Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0275

 

                                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

ажлын албаны нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 126/ШШ2026/0005 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Машбатын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга 

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор А.Э, ахлах аудитор Б.Д

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М

Хариуцагч Б.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан 

Хэргийн индекс: 126/2025/0017/З                                          

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 126/ШШ2026/0005 дугаар шийдвэрээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4, 47.1.5, 47.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор А.Э, ахлах аудитор Б.Д нарт холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай”  16/А22604**/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэж тус тус заасны дагуу хууль тогтоомж хэрэгжүүлж ажилласныг Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газар төлбөрийн акт тогтоосон нь хуульд нийцэж байна гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэдэг нь төсөв батлах эрх бүхий байгууллагаас тогтоож өгсөн зорилго, ангилал, дүнгээс өөрчлөгдөхгүй, хэтрэхгүй байхыг ойлгодог. Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 82,000,000 төгрөгийг тус тогтоолд заасан нэршил, дүнгээр нь зарцуулсан байтал зориулалт бусаар зарцуулсан гэж үзэж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус дүгнэлтийг хуульд нийцсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2. Дээр дурдсанчлан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгийнхаа тухайн жилийн төсвийг батлах, тодотголын төслийг батлах онцгой бүрэн эрхтэй бөгөөд Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.2-т орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлагад зарцуулахыг хориглоно гэж тусгайлан зохицуулсан байдаг. Гэвч дээрх намуудад олгосон суудлын мөнгийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бус тухайн жилийн орон нутгийн орлогоос санхүүжүүлэхээр баталсан бөгөөд хуулиар хориглоогүй төсвөөс санхүүжүүлсэн байна. Энэ нь хуулиар хориглоогүй бөгөөд хуулиар зохицуулаагүй асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бие даан өөрөө шийдвэрлэдэг.

2.3. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус зардлыг хэдийгээр улс төрийн намын дансанд төлөөлөгчийн тоогоор тооцож олгосон боловч тус зардлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь М а намын бүлгийн болон Аын бүлгийн төлөөлөгчид, бие даан нэр дэвшигч нар аймаг, орон нутагтаа ажилласан тайланг харгалзан үзэхгүй, зөвхөн намын үйл ажиллагаагаа санхүүжүүлсэн мэтээр үзсэн нь буруу юм. Тус зардлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь намын бүлгийн төлөөлөгчид, бие даан нэр дэвшигч нар 8000 гаруй иргэдтэй уулзаж, 23 сум, 1 тосгонд ажиллаж Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийг сурталчлан ажиллаж, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, сонгуульт албан тушаалтнуудын ёс зүй, хүний нөөцийг сайжруулах чиглэлээр, иргэдийн нийгэм, улс төр, эдийн засгийн эрхийг хангах чиглэлээр, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, татвар, шимтгэлийг бууруулах, орон нутгийн төсвийн төлөвлөлтийн үр ашгийг сайжруулах, малчдын талаар авах төрийн бодлогыг сайжруулах, өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гэмт хэрэгтэй тэмцэх, архидан согтуурахтай тэмцэх, орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, авлигатай тэмцэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн саналыг сонсож, дэлхийн хүүхдийн номын өдрийг тохиолдуулан Мөрөн сумын 4-өөс дээш хүүхэдтэй зарим өрхүүдэд номын сан бий болгож, хүнс, шаардлагатай эд материалын дэмжлэг үзүүлж, Мөрөн сумын 7 дугаар багийн өрхийн эрүүл мэндийн төвд халдвараас хамгаалах анхан шатны шаардлагатай хэрэгсэл шийдвэрлэсэн зэрэг үйл ажиллагаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан орон нутгийн чиг үүрэгт хамаарах арга хэмжээ бөгөөд Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн баталгааг хангасан арга хэмжээ болсныг харгалзан үзэж, намын бүлгүүд, төлөөлөгч нараас ирүүлсэн тайлангийн үр өгөөжийг дүгнэхгүйгээр нэг талыг харж дүгнэсэн гэж үзэж байна.

2.4. Дээрх төлбөрийн актад зааснаар төлөх этгээдийг тодорхойлоогүйгээс болж төлбөрийн актын биелэлтийг хангах боломжгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй буюу илт хууль бус захиргааны акт юм гэж үзэж байна. Тус төлбөрийн актад дурдсан 82,000,000 төгрөгийг хэнээс авах /субъект/-ыг нь дурдаагүй байж хэнээс авахаа өөрөө шийдэж, төлбөрийн актыг биелүүл гэж шаардаж байгааг нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-дхууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан гэж үзэж байна. Дээр дурдсанчлан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 82,000,000 төгрөгийг баталсан тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын А/54 дүгээр захирамжийг хууль бус гэж дүгнээгүй атлаа тус шийдвэрийн хэрэгжилтийг хангасан үйлдлийг хууль бус гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгч тал болон санхүүжилт шилжүүлэн авч хуульд заасан чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулсан улс төрийн намууд, төлөөлөгчдийн эрх ашиг сонирхлыг хөндөж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

             ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

3. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор А.Э, ахлах аудитор Б.Д нарт холбогдуулан “Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай”  16/А22604**/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

4. Анхан шатны шүүх “... Улсын Их Хуралд суудал бүхий намд төрөөс санхүүгийн дэмжлэг өгөх талаар хуульчилсан болохоос нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудал авсан намд төсвөөс мөнгөн дэмжлэг үзүүлэх талаар хуульд заагаагүй байна ... Эрх зүйн актуудыг хүчин чадлаар нь эрэмбэлж хэрэглэдэг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь хуульд нийцэхгүй бол хуулиа баримтлан ажиллах нь төрийн албаны хууль дээдлэх зарчимд нийцнэ ...” гэж дүгнэн, уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

5. Маргаан бүхий Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 16/А22604**/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаар актаар Орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй зардал гарган намын суудлын мөнгө гэж Хөвсгөл аймгийн Ад 44,000,000 /дөчин дөрвөн сая/ төгрөг, М а намд 36,000,000 /гучин зургаан сая/ төгрөг, бие даан нэр дэвшигч Д.Л-д 2,000,000 /хоёр сая/ төгрөг, нийт 82,000,000 /наян хоёр сая/ төгрөгийн дэмжлэг олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, 16 дугаар зүйлийн 16.5.5 “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 25 дугаар зүйлийн 25.10 “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно”, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 “хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох” гэж тус тус заасанд нийцээгүй байх тул хууль журмаар хүлээн зөвшөөрөгдөөгүй нийт 82,000,000 /наян хоёр сая/ төгрөгийн үр ашиггүй зардлыг төрийн сангийн дансанд төвлөрүүлэх, актын биелэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газарт нотлох баримтын хамт ирүүлэхийг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Р.М, нягтлан бодогч Т.А нарт хариуцуулсан байна.

6. Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийх тухай” 10 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт, 27 дахь хэсэгт АИТХ-д суудалтай намуудад төлөөлөгчдийн тоогоор олгох суудлын мөнгийг 82,000,000 сая төгрөг байхаар баталж,

6.1. Улмаар Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөрөнгө зарцуулах тухай” А/54 дүгээр захирамжаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай намууд болон бие даан нэр дэвшигчид олгох суудлын мөнгийг Аын 22 төлөөлөгчид 44,000,000 /дөчин дөрвөн сая/, М а намын 18 төлөөлөгчид 36,000,000 /гучин зургаан сая/, бие даагч 1 төлөөлөгчид 2,000,000 /хоёр сая/ төгрөг нийт 82,000,000 /наян хоёр сая/ төгрөгийн зардлыг ажлын албаны үндсэн үйл ажиллагааны “бусдаар гүйцэтгэх” арга хэмжээний зардлаас зарцуулахаар тус  тус шийдвэрлэсний дагуу дээрх дүнгээр шилжүүлсэн байна.

7. Улс төрийн намын тухай /2005 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Намын хөрөнгөд дараахь зүйл хамаарна”, 16.2.3-т “төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг”, 19.1-д “Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан Улсын Их Хуралд суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ”, 19.2-т “Улсын Их Хуралд суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна” хэмээн тус тус зааснаас үзэхэд маргаан бүхий актыг гаргах цаг хугацаанд дагаж, мөрдөж байсан хуулиар зөвхөн Улсын Их Хурлын сонгуулиар Улсын Их Хуралд суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлэхээр зохицуулжээ.

7.1. Тодруулбал, зөвхөн Улсын Их Хуралд суудал бүхий намд төрөөс санхүүгийн дэмжлэг олгохоор хуульчилсан байх бөгөөд харин орон нутгийн сонгуулиар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай намд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хуулиар зөвшөөрөөгүй байна.

8. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Хурлын төсөвт төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлыг тусгана. Зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журмыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 402 дугаар тогтоолын хавсралт болох “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журам”-д аймгийн  иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн жилийн зардлын жишгийг 5,000,000 /таван сая/ төгрөг хүртэл байхаар тусгасан. Гэтэл энэхүү үйл ажиллагааны зардлаас гадна “суудлын мөнгө” гэх нэрээр тэдгээрт санхүүжилт олгосон нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно”, 15.1.3-д “хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох” гэж заасныг зөрчжээ.

8.1. Түүнчлэн, Захиргааны байгууллага (албан тушаалтан) нь хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлж аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмуудыг баримтлах учиртай.

9. Үүнээс үзэхэд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай намууд болон бие даан нэр дэвшигч нарт дээрх байдлаар суудлын мөнгийг олгосон нь хууль тогтоомжид нийцэхгүй байх тул хариуцагч Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газраас зөрчлийг арилгуулахаар төлбөрийн акт тогтоосон нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж заасанд нийцжээ.

10. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж,

10.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжийг агуулсан бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг илт хууль бус болохыг тогтоохоор зохицуулжээ.

10.2. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт нь ердийн ухамсрын түвшинд хэн ч харсан илэрхий тодорхой алдаатай, мөн хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас тухайн захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй болж, уг актыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдлыг ойлгох бөгөөд ийм акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, илт хууль бусад тооцогдоно. 

10.3. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 16/А22604**/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаар актыг энэ тохиолдолд “утга агуулгын илэрхий алдаатай”, “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” илт хууль бус захиргааны акт гэж үзэхээргүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

11. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан “... маргаан бүхий акт нь илт хууль бус захиргааны акт бөгөөд улс төрийн намууд, төлөөлөгчдийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна ... шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 126/ШШ2026/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М-с гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 

        ШҮҮГЧ                                                          Г.МӨНХТУЛГА

 

                   ШҮҮГЧ                                                          Ц.ОДМАА