| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00400/И |
| Дугаар | 00387 |
| Огноо | 2020-06-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 00387
| 2020 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 153/ШШ2020/00387 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн ... тоотод оршин суух, Галуут овогт Гын Д //-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 153/2020/00400/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:….Би1968 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1984 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 дугаар ангийг төгссөн. 1986 онд Ховд аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд нэг жил өнжөөд 1987 онд 5 дугаар цэцэрлэгт тогоочоор ажиллаж эхэлсэн. 1987-1993 он хүртэл Ховд аймгийн Сансар 5 дугаар цэцэрлэгт туслах багш болон тогоочоор ажиллаж байсан.
Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилласан жилээ тогтоолгох шаардлага гарсан тул шүүхэд хандсан. 1990-2000 он хүртэл Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу бүрэн хамрагдсан.
Иймд Ховд аймгийн Ховд хотын Сансар 5 дугаар цэцэрлэгт 1987 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах багш, тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Намайг анх ажилд ороход Сансар 5 дугаар цэцэрлэг гэдэг нэртэй байсан....Анх 2 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаад 5 дугаар цэцэрлэгт ирж ажиллаж байсан. Тухайн үед 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2 дугаар цэцэрлэгт ажилд орж байсан санагдаж байна. 2 дугаар цэцэрлэгт нийтдээ 14, 15 хоног ажиллаж байхад цэцэрлэгийн эрхлэгч 5 дугаар цэцэрлэгт орон тоо гарсан гээд намайг 5 дугаар цэцэрлэг рүү шилжүүлж байсан....1992 оны 7 дугаар сард хүүхэд асрах чөлөө авч байсан. Түүнээс хойш буцаж ажилдаа ороогүй....Үзлэг хийсэн эхний зураг нь 1988 оны 03 дугаар сард Улсын тэргүүний цэцэрлэг болж байсан санагдаж байна. Нөгөө зургийг нь Н.Очирбатын ерөнхийлөгчийн эхнэр буюу тэргүүн хадагтай гадаадын хүмүүстэй манай цэцэрлэг дээр ирээд бид нар хамт зургаа даруулж байсан....гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ховд хотын Сансар 5 дугаар цэцэрлэгт 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогооч, туслах багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Д нь Ховд аймгийн Ховд хотын Сансар 5 дугаар цэцэрлэгт 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогооч, туслах багшаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Г.Дгийн Ажилладаг гэх хэсэгт 5-р цэцэрлэг, ажилд орсон он гэх хэсэгт 1987, эрхэлдэг ажил гэх хэсэгт тогооч, он, сар, өдөр гэх хэсэгт бичвэргүй ХААТР-1/Б/ маягтын хуулбар, Ховд айгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаар албан бичгээр ирүүлсэн тус цэцэрлэг нь 1987 онд ажил үйлсээрээ шалгарч Улсын тэргүүний цэцэрлэг болж байсныг тодорхойлсон тодорхойлолт, гэрч Н.Янжмаагийн “....Г.Д нь намайг 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд хотын 5 дугаар цэцэрлэг буюу одоогийн Сансар 5 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилд ороход тус цэцэрлэгт асрагч багш буюу одоогийн туслах багшаар ажиллаж байсан. Намайг тус 5 дугаар цэцэрлэгт ажилд ороход туслах багшийн орон тоо нэмэгдэж, асрагч багш гэх нэршил нь туслах багш болж өөрчлөгдсөн. Г.Д нь намайг ажилд орсноос хойш тус цэцэрлэгт тасралтгүй туслах багшаар ажиллаж байгаад 1992 он байна уу, эсхүл 1993 онд байна уу ажлаасаа гарсан....” гэх мэдүүлэг, тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШЗ2020/01159 дугаартай Үзлэг тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очирбатаас тус шүүхэд гаргасан Ховд аймгийн Жаргалант сумын Сансар 5 дугаар цэцэрлэгийн гэрэл зургийн альбомд үзлэг хийлгэх хүсэлтийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Сансар 5 дугаар цэцэрлэгийн гэрэл зургийн альбомд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 25, 27,23-24, 29-32 дугаар тал/
Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Жаргал, Н.Янжмаа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Г.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Галуут овогт Гын Д //-ийн Ховд аймгийн Ховд хотын Сансар 5 дугаар цэцэрлэгт 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогооч, туслах багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ