Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0056

 


      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0063/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
        Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201309000789 дугаартай хэргийг 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, ***  төрсөн*** настай, *** , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч *** нь 2013 оны 11 дүгээр сарын 16-ны орой 23 цаг 45 минутын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны гадна авто машины зогсоол дээр байсан иргэн *** ын эзэмшлийн ***  улсын дугаартай автомашины дээр гарч үсрэн, хойд шилийг нь хагалан танхайрч, танхайрах явцдаа бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *** аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 11 дүгээр сарын 13-ны орой удаан уулзаагүй 4 найзтайгаа уулзаж 30 дугаар байранд оршин суудаг найзындаа очсон. Найзындаа 2 шил архи уусан. Би архи ууж чаддаггүй


D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Dawaanyam 181.2.1, 153.1.docx
байсан болохоор нэг мэдэхэд согтсон байсан. Гэрээс нь гарч явах зуураа хохирогч ***ын приус 20 машины ар талын шилийг хагалсан байсан. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж архи уухгүй.” гэх мэдүүлэг,

Хохирогч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 11 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн орчим би гэртээ унтах гээд байж байхад гадаа хүмүүс шуугилдахаар нь цонхоороо харахад 31 дүгээр байрны 4 дүгээр орцноос 4 залуу гарч ирсэн. Тэр 4 согтуу байсан. Би цонхон дээрээ арай тэрэг эвдэхгүй биз гээд хараад байж байхад 4 залуугийн цайвар куртиктай залуу нь миний *** улсын дугаарын машин дээгүүр урдаас нь үсрээд копут дээр нь нэг гишгээд, салхины шилэн дээр нь нэг гишгээд тэгээд шууд дээр нь гараад зогссон. Тэгэхээр нь би гэрийнээ цонхон дээрээс хөөш машинаас буу гэж орилоход машин дээр дэвхцээд байсан. Тэгээд гэрээс гараад араас нь дагахад хуучин хорооллын 8 дугаар байрны 3 дугаар орц рүү орсон ба 2 давхрын хаалга хаагдсан. Тэгээд би цагдаа дуудсан юм. Миний машины арын цонх хагарсан, мөн машины орой хэсэг нь хонхойж орсон. Копут нь хонхойсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14 дахь тал/,

Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 11 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн орчимд хуучин хорооллын 31 дүгээр байрны захын орцны 4 давхарт байдаг, найз *** хын гэрт *** бид 4 ороод 2 шил 0.75 граммын Улаанбаатар нэртэй архи уугаад хөзөр тоглож байгаад орой 23 цагийн орчимд *** ын гэрээс *** бид 4 гараад би *** г нилээн согтоод байхаар нь түшээд гарсан. Бид 2-ын урд *** явж байсан ба Давааням түрүүлээд орцны үүдээр гарсан. Би *** г түшээд орцоор гарахад ***  хоёр бид хоёрыг хүлээгээд зогсож байсан. Тэгээд   хана түшээд нилээн согтоод байхаар нь би сэргээх санаатай байж байхад ***  31 дүгээр байрны ил зогсоол дээр байсан мөнгөлөг саарал өнгийн prius-20 маркийн машины хамар дээр гараад зогсож байсан, тэгэхээр нь хөөе юу болж байгаа юм бэ? гээд гүйгээд очоод ***ыг машин дээрээс буулгах гэсэн чинь ***  нөгөө машиныхаа дээвэр дээгүүр даваад цаашаа буух гэж байгаад уг машины арын цонхон дээр гишгээд цаашаа буухдаа толгойгоороо газар шагаад унасан. Тэгээд ***  дээр очиход нүүр нь дүүрэн цус болсон байхаар нь түүнийг аваад түрээслэж байгаа 38 дугаар байрны 30 тоот гэрлүүгээ явсан юм. *** ыг яагаад машин дээр гарсныг ойлгоогүй бөгөөд тэр нилээн согтуу байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/,
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…бид тав 0.75 граммын 2 шил архийг манайд хөзөр тоглож уусан бөгөөд 23 цагийн орчим манай гэрээс ***  дөрөв гараад явсан юм. Би гэртээ үлдсэн. ***  гэрээс гарахдаа нилээн согтуу байсан” гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,
Гэрч *** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*** бид 4 гараад 31 дүгээр байрны 4 дүгээр орцны үүдэнд зогсож байтал ***  гүйж очоод 31 дүгээр байрны гадна зогсож байсан мөнгөлөг саарал өнгийн prius-20 маркийн машины хамар дээр нь гишгээд дээвэр дээр нь гараад арын цонхон дээр нь гишгэхэд арын цонх нь цөмрөөд ***  газар унаад босоод ирэхэд нүүр нь цус болсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,

Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн үед би нилээн согтуу байсан ба миний мэдэж байгаагаар *** ын нүүр нь цус болсон байсныг би санаж байгаа юм. *** ын ямар шалтгаанаар машин дээр гарсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дахь тал/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  *** нь 2013 оны 11 дүгээр сарын 16-ны орой 23 цаг 45 минутын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Дархан сумын 13 дугаар багийн нутагт 30 дугаар байрны гадна авто машины зогсоол дээр байсан иргэн *** ын эзэмшлийн *** улсын дугаартай автомашины дээр гарч үсрэн, хойд шилийг нь хагалан танхайрч, танхайрах явцдаа бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч *** ыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, танхайрах явцдаа бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

    Хохирогч *** нь “автомашины эвдрэл гэмтлийг зассан тул ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлын мөнгө болох 1.050.000 төгрөгийг хүлээж авсан.” гэж мэдүүлсэн /хэргийн 10, 14 дахь тал/ байх тул шүүгдэгч *** ыг гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
    Шүүгдэгч *** ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 35 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
    
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Шүүгдэгч *** ыг бусдыг илтэд үл хүндэтгэн  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, танхайрах явцдаа бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
    
    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар шүүгдэгч *** д 6 сар /зургаан сар/ баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 2 жил /хоёр жил/ хорих ял шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч *** д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар оногдуулсан 6 сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 2 жил  хорих ялаар тогтоосугай.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** д оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар ***д оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** д мэдэгдсүгэй.

    8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ