Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0071

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0027/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч *** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000023 дугаартай хэргийг 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
    Монгол Улсын иргэн, Хойд даадар овогт *** төрсөн, *** настай, ***, бүрэн дунд боловсролтой***жолоочоор ажиллаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, 
    -***ны өдөр Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, ***ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 2155 тоот тогтоолоор 3 жилийг хассан, 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 05 сар 17 хоногийг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, 
    -***-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 3 жил 4 сар 10 хоног хорих ял шийтгүүлж, 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 122 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 3 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан 

Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг “Солонго” банш, буузны цехэд борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа иргэний итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох 510.000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 29-ний өдрүүдэд авч завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/ 

ТОДОРХОЙЛОХ нь:
    Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2013 оны 10 дугаар сарын 21-нд *** цехэд борлуулагчаар ажилд орсон. Захирал ***ай тохирч бонго машиныг нь барьж борлуулалтаа түгээдэг байсан. 2013 оны 12 дугаар сарын 21-нийг хүртэл хоёр сар ажилласан. Энэ хугацаанд захиралтай өдөр бүр, сар болгон тооцоо хийдэг. Борлуулалт хийж явахдаа боломжтой дэлгүүрүүддээ мөнгөөр, боломжгүй дэлгүүртээ зээлээр өгдөг байсан. Би байр түрээслэж амьдардаг. Миний байрны түрээс нэхэгдээд мөнгийг нь аваад өгчихсөн юм. Тэр үед цалин буух дөхчихсөн байсан. Цалингаа буух үед цалингаасаа суутгуулаад мөнгийг нь өгнө гэсэн бодолтой байсан. Бодлогогүй юм хийсэндээ гэмшиж байна.“ гэх мэдүүлэг,

-Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** нь борлуулагчаар ажилладаг байхдаа дэлгүүрүүдэд бууз аваачиж өгөөд бэлэн мөнгийг нь авч эргүүлэн тэр өдрөө надтай тооцоо хийдэг өдөртөө 1 сая гаруй төгрөгний орлого хурааж ирдэг байсан. Зарим дэлгүүрүүдэд буузаа зээл өгөөд дараа нь мөнгийг нь авдаг байсан юм.
...”Тэгшжаргал” дэлгүүрээс 12 сарын 25-нд 80000 төгрөг, “***” дэлгүүрээс 12 сарын 25-нд 40000 төгрөг, “***” дэлгүүрээс 12 сарын 28-нд 80000 төгрөг, “***” дэлгүүрээс 12 сарын 29-нд 40000 төгрөг, “***” дэлгүүрээс 12 сарын 28-нд 30000 төгрөг, “***” дэлгүүрээс 12 сарын 29-нд 40000 төгрөг, “Таван-Эрдэнэ” дэлгүүрээс 12 сарын 28-нд 20000 төгрөг, Шинэ захын лангуун дээр суудаг иргэн ***аас 12 сарын 28-нд 100000 төгрөг, “***” дэлгүүрээс 12 сарын 27-нд 40000 төгрөг нийт 470.000 төгрөгийг авсан байсан, нэмж “***” дэлгүүрт 20.000 төгрөг, “Өсөх” гэх дэлгүүрт 20.000 төгрөгний бууз зээлээр өгсөн гэж хэлээд тэр дэлгүүрээсээ авсан 40.000 төгрөгийг надтай тооцоо хийлгүй хэрэглэсэн байсан. Ингээд нийт 510000 төгрөгний хохирол учруулсан. Үүнээс дараа нь бууз авч ирж өгнө гэж хэлээд “***” дэлгүүрийн 20.000, “***” дэлгүүрийн 80.000 төгрөг авсныг хасаад 410.000 төгрөгийг Эрдэнэбатаас нэхэмжлэнэ.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр намайг дэлгүүртээ сууж байхад 21 цагийн үед байх “***” буузны цехийн борлуулагч хийдэг зүс таних залуу орж ирээд, өмнө нь зээлээр өгсөн буузныхаа мөнгөө авъя гэхээр нь би “чи яасан орой явж байна” гэхэд ажлаасаа буугаад явж байна гэсэн юм. Тэгээд ” ***”-оос зээлж авсан 40.000 төгрөгийг түүнд бэлнээр тоолж өгсөн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
-Гэрч С***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...”***” буузны цехийн борлуулагч залуу Эрдэнэбат орж ирээд “бууз авах уу?” гэхээр нь би “манайх авахгүй” гэхэд тэр залуу та өмнөх өгсөн  буузны зээлийн мөнгөө өгчих гэхээр нь би урьд зээлээр авсан буузныхаа мөнгө болох 30000 төгрөгийг өгсөн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Хулан  хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг юмаа. Манай дэлгүүр нь Дархан суманд байдаг ” *** бууз баншны цехээс бууз банш зээл аваад зарагдахаар нь мөнгийг нь буцаагаад өгчихдөг юм. Ингээд 2013 оны 12 сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Намайг дэлгүүр дээрээ байж байтал өдөр 14 цагийн үед ” *** бууз баншны цехийн борлуулагч ажилтай Эрдэнэбат гэж залуу ирээд зээл авсан байсан бууз баншны мөнгө болох 40000 төгрөгийг аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Солонго” бууз баншны цехийн борлуулагч ***т гэж залуу ирээд өмнө нь зээлээр авсан  байсан 20 уут буузны мөнгө болох 80000 төгрөгийг нэхэж байгаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,
-Гэрч О***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 12 дугаар сарын 23-наас 25-ны хооронд байх “Солонго” бууз баншны цехийн дэлгүүрийн борлуулагч *** гэж залуу бууз банш авч ирж өгөхөөр нь би 40.000 төгрөгний бууз банш зээл аваад маргааш өглөө нь түүн лүү залгаж мөнгөө ав гэж хэлэхэд өөрөө ирээд 40.000 төгрөгөө аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/, 
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** 2013 оны 12 дугаар сарын дундуур миний “***” бууз баншны цехед өгөх ёстой 25 кг буузны мөнгө болох 100.000 төгрөгийг аваад надаас баримтан дээр гарын үсэг зуруулаад явсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “***г” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг. Эрдэнэбат нь бууз банш манай дэлгүүрт байнга авч ирж өгдөг байсан юм. Ингээд 2013 оны 12 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь санахгүй байна, Эрдэнэбат намайг дэлгүүртээ байж байтал орж ирээд “бууз, банш авах уу?” гэхээр нь авна гээд 40000 төгрөг өгтөл манай машины аккумлятор суучихсан байгаа, асаагаад бууз баншийг чинь авчирч өгнө гэж хэлээд тэр чигтээ ирэлгүй бууз банш авчралгүй алга болчихсон.
...манай хохирол болох 40000 төгрөгний бууз, баншийг нь авчирч өгч барагдуулсан, одоо янз бүрийн нэхэмжлэх зүйл алгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 20 лахь тал/,
-Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** надаас бууз авчирч өгнө гэж хэлээд 20.000 төгрөг авсан боловч авчирч өгөөгүй. Дараа нь Эрдэнэбатын ээж нь гэх хүн ирж 10000 төгрөгийг нь өгсөн, одоо 10000 төгрөгийг нэхэмжлэнэ.” гэх  мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,
-Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***ын бууз, банш авчирч өгнө гэж авч явсан мөнгө болох 80.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,
-Гэрч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 01 дүгээр сарын дундуур “***” бууз баншны цехийн эзэн гэх залуу ирээд “Манай борлуулагч *** танай дэлгүүрт зээлээр бууз өгсөн гэсэн буузны мөнгө болох 20.000 төгрөгөө авъя” гэж нэхэж ирсэн. Тэгэхэд нь би “Манайх зээл авдаггүй тийм зүйл байхгүй” гэж хэлээд явуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 27 дахь тал/,
-Гэрч Н***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...би ” ***” бууз баншны цехийн борлуулагч *** гэж залууг танихгүй. Манайх бууз банш авдаггүй өөрсдөө хийж зардаг юм.” гэх мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/,
-Хохирлын тооцооны хүснэгт /хэргийн 49 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 56 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*** ” бууз, баншны цехэд борлуулагч, жолоочоор ажиллаж байхдаа иргэний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 510000 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч ***ыг иргэний итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ***ын “***” бууз, баншны цехэд учруулсан хохирол болох 410000 төгрөгийг хохирогч ***нэхэмжлэхээс татгалзсан бөгөөд шүүгдэгч ***аас 90000 /ерэн мянган/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ***д 10000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***д 80000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

    Шүүгдэгч *** нь *** онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 3 жил 4 сар 10 хоног хорих ял шийтгүүлж, 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 3 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан ялтай байдал дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

    Шүүгдэгч ***ын энэ хэрэгт 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогч *** 410000 төгрөгийн хохирол нэхэмжлэхээс татгалзсан, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
    
    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Шүүгдэгч ***г иргэний итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т зааснаар шүүгдэгч ***д 2 сар 15 хоног /хоёр сар арван тав хоног/ баривчлах ял шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ***ын энэ хэрэгт 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

    4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***аас 90000 төгрөг гаргуулж, *** тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч *** д 10000 /арван мянга/ төгрөг, ***  тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч ***д 80000 /наян мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
    
    5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т заасныг баримтлан хохирогч *** нь 410000 төгрөгийн хохирол нэхэмжлэхээс татгалзсан, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

    6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

    7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ