Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0069

 


      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0079/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000110 дугаартай хэргийг 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ***ин мэргэжилтэй, *** тоотод оршин суудаг, *** ял шийтгэлгүй

    Шүүгдэгч *** нь 2014 оны 2 дугаар сарын 3-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “MBM” зочид буудлын хойд талын төв зам дээр ***  улсын дугаартай *** маркын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1.а, 2.5в, 2.7а, 9 дүгээр бүлгийн 9.2-т заасныг зөрчин иргэн *** жолоодож явсан Хюьндэй аванте маркын *** улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргаж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
 
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 2 сарын 3-ны өглөө 9 цагт  ажилдаа  яваад  өдөр 12 цагт  тарсан,  тэгээд  ажлынхаа  залуугийнд  очиж бууз  жигнүүлж  идээд  нэг  шил  0.75-ын  Улаанбаатар  архи  уугаад  2  цаг  өнгөрөөгөөд


D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Chinbat 216.2.doc
гараад манайд ирээд хоол хийж идээд буцаад гарсан. Биржийн доор байдаг Глакси гэдэг кароаке бааранд ороод хүний нэг нэг пиво авч уугаад тэндээ байж байгаад би 16 цагийн орчим гэрлүүгээ салаад явсан. Гэртээ ирчихээд машин асахгүй байхаар нь чирүүлээд машинаа асаагаад бирж ороод буцаад явж байх замдаа микрийн урд “МБМ” зочид буудлын урд зогсож байсан машины араас нь мөргөсөн тэгээд гарч ирээд жолоочтой нь тохиролцъе гэж ярьсан чинь жолооч нь цагдаа ирэхийг хүлээнэ гээд, дотор нь сууж явсан хүмүүс хүүхэд алаад хаячихлаа гээд байхаар нь айж сандарсандаа толгойтод байдаг эгчийнх руугаа очсон. Тэндээ байж байгаад шууд цагдаа дээр ирсэн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг, 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-7 дахь тал/,
-“...2014 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 20 цаг 35 минутын орчимд Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэр ““***” зочид буудлын өмнөх автомашины хатуу хучилттай зам дээр гарсан зам тээврийн ослыг шалгаж үзэхэд ***  нь Хюьндэй соната-5 маркын ***  улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 /Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэсэн заалт, мөн дүрмийн 2.5.в /зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх/ гэсэн заалт, мөн дүрмийн 2.7а /согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно/ гэсэн заалт, мөн дүрмийн 2.1.а /тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй явна/ гэсэн заалтуудыг зөрчиж, жолооч ***ын жолоодож явсан Хюьндэй аванте маркын *** улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан гэж үзэж ослын дүгнэлт гаргаж байна” гэх дүгнэлт /хэргийн 9 дэх тал/,
-Иргэний нэхэмжлэгч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний буруу талын арын хаалга онгойж нэг хүүхэд орж ирээд суух мөчид араас миний машиныг мөргөсөн. Миний машиныг мөргөсөн машин жолооч талын хаалгыг хаагаад зогссон. Миний машиныг мөргөсөн машины жолооч машинаасаа бууж ирээд 300000 төгрөг өгье, хоёулаа тохиролцоё гээд байсан. Би зөвшөөрөөгүй, цагдаа хүлээнэ гээд байж байхад нөгөө жолооч цагдаагийн машин ирэх үед хаашаа ч юм бүү мэд машинаа орхиод алга болсон байсан.
...машиныхаа эвдрэлийг засварлах талаар үнэлгээ хийлгэж байгаа, тэрнийхээ дагуу хохирлоо барагдуулна.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14 дэх тал/,
-Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр хурдтай явж байсан машин хүү бид хоёрын суух гэж байсан машиныг ирж мөргөсөн.
...цагдаа ирэхээс өмнө мөргөсөн гэх автомашины жолооч нь байхгүй байхаар нь нөгөө жолоочоос “хааччихсан юм бэ?”гэж асуухад “мэдэхгүй ээ, саяхан энд байсан шүү дээ, хаачсаныг нь мэдэхгүй байна” гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/,
-Насанд хүрээгүй гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гүйж очоод арын суудал дээр суусан чинь миний суусан автомашины араас нэг автомашин маш хүчтэй ирээд мөргөчихсөн юм. Миний суусан автомашины араас нь автомашин мөргөх үед би духаараа хамгаалалтын бүсний хатуу зүйлийг мөргөөд арагшаа болсон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,
-“*** ийн биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 28 дахь тал/,
-Ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн тухай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 30-33 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 50 дахь тал/,
-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 53 дахь тал/,
-Хохирол төлсөн тухай тайлбар, баримт /хэргийн 59, 65 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 2 дугаар сарын 3-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “***” зочид буудлын хойд талын төв зам дээр *** улсын дугаартай Хюьндэй соната-5 маркын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 /Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/, 2 дугаар бүлгийн 2.5.в /зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх/, 2.7а /согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно/ гэсэн заалт, мөн дүрмийн 2.1.а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй явна/ гэсэн заалтуудыг зөрчиж, жолооч ***ын жолоодож явсан Хюьндэй аванте маркын *** улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргаж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч ***ыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

    Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч ***д 2068500 төгрөгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ны гаргасан үнэлгээний тайлангаар /хэргийн 30-32 дахь тал/ нотлогдож байх бөгөөд иргэний нэхэмжлэгч ***д 2500000 төгрөг /хэргийн 65 дахь тал/, иргэний нэхэмжлэгч ***д 500000 төгрөг болон 400000 төгрөгийн үнэ бүхий гар утас /хэргийн 59 дэх тал/ өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

    Шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 50 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгчийн хувийн болон ажил төрлийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

    Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***д 1 жил /нэг жил/ хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ***ад оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***ад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***ад мэдэгдсүгэй.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***ад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***ад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ