Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Б.Энэрэл,

хохирогч Ч.Ариунболд,

шүүгдэгч У.Батхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Цагаан сүүлт овгийн Улаанхүүгийн Батхүүд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 2092 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Цагаан сүүлт овгийн Улаанхүүгийн Батхүү Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Буд-Оюу” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, 04 насны хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамжны “Парк хаус” хотхоны 101 дүгээр байрны 39 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, УЕ84100112 дугаарын регистртэй.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч У.Батхүү нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчим их хэмжээний мөнгө зээлчихээд өгөхгүй зугтаалаа гэсэн шалтгааны улмаас иргэн Ч.Ариунболдыг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгийн 1 давхарт байрлах ажлынхаа өрөөнд байхад нь очиж уулзан маргалдаж, улмаар тус өрөөнд болон эмнэлгийн гадна байх авто зогсоол дээр иргэн Ч.Ариунболдын толгой руу гараараа цохих, цээж рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Батхүү мэдүүлэхдээ: Ч.Ариунболд нь миний төрсөн дүү Батжаргалын нөхөр Батболдын үеэл нь юм. Тухайн үед Ч.Ариунболд нь мөнгө зээлдэг ажил хийдэг гэж байсан. Тэгээд би өөрийн амьдарч байсан байрыг барьцаанд тавьж байгаад зээл авч, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ч.Ариунболдод 32,0 гаруй сая төгрөг зээлүүлсэн. Ч.Ариунболд нь надаас авсан мөнгөө цааш нь өөр хүмүүст зээлүүлж, мөнгө сураггүй болсон. Би зээлийн төлбөрт банкинд 120.000.000 төгрөгийн буцаан төлөлт хийж, дээр нь байраа хураалгасан. Ч.Ариунболдод зээлүүлсэн мөнгөө авах гэж удаа дараа Ч.Ариунболдтой уулзаж, шаарддаг байсан. Сүүлдээ Ч.Ариунболд нь уулзах гэхээр ажилтай гээд уулздаггүй болсон. Би байраа хураалгасандаа бухимдаж, уурандаа 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ч.Ариунболдын ажил “Мөнгөн гүүр” эмнэлэг дээр очсон. Тэгээд Ч.Ариунболдыг дуудахад нилээн удаж байж гарч ирсэн. Ч.Ариунболдыг гарч ирэхээр нь мөнгөө нэхэж, мөнгөнөөс болж бид маргалдсан. Тэгээд “Мөнгөн гүүр” эмнэлгийн гадаа тавьсан байсан машиндаа суулгаж ярилцах санаатай машин руу Ч.Ариунболдыг суулгах гэхэд суухгүй байсан. Тэгэхээр нь Ч.Ариунболдын нүүр, мөр, хүзүү орчимд нь цохисон байх, хаана нь цохисоноо одоо санахгүй байна. Дараа нь Ч.Ариунболдоос уучлал гуйж, эмчилгээний гарсан зардалд нь 700.000 төгрөг төлсөн. Бид эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ариунболд: “2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр У.Батжаргал, Ботболд нартай мөнгө зээлүүлэх талаар хоорондоо ярилцаж тохиролцсон. Харин зээлүүлэх мөнгөө У.Батжаргал надад хэлэхдээ “У.Батхүү ах надад мөнгө зээлүүлнэ” гэж хэлсэн. Тухайн үед У.Батхүү ах байраа барьцаанд тавиад мөнгөтэй болсон байсан. У.Батхүү ахаас зээлсэн мөнгөө 1 жилийн хугацаанд өсгөж өгөх юм бол  У.Батхүү ах 3 өрөө байр авч өгнө гэж хэлсэн талаар манай үеэл Батболд, У.Батжаргал хоёр надад ирж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл хүмүүст мөнгө зээлүүлэх ажил хийе гээд “үнэгүй.mn” дээр мөнгө зээлүүлэх зар тавьсан. Тэгээд У.Батжаргал, У.Батхүү ахын данснаас нь 3-5 сая төгрөгийг бага багаар авсаар байж 32.000.000 төгрөгийн өрөнд орсон байсан. Биднээс зээл авсан хүмүүсээс арав гаруй хүн нь зээлээ буцааж төлөөгүй байгаа юм. Эдгээр хүмүүс нь мөнгөө өгөхгүй байна гэдэг шалтгаанаар У.Батхүү ах надаас мөнгөө нэхэмжилж эхэлсэн. У.Батжаргал, Батболд бид “Буд-Оюу” ХХК-ийн менежер болж мөнгө зээлүүлэх ажиллагааг гардаж явуулсан. Одоо би У.Батхүү ахад 10.000.000 төгрөг өгөх ёстой юм. Би анх У.Батхүү ахаас мөнгийг чинь өсгөөд өгье гэж хэлж аваагүй. Намайг 2016 оны 7 дугаар сард мөнгө залилсан гэх шалтгаанаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж шалгуулж байсан. Баянгол дүүргийн цагдаагийн газар надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хувийн шалтгаанаар намайг ажлын байран дээрээ байхад У.Батхүү ах манай ажлын өрөөнд шууд орж ирээд “мөнгөө өг” гэж хэлээд миний шанаа руу хоёр удаа цохисон. Тэгээд надтай хамт ажилладаг н.Балдандорж гэдэг залуу цагдаад дуудлага өгсөн. Би У.Батхүү ахад “хувцсаа солиод гаръя” гэж хэлж, эргэж ороод аав руугаа залгаж, бас 102 руу цагдаад дуудлага өгсөн. Тэгээд хувцсаа солиод ажлын гадна гараад ирэхэд У.Батхүү ах намайг машиндаа суулгаж авч явах гээд байсан. Тэгэхээр нь би цагдаа иртэл явахгүй гэхэд миний толгой, цээж рүү гараараа болон хөлөөрөө өшиглөж цохисон. Шүүгдэгч У.Батхүүгийн үйлдлээс болж миний цээж бүрэн бус хугаралтай, хавирга бас хугарсан байсан. Гэмтэл авсанаас хойш 2016 оны 08 дугаар сарын 10-наас 10 гаруй хоног ажилдаа яваагүй тул мөрдөн байцаалтад эмчилгээний зардал, цалин хөлс зэргийг нэхэмжилж байсан. Эмчилгээний зардалд 700.000 төгрөг хүлээн авсан. Одоо надад шүүгдэгч У.Батхүүд гомдол саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй. Би У.Батхүү ах уучлал гуйвал эвлэрье гэж мөрдөн байцаалтад мэдүүлж байсан. У.Батхүүтэй сайн дураараа эвлэрсэн болно гэв.

 

Эрүүгийн 2016 2601 2092 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:

 

1.Хохирогч Ч.Ариунболдын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2015 оны 01 дүгээр сард Батхүү гэдэг хүний доор нь ажиллаж хүмүүст зээл олгодог байсан. Тухайн үед 10 орчим хүнээс зээлийн эргэн төлөлт аваагүй. 2015 оны 02 дугаар сараас хойш би Батхүүгийн доор ажиллахаа больсон. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 10 цаг 30 минутын үед намайг ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Мөнгөн гүүр” эмнэлгийн 1 давхрын клиник лабораторын тасагт хамт ажилладаг Балдандоржийн хамтаар шинжилгээ хийгээд байж байхад гаднаас У.Батхүү орж ирээд “мөнгөө авъя пизда минь” гээд нүүрэн тус газар хоёр удаа цохисон. Би өөрөөсөө Батхүүг холдуулаад “хүн амьтан байна, гарч байгаад учраа ольё” гэж хэлээд хувцасаа сольж байхдаа цагдаад дуудлага өгсөн. Би хувцасаа соличихоод Батхүүг дагаад эмнэлгээс гарахад Батхүү эмнэлгийн урд талын зогсоол дээр зогсож байсан. “Тоёота Приус” маркийн авто машинд суулгах гэсэн. Би суухгүй гээд эсэргүүцэхэд хоёр удаа шанаан тус газар цохихоор нь доошоо тонгойход Батхүү нуруун тус газар тохойгоороо цохиж, цээжин тус газар дөрвөн удаа хөлнийхөө өвдөг хэсгээр цохисон. Ингээд байж байтал цагдаа ирээд Батхүүг надаас салгаад Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр авчирсан. Би шүүх эмнэлгийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 11267 тоот дүгнэлттэй уншиж танилцсан. Уг дүгнэлт дээрх өвчүү ясны хугарал, тархи доргилт, хүзүүний зулгаралт гэмтлүүдийг Батхүү надад учруулсан. Би өмнө нь Батхүүгийн мөнгө зээлэх үйл ажиллагаанд нь ажиллаж байсан. 80 орчим хүнд мөнгө зээлээд 10 гаруй хүн нь өгөөгүй. Тэр мөнгийг надаас нэхээд байгаа юм. Уг асуудлаар Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаад Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өмнө нь надаас байнга утсаар болон ажил дээр ирж мөнгө нэхдэг байсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй. Батхүүтэй хамт явж байсан залуу нь намайг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг цохиж зодуулахыг хамт ажилладаг залуу Балдандорж харсан. Харин гадаа зодуулж байхыг Батхүүтэй хамт явж байсан залуу харж байсан...” гэх мэдүүлэг [1] ,

            -2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дахин мэдүүлсэн: “...Томографийн зураг 450,000 төгрөгөөр өөрийн ажилладаг газар авхуулсан. 85,000 төгрөгөөр эм, тариа худалдан авсан. Өөр эмчилгээ байсан ч би хийлгээгүй. Нийт 535,000 төгрөг эмчилгээнд зарцуулсан. Би Хатанзориг байцаагчид ...Батхүүтэй эвлэрээд тохиролцъё гэж хэлж байсан. Гэвч Батхүү надад хандан нэг ч удаа уучлаарай гэж хэлээгүй болохоор би буцаад гомдолтой гэж хэлсэн. Эмчилгээний зардал 535,000 төгрөгийг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг [2],

 

2.Гэрч У.Батжаргалын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “… Би 2015 оны 01 дүгээр сард нөхөр Батболдоор дамжуулан хамаатны үеэл Ариунболдтой танилцаж байсан. Нэг орой манай нөхөр намайг гараад ир, Ариунболдтой уулзъя гэнэ гэхээр нь би зөвшөөрөөд гэрийнхээ гадаа машин дотор Ариунболдтой уулзсан. Ариунболд хэлэхдээ “би хүмүүст мөнгө зээлдэг, энэ их ашигтай байдаг. Одоо мөнгө зээлэх гэсэн чинь мөнгө дуусчихсан. Чи машинаа зараад надад зээлчих, би хоёр сарын дотор энэ машинаас чинь том машин болгоод өгье” гэхээр нь би тэр өдрөө хариу өгөлгүй гэртээ орсон. Маргааш нь Ариунболд хамаатны хэдэн залуугийн хамт манай гэрт ирээд дахин чи машинаа зарчих, мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би “эрсдэл байгаа юу” гэхэд Ариунболд “амьдралыг чинь дээшлүүлье” гэж байхад чинь гэж хэлээд уурлахаар нь би зөвшөөрсөн хариу өгсөн. Тэр өдрийнхөө орой би өөрийнхөө унаж байсан машиныг зарахаар зар тавьсан. Маргааш өглөө нь би өөрийнхөө машиныг 10,000,000 төгрөгөөр зараад 7,500,000 төгрөгийг нь манай нөхөр Ариунболдод өгсөн. Хоёр хоносны дараа Ариунболд надад “7,500,000 төгрөгийг хүмүүст зээлүүлээд дууссан” гэж хэлсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Ариунболд “мөнгө дуусчихсан чинь хийх юмгүй байна. Дахин мөнгө байвал гаргаж баймаар байна” гэж хэлэхээр нь би төрсөн ах Батхүүтэй утсаар ярьж уулзаад “мөнгө байвал өгөөч” гэхэд Батхүү ах “юу хийх гээд байгаа юм” гэсэн. Би “ажил бүтээд цаашаа боломжтой байгаад байвал таньд юу хийж байгаагаа хэлье” гэж хэлэхэд Батхүү ах “хоёр, гурван хоногийн дараа яръя” гэж хэлсэн. Үүнээс гурав, дөрөв хоногийн дараа Батхүү ах намайг дуудахаар гэрт нь очиход буйдан дээрээ 60,000,000 төгрөг бэлнээр тавьчихсан байж байсан. Ах хэлэхдээ чи ийм их мөнгийг бэлнээр авч яваад хэрэггүй, би ээжийн данс руу хийчихье, чи авчих гэхээр нь би тэр мөнгөнөөс бэлэн 5,000,000 төгрөгийг аваад гарах гэж байтал Батболд над руу залгаад Батхүү ахын гэрийн гаднаас ирж авсан. Би Ариунболд Батхүү хоёрт бэлэн 5,000,000 төгрөгөө өгөөд тэр өдрийн орой нь Ариунболдын данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш бага багаар бэлнээр Ариунболдод аваачиж өгч байсан. Одоо Ариунболд 37,500,000 төгрөгийн үлдэгдэл тооцоотой байгаа. Би сүүлд нь Ариунболдыг мөнгө өгөхгүй, ах мөнгөө нэхээд байхаар нь Ариунболдыг ах Батхүүтэй танилцуулаад болсон бүх асуудлыг хэлсэн. Манай ах Батхүү Ариунболдоос 30,000,000 төгрөг авна. Би ахаасаа авсан мөнгийг бүгдийг нь Ариунболдод өгсөн. ...” гэх мэдүүлэг [3] ,

 

3.Гэрч Ц.Отгонбаярын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Манай үйлдвэрийн захирлыг Батхүү гэдэг. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өглөө ажил дээрээ ирэхэд Батхүү ах надад “хоёулаа зуун айлын барилгын материалын зах орно, хамт явчихаад ирье” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Батхүү ахын “приус” маркийн машинд суугаад бид хоёр зуун айлын барилгын материалын зах явсан. Замдаа Батхүү ах “хоёулаа ийшээ яваад хүнтэй уулзъя” гээд “Мөнгөн гүүр” эмнэлгийн хашаа руу орж зогсоод, Батхүү ах эмнэлэг рүү орсон. Би Батхүү ахын машин дотор суугаад үлдсэн. Төд удалгүй Батхүү ах хохирогч залууг дагуулаад эмнэлгээс гарч ирсэн. Би машинаас буугаад харахад Батхүү ах тэр залуу руу “мөнгөө авъя” гэхэд нөгөө залуу нь “та жаахан хугацаа өгчих” гэхэд шууд Батхүү ах тэр залуугийн нүүрэн тус газар гараараа цохисон. Нөгөө залуу доошоогоо хагас тонгойход дээрээс нь тохойгоороо шилэн хүзүүн дээр нь цохиж, нилээн олон удаа гараараа тэр залуугийн цээжин тус газар нь хүчтэй цохисон. Өшөө нэлээн хэдэн удаа толгой болон цээж нуруун тус газар нь гараараа цохисон. Хөлөөрөө нэг удаа гуян тус газар нь  өшиглөж байгаа харагдсан. Нөгөө залуу над дээр ирээд “намайг авраач” гээд миний араар ороход Батхүү ах миний баруун талын суган доогуур гараа оруулаад тэр залууг дахин нэг удаа цохисон.  Батхүү ах намайг холдуулаад тэр залууг дахин шанаа,  нүүрэн тус газар нь гараараа цохиж зодоод толгойгоор нь машин мөргүүлээд байж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирэхэд Батхүү ах тэр залууг зодохоо болиод маргалдсан болоод явчихсан. Тэр залууд орилохоос өөр Батхүү ахын өөдөөс эсэргүүцэл үзүүлээгүй. Зүгээр л зодуулаад байсан. Ингээд цагдаа нар бид гуравыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр авчирсан. Тэр хоёр мөнгөнөөс болж хоорондоо маргалдсан юм шиг байна лээ. Батхүү ах тэр залуугаас мөнгө нэхэхэд нөгөө залуу нь “жаахан хугацаа өгчих” гээд байсан. Их хэмжээний мөнгө юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг [4],

4.Гэрч Б.Балдандоржийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 11 цагийн үед санагдаж байна. Намайг ажил дээрээ буюу “Мөнгөн гүүр” эмнэлгийн нэг давхрын лабораторид сууж байтал махлаг эрэгтэй өрөөнд орж ирээд “Ариунболдтой уулзах гэсэн юм” гэхээр нь би хажуугийн өрөөнөөс Ариунболдыг дуудаад, хийж байсан ажлыг нь хийж байхад нөгөө өрөөнд хүмүүс маргалдах чимээ гарахаар нь би буцаж өрөө рүү ороход махлаг залуу Ариунболдыг “эмнэлгээсээ гараад ир” гээд чангаар Ариунболд руу орилж хашгираад байсан. Ариунболд өөдөөс нь “та түр хүлээж байгаарай, би жаахан ажилтай байна” гэж хэлээд буцаад өрөөндөө ороход нөгөө махлаг ах нөгөө өрөө рүү “Ариунболдоо” гэж дуудсан. Ариунболд хаалгаар хальт харахад нөгөө ах шууд өрөө рүү явж ороод Ариунболдын хувцаснаас татаад “гаръя” гэхэд Ариунболд “би ажилтай байна шүү дээ” гээд хойшоогоо ухрахад нөгөө залуу Ариунболдын хувцаснаас татаад баруун гараараа Ариунболдын нүүрэн тус газар нь цохисон. Би босоод “та яагаад байгаа юм бэ” гээд ойртоход махлаг залуу “миний дүү ийм луйварчин хүнтэй харилцаж болохгүй шүү дээ” гээд дахин нэг удаа Ариунболдын нүүрэн тус газар нь цохисон. Ингээд Ариунболд хувцас солих өрөөнд орж хувцасаа солиод тэр залууг дагаад гарсан. ...Махлаг залуу Ариунболдын нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон. ...” гэх мэдүүлэг [5],

 

5.Гэрч Т.Чинбатын 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 10 цаг 30 минутын үед манай хүү Ариунболд миний гар утас руу залгаад “Батхүү ажил дээр ирээд намайг зодоод машинд суулгаад авч явах гээд байна” гэхээр нь би өөрийнхөө утаснаас 102-т дуудлага өгсөн. Тэр өдрөө Ариунболдтой уулзахад Ариунболд “цээж хөндүүртэй байна, толгой тархи өвдөөд байна” гэж хэлсэн. Хүүгийн маань эрүү хоолойнд ил харагдах зулгаралт, боолтын ором байсан. ...Батхүү надтай нэг удаа уулзаж байсан. Надад хэлэхдээ “би Ариунболдод мөнгө өгсөн. Тэр мөнгөө авмаар байна” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг [6],

 

6.Гэрч Б.Дарийсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Би Батхүүтэй ханилаад таван жил болж байна. ...Ариунболд манай хадам дүүгийн нөхрийн үеэл гэдгийг 2015 оны 01 дүгээр сард анх мэддэг болсон. Учир нь гэвэл манай нөхрөөс дүү болох Батжаргал нь 60,000,000 төгрөг зээлж Ариунболдод өгсөн байсан. Тэгээд энэ мөнгөө Батжаргалд өгөхгүй, манай нөхөр Ариунболдын хойноос их олон хөөцөлдөж явсан. Тухайн үед манай нөхөр бизнес хийдэг байсан учраас банкнаас мөнгө зээлсэн болохоор дүү болох Батжаргалд эргэлтийн мөнгө зээлүүлсэн. Батжаргал анх манай нөхрөөс мөнгө зээлэхдээ Батболд, Ариунболд нар надад хандан хүнд хүүтэй мөнгө зээлүүлж эргэлдүүлье, мөн төсөл хэрэгжүүлье их ашигтай юм байна, чи мөнгө зээлүүлээч гэж хэлсэн. Тэгээд би таниас 60,000,000 төгрөгийг надад итгээд зээлүүлээч гэж гуйсан юм байна лээ. Ариунболд манай гэрт ирээд 60,000,000 төгрөгийг чинь удахгүй өгнө, ахаа түр байж бай гээд л ирээд гуйгаад байдаг байсан. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байсан байх, манай нөхөр Ариунболдын ажил дээр нь очиж уулзаад маргалдаад жаахан барьцалдсан чинь цагдаа дуудаад бид нар хамт очиж уулзчихаад ирлээ гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [7],

 

7.У.Батхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2015 оны 01 дүгээр сард санагдаж байна. Ариунболд манай төрсөн дүү Батжаргалаар дамжуулж надаас 38,000,000 төгрөгийг зээлэнд гаргана гэж хэлээд авсан. Тэрнээс хойш нэг, хоёр сарын хугацаанд манай ажил дээгүүр ирж байгаад зугтаагаад алга болчихсон. Би утсаар ярихаар хүмүүст зээлчихсэн байгаа, мөнгө чинь олдохгүй байна гэж хэлдэг байсан. 2015 оны 07 дугаар сард Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл бичиж өгсөн. Тэнд шалгагдаж байх хугацаанд Батжаргал Канад улс руу суралцахаар явсан хойгуур Прокурорын байгууллага дээр түдгэлзсэн. Одоо манай дүү ирсэн болохоор хэрэг нь сэргэж байгаа. 2016 оны зун би хэд хэдэн удаа Ариунболд дээр очиж мөнгөө нэхэхэд “хүнээс удахгүй авна” гэж хэлээд хойшлуулсаар байсан. Би сүүлдээ Ариунболдод “хоёулаа хамт зээлсэн мөнгөө олж авъя” гэж хэлээд Ариунболдыг дагуулж явахад ганц хоёр хүн дээр дагуулж очсон. Тэр хүмүүс нь надад “Ариунболдоос 1,000,000 төгрөг авсан, сарын 6 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. Үндсэн мөнгийг нь өгье хүүг нь өгч чадахгүй” гэж хэлэхээр нь би Ариунболдод “чи өөрөө наад мөнгөө олж өг, би ямар ч байсан мөнгөө олж авмаар байна” гэж хэлсэн. Ариунболд байнга “та цагдаад өгсөн биз дээ, цагдаагаараа олж авахгүй юу” гэж хэлдэг. 2016 оны 08 дугаар сарын хэдний өдөр байсныг санахгүй байна, би туслах ажилтан Отгонбаярын хамтаар зуун айлын барилгын материалын зах орох замдаа Ариунболдтой уулзъя гээд Ариунболдын ажилладаг “Мөнгөн гүүр” эмнэлэг дээр очсон. Отгонбаяр машинд үлдээд би эмнэлэг рүү ороод Ариунболдын ажлын өрөө рүү нь ороход Ариунболдтой хамт ажилладаг залуу сууж байхаар нь би “Ариунболдыг дуудчих” гэсэн. Тэр хүүхэд цаашаагаа ороод Ариунболдыг дуудаж гаргаж ирсэн. Ариунболд надад “чамд өгөөд байх юм байхгүй, чи цагдаагаараа шийдүүлэхгүй юу, би мөнгийг чинь өгөхгүй” гэхээр нь би Ариунболдын энгэрийнх нь захнаас татаж өрөөнөөс нь гаргаж ирэхэд Ариунболд “би хувцасаа сольчихоод гараад ирье” гэж хэлээд цаашаагаа өрөө рүүгээ орсон. Би Ариунболдын өрөөний гадаа нь 20 минут орчим хүлээсэн. Тэр үед Ариунболд цагдаа дуудчихсан байсан. Ариунболд гарч ирээд бид хоёр эмнэлгээс гараад урд талын зогсоол дээр байсан миний машин руу явж байхад Ариунболд сөхөрч унаж ойчоод орилж хашгираад “намайг зодох гээд байна, алах гээд байна” гэхээр нь би Ариунболдыг босгох гээд хувцаснаас нь татсан. Ингээд байж байтал цагдаагийн алаг тэрэгтэй машин ирээд Ариунболд шууд цагдаагийн машинд суусан. Цагдаагийн офицер нь “юу болсон бэ” гэхэд би “энэ хүнээс зээлсэн мөнгөө авах гэсэн юм” гэж учир байдлаа тайлбарлахад Ариунболд бид хоёрыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр авчирсан. Ариунболдыг цохиж зодсон асуудал байхгүй. Ариунболд бид хоёр мөнгөнөөс болж хоорондоо маргалдсан. ...” гэх мэдүүлэг [8] ,

-яллагдагчаар 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Би Ариунболдод мөнгө өгснөөр барьцаанд байсан байр маань хураагдсан. Үүнээс болоод гэр орны амьдрал тогтворгүй болж, эхнэр хүүхэдтэйгээ харилцаа их муудсан. Ариунболдоос удаа дараа мөнгөө нэхэхэд зээлэнд гаргасан гэх мэтээр янз бүрийн шалтаг шалтгаан гаргаж миний мөнгийг өгөхгүй хоёр жил болсон.  Би удаа дараа Ариунболдтой болон аавтай нь уулзаж байсан. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би ажилтан Отгонбаярын хамтаар “Мөнгөн гүүр” эмнэлэг дээр очсон. Отгонбаярыг би машинд үлдээгээд Ариунболдын ажилладаг өрөө рүү нь ороход үүдэнд нь нэг залуу сууж байхаар нь Ариунболдыг дуудуулсан. Ариунболд цаад талын өрөөнөөсөө гараад ирэхээр нь би “чи яагаад миний мөнгийг өгөхгүй байгаа юм бэ” гэхэд өөдөөс “өгч чадахгүй, чи цагдаа шүүхээрээ олоод авахгүй юу” гэхээр нь би “чи гараад ир, хоёулаа тэр цагдаа дээр чинь очьё” гээд Ариунболдын өмсөж байсан цамцны захнаас нь татахад Ариунболд “би хувцасаа солиод гараад ирье” гэсэн. Тэгэхээр нь би өрөөнөөс нь гараад 20 орчим минут хүлээж байтал Ариунболд гараад ирсэн. Ариунболдыг би “машинд суу явъя” гэхэд Ариунболд миний хувцаснаас зууралдаад газар ойчиж унаад “хүмүүсээ аллаа, энэ хүн намайг зодоод байна” гээд худлаа орилж хашгираад байсан. Тэгээд бид хоёр зууралдаад байж байтал алаг тэрэгтэй хоёр цагдаа ирсэн. Ариунболд шууд цагдаагийн машинд суучихсан. Миний аав нурууны хагалгаанд орчихсон хүнд байгаа. Эмчилгээнд нь мөнгө хэрэг болоод байхаар нь Ариунболдоос мөнгөө авах гэж ажил дээр нь очсон. Би Ариунболдыг цохиж зодоогүй, гар далайсан зүйл байгаа. Өөрөө өөрийнхөө биед гэмтэл учруулсан байх магадлалтай. Би огт гар хүрээгүй, цохиогүй. Харин хувцаснаас нь татаж чангайсан. Ариунболд намайг гэмт хэрэгт гүтгэж байна. Шинжээчийн дүгнэлт хуурамч. Ариунболдын гол зорилго нь надад мөнгө өгөхгүйгээр салах. ...Ариунболд эмнэлэгт ажилладаг, танил талаа ашиглаад дүгнэлт гаргуулсан байх боломжтой. Уг үйл явдал болсоноос хэд хоногийн дараа гэмтлийн эмнэлгээс уруудаад зүгээр алхаж явж байсан. Цагдаа ирсэний дараа Ариунболдын бие зүгээр байсан. ...” гэх мэдүүлэг [9],

Ял өөрчилж сонсгож 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байцаасан байцаалтад мэдүүлсэн: “...Ариунболдтой 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажил дээр нь очиж уучлалт гуйсан. Тэр үед ахаа хоёулаа эвлэрье, таныг надаас уучлалт гуйхыг хүлээж байсан юм гэж хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ариунболд над руу гэрийнхэнтэйгээ ярьсан чинь тантай эвлэрэхийг хүлээн зөвшөөрөхгүй гээд байна. Тийм болохоор та дахин битгий надтай харилцаарай гэсэн мессэж явуулсан байсан. Надаас 535,000 төгрөг нэхэмжилж байгааг би мэдээгүй. ...нөхөн төлнө...” гэх мэдүүлэг [10],

 

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 08 дугаар сарын 11-нийн өдрийн 11267 тоот актын:

“...1.Ч.Ариунболдын биед өвчүү ясны хугарал, тархи доргилт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1–д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /Шинжээч Т.Амартүвшин/ ...” гэсэн дүгнэлт [11],

 

9.Шинжээч Т.Амартүвшингийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...хохирогч Ариунболдын биед учирсан дээрх гэмтлүүд нь нэг бус удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Гэмтэл учирсан хэсэгт цохилтын улмаас үүсэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хүний гар хөл орно. Хохирогч Ариунболдын биед хийсэн хэсэг газрын үзлэгт өвчүү хэсэгт эмзэглэлтэй, мөн цээжний томографийн шинжээчээр уг хэсэгт өвчүү яс хугарсан нь тогтоогдсон тул шинэ гэмтэл байх боломжтой... гэх мэдүүлэг [12],

 

10.Хэргийн материалаар хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1235 тоот актын:

“...1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 11267 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

2. Ч.Ариунболдын биед тархи доргилт, хүзүүний зулгаралт, өвчүү ясны бүдэрхийд цууралт, зүүн талын хоёрдугаар хавирганы урд мөгөөрстэй нийлэх хэсгийн хугарал гэмтэл учирчээ. Тухайн гэмтэл хатуу мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ж.Ганцэнгэл, Г.Ханхүү, Т.Чимэд-Очир/...” гэсэн дүгнэлт [13],

 

11.Хэргийн материалаар хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот актын:

“...1.Шинжээч эмч Т.Амартүвшингийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 11267 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

2, 3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын  2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан 1235 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

4.2016 оны 8 дугаар сарын 11-ний “Мөнгөн гүүр” эмнэлгийн цээжний компьютер томографийн хариунд өвчүү ясны хугарал гэсэн нь шүүх эмнэлгийн дүрс оношилгооны эмчээр зургийг дахин уншуулахад өвчүү ясны хугарал биш, цууралт тогтоогдсон.

5.Ч.Ариунболдын биед тархи доргилт, хүзүүний зулгаралт, өвчүү ясны цууралт, зүүн талын хоёрдугаар хавирганы урд мөгөөрстэй нийлэх хэсгийн хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6.Дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Тэргүүлэх зэргийн шинжээч эмч М.Энхбаяр, Тэргүүлэх зэргийн шинжээч эмч Ц.Ганболд, шинжээч эмч Б.Ганзориг, Н.Энхцолмон, М.Золжаргал/...” гэсэн дүгнэлт [14],

 

12.2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл [15],

13. “Мөнгөн гүүр” эмнэлгийн гадна талыг харуулсан хяналтын камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан тогтоол [16]

14.2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлгийн гадна талын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...”Мөнгөн гүүр эмнэлгийн гадна талд авто зогсоол байх ба  зогсоолд 20 орчим автомашин зогссон, иргэн Батхүүгийн автомашины хажууд цэнхэр цамцтай залуу зогсож байх ба Батхүү, Ариунболд хоёр машины хажууд зогсож байхад Батхүү Ариунболдыг машинд суулгах гэж түлхээд шанаадаад нуруу цээж рүү нь гараараа цохиж хоолойг нь боож байв. Ариунболд машин тойроод ард талд нь ирээд зогсоход Батхүүтэй хамт явж байсан залуу Ариунболдтой юм яриад зогсож байхад Батхүү дундуур нь орж ирээд Ариунболдыг заамдаж түлхэж газар унагахад Ариунболд босож ирээд хашааны төмрөөс бариад Батхүүтэй юм яриад зогсож байгаагаар бичлэг дууссан” ...гэсэн хэсэг  [17],

15.Шүүгдэгч У.Батхүүгийн иргэний үнэмлэхийн лавлагаа [18], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [19],

16.Шүүгдэгч У.Батхүүгийн хувийн байдлын талаархи баримтууд [20]

17.2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ч.Ариунболдын “Мөнгөн гүүр” эмнэлэгт хийлгэсэн “Толгой, хүзүү, цээжний  компьютер томографийн оношилгоо хийлгэсэн, мөн Ч.Ариунболдын “Люкс мед” эмнэлэгт 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цээжний компьютер томографийн оношилгоо хийлгэсэн тус тус баримт [21],

18.Баянгол дүүргийн прокурорын газрын 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101 дугаартай У.Батхүүд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт:

Дээрх нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлаад дүгнэвэл:

Нэг.Шүүгдэгч У.Батхүү нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчим “их хэмжээний мөнгө зээлчихээд өгөхгүй зугтаалаа” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ч.Ариунболдыг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгийн 1 давхарт байрлах ажлынхаа өрөөнд байхад нь очиж уулзан маргалдаж, улмаар тус өрөөнд болон эмнэлгийн гадна байх авто зогсоол дээр иргэн Ч.Ариунболдын толгой, шанаа руу нь гараараа цохих, цээж рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-мөрдөн байцаалтад хохирогч Ч.Ариунболдын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...ажил дээр ...У.Батхүү орж ирээд “мөнгөө авъя пизда минь” гээд нүүрэн тус газар хоёр удаа цохисон. Би өөрөөсөө Батхүүг холдуулаад “хүн амьтан байна, гарч байгаад учраа ольё” гэж хэлээд хувцасаа сольж байхдаа цагдаад дуудлага өгсөн. Би хувцасаа соличихоод У.Батхүүг дагаад эмнэлгээс гарахад У.Батхүү эмнэлгийн урд талын зогсоол дээр зогсож байсан “Тоёота Приус” маркийн авто машинд суулгах гэсэн. Би суухгүй гээд эсэргүүцэхэд хоёр удаа шанаан тус газар цохиход нь би доошоо тонгойход У.Батхүү нуруун тус газар тохойгоороо цохиж, цээжин тус газар дөрвөн удаа хөлнийхөө өвдөг хэсгээр цохисон. Гэмтлүүдийг У.Батхүү надад учруулсан...” гэсэн мэдүүлэг [22] , мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-мөрдөн байцаалтад  гэрч Ц.Отгонбаярын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...У.Батхүү ах хоёулаа ийшээ ороод хүнтэй уулзъя гээд “Мөнгөн гүүр” эмнэлгийн хашаа руу орж зогссон. Төд удалгүй У.Батхүү ах хохирогч залууг дагуулаад эмнэлгээс гарч ирсэн. Би машинаас буугаад харахад У.Батхүү ах тэр залуу руу “мөнгөө авъя” гэхэд нөгөө залуу нь “та жаахан хугацаа өгчих” гэхэд шууд Батхүү ах тэр залуугийн нүүрэн тус газар гараараа цохисон. Нөгөө залуу доошоогоо хагас тонгойход дээрээс нь тохойгоороо шилэн хүзүүн дээр нь цохиж, нилээн олон удаа гараараа тэр залуугийн цээжин тус газар нь хүчтэй цохисон. Өшөө нэлээн хэдэн удаа толгой болон цээж нуруун тус газар нь гараараа цохисон. Хөлөөрөө нэг удаа гуян тус газар нь  өшиглөж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг [23],

-мөрдөн байцаалтад гэрч Б.Балдандоржийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 11 цагийн үед санагдаж байна. Намайг ажил дээрээ буюу “Мөнгөн гүүр” эмнэлгийн нэг давхрын лабораторид сууж байтал махлаг эрэгтэй өрөөнд орж ирээд “Ариунболдтой уулзах гэсэн юм” гэхээр нь би хажуугийн өрөөнөөс Ариунболдыг дуудсан. ... Ариунболд хаалгаар хальт харахад нөгөө ах шууд өрөө рүү явж ороод Ариунболдын хувцаснаас татаад “гаръя” гэхэд Ариунболд “би ажилтай байна шүү дээ” гээд хойшоогоо ухрахад нөгөө залуу Ариунболдын хувцаснаас татаад баруун гараараа Ариунболдын нүүрэн тус газар нь цохисон. Би босоод та яагаад байгаа юм бэ гээд ойртоход махлаг залуу “миний дүү ийм луйварчин хүнтэй харилцаж болохгүй шүү дээ” гээд дахин нэг удаа Ариунболдын нүүрэн тус газар нь цохисон...” гэсэн мэдүүлэг [24],

-мөрдөн байцаалтад гэрч Т.Чинбатын 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 10 цаг 30 минутын үед манай хүү Ариунболд миний гар утас руу залгаад “Батхүү ажил дээр ирээд намайг зодоод машинд суулгаад авч явах гээд байна” гэсэн....” гэх мэдүүлэг [25],

-шүүгдэгч У.Батхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг [26] ,

-яллагдагчаар 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [27], шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлсэн “....Ариунболдоос ...мөнгөө нэхэж, мөнгөнөөс болж бид маргалдсан. Тэгээд “Мөнгөн гүүр” эмнэлгийн гадаа тавьсан байсан машиндаа суулгаж ярилцах санаатай машин руу Ч.Ариунболдыг суулгах гэхэд суухгүй байсан. Тэгэхээр нь Ч.Ариунболдын нүүр, мөр, хүзүү орчимд нь цохисон байх...” гэсэн мэдүүлэг,

-Хэргийн материалаар хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1235 тоот акт дүгнэлт [28],

-Хэргийн материалаар хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн  2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот акт дүгнэлт [29], 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл [30] болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч У.Батхүү нь мөрдөн байцаалтад гэм буруугийн талаар маргаж, Ч.Ариунболдыг цохиогүй, гэмтэл учруулаагүй гэж маргаж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогч Ч.Ариунболд нь шүүгдэгч У.Батхүүгээс урьд нь мөнгө авсан, тэдний хооронд өр төлбөрийн асуудал байгаа талаар талууд маргаагүй ба, энэхүү мөнгөний маргаанаас болж У.Батхүү иргэн Ч.Ариунболдоос мөнгөө нэхэхээр урьдчилан төлөвлөж хохирогч Ч.Ариунболдын ажилладаг “Мөнгөн гүүр” эмнэлэг дээр очиж хэрүүл, маргаан үүсгэж, улмаар түүний эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан, хувийн таарамжгүй харьцааны улмаас энэхүү гэмт хэрэг гарсан шалтгаан  нөхцөл байдал тогтоогдсон.

Харин мөрдөн байцаалтад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 11267 дугаартай дүгнэлтээр “хохирогч Ч.Ариунболдын биед өвчүү ясны хугарал, тархи доргилт, хүзүүний зулгаралт” гэмтэл тогтоогдсон байх ба уг дүгнэлтийг шүүгдэгч У.Батхүү эс зөвшөөрч, дахин дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг мөрдөн байцаалтад хүлээн авч, бүрэлдэхүүнтэй шинжээчийг томилж, 3, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй тус тус дүгнэлтийг гаргасан байна. Үүнд: Хавтаст хэргийн материалаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1235 дугаартай дүгнэлтээр хохирогч Ч.Ариунболдын биед “тархи доргилт, хүзүүний зулгаралт, өвчүү ясны бүдэрхийд цууралт, зүүн талын хоёрдугаар хавирганы урд мөгөөрстэй нийлэх хэсгийн хугарал гэмтэл учирчээ. Тухайн гэмтэл хатуу мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, энэхүү гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай дүгнэлт гарсан бөгөөд энэхүү дүгнэлт нь тус шинжилгээний хэлтсийн 11267 дугаартай эрс зөрүүтэй гарсан тул 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин дүгнэлт гаргуулжээ. Тус дүгнэлт болох 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтээр “Шүүхийн шинжлгээний хүрээлэнгийн 1235 дугаартай дүгнэлт үндэслэлтэй болохыг, мөн 11267 дугаартай дүгнэлтийн үндэслэл болсон “Мөнгөн гүүр” эмнэлгийн цээжний томографийн хариуны “өвчүү ясны хугарал” гэсэн нь шүүх эмнэлгийн дүрс оношилгооны эмчээр зургийг дахин уншуулахад “хугарал биш, цууралт” болох нь тогтоогдсон бөгөөд Ч.Ариунболдын биед тархи доргилт, хүзүүний зулгаралт, өвчүү ясны цууралт, зүүн талын хоёрдугаар хавирганы урд мөгөөрстэй нийлэх хэсгийн хугарал гэмтэл учирсан, гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....” талаар дүгнэлтийг гаргажээ.

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтэд өвчүү ясны хугарал гэсэн нь цуурал болох нь тогтоогдож, хүндэвтэр зэргийн гэмтэл бус, харин хөнгөн зэргийн гэмтлийн зэрэгт хамаарсан тухай дүгнэжээ. Тус дүгнэлтийн талаар талууд маргаагүй болно.

Нөгөө талаас шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой талаар дурдсан ба хэргийн газар байсан гэрч Ц.Отгонбаяр, Б.Балдандорж нарын мэдүүлэг, “Мөнгөн гүүр” эмнэлгийн хяналтын камерийн бичлэг зэргээс үзэхэд шүүгдэгч У.Батхүү нь хохирогч Ч.Ариунболдын ажлын өрөөнд нь нүүрэн тус газар нь цохих, мөн гадаа гаргаж, нүүрэн тус газар нь, цээж, шилэн хүзүү гэх зэрэг газар нь цохих,  цээж рүү нь өшиглөх зэргээр удаа дараа цохисон нь нотлогдох ба шинжээчийн дээрх дүгнэлт батлагдаж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Батхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч У.Батхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Шүүгдэгч У.Батхүүгийн үйлдсэн эрүүгийн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ариунболдын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан үүний улмаас хохирогч Ч.Ариунболд нь томографийн зураг авахуулсан 450,000 төгрөг, эм тариа худалдан авсан 85,000 төгрөг, нийт 535,000 төгрөг нэхэмжилж байгаа [31] гэх боловч энэ талаар баримтыг хэрэгт ирүүлээгүй.

Шүүгдэгч У.Батхүү нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ч.Ариунболдын эцэг Т.Чинбатыг байлцуулан түүнд 700,000 төгрөг бэлнээр төлсөн [32] гэх баримт хавтас хэрэгт авагдсан. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ариунболдоос “би ажилтай байсан учраас аав Т.Чинбатыг явуулж У.Батхүүгээс 700,000 төгрөг хүлээн авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул У.Батхүүг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгч У.Батхүү, хохирогч Ч.Ариунболд нараас шүүх хуралдаанд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сайн дугаараа эвлэрсэн тухай баримтыг [33] ирүүлсэн.

Энэ талаар шүүх хуралдаанд тодруулахад хохирогч Ч.Ариунболдоос “У.Батхүү нь надаас уучлал гуйвал би эвлэрье гэж мөрдөн байцаалтад хэлж байсан. У.Батхүү нь надаас уучлал гуйсан. Би У.Батхүүгийн эрхшээлд орсон асуудал байхгүй. У.Батхүүтэй сайн дураараар эвлэрч байгаа гэж тайлбарлаж мэдүүлсэн.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж,

-Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж тус тус заасан.

Шүүгдэгч У.Батхүү нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар [34] тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгч У.Батхүү нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байгаа боловч хөнгөн гэмт хэргийн хохирогч Ч.Ариунболд нь шүүгдэгч У.Батхүүтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Батхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 5 ширхэг Си Ди-г ирүүлснийг хэрэгт хавсаргаж,  шүүгдэгч У.Батхүү нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Цагаан сүүлт овгийн Улаанхүүгийн Батхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Улаанхүүгийн Батхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Батхүү нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Ариунболдод төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Мөнгөн гүүр” эмнэлгийн хяналтын камерийн дүрс бичлэг 1 ширхэг, эд хөрөнгө хураах тогтоолоор хураагдсан Ч.Ариунболдын “Мөнгөн гүүр” эмнэлэг, “Люкс мед” эмнэлэг зэрэгт хийлгэсэн толгой, хүзүү, цээжний компьютер томографийн дүрс бичлэг бүхий 4 ширхэг, нийт 5 ширхэг Си Ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй. 

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч У.Батхүүд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

6.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, У.Батхүүд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 84-85 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 86 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 41 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 88 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 31 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 71-72 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 99-101 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 2 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 43 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 45-58 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 19-21, 74 дүгээр тал.

[22] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[26] Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.

[27] Хавтаст хэргийн 88 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 71-72 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 99-101 дүгээр тал.

[30] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 84-85 дугаар тал.

[32] Хавтаст хэргийн 137 дугаар тал.

[33] Хавтаст хэргийн 138 дугаар тал.

[34] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.