| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00381/И |
| Дугаар | 00383 |
| Огноо | 2020-06-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 00383
| 2020 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 153/ШШ2020/00383 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Хандгайтын ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, Тавт овогт Мижидийн Г //-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дгийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 153/2020/00381/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбартаа:...М.Г нь 1964 онд Мижидийн 5 дахь хүүхэд олж төрсөн. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын ерөнхий боловсролын сургуульд 1973 онд 1 дүгээр ангид элсэн орж 1980 онд 8 дугаар ангиа төгссөн.
1980 онд Улаанбаатар хотын төмөр замын техник мэргэжлийн сургуулийн замын ангид суралцаж, 1982 оны 6 дугаар сард төгссөн. Хуваарилагдсан газар очиж ажиллаагүй улмаас техник мэргэжлийн сургуулийн гэрчилгээ авч чадаагүй болно. 1982 оны 8 дугаар сараас 1983 оны 02 дугаар сар хүртэл Толгойтын жолоочийн курст 6 сар сууж төгсөөд Ховд аймагт ирсэн.
1983 оны Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123-р ангид цэргийн албанд татагдсан. Цэргийн алба хааж байх хугацаанд өөрийн аав Мижидийн бие муудан нас барж бага насны 3 дүү өнчирч үлдсэн учир, цэргийн үүрэгт албанаас ар гэрийн гачигдлын улмаас хугацаанаас өмнө халагдсан.
Тухайн жилдээ Түмэнхишиг гэдэг хүнтэй гэр бүл болоод Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт запас сэлбэгийн нярваар ажиллаж байгаад 1990 онд жолооч болсон. Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэр тараад 5 компани болж задрахад Мандал ХК-д ажиллаж байгаад Хан Орд ХХК руу шилжиж ажилласан.
Тухайн үед Хан Орд ХХК-д ажиллаж байсан үеийнхээ хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байсан. М.Г нь 1995, 1996 онуудад алдаг, оног ажиллаж байгаад эхнэр Түмэнхишигийн бие нь муудаад эмчилгээнд явж байгаад Улаанбаатар хот руу шилжсэн. Хөдөлмөрийн дэвтрээ Хан-Орд ХХК-иас авахаар ирсэн боловч Баяраа гэдэг дарга нь байхгүй гэж хэлээд өгөөгүй гэж хэлсэн.
Нэхэмжлэгч группт орох гэсэн боловч ажилласан жил нь хүрэхгүй байгаа учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.
Иймд М.Гын Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл запас сэлбэгийн няраваар, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Мандал ХК-д 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Хан-Орд ХХК-д 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг М.Гын Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл запас сэлбэгийн няраваар, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Мандал ХК-д 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Хан-Орд ХХК-д 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Г нь Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл запас сэлбэгийн няраваар, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Мандал ХК-д 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1020 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 88 дугаар “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 253 дугаар архивын лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 144 дугаартай “Ховд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байсан Нэгдэл дундын үйлдвэр нь 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Мандал ХК болж өөрчлөн зохион байгуулагдсан ба түүнээс 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Орд ХХК салж бүртгэл хийгдсэн болно” гэх бичилттэй лавлагаа, гэрч Т.Шагжийн “....Намайг Ховд аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байх үед буюу 1985 онд М.Г нь манай үйдвэрт няраваар ажилд орсон. Ингээд 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл М.Г нь тус үйлдвэрт авто сэлбэгийн няраваар ажиллаж байгаад надад няравын ажлаа өгөөд М.Г нь 34-16 ХО улсын дугаартай самсмол машины жолооч болсон. М.Г нь Ховд аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт жолоочооор ажиллаж байгаад Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэр Мандал ХК болоход үргэлжлүүлэн тус компанид жолооч болсон. 1993 онд Мандал ХК нь хуваагдаж, Хан-Орд ХК, Нэвтийн рашаан сувилал, барилгын компани болж хуваагдсан. Энэ үед Хан-Орд ХК-нд М.Г нь 34-16 ХО улсын дугаартай самсмол маркийн машинтайгаа жолоочоор очсон....” гэх мэдүүлэг, гэрч Д.Дашгалын “....Намайг Ховд аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажиллаж байх үед буюу 1985 онд М.Г нь манай үйдвэрт сэлбэгийн няраваар ажилд орсон. Ингээд М.Г нь 1989, 1990 он хүртэл тус үйлдвэрт сэлбэгийн няраваар ажиллаж байгаад самсмол машины жолооч болсон. Ингээд 1991 оны 12 дугаар сард өмч хувьчлал болоход Мандал ХК, Хан-Орд ХК-иудад үргэлжлүүлэн жолоочоор 1993 оны 6 дугаар сар хүртэл ажилласан. М.Г бид 2 хамтдаа 8 жил 6 сар тасралтгйү хамт ажилласан...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-8, 15, 29-31, 32-33 дугаар тал/
Харин нэхэмжлэгч М.Г нь Ховд аймгийн Хан-Орд ХХК-д 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд М.Г нь Ховд аймгийн Хан-Орд ХХК-д 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Г нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулаагүй талаарх Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 152 дугаар албан бичгээр ирүүлсэн Мижидийн Г // нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоход бүртгүүлээгүй, шимтгэл төлөөгүй гэх тодорхойлолт, Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1984 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн н/241 дугаар тушаалаар 1984 оны 8 дугаар сарын 29-ний өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4042 дугаартай лавлагааны хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 11, 12 дугаар тал/
Хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын даргын 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б-I-239 дүгээр ТМС төгсөгчдийг хуваарилах тухай тушаалын хуулбар, Улаанбаатар төмөр замын техникумын захирлын 1981 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 289 дүгээр 1981-82 оны хичээлийн жилд ТМДС-ийн I-р ангид сурагчид элсүүлэх тухай тушаалын хуулбарууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудсанд авагдсан иргэн Т.Шагж, Д.Дашгал нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тавт овогт Мижидийн Г //-ын Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл запас сэлбэгийн няраваар, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Мандал ХК-д 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч М.Г нь Ховд аймгийн Хан-Орд ХХК-д 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ