| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00383/И |
| Дугаар | 00385 |
| Огноо | 2020-06-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 00385
| 2020 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 153/ШШ2020/00385 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багт оршин суух, Таванбогд овогт Шгийн О //-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 153/2020/00383/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд оролцож байна. Ш.О нь Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын харьяат хүн байгаа.
Ш.О нь 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын 8 жилийн сургуулийг төгссөн. 1988 оны 6 сард Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 10 жилийн сургуулийг төгссөн.
1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж байгаад нөхөр Төртүвшинтэй гэрлээд Ховд аймгийн Чандмань суманд шилжиж ирээд өнөөдрийг хүртэл малчнаар ажиллаж байна.
Иймд нэхэмжлэгч Ш.Оыг Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Гучин таван жил нэгдлийн Цоохор нуур бригадад 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Нэгдэлд бог мал малладаг байсан....гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь нэхэмжлэлийн шаардлагыг Ш.Оын Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Гучин таван жил нэгдлийн Цоохор нуур бригадад 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.О нь Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Гучин таван жил нэгдлийн Цоохор нуур бригадад 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Шгийн Оын 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, нэхэмжлэгч Ш.Оын Ажилладаг гэх хэсэгт 10-н жилийн сургуулийн 10 дугаар анги, ажилд орсон он гэх хэсэгт 1986, эрхэлдэг ажил гэх хэсэгт сурагч, он, сар, өдөр гэх хэсэгт 1987.11.18 гэх бичвэртэй ХААТР-1/Б/ маягтын хуулбар, гэрч Л.Энхмандахын “....Ш.О бид хоёр Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын 8 жилийн дунд сургуульд 1978 онд элсэн орж, 1986 оны хавар 8 дугаар анги төгссөн. Ингээд Ш.О нь надтай хамт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 10 жилийн дунд сургуульд очсон. Гэхдээ би Говь-Алтай аймгийн төв рүү аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуулийн 10 дугаар ангиийг төгссөн. Харин Ш.О нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж байсан. Яг 10 дугаар анги төгссөн эсэхийг мэдэхгүй байна. Намайг Улаанбаатар хотоос буцаж сумандаа ирэхэд Ш.О нь Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд эцэг эхтэйгээ хамт байсан. Эцэг эх нь малчин болохоор би Ш.Оыг мал маллаж байсан гэж боддог....” гэх мэдүүлэг, гэрч Н.Оюунчимэгийн “...Ш.Оын аав Шагдарынхтай хамт Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Цоохор нуур бригадад хамт айл саахалт байсан. Ш.О бид хоёр нэг нутагт төрж өссөн. Ш.О нь 1986 онд 8 дугаар анги төгсөөд малчин болсон гэж бодож байна. Ш.О нь 1991, 1992 оны үед Ховд аймгийн Чандмань сумын хүнтэй гэр бүл болж, Ховд аймагт шилжиж ирсэн. Үүнээс хойш би Ш.Отгонбярын талаар мэдэхгүй....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-15, 27-28, 29-30, 35-36 дугаар тал/
Ш.О нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оны 5 дугаар сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1615000087 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 19 дүгээр тал/
Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Оюунцэцэг, М.Энхболд нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Ш.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Таванбогд овогт Шгийн О //-ын Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Гучин таван жил нэгдлийн Цоохор нуур бригадад 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ