| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0180/Э/ |
| Дугаар | 172 |
| Огноо | 2012-09-11 |
| Зүйл хэсэг | 181.1., |
| Улсын яллагч | У.Солонго |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0180/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар
улсын яллагч хяналтын прокурор У.Солонго,
хохирогч А.А.Б-,
шүүгдэгч М.М.Б- түүний өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан гэмт хэрэгт - - М.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000335 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, - - М.Б- /РД:/ 1961 оны 7 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ноосны техник технологийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, дүү, хүүхдүүдийн хамт ******* тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч М.М.Б- нь 2012 оны 5 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 9 дүгээр байрны ард иргэн А.А.Б-ийг шалтаг шалтгаангүйгээр олон нийтийн газар зодож танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.М.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “2012 оны 5 дугаар сарын 16-нд нөхрийн найз 20 жил уулзаагүй гээд Ерөөл архи гаргаад дөрвүүлээ хувааж уусан. Нөхөр бид хоёр явган гэр рүүгээ явсан ба би нөхөртөө цүнхээ өгчихөөд гэр рүүгээ оруулсан. 9 дүгээр байрны гадаа сандал дээр 2 цагдаа ирээд эрүүлжүүлэх рүү аваад явсан. Өглөө хэсгийн цагдаа надад та ийм хэрэг хийсэн байна гэсэн. Өөр хэлэх зүйл байхгүй“ гэв.
Хохирогч А.А.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “2012 оны 5 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед ажлаасаа тарсан. Дархан-50 цогцолбор дээр хүүхдээ тоглуулчихаад 9 дүгээр байрны хажуугаар явж байхад М.Б- гээд эмэгтэй модны цаанаас гүйгээд ирсэн. Богино өмдтэй, хар бараан өнгийн футболкатай байсан. Тэгэхээр би айгаад мэдрэл муутай юм болов уу? гэж бодсон. Цаана нь нэг орос царайтай хүн байсан. Би хүүхдээ ардаа хийсэн. Тэгсэн чинь М.Б- яасан том хардаг пизда бэ? гээд намайг цохиод авсан. Тэгэхээр нь та яах гээд байгаа юм бэ гэхэд миний үснээс татаад унагасан. Тэгээд миний цүнхийг авах гээд намайг өшиглөөд байсан. Тэгэхээр нь нөгөө залууд нь энэ хүнээ
М.М.Б- 181.1 Шийтгэх тогтоол 172
салгаад өгөөч гэж гуйсан. Нөгөө ах нь салгахгүй байсан. Тэр үед манай хүүхэд ээжийг минь зодоод байна гээд хажуугаар 2-3 явж байсан хүмүүст хэлсэн. Тэр хүмүүс ирээд салгасан. Тэгээд М.Б- яваад өгөхөөр нь цагдаа дуудсан. Намайг худлаа ярьлаа гээд гүтгэж байгаад гайхаж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байгаа“ гэв.
Хохирогч А.А.Б-ийн мэдүүлэг /хэргийн 10-11, 52 дугаар тал/,
Гэрч Л.Л.Д-, Д.Д.Э-, У.У.Э- нарын мэдүүлгүүд /хэргийн 18-19, 61, 15, 21 дүгээр талууд/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 459 тоот дүгнэлтэнд: 1. М.А.Б-ийн биед баруун бөөрний доргилт, баруун сарвуун дахь зулгаралт тогтоогдлоо. Энэ нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хамрагдах талбай бага, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно” гэжээ. /хэргийн 25 дугаар тал/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд /хэргийн 53-54, 62-66 дугаар тал/,
М.М.Б- *******дугаар багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 42 дугаар тал/,
шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 47 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 9 дүгээр байрны ард иргэн А.А.Б-ийг шалтаг шалтгаангүйгээр олон нийтийн газар зодож танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 459 тоот дүгнэлт /хэргийн 25 дугаар тал/,
Хохирогч А.А.Б-ийн “2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хээтэйгийн 2-б-д ээжийндээ байж байгаад орой 21 цагийн орчим Дархан-50 цогцолбор дээр хүүхдээ салхилуулж байгаад 22 цагийн үед гэр лүүгээ харьсан. Харих замд буюу хуучин хорооллын 9 дүгээр байрны баруун хойд талд нь ломбардны урдуур явж байхад нэг танихгүй 40 гаруй насны эмэгтэй хүн гүйж ирээд миний хүүхэд рүү тонгойгоод хараад байхаар нь би сэтгэцийн өвчтэй хүн байна гэж бодоод хүүхдийнхээ урдуур ороод “Та яах гээд байна” гэсэн чинь “Яасан том хардаг пизда вэ” гээд миний толгой, цээж, гар луу цохисон. Тэгээд намайг зодож байхдаа миний цүнхнээс ерөөсөө тавиагүй. Би бодохдоо миний цүнхийг булаах гэж байна гэж бодсон. Тэгээд би “Та яах гээд байгаа юм бэ, танд юу хэрэгтэй юм бэ” гэсэн чинь “Чи цүнхэндээ хайртай юм уу хүүхэддээ хайртай юм уу” гэж байсан. Тэр эмэгтэй намайг зодож байхад хажууд нь нэг өндөр шар залуу салгахгүй зүгээр л зогсоод байсан. Хажуугаар зөндөө хүн өнгөрсөн надад туслаач гэхэд тэрүүгээр өнгөрсөн хүмүүс надад ерөөсөө туслаагүй. Манай хүү харин нэг өндөр залууг дагуулаад аваад ирсэн. Тэр залуу салгасан. Хажууд зогсож байсан өндөр залуу нь цааш нь дагуулаад явсан. Байшингийн гэрэлд тэр хүний царайг маш сайн харж авсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, гэхдээ миний баруун бөөр өвдөж байгаа. Намайг зодсон эмэгтэйг харвал сайн танина. Тухайн өдөр намайг зодсон эмэгтэй дээгүүрээ хар бараан подволк, доогуураа цайвар богино өмтдэй үсээ задгай богино тайрмал үстэй эмэгтэй байсан. Намайг тэр эмэгтэй зодоод хуучин хорооллын 9 дүгээр байрны урагшаа яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь цагдаа нар иртэл дагасан. Тэгээд цагдаа нар ирэхээр нь би намайг зодсон эмэгтэйг зааж өгсөн. Цагдаа нар тэр эмэгтэйг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11, 52 дугаар тал/
Гэрч Л.Л.Д-ийн “2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хуучин хорооллын 9 дүгээр байрны хажуугаар харих гээд явж байхад 40 орчим насны эмэгтэй хүн нэг хүүхэдтэй эмэгтэйг хоёр талаас нь татаад байж байсан. Тэгээд би хажуугаар нь гарах гэсэн нэг хүүхэд гүйж ирээд манай ээжийг энэ хоёр хүн зодоод байна салгаад өгөөч гэсэн. Тэгээд би очоод болиоч гэсэн чинь салаад цаашаа яваад өгсөн. Тэгээд би явлаа гэсэн чинь тэр хүүхэдтэй эмэгтэй “Байж байгаач би цагдаа дуудаадахъя, намайг хүрч ирэээд дахиад зодож магадгүй” гэсэн. Тэр эмэгтэйгийн хувцас нь шороо болсон байсан. Тэгээд цагдаа ирээд 9 дүгээр байрны урдаас тэр зодсон эмэгтэйг авах гэтэл цагдаа нарын урдаас шороо цацаад, малгайг нь авч шидээд “Би мэдрэл муутай хүн” гээд орилоод байсан. М.Б- нь А.Б-ийн цүнхнээс барьчихсан. А.Б-ийн хувцас нь шороо болчихсон, үс нь боогоогүй задгай байсан. Хажууд нь нэг эрэгтэй хүн салгах гээд зогсож байсан. М.Б- гэх эмэгтэй нилээн согтолттой байсан. Тэрүүгээр нэг орилоод зогсож байсан. Цагдаа нар тэр зодсон эмэгтэйг эрүүлжүүлэх рүү аваад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19, 61 дүгээр тал/,
Гэрч Д.Д.Э-гийн “2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 64 дуудлагын станцтай ахлах ахлагч У.Э-ын хамт оройн 18 цагаас шөнийн 02 цаг хүртэл хуучин хорооллын маршрутанд шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тэр өдөр цагдаагийн газрын жижүүрээс “Хуучин хорооллын 9 дүгээр байрны арын дэлгүүр дээр яваад оч тэнд дуудлага өгсөн хүн хүлээж байгаа очоод хариу өг” гэсэн. Тэгээд У.Э-ын хамт хуучин хорооллын 9 дүгээр байрны ар талын “Мөнсүлд” гэх дэлгүүрт орж уулзахад манай дэлгүүр дуудлага өгөөгүй гэсэн. Тэгэхээр нь цагдаагийн газрын ерөнхий жижүүрээс дуудлага өгсөн хүний утасны дугаарыг асуугаад утас руу нь залгаад асуухад “Намайг нэг эмэгтэй зодчихлоо, та нар хаана байна, намайг зодсон эмэгтэйг би дагаад хуучин хорооллын 9 дүгээр байрны сагсны шийдийн орйолцоо зогсож байна” гэж ярьсан. Яваад очиход дуудлага өгсөн гэх А.Б- гэх эмэгтэй ээжтэйгээ хамт зогсож байсан. Очоод уулзахад намайг зодсон эмэгтэй тэр шийдний тэнд сандал дээр сууж байна гэж зааж өгсөн. Тэгэхээр нь явж очоод “Та эмэгтэй хүн зодсон юм уу” гэж асуухад “Үгүй ээ би зодоогүй ээ” гээд бид хоёр луу шороо цацаад байсан. Тэр үед араас зодуулсан гэх эмэгтэй ирээд “Энэ намайг зодсон эмэгтэй мөн байна” гэсний дагуу эрүүлжүүлсэн. У.Э- бид хоёрыг дуудлагаар очиход зодсон гэх М.Б- гэх эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба хуучин хорооллын 9 дүгээр байрны урд сагсны шийдний ойролцоох сандал дээр нөхөртэйгээ нэг шил архи уугаад сууж байсан. Дуудлага өгсөн А.Б- гэх эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин нилээн айж сандарсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дугаар тал/,
Гэрч У.У.Э-ын “2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Д.Э- бид хоёрт 22 цагийн орчим цагдаагийн газрын Ерөнхий жижүүрээс “Хуучин хорооллын 9 дүгээр байрны арын дэлгүүрийн орйолцоо яваад оч тэнд зодуулсан эмэгтэй хүн байгаа” гэсэн дуудлага өгсний дагуу хуучин хорооллын 9 дүгээр байрны арын дэлгүүрийн орчим яваад очиход ямар нэгэн хүн байхгүй байсан. Тэгээд дуудлага өгсөн хүнийх нь утасны дугаарыг ерөнхий жижүүрээс аваад ярихад 9 дүгээр байрны урд талд байна гэхээр нь яваад очиход А.Б- гэх эмэгтэйгийн хувцас нь нилээн шороо тоос болчихсон үсээ хүнд залгаалгуулсан бололтой арзайчихсан байдалтай байж байсан. Харин ил харагдах шарх сорви ажиглагдаагүй. Юу болсон талаар асуухад “Намайг хүүхэдтэйгээ гэрлүүгээ харих гээд 9 дүгээр байрны ард явж байхад үл таних согтуу эмэгтэй хүн ирээд шууд цохиж авснаа “Чи наад цүнхээ өг” гээд намайг заамдаад цохиж унагаад үсдэж чирсэн, намайг зодсон эмэгтэй хуучин хорооллын 9 дүгээр байрны урд талын сагсны шийдийн сандал дээр хүмүүстэй архи уугаад сууж байна. Би ямар сайндаа алдахгүй юм шүү гээд зодуулсаныхаа дараа араас нь дагаад алсаас хараад зогсож байлаа” гэж ахлагч Д.Э- бид хоёрт намайг зодсон эмэгтэй энэ байна гэж өөрийгөө зодсон эмэгтэйг зааж өгсөн. Тэгээд бид хоёр тэр зааж өгсөн эмэгтэй дээр очиход нөхөртэйгээ бололтой нэг эрэгтэй хүнтэй нэг шил архи уугаад сууж байсан. Д.Э- бид хоёр тэр эмэгтэйг “Та хүн зодсон байна, та биднийг дагаад явахгүй юу” гэсэн чинь “Би хүн зодоогүй” гэснээ бид хоёр уруу шороо цацаад байсан. Тэгэхээр нь бид хоёр жижүүрийн машин дуудаад М.Б- гэх эмэгтэйг эрүүлжүүлэх баривчлах байранд хүргүүлсэн. Дуудлагаар очиход А.Б-ийн хувцас нь шороо болчихсон, үс нь арзайчихсан, нэлээн айсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дүгээр тал/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд /хэргийн 53-54, 62-66 дугаар тал/ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.М.Б-ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Ийнхүү ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч М.М.Б- анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцно.
Шүүгдэгч М.М.Б- нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, насны байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан, энэ удаа оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. - - М.Б-ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч - М.Б-д 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч - М.Б-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч - М.Б-аас гаргуулах хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч - М.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгч - М.Б-д анхааруулсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч - М.Б-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР