Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 455

 

                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 3 дугаар баг, “Ж”-ын ..... тоот хаягт оршин суух, /РД:.........., утасны дугаар ............./, Ц.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 3 дугаар баг, “Ж”-ын ........ тоот хаягт оршин суух, /РД:..............., утасны дугаар .................../,  Д.Б-д холбогдох

 

 “Ажлын хөлс 21 000 000  төгрөг, эд хөрөнгийн үнэ 5 700 000 төгрөг, нийт             26 700 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Уулбаян сумын Д.Б-ы охин болох А-тай хайр сэтгэл, гэр бүлийн харилцаатай болж, эхнэрээ дагаад Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 2014 онд ирж амьдарсан. Хадам Д.Б-ых хувийн дэлгүүр, мал эмнэлэгтэй, 6000 гаруй малтай улсын хошой аварга малчин айл юм. Би энэ айлд хүргэн орж ирээд ойр зуурын бүх л ажил төрөлд нь тусалдаг байсан. Манай аав, ээж хоёр 2014 оны 11 дүгээр сард албан ёсоор сүү, хадагаа тавьсан. Хадам аав, ээж хоёр 3 жил болж байж охиноо албан ёсоор өгнө, энэ хугацаанд хүргэнээ судална, ажил хийлгэнэ гэсэн болзол тавьсан. Хадам аав хуучин ажилчнаа явуулна, оронд нь чамаар ажил хийлгэнэ, сарын цалин 350 000 төгрөгөөр цалинжуулна гэсэн тул би 2014 оны 10 дугаар сараас эхлэн ажиллах болсон. 2014 оны 8 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд дэлгүүрийн шал угаах, ачаа бараа буулгах, нам даралтын зуух галлах, хөдөө явж мал ялгах, хавар, намрын цагт жилдээ 150 гаруй хонины толгой, үхрийн 80 гаруй шийр, 15 ширхэг үхрийн толгой хуйхлах, хувцас, хунарыг нь угаах, хашаанд мод тарих, цэвэрлэгээнд явах, малын тарилганд явах гэх мэтээр ажил хийдэг байсан. Ингээд 2017 оны 8 дугаар сарын 26-нд буюу 3 жилийн дараа Ховд аймгийн Үенч сумаас аав, ээж, ах, дүү нар маань гэр орныг минь бэлдэж, хадам аавын гадаа 5 ханатай, бургас модоор хийсэн гэр барьж, хурим найр хийж айл гэр болгосон. Би гэрийнхээ тавилгыг ком байдлаар, 1 500 000 төгрөгөөр эхнэртэйгээ нийлж авсан. Би эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдарч байсан. Гэтэл 2019 оны 7 дугаар сарын 15-нд хадам ээж намайг хөөсөн тул арга ядаад явсан. Одоо хүртэл өөрийн гэсэн гэр оронгүй, өөрийн гэсэн хөрөнгө байхгүй болоод байна. Надаар 5 жилийн хугацаанд ажил хийлгэж, хамт амьдарч байх хугацаандаа дэлгүүрийг та хоёрт өгнө, 500 гаруй хонь, 5 азарга адуу, 30 гаруй үхэр өгнө гэж худал амлаж, хуурч мэхэлжминий хөдөлмөрийг шулсан. Нэг ч удаа ажлын хөлс өгч байгаагүй. Намар сургууль эхлэх үед эхнэрийн хамт хүүхдийнхээ хичээлийн хэрэглэл хангахаар хот явах үед 1 500 000 төгрөг өгдөг. Энэ нь хаана ч хүрдэггүй. Эхнэр дэлгүүрт суугаад, би гэр орныхоо болон хадам аавын зааж өгсөн бүх ажлыг хийдэг байсан. Би 2 бугуйл хүнээс авч ирсэн бөгөөд хадам аав үнийг нь төлнө гэж аваад өгөөгүй. Түүнчлэн Уулбаян суманд хийд баригдахад цалинтай ажил хийж, цалингаараа мал авсан. Авсан малаа мөнгө болгосон бөгөөд миний 3 хонь хонинд нь үлдсэнийг өгөөгүй. Соёолон насны хонь байгаа. Мөн Асгат сумаас 2017 онд авч ирсэн хурдан удмын даага, одоо соёолон насны адуу байгаа, бас өгөөгүй. Би 6 жил дарамтлуулж, ажлын хөлсөө ч авч чадаагүй. Сүүлд нь эхнэр, хүүхдээс минь салгаж доромжилж хөөсөн. Иймд би хадам аав болох Д.Б-ыд 5 жил зарагдсан ажлын хөлс болох 21 000 000 төгрөг, тавилганы 1 500 000 төгрөг, бугуйлны үнэ 600 000 төгрөг, хурдан удмын соёолон насны морины үнэ 3 000 000 төгрөг, 3 эр хонины үнэ 600 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэлийн үндсэн шаардлага ажлын хөлс 21 000 000 төгрөгийг 10 500 000 төгрөгөөр багасгаж байна. Би Ховд аймгаас эцгийгээ орхиод энд ирсэн. Хариуцагч нэгэнт л хүнд өгөх юм чинь гэж хэлээд надад сард 350 000 төгрөгийн цалин өгөхөөр, би бүх л ажлыг хийхээр амаар тохиролцсон. Гэтэл нэг л өдөр хадам ээж намайг утга учиргүй хөөсөн. Би одоо ажлын хөлсөнд 10 500 000 төгрөг, гэрийн тавилга, адуу, хонь, бугуйл зэрэг өөрийн гэсэн юмаа авмаар байна гэв.

 

Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ хүнийг манайд хүргэн болоод ирэхэд нь бид анх хүлээн зөвшөөрөхгүй байсан. Наалдсаар байгаад манай гэрт 5 жил амьдарсан. 2014 онд манайх нэг гэр бүлийг эхнэрийг нь дэлгүүрийн үйлчлэгчээр, нөхрийг нь галчаар ажиллуулж байсан. Харин Мягмарын хувьд нэг гэрт амьдарч байж ажлын хөлс нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Би галчаар хүн авах гэтэл яах юм бэ, би галлаж байя гэсэн. Мягмар байх хугацаандаа бол цэвэрлэгээ хийдэг байсан. Манай дэлгүүрийн нам даралтын зуухыг нэг удаа галлахад 2 хувин нүүрс л хийдэг. Өдөрт 4-5 удаа л галладаг байсан. Энэ хүн манайд амьдарч, эхнэр хүүхдээ тэжээж, дулаан байранд толгой хоргодож гал түлж байсандаа цалин хөлс нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бидэнд тохиролцсон зүйл байхгүй. Би энэ хүнд өгсөн мөнгө төгрөгөө тооцож үзвэл 34 850 000 төгрөг болж байгаа. Миний энэ хүнд өгсөн мөнгө энэ хүний нэхэмжилж байгаа цалин хөлс гээд байгаа мөнгөнөөс давж байгаа. Анх манайд ирэхдээ хангай гэрийн модтой л ирж байсан. Тэгэхээр нь би хэдэн мал борлуулаад айлд хэрэгцээтэй бүх зүйлийг авч өгсөн. Энэ гэрт эдний талаас 1 500 000 төгрөг л орсон. Би 10 гаруй сая төгрөг гаргасан. Бугуйлын мөнгө гэж надаас 2-3 удаа авч байсан. Нэгийг нь 150 000 төгрөгөөр авдаг юм шиг байна лээ. Энд авчраад малаар өгдөг. Сүүлд Увс аймгаас бугуйл авчраад “... 2 бугуйлыг нь борлуулаад аавд мөнгийг нь өгнө” гэсэн боловч өгөөгүй. Хурим найр хийхэд бүх л зүйлийг би гаргасан, шүдлэн үхэр, хонь, ямаа гаргаад боломжийн сайхан хурим хийх гэж бүх бэлтгэлийг хангаж байсан. Харин эднийхээс 10л монгол архи, цагаан идээ ирсэн. Гэрээ ачиж ирэхэд нь энэ хүнд мөнгө байхгүй байсан учраас би тээврийн хөлсөнд 450 000 төгрөг өгсөн. Гэтэл энэ хүн авсан, өгснөө мэдэхгүй, тооцоололгүй загнадаг. Нэхэмжилж буй адуу, хонь, гэрийн тавилга зэргийг нь өгнө. Харин бугуйлыг өгөхгүй. Энэ хүнийг гэрээ ав гэхэд авахгүй байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Д.Б-д холбогдуулан “Ажлын хөлс 21 000 000 төгрөг, эд хөрөнгийн үнэ 5 700 000 төгрөг, нийт 26 700 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Д.Б-аас ажлын хөлс 21 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 10 500 000 төгрөгөөр багасгаж 10 500 000 төгрөг, эд хөрөнгийн үнэд 5 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн болно.

 

   Нэхэмжлэгч Ц.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... хариуцагч, хадам аав Д.Б нь 3 жилийн хугацаанд хүргэнээ судална, ажил хийлгэнэ гэсэн болзол тавьж, хуучин ажилтныхаа оронд нь надаар ажил хийлгэнэ, сарын цалинг       350 000 төгрөгөөр тооцож цалинжуулна гэсэн тул би 2014 оны 10 дугаар сараас эхлэн 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд дэлгүүрийн шал угаах, ачаа бараа буулгах, нам даралтын зуух галлах, хөдөө явж мал ялгах, үхэр, хонины толгой шийр хуйхлах, хувцас хунарыг нь угаах, хашаанд мод тарих, цэвэрлэгээ, малын тарилганд явах зэрэг ажлуудыг хийдэг байсан. Намайг 5 жилийн хугацаанд ажиллуулж, худал амлаж, хуурч мэхэлж миний хөдөлмөрийг шулсан. Гэтэл 2019 оны 7 дугаар сарын 15-нд хадам ээж намайг хөөсөн тул арга буюу тэднийхээс явсан. Энэ хугацаанд надад нэг ч удаа ажлын хөлс өгч байгаагүй. Гэрийн тавилга авахад өөрийн зүгээс           1 500 000 төгрөг зарцуулсан. Би 2 бугуйл хүнээс авч ирсэн бөгөөд хадам аав болох Д.Б “үнийг нь өгнө” гэж аваад өгөөгүй. 2 ширхэг бугуйлаа 600 000 төгрөгөөр үнэлж байна. Одоо эдний хонинд байгаа 3 тооны соёолон насны эр хонь, адуунд нь Асгат сумаас 2017 онд авчирсан хурдан удмын даага, одоо соёолон насны адуу байгаа. 3 тооны эр хонио нийтэд нь 600 000 төгрөгөөр, морио 3 000 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна... гэж тайлбарлажээ.

 

 Хариуцагч Д.Б нь “... нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилга, нийт 600 000 төгрөгний үнэ бүхий 3 тооны соёолон эр хонь, 3 000 000 төгрөгийн үнэ бүхий соёолон насны морийг нэхэмжлэгчид өгөхийг зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлс 10 500 000 төгрөг, нийт 600 000 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг бугуйлыг өгөхгүй. Учир нь ажлын хөлс төлөх талаар бидний хооронд тохиролцсон зүйл байхгүй. Энэ хүн манай гэр бүлд 5 жил хамт амьдарч, нэг тогооноос хооллочихоод өнөөдөр авсан, өгснөө мэдэхгүй ажлын хөлс гэж баахан мөнгө, төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. 2017 онд Увс аймгаас бугуйл авчирч худалдаад, дараа нь таньд мөнгийг нь өгье гэж хэлээд надаас 750 000 төгрөг аваад буцааж өгөөгүй тул дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

 

 

Талуудын хэн аль нь гэрээний санал гаргах ба түүнийг нөгөө тал хүлээн авсан байх шаардлагатай. Хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад хэлбэрийн хувьд тусгай шаардлага тавигдаагүй байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Амаар хийх нөхцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ.”, 43.1.1-т хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Д.Б-тай хөлсөөр ажиллах талаар тохиролцож, аман хэлцэл байгуулсан гэж байгаа боловч гэрээний гол нөхцөл болох хөлс төлөх үүргийн талаар хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй, хэлцэл хийснийг нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Д.Б-ы “Ц.М-ын нэхэмжилж байгаа 2 ширхэг бугуйл надад байгаа нь үнэн. Гэхдээ  Ц.М нь хүнээс бугуйл авч худалдаад, дараа нь таньд мөнгийг нь өгье гэж хэлээд надаас 750 000 төгрөг авсан. Гэвч тэр авсан мөнгөө буцааж өгөөгүй тул 2 ширхэг бугуйлны үнэ 600 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн татгалзлыг үгүйсгэж чадахгүй, өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасан “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно.” гэсэн мэтгэлзэх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна.

 

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж заасныг биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн бусад шаардлагын талаар маргахгүй, хариуцагчид өгөхөд татгалзах зүйлгүй, нэхэмжлэгч нэхэмжилж байгаа хөрөнгөө биет байдлаар гаргуулахаар тайлбарлаж байх тул 1 500 000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилга, нийт 600 000 төгрөгний үнэ бүхий 3 тооны соёолон эр хонь, 3 000 000 төгрөгийн үнэ бүхий соёолон насны морийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ц.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлс 10 500 000 төгрөг, бугуйлны үнэ 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлтэй холбогдуулж гаргасан хариу тайлбартаа “нэхэмжлэгч Ц.М-аас 34 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан сөрөг нэхэмжлэлд тавигдах шаардлагыг хангаж ирүүлээгүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.

 

Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 96 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-т олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-аас 1 500 000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилга, нийт 600 000 төгрөгний үнэ бүхий 3 тооны соёолон эр хонь, 3 000 000 төгрөгийн үнэ бүхий соёолон насны морийг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлс 10 500 000 төгрөг, бугуйлны үнэ 600 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 96 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-т олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЗУУ