ж.З-, Д.Д.Т- бид нар Ширээнуруу орж Ж.З-ын ногооны талбайн зэрлэг зулгаасан. Д. Д.Т- гэрт хоол хийгээд гэрээ цэвэрлээд байж байсан. 21 цаг өнгөрч байхад бид нар ажлаа дуусаад гэрт ороод цай хоол идэж ууж байхад талийгаач Ж.Ж.З- 0,75 шилтэй Хараа архи задалж ууцгаасан. Д.Т- архи уугаагүй, талийгаач Д.Т-ийг миний хөгшин сайхан хоол хийж өглөө баярлалаа гээд бид нар инээж хөхрөөд л байж байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй. Тэгээд Ж.Ж.З- гэртээ үлдэж Д.Т- төр бид нар дархан орохоор явцгаасан. Талийгаач Д.Т- 2 салсан ч гэсэн ирж очоод бие биедээ туслаад л явж харагддаг” гэсэн мэдүүлэг /хэргийн 34 дүгээр тал/,

гэрч Р.Р.Б-гийн “Талийгаач 3-4 жилийн өмнөөс архи их уудаг, маш дураараа хүн, машин тэрэг авна гээд машин авахуулдаг. Бид нар хааяа нэг очиход Ж.З- байнга согтуу ойр хавийнхаа авгай нартай архи дарс уугаад согтуу байж байдаг. Согтуудаа есөн шидийн араншин гаргадаг. Утсаар яриад ирэхгүй бол үхнэ, ингэнэ тэгнэ гээд ярьдаг. Нэг удаа Д.Т- рүү яриад ирэхгүй бол би үхлээ гээд байхаар нь  би Д.Д.Т-тэй хамт очсон чинь талийгаач согтуу бэлгэ эрхтнээ паарнаас 00-ийн утаснаас боочихсон бэлгэ эрхтэн нь хөхөрсөн байж байсан. Д.Т- эгч салсан ч гэсэн 3 хүүхдийн минь эцэг юм чинь гээд хүний доор оруулахгүй гэж тусалж дэмжээд л явдаг.

Шалны модоор нүүр нүдгүй зодсон гэдгийг талийгаачийн ах дүү нар л ярьдаг.  Би яг зодоон болсон гэх өдрийн өглөө нь Д.Т-өөс мөнгө авахаар Ширээнуруунд байдаг гэрт нь очиход тэр хоёр орондоо хэвтэж байсан. Тэгэхэд Ж.З-ын нүүр хавдсан зүйл байхгүй хоёр гурван газар шалбарсан Хоромхон гэдэг тос түрхээд байж байсан. Бас Д. Д.Т-ийн нүүр нь шалбарсан, гар нь хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 36 дугаар тал/,

гэрч С.С.О-ийн “Талийгаач архи уухаараа бүтэхгүй осолтой үйлдлүүд их хийж байсан. Би тийм үед нь яг нүдээрээ ирж харж байсан. Нэг удаа олон ширхэг эм уугаад хордоод шээс баастайгаа холилдсон шалдан байж байсан. Тэгээд дүү Сэлэнгэтэй нь хамт нэг хувийн эмнэлэгт хэвтүүлж байсан. Д.Т- төр Ж.Ж.З-оос салсан ч гэсэн байнга эргэж тойроод явдаг. Надтай хүртэл очиж эргэж тойрч хоолыг нь хийж өгч, гэр оронг нь цэвэрлэж, архинд хордоод хэвтэж байхад нь дусал хийж өгч байсан. Ж.З-ыг харж хандах ах дүү байхгүй, ганц дүү байдаг, тэр нь тусдаа амьдралтай учир тэр болгон харж хандаад байж чадахгүй юм чинь би л эргэж тойрч харж хандаж байхгүй бол болохгүй гэж Д.Т- ярьж байдаг” гэсэн мэдүүлэг /хэргийн 38 дугаар тал/,

гэрч Л.Л.Б-ын “2012 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 23 цаг өнгөрч байхад Ж.З- согтуу орж гэрт орж ирээд юм яриад байж байхад эхнэр нь гаднаас дуудсан.

Эхнэртэйгээ хашааны арын хаалгаар гараад явсан. Тэгээд нилээн удсан хойно гудамжинд эмэгтэй хүн яанаа гээд орилоод байсан. Би гараад очиход эхнэр нь “Би хүн дайрчихлаа ш дээ” гээд орилоод байсан. Гэхдээ би яг газар дээр нь очоогүй. Эхнэртэйгээ маргаж байгаа дуулдаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 39 дүгээр тал/,

гэрч Т.Т.Н-ийн “2012 оны 06 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн үед гэртээ унтаж байхад манай хажуу айлын Ж.Ж.З-гын салсан эхнэр нь хаалга цохиод “Би хүн дайрчихлаа гараад ирээч” гээд орилохоор нь би гарахад эхнэр нь “Миний машин доор орсон байхад нь би мэдэхгүй дээгүүр нь гараад явчихаж, чи хараад өгөөч” гээд үгээ хойно урд оруулаад орилоод байхаар нь би очиж харахад машиных нь доор урд, хойд тэнхлэгийн голд ертөнцийн зүгээр толгой нь баруун урагш харсан, хоёр хөл нь машины зөв талаас цухуйсан толгой нь жолооч талын хаалганы орчим байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар машиныг нь данхраадаад цогцосыг машин доороос гаргаж авсан. Эмч нар нас барсан байна гэсэн.

Д.Д.Т- ирээд гэр оронг нь цэвэрлэж, хоол ундыг нь бэлдэж өгч байгаа харагддаг байсан. Хааяа л хэрэлдэж муудалцаж байгаа сонсогддог. Талийгаач гэртээ янз бүрийн хүүхэн авчирснаас болж л маргаан гардаг юм шиг байна лээ. Надтай ч амьдаръяа баръяа гэж ярьж байсан. Талийгаач архидаад, янз бүрийн хүүхэнтэй заваараад байж байдаг, тэр байдлыг нь би зөндөө харсан. Би ч сүүлдээ уг хүний байгаа байдал төрхийг нь мэдээд уулзаж учрахаа больсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41 дүгээр тал/,

гэрч Н.Н.Т-ын “Дуудлагаар тосгоны хөдөлгөөнт эргүүлийг ахлаж очиход жолооч гэх эмэгтэй, хажууд нь бас хоёр эмэгтэй байсан. Тухайн үед талийгаач машины жолооч талын хоёр дугуйны гол буюу хоёр хаалганы баган хэсэгт толгой нь, хоёр хөл нь эсрэг тал руу цухуйж баруун талаараа үл ялиг хажуудсан байрлалтай байсан. Удаагүй байхад түргэний эмч ирсэн. Талийгаачийг машин дор байхад нас барсан эсэхийг үзэж болохгүй байна гэж эмч хэлээд түргэний жолооч, манай цагдаа эмчийн хамт дөрвүүлээ тус машины жолоочийн эсрэг талд нь чигээр нь татаж гаргаад эмч үзээд цээж нь цөмрөөд нас барсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг  /хэргийн 48 дугаар тал/,

гэрч Ц.Ц.Т-гийн “Дархан сумын 2 дугаар баг, Ширээнуруунд дуудлага аваад очиход сааарал өнгийн жижиг суудлын машин доор жолооч талдаа хоёр дугуйны хооронд толгой нь эсрэг талд хоёр хөл нь жоохон илүү гарсан байрлалтай эрэгтэй хүн дарагдсан байсан. Тухайн үед очиход хамар чих хоёроос нь бага зэрэг шингэн цус гарч байсан. Тэгээд тэр эрэгтэйгийн бие халуун байсан бөгөөд амьд эсэхийг нь шалгах, нүдний хүүхэн хараа шалгах, судасны цохилт тоолох, зүрхний цохилт, амьсгал шалгах боломжгүй байсан тул машиныг өргөж хөлнөөс нь доош цогцсыг татаж гаргаад үзлэг хийж зүрхэн талд нь дарахад цээж нь цөмөрч хавирганууд нь хугарсан байсан. Гүрээний судасны цохилт тодорхойлогдохгүй, хүүхэн хараа нь хоёр талдаа жигд өргөссөн, амьсгалгүй нас барсан тул эргүүлийн цагдаа нарт цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн дууд гээд дараагийн дуудлагад явсан. Намайг үзлэг хийхэд бие нь халуун хөшилт үүсээгүй, хөл гар буюу захын эрхтэнгүүд нь цайрч хөрөөгүй байсан. Клиник шинжээр талийгаач нас бараад 20-30 минут орчим болсон байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 50 дугаар тал/ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Д.Т-д тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас иргэн Ж. Ж.З-ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх болно.

 

Шүүхийн шатанд хохирогч Н.Н.Б- 1.602.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч нэхэмжлэл нь нотлох баримтыг шаардлага хангахгүй байна. Тухайлбал: иргэн Н.Н.Э- талийгаачийг оршуулах ажилд оролцохоор Ховд аймгаас ирсэн замын зардлыг нэхэмжилжээ. Гэтэл Н.Н.Э- нь 2012 оны 06 дугаар сарын 04 өдөр Ховд аймгаас Улаанбаатар хот руу ирсэн болох нь нэхэмжлэлд хавсаргасан онгоцны тийзээр тогтоогдож байгаагаас үзэхэд иргэн Ж.Ж.З- зам тээврийн осолд орж нас барахаас өмнө Н.Н.Э- Ховдоос ирсэн байжээ.

Мөн Н.Н.Б- Оршуулагын үеэр хэрэглэсэн шатахууны зардал 612.000 төгрөг нэхэмжилсэн хэдий ч нэхэмжлэлээ нотолсон ямар ч баримт байхгүй байна.

 

Гэхдээ шүүгдэгч сайн дураараа хохирогчид 495.000 төгрөг хохирлын төлбөрт тооцож шүүх хуралдааны үед өгснөөр 201209000376 тоот хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирол төлбөр төлөгдсөн гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Д.Т-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал болон түүний шууд асрамжинд зээ охин М.Учрал /хэргийн 192 дугаар тал/ байдаг зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг энэ удаа биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэж байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. - -гийн Д.Т-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч -гийн Д.Т-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч -гийн Д.Т-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Д.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч -гийн Д.Т-д оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгч -гийн Д.Т-д анхааруулсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нарийн гурав зэрэгцээ канттай бэлтгэлийн хөх өнгийн өмд, урдуураа зах хэсгээр товчтой богино ханцуйтай цайвар цамц, хөх өнгийн эрээн дотоож, хар өнгийн нэг хос оймс зэргийг устгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар Д.Д.Т-ийн 213194 дугаартай жолооны үнэмлэхийг Замын цагдаагийн газарт хүргүүлэхийг нарийн бичгийн даргад даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Д.Т-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн эд битүүмжлэх 333 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч -гийн Д.Т-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МАНЛАЙБААТАР