Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 00384

 

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2020/00384

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан сумын Тахилт багт оршин суух, Арал овогт Цын Ч //-ы нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 153/2020/00382/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:… Ц.Ч нь 1985 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийг 8 дугаар анги төгссөн....1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1993 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д малчнаар ажиллаж байсан. 1993 оноос 2020 оны 4 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Тахилт багт малчнаар ажиллаж амьдарч байна. 1993 онд нөхөр болох Б.Батпүрэвтэй гэр бүл болсон. 1990-2000 оныг дуустал нөхөн бичилт хийлгэж авсан.

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч анх ажилд орсон гарсан тушаал архиваас олдохгүй байгаан улмаас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна.

 Ц.Ч нь 1985 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн талаар хэлсэн боловч баримт харахаар 1988 онд 10 жилийн сургуулийг төгссөн болох нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР баримтаар харагдаж байгаа тул хүсэлт гараггчийг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.    

   

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь нэхэмжлэлийн шаардлагыг Ц.Чы Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Ч нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлиын Тахилт бригадын 1988, 1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, нэхэмжлэгч Ц.Чы Ажилладаг гэх хэсэгт Тахилт хэсэг, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт ямаачин, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.06.18 гэх бичвэртэй ХААТР-1/Б/ маягтын хуулбар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 61 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 8-9, 36, 37 дугаар тал/

Ц.Ч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1608000993 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 10 дугаар тал/

Хавтаст хэргийн 5-7 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн 1985-1987 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн И.Суманхүү, Ж.Гантөмөр нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 26-28 , 29-31 дүгээр хуудсанд авагдсан гэрч Б.Энхбаяр, Ж.Гантөмөр нарын мэдүүлэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 61 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар зэргээс зөрсөн, бодит байдалтай нийцэхгүй буюу уг мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Ц.Чы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Арал овогт Цын Ч //-ы Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Чы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            С.ОЮУНЖАРГАЛ