| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0184/Э/ |
| Дугаар | 171 |
| Огноо | 2023-09-11 |
| Зүйл хэсэг | 181.1., |
| Улсын яллагч | У.Солонго |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0184/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар
улсын яллагч хяналтын прокурор У.Солонго,
шүүгдэгч Т.Т.Ж-г оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т заасан гэмт хэрэгт - - Т.Ж-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000416 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, - - Т.Ж- /РД: / 1974 оны 03 сарын 01-нд Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсрлотой, мужааны мэргэжилтэй, --- ажилладаг гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт - тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Т.Т.Ж- 2012 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, худалдааны төвд байрлах Электрон бараа тавилгын худалдаа эрхлэн явуулдаг “BSB” Дархан суперстор дэлгүүрт шалтаг шалтгаангүйгээр орилж хашгиран дэлгүүрт зарах гэж тавьсан байсан буйдан дээр гишгэлэн урж ханзлан, мөн компьютерийн дэлгэцийг унаган баруун дээд буланг сэтэлж 1.168.900 төгрөгийг хохирол учруулан улмаар худалдагч, худалдан авагч нарын нүдэн дээр шээж хүмүүсийг доромжилж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Т.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт “2012 оны 6 дугаар сарын 24-нд би олон жил хуучны танил М-тай таарсан. Бид хоёр дэлгүүрээс 2 литрийн пиво авч хуваан уусан. Тэгээд 15 цагийн үед М- ахын хоёр найз нь утасдаад Наран буудалд байна гэхээр цуг очсон. Надад аягаар архи хийж өгсөн. Түүнийг уучаад Наран буудлаас гарсан. Тэгээд юу болсныг санахгүй байгаа“ гэв.
Хохирогч Г.Б-ы мэдүүлэг /хэргийн 5-6 дугаар тал/,
Гэрч Б.Б.М-, Ш.Ш.С- нарын мэдүүлгүүд /хэргийн 7, 8 дугаар тал/,
Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 27 дугаар тал/,
Т.Т.Ж- нь - оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 20 дугаар тал/,
шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 19 дүгээр тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 20 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Т.Т.Ж- 215.2 шийтгэх тогтоол 171
буюу Худалдааны төвд байрлах Электрон бараа, тавилгын худалдаа эрхлэн явуулдаг “BSB” Дархан суперстор дэлгүүрт байсан буйдан дээр гишгэлэн урж ханзлан, мөн компьютерийн дэлгэцийг унаган 1.168.900 төгрөгийг хохирол учруулан улмаар худалдагч, худалдан авагч нарын нүдэн дээр шээж хүмүүсийг доромжилж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
хохирогч Г.Б-ы “2012 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчим манай дэлгүүрт гаднаас нэг танихгүй хүн ганцаараа шал согтуу орж ирээд дэлгүүрийн агуулах руу ороод бие засах гээд байсан. Тэгээд манай нярав очоод “Та энд бие засаж болохгүй 00 тэнд байгаа” гээд заасан боловч шээх гээд байсан. Тэгээд тэр хүнийг дэлгүүрээс манай нярав гаргасан чинь буцаж орж ирээд зарах гэж байсан арьсан буйдан дээгүүр гуталтайгаа гүйгээд няравын ширээн дээр зарах гэж байсан “Accer” маркийн компьютерийн дэлгэцийг шалан дээр унагаад буланг нь эмтэлчихсэн юм. Мөн буйдан дээгүүр гүйж байхдаа нэг буйдангийнх нь оёдлыг нь ханзалчихсан. Тэгээд дэлгүүр дотор шээчихсэн юм. Ингээд арга буюу цагдаагийн байгууллагад хандсан. Манай зарах гэж байсан шинэ компьютерийн дэлгэц нь буландаа эмтэрсэн тэр 279.900 төгрөг, оёдол нь ханзарсан буйдан бол 889.900 төгрөг нийлээд 1.169.900 төгрөгний хохирол учирсан бөгөөд Т.Ж- төлчихсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-6 дугаар тал/,
Гэрч Б.Б.М-ийн “2012 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дэлгүүр дээрээ байж байсан чинь 18 цагийн орчимд гаднаас нэг согтуу танихгүй эрэгтэй хүн орж ирээд “Бие засах газар чинь хаана байна бие засмаар байна” гэсэн. Тэгэхээр нь “Манайх гадны хүн бие засах газраа оруулахгүй, та гараад урд талд байгаа ресторанд ороод бие засчих” гэж хэлээд би дагуулж гараад гадаа орхиод ороод ирсэн чинь тэр хүн буцаад ороод ирсэн. Тэгээд тэр “Заавал танай 00-д бие засна” гээд байсан. Би тэр хүнд “Боломжгүй, та согтуу байна энд байж болохгүй” гээд хэд хэдэн удаа дагуулж гартал гаднаас орж ирээд манай зааланд зарах гэж тавиатай байсан 3 хос буйдан дээгүүр гуталтайгаа гишгэлээд гүйгээд байсан. Тэгж гүйж байгаад нэг буйдангийнх нь оёдлыг нь ханзалчихсан. Мөн ширээн дээр зарах гэж тавьсан байсан “Accer” маркийн компьютерийн дэлгэцийг газар унагаагаад ирмэгийг нь сэтэлчихсэн. Тэгээд тэр хүн шууд манай заалан дотор шээсэн. Тэр үед би цагдаа дуудаад цагдаагийнхан ирээд гавлаад аваад явсан. Сүүлд нь тэр хүн уучлалт гуйж 3 хос буйдан, унагаасан компьютерийн дэлгэцээ манайхаас худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар тал/,
Гэрч Ш.Ш.С-ийн “...нэг харсан чинь тэр согтуу хүн манай зааланд бид нар луу харчихсан зогсоод шээж байсан. Тэр үед нь манай нярав Б.М- хүрч очоод барьж авсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаагийнхан ирээд аваад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 8 дугаар тал/,
Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 27 дугаар тал/ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Т.Ж-г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Ийнхүү ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Т.Т.Ж- анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцно.
Шүүгдэгч Т.Т.Ж- нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан, энэ удаа оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. - - Т.Ж-г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч - Т.Ж-д 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч - Т.Ж-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч - Т.Ж-гээс гаргуулах хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч - Т.Ж-д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгч - Т.Ж-д анхааруулсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч - Т.Ж-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР