| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0067/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0063 |
| Огноо | 2014-02-24 |
| Зүйл хэсэг | 181.2.4., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0063
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0067/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201309000810 дугаартай хэргийг 2013 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн*** настай, *** бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
-*** -ны өдөр Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 9 сар 8 хоногийн хугацаагаар хойшлуулж байсан,
-*** ний өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, биечлэн эдлүүлэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан,
Шүүгдэгч *** нь 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багт байрлах “Өсөх” бааранд үл ялих зүйлээр шалтаглан иргэн *** н эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан танхайн гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өсөх трейд гэж бааранд байрныхаа хэдэн ах нартай байсан. Тэгээд сууж байхад эхнэр, нөхөр хоёр орж ирсэн. Би өлсөөд байхаар нь текны урд өндөгний салат идээд сууж байсан.
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Ganbayar 181.2.1 181.2.3.docx
Гаднаас орж ирсэн эхнэр, нөхөр хоёр юм захиалах гээд сууж байсан чинь манай ах нар жоохон хэл амаар доромжлоод байсан. Тэгээд нөхөр нь та нар чимээгүй байгаач гээд байж байтал манай байрны ах нар босоод ирсэн. Би салгах гээд очсон чинь намайг тэр нөхөр нь заамдаад авсан, тэгээд би цохисон. Салаад байж байсан чинь цагдаа орж ирсэн. Хохирол төлбөрт 200.000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг,
-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн үед эхнэр *** ийн хамт “Өсөх трейд” ХХК-ны “Өсөх” ресторанд хоол идэх гэж орсон. Намайг эхнэрийн хамт орж суухад нэг ширээнд 5-6 залуучууд сууж байсан. Тэгээд би зөөгчийг нь дуудаж хоол захиалах гэтэл тэнд сууж байсан хэдэн залуучууд хоол байхгүй гэх зэрэг үг хэлээд байсан. Тэгээд би тэд нарт дуугай бай гэж хэлсэн чинь тэнд байсан залуучуудаас нэг нь босоод ирсэн. Тэд нар бас манай эхнэрийг элдвээр хэлээд байсан. Би тэгээд тэр залуутай барилцаад авсан, тэгээд тэр босоод ирэхээр нь цохиод авах гэтэл тэр залуу миний хамар луу цохиод авсан.
...хажуугийн ширээний залуучуудын нэг нь “чамтай юм яриагүй байна” гэхээр нь би “та нар дуугүй байгаач” гэсэн чинь улаан пальто өмссөн залуу босож ирээд “чи хуучин хороололд байгаа шүү дээ” гээд намайг бариад авсан. Би ч мөн адил цамцнаас нь бариад авсан чинь хамт явж байсан залуучууд нь хажуугаар орж ирээд миний хувцаснаас зуурсан бөгөөд яг тэр үед гаднаас цагдаа орж ирэхэд бүгд салсан юм. Би цагдаатай уулзаад эргээд харсан чинь улаан пальто өмссөн залуу /Ганбаяр/ миний хамар руу нэг удаа цохьсон, тэгэхэд миний хамарнаас цус гарсан.
... улаан пальто өмссөн залуу ***/ текний урагшаа нэг ч очоогүй бөгөөд хамт явж байсан залуучуудтай цуг ширээн дээр сууж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 6, 62 дахь тал/,
-Гэрч А***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Би нөхөр *** ийн хамт 19 цагийн үед шинэ Дарханд байдаг “Өсөх трейд” ХХК-ны “Өсөх” ресторанд хоол идэх гэж орсон. Тэгсэн тэнд 5-6 залуучууд согтуу сууж байсан. Тэгээд бид 2 буцаж гарах гэснээ болиод буцаад суусан. Тэгээд би нөхөртэйгээ сууж хоолоо захиалах гээд зөөгчийг дуудаж захиалгаа өгтөл тэр 5-6 залуучууд зөөгчийн өмнөөс хоол байхгүй гэх шиг юм яриад байсан. Тэгсэн тэнд сууж байсан саарал куртиктэй залуу нь надруу Оройн мэнд гэх шиг юм яриад намайг өдөөд байсан.Тэгсэн тэнд сууж байсан залуучууд миний тухай ярьж байгаа бололтой шингэн үстэй юм байна гэх шиг зүйл яриад байсан. Би тэгэхээр нь тэр ширээн дээр сууж байсан 5-6 залуучууд руу “та нар юу гээд байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь тэнд байсан залуучууд шуугилдаад босож ирээд бид 2 дээр хүрээд ирсэн. Тэгээд манай нөхөр *** “та нар яагаад байгаа юм бэ?, уусан идсэнээ аятайхан шингээж яв л даа” гэж хэлсэн. Тэгсэн тэд нарын нэг нь манай нөхөр *** йг бариад авахаар нь би гадагш гарч цагдаа дуудахаар гарч явсан. Намайг орж ирсэн чинь манай нөхрийг тэр залуучууд тойроод зогсчихсон нэг залуу урд нь зогсчихсон олон юм яриад зогсож байсан. Дуудлагаар орж ирсэн цагдаа тэдгээр залуучуудыг холдуулж байсан чинь нэг залуу нь манай нөхөр *** ийн нүүр лүү нь цохих шиг болсон.Тэгээд манай нөхөр *** ийн хамарнаас цус гарч эхэлсэн. Тэгсэн тэр цагдаа тэр цохисон залууг эрүүлжүүлэх рүү өгч явуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 8 дахь тал/,
-Гэрч *** йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:: “Нэг мэдсэн чинь хүмүүс маргаад байсан. Би тэгээд очоод салгасан. *** нэг залуутай барилцаад авчихсан байсан. Хажууд нь *** зогсож байсан. Намайг очоод салгахын зуургүй *** эр залуу 2 бие биенээ цохилцоод авсан. Тэгээд тэр 2-г салгаад байж байтал цагдаа орж ирсэн. ” гэх мэдүүлэг /хэргийн 9 дэх тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд тэнд хэрүүл маргаан болж *** ахтай маргаж байсан залууг нэг цохиод авах шиг болсон. Тэгээд тэнд байсан хүмүүс тэр маргааныг болиулсан юм. Би гадагш гарч явчихаад ороод иртэл цагдаа нар ирчихсэн Ганбаярыг аваад явж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/,
-Хохирогч *** ийн биед үзлэг хийж гаргасан: “*** ийн биед тархи доргилт, хамар ясны шинэ хугарал, нүүрний цус хуралт, хэлний шарх тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой,эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1306 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 15 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 51 дэх тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** хэдэн залуучуудтай барилцаад авсан байсан. тэгэхээр нь би салгаад зогсож байхад *** ийг хуучин хорооллын *** буюу *** гэж залуу нүүр рүү нь нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би салгаад *** ыг эрүүлжүүлэх рүү явуулсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 63-64 дэх тал/,
-Шинжээч эмч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хамар ясны хугарал нь 4 долоо хоногт эдгэрдэг учраас энгийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх мэдүүлэг /хэргийн 67 дахь тал/,
-Эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хэргийн 77 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багт байрлах “Өсөх” бааранд үл ялих зүйлээр шалтаглан тэнд үйлчлүүлж байсан иргэн *** тэй маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан танхайн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3-т заасан “урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд” гэдэгт урьд шийтгэлтэй давтанг, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4-т заасан “давтан” гэдэгт урьд шийтгэлгүй давтанг хамааруулан ойлгох тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.3 болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ***ын үйлдлийн улмаас хохирогч *** йн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан, шүүгдэгч *** нь 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5-д зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, биечлэн эдлүүлэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаанд танхайрах гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгч ***ыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, урьд нь энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *** нь хохирогч ***д 200000 төгрөг төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-т заасныг баримтлан шүүгдэгч *** т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч *** г танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, урьд нь энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа үйлдсэн гэм буруутайд
тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-т зааснаар шүүгдэгч *** т 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан шүүгдэгч ***т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сар хорих ял дээр 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсаныг сэргээж, түүний эдлээгүй үлдсэн ялын зарим хэсэг буюу 5 сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч ***ыг 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ