Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1753

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

“ГБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/01322 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ГБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ММ” ХХК, Л.Ж-, Н.М- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 106 569 996,05 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй

 

2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ИГ1410013482 дугаартай ипотекийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ГБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Миленамайлд” ХХК нь ГБтай ЗГ1410013482 тоот зээлийн гэрээ байгуулан 150 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн. ЗГ1410013482 дугаарт Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ИГ1410013482 дугаарт ипотекийн гэрээгээр иргэн Н.М-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204046340 дугаартай, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Хүннүгийн гудамж 200 дугаар байрны 51 тоот, 42.6 м.кв талбайгай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, БГ1410013482 дугаарт барьцааны гэрээгээр “Миленамайлд” ХХК-ийн NSSG122 өргөн 80 см, өндөр 195 см, урт 230 см саарал, цагаан өнгөтэй нэхмэлийн машин №7620, NSSG122 өргөн 80 см, өндөр 195 см, урт 230 см саарал, цагаан өнгөтэй нэхмэлийн машин №6075 тоног төхөөрөмжийг тус тус барьцаалсан, БГ1410013482 дугаарт батлан даалтын гэрээгээр Зээлийн батлан даалтын сангаас үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 25.7 хувийг батлан даагдсан, БДГ1410013482 дугаарт бБатлан даалтын гэрээгээр иргэн Л.Ж- хувийн батлан даалт гаргасан. “Миленамайлд” ХХК нь ЗГ1410013482 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй, 499 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Үүнд: үндсэн зээлийн төлбөрт 79 084 563,92 төгрөг, хүүгийн төлбөрт 655 008,38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 100 834,01 төгрөг, нийт 79 840 406,35 төгрөг болсон. Миленамайолд ХХК-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаарх үндсэн төлбөр 93 884 563,92 төгрөг, хүүний төлбөр 881 360,21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 138 967,94 төгрөг, нийт 94 904 892,07 төгрөг болсон. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 4.2.1, 4.2.4-т зааснаар ЗГ1410013482 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 106 569 996,05 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч “Миленамайлд” ХХК болон Л.Ж- нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Миленамайлд” ХХК 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ГБтай ЗГ1410013482 тоот зээлийн гэрээг байгуулж 150 000 000 төгрөгийн зээлийг Shima seiki нэхмэлийн машин худалдан авах зориулалтаар жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаагаар зээлсэн. Эдийн засгийн хямралаас шалтгаалан борлуулалт багассаны улмаас гэрээний хавсралтад заасан төлбөрийг хугацаа хожимдуулан төлөх болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үлдэгдэл зээлийн төлбөрийг график гарган хугацаа тогтоож төлөх боломжтой. Компанийн зүгээс зээлийн эргэн төлөлтөд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 77 161 123 төгрөг төлсөн. Энэхүү төлөлтийг зээлдүүлэгч нь хамгийн эхэнд нэмэгдүүлсэн хүү, дараа нь үндсэн хүүгээс хасч, үндсэн зээлээс үлдсэн хэсгийг нь хасч тооцсон нь үүрэг гүйцэтгэгчийн хувьд илт хохиролтой байна. Дээрх зээлийн төлөлтийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгээс хасах дарааллаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч байгаа нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн.

   Нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж хамгийн эхэнд үндсэн зээлээс хасч тооцогдох учиртай зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлсэн хүү, хүүгээс хасч тооцсон нь үндэслэлгүй, мөн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад цуцлахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

   Хариуцагч Н.М- шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас ЗГ1410013482 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ИГ1410013482 тоот ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөс хууль тогтоомжийн дагуу шилжүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг ипотекийн гэрээнд би гарын үсэг зураагүй бөгөөд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо В11, Хүннүгийн гүдамж 200 дугаар байрны 51 тоот, 42.6 м.кв талбайтай 2 өрөө байр нь дан ганц миний хөрөнгө биш миний аав, ээж анх худалдан авч, миний бие амьдарч байсан гэр бүлийн дундын хөрөнгө юм. Хавтаст хэргийн 15-17 дахь талд авагдсан ипотекийн гэрээнд зурагдсан гарын үсэг минийхээ өөр байна. Нөгөө талаар орон сууц барьцаалсан гэрээний талаар надад эгч Л.Ж- хэлж байсан боловч би тус гэрээнд гарын үсэг зурснаа санахгүй байна гэжээ.

 

Хариуцагч Н.М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ипотекийн гэрээнд заасан хоёр өрөө орон сууцыг миний аав, ээж худалдан авсан ба миний нэр дээр өмчлөх эрх нь бүртгэгдсэн. Энэхүү орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн дундын хөрөнгө юм. Л.Ж- нь уг орон сууцыг барьцаалан зээл авах асуудал ярьж байсан боловч ипотекийн гэрээг ГБтай байгуулсан эсэхээ санахгүй байна. Иймд 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ИГ1410013482 дугаартай Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

                                                                       

Нэхэмжлэгч ГБнаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбар, мэдүүлэгтээ: Хариуцагч Н.М- нь өөрөө банк болон хариуцагч Л.Ж-тай харилцан зөвшилцсөний үндсэн дээр ипотекийн гэрээг байгуулж, гарын үсэг зурсан. Энэ нь нотариатаар баталгаажигдаж, бүртгэлийн газарт өөрөө очиж зохих журмын дагуу бүртгүүлсэн. Үүнийг Л.Ж- гэрчилнэ. Н.М- иргэний бичиг баримтаа баталгаажуулж гэрээнд өөрөө гарын үсэг зурсан. Гарын үсгээ хуурамч гэдгийг нотлоогүй нь гарын үсэг нь хууль ёсных болохыг гэрчилнэ. Иймд Н.М-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Миленамайлд” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 100 287 950.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ГБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн зарим хэсэг болох 6 282 046.02 төгрөгийг болон хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Миленамайлд” ХХК, Н.М- нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2204046340 дугаартай, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо /13311/ Хүннүгийн гудамж 200 дугаар байрны 51 тоот, 42.6 м.кв талбайгай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, NSSG122 өргөн 80 см, өндөр 195 см, урт 230 см саарал, цагаан өнгөтэй №7620, №6075 дугаар бүхий 2 ширхэг нэхмэлийн машинийг, нөхөх хариуцлага хүлээгч буюу батлан даагч Л.Ж-ын хөрөнгийг хуульд заасан дарааллаар тус тус албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 974 933.24 төгрөг, хариуцагч Н.М-аас 667 950 төгрөг тус тус урьдчилан төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Миленамайлд” ХХК-аас 659 389.75 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ГБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа 94 904 892 төгрөг гаруулах шаардлага гаргасан байсан ба сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ зээлийн гэрээгээр тохиролцоогүй 22.8 хувиар тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй. Нэмэгдүүлсэн шаардлагыг 22.8 хувиар бус гэрээнд заасан 8 хувийн хүүгээр тооцвол үндсэн хүү 2 839 686 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 567 937 төгрөг байх ба нийт 3 407 623 төгрөг болно. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 12 714 025 төгрөгөөс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хасагдах учиртай 9 874 339 төгрөгийг хасч тооцолгүй буруу тооцсон.

Мөн компанийн зүгээс төлсөн зээлийн эргэн төлөлтийг зээлдүүлэгч нь өөрийн дураар нэмэгдүүлсэн хүү, дараа нь үндсэн хүүгээс хасч, үндсэн зээлээс үлдсэн хэсгийг нь хасч тооцон нэхэмжилж буй нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүргийг гүйцэтгэх дарааллын журмыг зөрчсөн. Гэтэл шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглээгүй. Тодруулбал үүрэг гүйцэтгэх дарааллын талаарх Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг гуйвуулан үүрэг гүйцэтгэх дараалал тогтоосон мэтээр дүгнэсэн нь тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр “Миленамайлд” ХХК-аас нийт 100 287 950 төгрөг гаргуулж “ГБ” ХХК-д олгохоор шийдвэрлэснээс 30 287 950 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

      

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

   Нэхэмжлэгч “ГБ” ХХК нь хариуцагч “ММ” ХХК, Л.Ж-, Н.М- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 106 569 996,05 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ИГ1410013482 дугаартай ипотекийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч “ГБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл хариуцагч “ММ” ХХК-аас зээлийн гэрээний үндсэн үүргийг, хариуцагч Н.М-аас үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг, хариуцагч Л.Ж-аас батлан даагчийн хувьд нөхөх хариуцлага хүлээлгэх шаардлагыг гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэхдээ үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нийцээгүй байна. /хх-34 дэх тал/ Тодруулбал, шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хамруулан иргэний хэрэг үүсгэх ёстой бөгөөд үүнтэй холбоотой асуудлаар хариуцагч тал хариу тайлбар гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжинэ.  Улмаар шүүх дээрх асуудлаар нотлох баримтын үнэлгээ хийж, хууль хэрэглээний дүгнэлт гаргах боломж бүрддэг.

Түүнчлэн, шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Л.Ж-ыг батлан даагчийн хувьд ямар үүргийг гүйцэтгүүлэх гэж байгаа талаар огт дүгнээгүй атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Л.Ж-ын хөрөнгийг хуульд заасан дарааллаар албадан худалдахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь хэсэгт нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд нь нөхөх хариуцлага хүлээх эсхүл нөгөө тал үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээнд тусгайлан заагаагүй бол өөрөө хариуцах эсэх асуудал нь батлан даалтын үүрэгтэй холбоотой хуулийн өөр өөр зохицуулалттай. Гэтэл энэхүү асуулаар талууд мэтгэлцэж, улмаар батлан даалтын гэрээндээ юу гэж заасан зэрэг энэ үндэслэлийг шүүх дүгнээгүй, зохих хуулийг хэрэглээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс шууд дүгнэх нь хөндлөнгийн байх болон шүүхийн өмнө талууд эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.

Хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах учир дээрх зөрчилд дүгнэлт хийсэн болно.

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/01322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                             М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Ч.ЦЭНД