Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0074

 


      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0071/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагч Д.Энхтуяа,
Хохирогч *** *** ,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201309000781 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***  төрсөн, *** настай, ***  бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

    Шүүгдэгч *** нь
    -2013 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг “*** ” ХХК-ны хажуугийн зам дээр *** улсын дугаартай хюьндэй эксель маркын автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 2 дугаар бүлгийн 2.7.а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч *** нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл, ***ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан,
    -Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.а-д “тээврийн хэрэгслээ

D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Erdenebayar-215.2,   216.2.doc
нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх үүрэгтэй”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.б-д “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, мөн бүлгийн 2.5.в-д “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ” гэж заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 
  
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Болсон үйл явдлыг санахгүй байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Тэр өдөр миний бие муудаад бид 3 аптек руу эм авахаар гэрээсээ гарсан юм. Зам гараад явж байхад  нэг машин хурдтай орж ирээд манай нөхрийг мөргөөд унагаасан юм. Би тухайн үед зогсоно гэж бодтол хүүхэд рүү минь хурдтай давхиж ирэхэд нь хүүхдээ зайлуулах үед намайг мөргөсөн. Тэгээд удалгүй хөдөлгөөнт эргүүлийн машин ирсэн. 2013 оны 12 дугаар сарын 18-нд 2 уут нүүрс болон 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 10000 төгрөгөөр эм ав гэж авчирч өгөөгүй. Хагалгаанд орсон болон бусад эмчилгээтэй холбоотой 751.400 төгрөг, нийт 2.340.150 төгрөгийг өгсөн. Бид таван цулын цайны газар түрээслэн ажиллуулдаг байсан. Түрээс болон тогны мөнгөнд сард 150.000 төгрөг төлдөг байсан. Осолд орсноос хойш бид цайны газраа хүнд алдахгүйн тулд түрээсээ төлөөд явж байгаа. Ийм учраас цайны газар ажиллуулдаг байсан түрээсийн төлбөр, тогны мөнгийг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг,  

-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Гэрээс гараад эхнэр *** , хүүхэд М***ын хамт аптек руу явж байгаад машинд мөргүүлээд ухаан алдсан юм. Би сэрэхэд эмнэлэгт байсан.” гэх мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-6 дахь тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-11 дэх тал/,
-Ослын дүгнэлт /хэргийн 15 дахь тал/,
-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 16 дахь тал/,
-Илтгэх хуудас /хэргийн 18-20 дахь тал/,
-Хохирогч *** ын өвчний түүх /хэргийн 25-38/,
-Хохирогч *** ийн өвчний түүх /хэргийн 39-44 дэх тал/,
-Хохирогч *** ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 45-47 дахь тал/,
-Шүүгдэгч ***аас гаргасан эмчилгээний болон бусад зардлын баримт /хэргийн 48-50 дахь тал/,
-Насанд хүрээгүй хохирогч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”би тэр өдөр эцэг, эхийнхээ хамт Алтангадас 1-1 тоотод байдаг гэрээсээ гараад микро руу эмийн сан руу эм авах гээд явж байтал урдаас гэнэт машины гэрэл гарч ирээд бид 3-н чиглэлд дөхөж ирээд эхлээд аав Батболдыг мөргөөд бид хоёрыг бас машиныхаа урд хэсгээр дөнгөж шүргэсэн. Тэгээд зогсоод эргээд ухарсан юм. тэгээд эргэж ухраад 5-10 метр ухраад тэр машин зогссон. Тэгээд жолооч нь бууж ирэх гэж байгаа юм болов уу? гэсэн чинь эргээд ээж бид хоёрын чиглэлд хүчтэй ирээд бид хоёрыг мөргөсөн. Тэгээд нэг мэдсэн би ухаан алдаад уначихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 58 дахь тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг удаа нэг хундага 100 грамм архи ууж байхыг харчихаад “чи машинтай явж байгаа биз дээ, яагаад архи ууж байгаа юм бэ? гэж асуусан чинь би машинаа тавьсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 59 дэх тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр өдөр би цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд жижүүрийн жолоочийн үүргийг *** улсын дугаартай “***” маркын автомашинтай 24 цагийн үүрэгтэй ажиллаж байсан ба тус өдөр захын ард талын засмал замаар машинтайгаа дуудлаганд явж байсан ба “***” ХХК-ны ертөнцийн зүгээр зүүн талд нь машинд мөргүүлсэн байдалтай 3 хүн газар унасан, суусан байдалтай байсан. Тэгээд очоод юу болсон талаар асуухад нэг эмэгтэй “саяхан нэг цагаан өнгийн машин бид 3-ыг мөргөчихөөд зугтаагаад явчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 60 дахь тал/,
-Гэрч П***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед би пүткэн дотроо байж байтал хүн орилох чимээ сонсогдохоор нь гараад харсан чинь 3 хүн зам дээр машинд мөргүүлсэн байдалтай унасан байсан. Тэгтэл нэг цагаан өнгийн жижиг тэрэг хурдтай, ертөнцийн зүгээрээ хойд зүг рүү давхиад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 65 дахь тал/,
-Техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 71-74 дэх тал/,
-“***ын биед баруун хөлийн шилбэний 2 ясны битүү хугарал, хагалгааны дараах байдал, нүүрний шарх тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх 2013  оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1314 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 80 дахь тал/,
-“***н биед зүүн хөлний шилбэний шаант ясны битүү хугарал, тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх 2013  оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1313 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 84 дэх тал/,
-“***ын биед тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх 2013  оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1302 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 88 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 105 дахь тал/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хэргийн 116 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг “***” ХХК-ны хажуугийн зам дээр *** улсын дугаартай хюьндэй эксель маркын автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 2 дугаар бүлгийн 2.7.а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч ***, *** нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл, ***бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан,
    -Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.а-д “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх үүрэгтэй”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.б-д “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, мөн бүлгийн 2.5.в-д “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ” гэж заасныг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас тэдгээрийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.
    
    Иймд шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг согтуугаар үйлдсэн, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
    
    Хохирогч С*** нар нь ослын улмаас гэмтэл авч, эмчилгээ, сувилгаа, хагалгаа хийлгэсэнтэй холбогдуулан шүүгдэгч *** нь мөрдөн байцаалтын шатанд 1332150 төгрөг, шүүхийн шатанд 1008000 төгрөг, нийт 2340150 төгрөгийг хохирогч нарт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
    Харин 2013 оны 12 дугаар сарын 1-нд осол болсон үеэс хойш одоог хүртэл хохирогч нарын хөдөлмөрийн чадвар сэргээгүй, энэ хугацаанд дүү ***ар асруулж байсан болох нь хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
    Хохирогч нар нь хувиараа цайны газар түрээслэн ажиллуулж, амьдардаг байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул тэдний шаардлагын дагуу Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
    Хэрэг учрал 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 20 цагийн үед болсон байх тул хохирогчид хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192000 төгрөгөөр тооцож, өнөөдрийг хүртэл хугацаанд оногдох нөхөн төлбөрийг тооцож үзэхэд өдөрт 9143 төгрөг/ 192000:21=9142 төгрөг 85 мөнгө/ болж байгаа бөгөөд 12 дугаар сарын 1-ны өдрөөс 3 дугаар сарын 1-ны өдрийг хүртэл 192000x3=576000 төгрөг, 3 дугаар сарын 1-ны өдрөөс 3 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 19 хоног байх тул энэ хугацаанд оногдох 19x9143=173717 төгрөг, нийт 749717 төгрөгийн нөхөн төлбөр 1 хүнд оногдохоор байна.
    Мөн хохирогч нар нь дүү ***р асруулж, тэрээр “***” ХХК-нд 2014 оны 1, 2 сард ажиллаагүй, ажил олгогч байгууллага нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь *** ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна. хохирогч нар нь дүү ***ын ажилгүй байсан хугацааны цалинг үндсэн цалингаар бус харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр шаардаж байгааг мөн шүүгдэгч төлөх үндэстэй. 
    Иймд хохирогч *** нарын нөхөн төлбөрт 1499434 төгрөг, дүү ***х нь ажилгүй байсан хугацааны цалинд 384000 төгрөг, нийт 1883434 төгрөгийг шүүгдэгч *** төлөх үндэстэй.
    Гэмт хэргийн улмаас хохирогч нар нь эмчилгээ, сувилгаа, хагалгаа хийлгэсэнтэй холбоотой гарсан зардал, мөн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан хугацаанд ногдох нөхөн төлбөрт нийт 3808034 төгрөг нэхэмжлэх эрхтэйгээс шүүгдэгч ***ын төлсөн 2340150 төгрөгийг хасч, үлдэх 1467884 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

    Хохирогч ***нь 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эмчилгээг 3-4 сар үргэлжлүүлэх шаардлагатай, хохирогч ***ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 6 сарын хугацаагаар тогтоосон болох нь комиссын шийдвэрээр нотлогдож байх тул хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал, мөн цайны газрын түрээсийн асуудлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
    Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
    Энэ хэргийн улмаас шүүгдэгч *** нь цагдан хоригдоогүй, хохирогчид 2340150 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
    Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байх тул энэ хэрэгт битүүмжилж ирүүлсэн түүний эзэмшлийн *** улсын дугаартай ***маркын автомашиныг дуудлага худалдаанд оруулж, төлбөрийг төлүүлэхээр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***ын *** дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэх 1 ширхэг, ***  улсын дугаартай хюьндэй эксель маркын автомашины *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг мөн Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.
    Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
    
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 4 сар /дөрвөн сар/ баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 3 сар 10 хоног /гурван сар арав хоног/ баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 4 сар баривчлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 3 сар 10 хоног баривчлах ялын зарим хэсэг болох 1 сар баривчлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч ***ын биечлэн эдлэх ялыг 5 сар /таван сар/ баривчлах ялаар тогтоосугай.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид 2340150 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

    5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т заасныг баримтлан шүүгдэгч ***аас 1467884 /нэг сая дөрвөн зуун жаран долоон мянга найман зуун наян дөрөв/ төгрөг гаргуулж, хохирогч *** тоотод оршин суух *** нарт олгосугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч  *** нар нь цаашид гарах эмчилгээний зардал, цайны газрын түрээстэй холбоотой иргэний нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***ын *** дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
    
    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар энэ хэрэгт битүүмжилж ирүүлсэн ***ын эзэмшлийн *** улсын дугаартай хюьндэй эксель маркын автомашиныг дуудлага худалдаанд оруулж, хохирол төлбөрийг төлүүлэхээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ***  дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт шилжүүлсүгэй.

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

    10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Я.ТУУЛ