Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 533

 

186/2020/0122/Э

 

 

 

  2020             04            30                                        2020/ДШМ/533    

 

Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Итгэл,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Итгэлийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлээр Б.Э-д холбогдох эрүүгийн 2011002170101 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-, 1993 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дүрс оношлогооны технологич мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан, /РД:ТЯ93020657/;

 

Б.Э- нь 2020 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 940А тоотод хамтран амьдрагч Х.Б-тэй маргалдаж, улмаар түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хатгин овогт Баянжаргалын Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон, хорих ялаар солих болохыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Итгэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Х.Б- нь жирэмсэн, Б.Э- түүнийг нь мэдэж байсан болох нь тогтоогдож байсан тул яллах дүгнэлтэд “жирэмсэн болохыг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг зааж өгсөн. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дээрх хоёр шинжийг дурдсан боловч тогтоох хэсэгт “жирэмсэн болохыг нь мэдсээр байж” гэсэн шинжийг орхигдуулсан.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.”, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулж, торгох ял биелүүлэх хугацааг 90 хоногоос багаар буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосон нь буруу байна. Түүнчлэн шүүх ялтанд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйл болон 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ял биелүүлэхийг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй. Тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг орхигдуулсан, торгох ял биелүүлэх хугацааг хуульд зааснаас багаар тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Э- нь 2020 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 940А тоотод хамтран амьдрагч Х.Б-тэй “өнгөрсөн амьдралыг сөхөж ярьлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж хоолойг нь багалзуурдах, нүүр лүү нь алгадах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь эрүү, хүзүү, цээжинд цус хуралт, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Х.Б-ийн “...Б.Э- намайг үсдэж гэр лүү оруулаад хаалга цоожлож байгаад хоолой багалзуурдаад, хэвлий, гэдэс хэсэгт өвдөглөж байгаад нүүр болон зүүн чих рүү 2-3 удаа алгадаж цохисон. ...Би 8 сартай жирэмсэн. ...” /хх 13-14/,

 

Б.Э-ы яллагдагчаар өгсөн “...Б- хутга бариад гэдсэндээ ойртуулаад “Чамд дээрэлхүүлж амьдарч чадахгүй, энэ хүүхдийг ална, ойртвол өөрийгөө ална, чамайг ч ална” гэж хэлээд гэрээс хөл нүцгэн гарахаар нь “Олгой хагаравч тогойн дотроо гэдэг юм, ор” гээд гарнаас нь татсан чинь орохгүй орилоод байхаар нь үснээс нь татаж байгаад гэр лүү оруулаад хутгыг нь булааж авах гэсэн өгөхгүй байхаар гарыг нь хазаж байгаад тавиулсан чинь араас “чамайг ална” гээд орилж багалзуурдаж аваад, толгой руу цохиод маажаад байхаар нь гэнэт уур хүрээд би зөрүүлж хоолойг нь боосон. ...Б-ийг жирэмсэн гэдгийг мэднэ, одоо 8 сартай. ...” /хх 30-31/ гэх мэдүүлгүүд,

 

“...Х.Б-ийн биед эрүү, хүзүү, цээжинд цус хуралт, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1415 дугаартай дүгнэлт /хх 20-21/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

 

 

Шүүгдэгч Б.Э-ы гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Б-тэй маргалдаж, улмаар түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Э-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжийг буюу хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж гэх шинжийг орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Э-, хохирогч Х.Б- нар нь 1 жил гаруйн хугацаанд хамт амьдарч байгаа бөгөөд тухайн үйл явдал болох үед Х.Б- нь 8 сартай жирэмсэн байсан талаар хохирогчийн “...өмнө нь 2019 оны 10 дугаар сард Б.Э- миний зүүн хөлний гуя хэсэгт хутгаар хатгаж байсан, ...намайг 8 сартай жирэмсэн гэдгийг Б.Э- мэднэ. ...” /хх 13-14/, Б.Э-ы яллагдагчаар өгсөн “...Б-ийг жирэмсэн гэдгийг мэднэ, одоо 8 сартай. ...2019 оны 10 дугаар сард Б- бас л хуучин эхнэр Гэрэлмааг ярьж бид хоёр хэрүүл маргаан хийж, би айлгах гэж байгаад санаандгүйгээр хутгаар гуя руу нь хатгаж байсан. ...” /хх 30-31/ гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Э-ы 2020 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Х.Б-тэй “өнгөрсөн амьдралыг сөхөж ярьлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хоолойг нь багалзуурдах, нүүр лүү нь алгадах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэсэн шинжийг хангаж байна.

 

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар тус тус заажээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосон нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн түүний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд прокурор П.Итгэлийн бичсэн “...гэм буруутайд тооцохдоо “хохирогчийн жирэмсэн болохыг нь мэдсээр байж” гэсэн шинжийг орхигдуулсан, Б.Э-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулж тогтоосон нь буруу...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлүүдээр зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “...Шүүгдэгч Хатгин овогт Баянжаргалын Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...шүүгдэгч Хатгин овогт Баянжаргалын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж, 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Э-ыг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож,...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоож, …” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.        

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН