| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00387/И |
| Дугаар | 00386 |
| Огноо | 2020-06-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 00386
| 2020 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 153/ШШ2020/00386 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Дарви сумын Булаг багт оршин суух, Төгс овогт Рийн Н //-н нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 153/2020/00387/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Р.Н нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбартаа:...Би 1964 онд төрсөн. 1980 онд Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгсөн.
Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 1-р бригадад 3 жил илгээлтээр мал маллаж байгаад 1983 онд цэрэгт татагдаад Зэвсэгт хүчний 123 ангид 3 жил цэргийн алба хаасан. 1986 онд улирч ахлагч болж ажиллаж байгаад Зэвсэгт хүчний 016 дугаар ангид шилжиж очсон. Тухайн анги татан буугдаж Төв аймаг руу шилжихэд Зэвсэгт хүчний 029-р анги руу шилжсэн.
1991 онд орон тооны цомхтголоор хүмүүс халагдах үед би офицер болж талбайн дарга, салаан даргаар ажиллаж байсан. 1993 онд Ховд аймгийн Дарви сумын 1-р бригадад малчин болж ирээд одоог хүртэл мал маллаж байна.
Малчнаар тэтгэвэрт гарах гэж шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан.
Иймд намайг Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 1-р бригадад 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.Н нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1117 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын 1 дүгээр бригадын 1981-1983 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 6-8 дугаар тал/
Харин нэхэмжлэгч Р.Н нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Р.Н нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.Н нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1604000657 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1995 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 227 дугаар тушаалаар 1995 оны 5 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 000002741 дугаартай ажилласан жилийн архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 9, 10 дугаар тал/
Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Банзрагч, Д.Эрдэнэцэцэг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 34-36 дугаар хуудсанд авагдсан гэрч Д.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбараас зөрсөн буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Р.Нн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Төгс овогт Рийн Н //-н Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч Р.Н нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Нн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ