Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0064

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0070/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Отгонтуяа,
        Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201409000103 дугаартай хэргийг 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, ***  өдөр төрсөн, ***  настай, *** , бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,
-2000 оны 1 дүгээр сарын 12-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
-2001 оны 8 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан,
-2011 оны 3 дугаар сарын 2-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан

Шүүгдэгч ***  нь 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ***  дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын бөс барааны тасгийн лангуун дээр байсан иргэн *** ийн гадуур хувцасны халааснаас 1120000 төгрөгтэй түрүүвчийг хулгайлж, бусдад 1120000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч *** гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Дархан зах дээр би нэг ор зээлээр авсан юм. Тэгээд зээлээ төлөх гээд зээл өгсөн хүнтэйгээ уулзах гэтэл  байхгүй болохоор нь Дархан захын бөс барааны дэлгүүрээс хүний түрүүвч хулгайлан бусдад хохирол учруулсан, хохирлыг барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм үйлдэл хийхгүй.”гэх мэдүүлэг,  
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 5 дахь тал/,
-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хэргийн 6 дахь тал/,
-Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд мөнгө хурааж авсан тэмдэглэлийн гэрэл зураг /хэргийн 7 дахь тал/,
-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 8 дахь тал/,
-Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 11 дэх тал/,
-Хохирогч *** ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...тэгээд эхнэр бид хоёр хайгаад олдохгүй болохоор нь худалдагчаас асуусан чинь худалдагч эгч манайх камертай, шүүлгээд үзчих гэхээр нь Дархан захын хяналтын камерийг шүүлгээд үзсэн чинь нэг эмэгтэй аваад гарч байгаа бичлэг байсан. 
...нийт ямар ч байсан 1120000 төгрөг байсан юм.
...би хохирлын үлдэгдэл 333450 төгрөг *** аас авсан, одоо надад нэмж ярих зүйл байхгүй ээ.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14 дэх тал/,
-Гэрч *** ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...тэгээд тэр дээлээ авах гээд манай нөхөр гэнэт миний гадуур хувцасанд байсан түрийвчтэй мөнгө алга болсон байна гээд хайгаад олоогүй.
...бид хоёр цагаан сарын эд зүйл, дээл хувцас авах гээд бараг 1200000 төгрөгтэй Салхитаас гарсан юм. тэгээд 100000 төгрөгөөр нь хүнсний зүйл авчихаад үлдсэн 1100000 төгрөг нь бөс барааны хэсэг рүү ороход манай нөхрийн гадуур хувцасны халаасанд байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 23 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн си ди-нд бичигдсэн бичлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***  нь 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын бөс барааны тасгийн лангуун дээр байсан иргэн *** ийн гадуур хувцасны халааснаас 1120000 төгрөгтэй түрүүвчийг хулгайлж, бусдад 1120000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.    
    
    Иймд шүүгдэгч *** г бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
    
Хохирогч *** нь “би хохирлын үлдэгдэл 333450 төгрөг *** с авсан, одоо надад нэмж ярих зүйл байхгүй ээ.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14 дэх тал/ өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *** гийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

    Шүүгдэгч ***  нь 2000, 2001 онуудад бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, 2011 онд бусдын эд хөрөнгө залилан мэхэлж авах гэмт хэрэг үйлдсэний дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байдал дуусаагүй байхад бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ***  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч ***  нь 13-23 насны 3 хүүхдийн хамт амьдардаг боловч нөхөр нас барсан, насанд хүрсэн хүүхэд нь Улаанбаатар хотод оюутан, 1999 оны 1 сарын 1-ны өдөр төрсөн хүү *** ,  2001 оны 10 сарын 4-нд төрсөн хүү *** нарыг харж хандах ах дүү байхгүй гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-т заасны дагуу насанд хүрээгүй *** нарт харгалзан дэмжигч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч *** г бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүгдэгч *** д 1 /нэг/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ***  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-т зааснаар шүүгдэгч *** гийн 1999 *** өдөр төрсөн хүү *** 2001 оны *** төрсөн хүү *** нарт харгалзан дэмжигч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад ***/ үүрэг болгосугай.
 
    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй си ди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ