Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 142/шш2020/00117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.О-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Д.Э-т холбогдох,

 гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.О-, түүний өмгөөлөгч Д.Н, хариуцагч Д.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Э-тай 2012 онд гэр бүл болж 7 жилийн хугацаанд 2012 онд охин Г-, 2018 онд хүү И-нарыг төрүүлсэн. Д.Э- нь надтай гэр бүл болж амьдран суусан цагаас эхлэн намайг охин биеэрээ өөр дээр нь ирээгүй, гэрлэхээсээ өмнө өөр хүнтэй байсан гэдэг шалтгаанаар гэр бүл болж надтай амьдарсандаа сэтгэл хангалуун бус байж, яагаад өөртэй нь учрахаас өмнө өөр хүнтэй байсан, яагаад ариун байдлаараа надтай суугаагүй юм гэх мэтчилэн уурлан бухимдаж өдөр бүрийг хэрүүл маргаан үүсгэх сэдэв болгож байсан. Тэр бүрт нь би Д.Э-тай гэрлэхээсээ өмнөх өөрийн хувийн амьдралд тохиолдсон зүйлүүдээ нэг бүрчлэн тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг байсан боловч намайг ойлгон байгаагаар минь хүлээн зөвшөөрч чадахгүй, байнга надруу уурлан хэрүүл маргаан үүсгэж, цаашлан Д.Э-ын ааш зан өөрчлөгдөж, би сүүлдээ тэвчихийн аргагүй байдалтай болсон. Хосууд хоорондын бие биеээ хайрлан хийдэг эрүүл бэлгийн харилцаа бус гаж сонин байдлаар бэлгийн харилцаанд орохыг надаас хүсч, шаардан хэрэв би хүсэхгүй эсэргүүцсэн тохиолдолд хүчирхийлж, доромжилон зоддог байсан. Мөн 16-17 удаа өөр хүүхэнтэй явж хуурч байсан ба 1 өдөр намайг гэртээ түр байхгүй хооронд өөр эмэгтэй гэртээ авчран унтаж байсан. Д.Э- намайг хуурч завхайрч явсан явдлуудаа хүлээн зөвшөөрдөг. Тэгээд бүр намайг өөр дээр нь охин биеэрээ ирээгүй юм чинь чамд яаж хандсан ч яадгийн гэж хэлдэг байсан. Иймд 2016 онд Д.Э-аас салахаар шийдэж хүүхдээ аван /тухайн үед 1 хүүхэдтэй байсан/ аавынх руугаа явсан. Надаас салахгүй хэмээн амиа хорлох үйлдэл хийж эмнэлэгт хүргэгдэж байсан. Мөн аавынд минь ирж намайг авч явна салахгүй хэмээн аашилж байхад нь аав минь намайг хамгаалах гээд шалны модоор гарыг нь цохиж гэмтээсний төлөө аавыг минь 1 жилийн тэнсэн авахуулсан. Иймд би айж цочирдон Д.Э-аас салж чадалгүй эргэн суусан. 2017 онд хүү Ивээлт-Эрдэнэ төрсөн. Эргэн нийлж амьдраад сайхан амьдрах болов уу, хүн л юм чинь өөрчлөгдөх байх гэж горьдож байсан бодол маань талаар болсон. Д.Э- хэзээ ч өөрчлөгдөхгүй ааш авиртай хүн гэдгийг ойлгосон. Өмнө нь надад гаргаж байсан ааш авираа гаргасан хэвээр байсан. Мөн намайг дахиад л араар минь хуурч мэхэлж завхайрч байсан. Сүүлийн үед дота-2 компьютер тоглоомд ихээр донтсон байсан. Хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 10-аар нөгөө л гаж сонин бэлгийн харилцааг хүсч намайг хүчиндэхэд би эсэргүүцсэн боловч намайг нүүрнээс бусад хэсэгт гараа атган цохиж зодож өвтгөн 5-7 хоног хамаг бие маань хөндүүрлэн толгой маш их өвдөж байсан ч ойр дотныхондоо хэнд ч энэ тухай хэлж ярилгүйгээр ажилдаа явсан. Надтай ингэж харьцах бүрт би тэвчин үр хүүхдээ айлгахгүйн тулд чимээгүй л дотроо тэсдэг байсан. Уурлаж хэрэлдэх бүртээ гэр орноосоо намайг хөөнө, элдвээр харааж зүхэн доромжилно. Тэр бүрт үр хүүхдүүдээ л бодож тэсдэг байсан. 2019 оны 11 дүгээр сарын 20-нд компьютер тоглож байхад нь санамсаргүй интернет унтраасны улмаас уурлан хашгичиж тэр орой 22-23 цагийн үед өвлийн хүйтэнд гэрийн хувцастай минь гэрээс хөөж гаргасан. Би үнэхээр энэ байдалд цөхөрч салахаар шийдвэрлэн хүүхдүүдээ аван аавындаа очсон. Энэ үеэр Э- биеэр болон утсаар айлган сүрдүүлж салахгүй гэж дарамт үзүүлэн амар тайван байлгахгүй байсан тул 2019 оны 12-р сарын 08-ны өдөр цагдаад мэдүүлэг өгч, түр саатуулахад 7-30 хоног саатуулуулж байсан. 12-р сарын 10-нд миний өгсөн мэдүүлэг шалгагдаж байх хооронд Э- надаас салахгүй хэмээн амиа хорлох үйлдэл хийн эмнэлэгт 3-4 хоног эмчлүүлж хам шинж гэсэн онош тогтоон цааш нь цагдаагийн газраас 7 хоногийн баривчлагаанд авсан. Миний бие Д.Э-тай цаашид үнэхээр хамтран амьдрах боломжгүй бөгөөд үр хүүхдүүдийн минь хүмүүжилд сөргөөр нөлөөлж гэр бүлийн уур амьсгалыг тавгүй байлгадаг тул гэрлэлтийг минь цуцалж өгч тусална уу. Эвлэрүүлэн зуучлах төвөөр дамжихгүйгээр миний болоод үр хүүхдүүдийн минь амар тайван амьдралыг харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг гуйж байна.

 

Би Д.Э-тай нийт 8 жил амьдарсан. Хоёр хүүхэдтэй. Д.Э- намайг охин биеэрээ ирээгүй хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг. Би Д.Э-тай суухаас өмнө оюутан байхдаа хүнтэй найзалж нөхөрлөдөг байсан. Би энэ талаар өөрт нь зөндөө тайлбарладаг байсан. Би чамтай гэр бүл болсон. Өнгөрсөн амьдрал ямар ч хамаагүй гэж хэлдэг байсан. 8 жилийн хугацаанд миний өнгөрсөн амьдралыг сөхөж, сэтгэлийн дарамт болгож ирсэн. Мөн бэлгийн харилцаа таарч тохирдоггүй. Өдөр болгон надад ариун биеэрээ ирээгүй гэж сануулдаг. Өдөр болгон энэ үгийг хэлдэг. Бүр сэтгэлд хоногшчихсон. Тэглээ гээд яах ёстой юм бэ. Бэлгийн харилцаа уйтгартай байна. Чамаас салахгүй ч гэсэн өөр хүнтэй явж болох уу гэдэг байсан. Д.Э- 18,19 удаа намайг хуурч байсан. Би энэ талаар мэдсэн ч мэдээгүй юм шиг дуугүй өнгөрдөг байсан. Өөрийнхөө ээж болон өөрийнх нь ээжид хэлээгүй. Гэртээ хүртэл өөр хүүхэн авчраад унтаж байсан. Ерөөсөө чиний бөгс руу хийнэ. Минийхийг хөх гэдэг байсан. Ахин дахин надаас хүсээд 8 жилийн хугацаанд ийм юм болсон. Порно кино хамт үзээд дуурайна гэж шахаж шаардана. Би чи л өнгөрснөө ярихгүй. Аз жаргалтай байх юм бол хамаагүй гээд хүссэнээр нь хийж ирсэн. Эргээд харахад би үнэ цэнэгүй болчихсон. Эсэргүүцвэл надад хүч хэрэглэнэ. Гичий янхан гэж хэлээд дээрээс нулимаад хэлэх хэлэхгүйгээр хэлнэ. 2019 оны 11 сард нөгөө л үйлдлээ давтсан. Ой 8 сартай хүүхдийн минь хажууд намайг нүцгэлж өөрийнх нь хүссэнийг зөвшөөрөөгүй гээд зодсон. Гараа зангидаад бэлэг эрхтэн рүү цохиж байсан. Хүүхдээ айлгахгүй юмсан гээд аавтай нь тоглож байна гэдэг байсан. Би хөл дээрээ тогтож чадахгүй 7 хоног явсан. 2016 онд бас салах гээд явж байсан. Би ганц охинтой байсан. Тухайн үед засарсан гээд дөрвөн сар миний араас гуйсан. 4 сарын хугацаанд намайг гуйхдаа өөр хүнтэй явж байсан юм байна лээ. Би Д.Э-ыг өөрчлөгдөх байх гээд эргээд суусан. 2 жил хамт амьдарсан. Араар тавьж хуурсан. Олон хүүхэнтэй явсан. Эмэгтэйчүүдийн эмнэлэгт хэд хэдэн удаа очиж байсан. Эмч надад заавал нөхөртэйгөө ирж эмчлүүл гэсэн. Чи араар тавьсан болохоор чинь ингэлээ гэж нэг ч удаа хэлээгүй. Хамт эмчлүүлэх ёстой гэнэ, эмэгтэйчүүдийн өвчтэй гэнээ гэхээр. Д.Э- би эрүүл гээд шинжилгээ өгдөггүй байсан. Хүүтэй болоод сайхан амьдрах байх гэхээр компьютер тоглоомонд донтчихсон. Гэрт ямар ч амьд харилцаа байдаггүй байсан. ...Би өөрийнх нь бөгс рүү хуруугаа хийгээд үзүүлж байсан. Ямар их өвддөг гэдгийг үзүүлж байсан. Тэгсэн ч гэсэн бөгс рүү хийнэ гэдэг. Би ядаж сард 50 000 төгрөг өөртөө зарцуулъя гэхээр зөвшөөрдөггүй. Би аав ээждээ мөнгө төгрөг өгөхөөс айдаг. Танай аав ээж ГОК-д ажилладаг боломжтой биздээ гэдэг. Амралтын өдрөөр аав ээжийнхээ гэр орон руу явуулахыг хориглодог. Би бясалгалаар хичээллээд 10 жил болж байна. Энэ хүнтэй сууснаас хойш нэг ч удаа хичээллээгүй. Сэтгэл зүйн дарамттай байгаа юм чинь яаж хичээллэх юм бэ. Яаж төвлөрөх юм бэ. Миний хүсэл зорилгыг бүрэн хаадаг. Д.Э-ын надаас шаарддаг бүх зүйлийг хийсэн. Би эргээд харахад их сургуульд сурдаг байхдаа цог золбоотой, зорилготой байсан юм байна лээ. Намайг хүмүүс чи яачихаа вэ? юу тохиолдоо вэ? гэж хэлдэг. Хүүхдийнхээ төлөө л амьдраад байсан юм байна лээ. Би аав ээждээ бүх үнэнийг хэлсэн. Манай аав ээж хоёр эргэж суулгахгүй гэсэн. Би энэ хүнийг өөрчлөгдөх байх гэж итгэсэн. Үгүй юм байна. Гурван сар тусдаа амьдарч байна. Энэ амьдралыг хамт барьж босголцчихоод яагаад ингэж хандаад байгаа юм. Залхаж байна. Гэрлэлтээ цуцлуулаад, хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжинд авмаар байна, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, би Э-аас юу ч авахгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хүсэлт шаардлагыг хүлээж авахгүй байгаа учраас гэрлэлтийг цуцалж шийдэх боломж байна гэж үзэж байна. Гэрлэгчид хамт амьдраад 8 жилийн хугацаа өнгөрсөн байна. Насан туршдаа эвсэг найрсаг амьдрах найрсаг гэр бүл болж чадаагүй. Цаашдаа ч чадахгүй юм байна гэж үзэж байна. Хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Өөр өөрсдийнхөө тайлбарыг гаргаж, өөрсдийгөө зөвтгөж нэгнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байх байдлуудыг гаргаж байна. Гэрлэгчдийн хооронд таарамжгүй байдал үүссэн байна. Ихэвчлэн нөхөр болох Э-ын үзэл бодлоос үүдэн гарсан хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд байна гэж үзэж байна. Иймээс ч О- гэр бүлээ салах оролдлогыг удаа дараа хийж байсан боловч хуурамч тайлбар, итгэл үнэмшил төрүүлээд байгаа хуурамч байдалд нь автаад дарамт шахалтаас шалтгаалаад буцаж нийлэх асуудал гарсан байна. Хоёр хүүхдээ бодсондоо хүчирхийллийн асуудлыг тэвчиж ирсэн байна. Салах оролдлого хийх болгонд нь амиа хорлох үйлдэл гаргаж байсан байна. Эм уух үйлдэл гаргаж байсан байна. Үзүүлбэр үзүүлж байгаа юм шиг сална гэдгээс болж амиа хорлох гээд байна гэдгээс болж салж чадахгүй өдий хүрч гэж үзэж байна. 8 жил энэ хүнтэй зууралдаж явсан байна. Сайн сайхан байдал байсан л байх. Гэхдээ өөрийнх нь хэлж байгаа тайлбараас харахаар өөрийнхөө үзэл бодолд итгэчихсэн. Өөрийнхөөрөө эхнэрээ эрхшээлдээ байлгах эрмэлзлэлийг байнга гаргаж байсан байна. Өөрөө үүнийгээ ойлгохгүй байна. Тайлбар дээрээс нь харагдаад байна. Нилээд хэд хэдэн төрлийн хүчирхийллийг гаргаж байсан болох нь харагдаж байна. Сэтгэл санааны, бэлгийн хүчирхийлэл байна, бие махбодийн хүчирхийлэл үйлдэж байсан нь талуудын тайлбараас харагдаж байна. Сэтгэл санааны хүчирхийлэл байнгын шинжтэй болчихсон. Үнэ цэнэгүй хүүхэн гэж сануулдаг. Тэрийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Охин биеэрээ ирээгүй гэдэг асуудал дээр заавал уучлалт гуйгаагүй гэдгээр хорсоод, хонзогноод байгаа мэтээр хандаж байсан байна. Дарамтанд байгаагаа О- өөрөө ерөөсөө ойлгохгүй, хүсээгүй бэлгийн харилцаанд орохыг шаарддаг байсан байна. Гуйгаад байгаа гэдэг үгийн цаана хүчирхийлэл байна. Гаж бэлгийн харьцаанд ордог гэдгийг хэлээд байна. Гэр бүлийн амьдралаа 2,3 сарын хугацаанд үл хайхраад тоглоод байдаг гэж байна. Ах дүү төрөл садантайгаа харьцаа байхгүй, танайх ийм тийм гэж харьцдаг. 2016 оны хойш аавтайгаа харьцаагүй. Эд хөрөнгүүд нь Д.Э-ын нэр дээр байдаг. Хэнийх нь нэр дээр байсан нь хамаагүй бүх эд хөрөнгүүд гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэхээр байгаа. Нэхэмжлэгч нэхэхийг хүсэхгүй байгаа. Хэдэн төгрөгийг яаж зарахыг заах, оролдлого байдаг байсан юм байна. Хэрүүл хийх зодож занчих зэргээр хохирол учруулах үйлдлүүд байжээ. Заналхийлж, дарамт учруулах хүчирхийллийн хэлбэрүүд мөн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан байгаа бичмэл нотлох баримтуудын тухайд шийтгэвэр, цагдаагийн газраас хийсэн аюулын зэргийн үнэлгээ, О-д бичсэн мессеж зэргээр хангалттай нотлогдож байгаа. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар тухайн хэрэг Э-ын мессежээр янз бүрийн зүйл бичиж дарамталсан айсан эмээсэн байдлаас болоод маргаан үүссэн нь тогтоогдсон шийтгэвэр байгаа. Хуралдаан дээр Д.Э- бичсэн мессежээ хүлээн зөвшөөрсөн. Хутга мэс хэрэглэн миний урдаас хөндөлссөн хэнийг ч болов хөнөөнө гэсэн мессежүүд ч бичсэн байгаа. 11 сард эхнэрээ зодсон, өмнө нь хэд хэдэн удаа заналхийлж, зодож байсан тайлбар мэдүүлэг шийтгэвэр дотор байгаа. Зөрчлийн тухай хуулийн дагуу баривчлуулсан. Хүчирхийллүүд нь ганцхан 11 сард гараагүй. Өмнө нь ч гэсэн гарч байсан. Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх явцад Цагдаагийн газраас аюулын зэргийн үнэлгээг хийсэн. Эрсдлийн үнэлгээг өндөр зэрэгтэй байна гэж үзсэн. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний шийтгэх тогтоолоор нотлогдож байна. О-ийн аав Ханддорж хүндэвтэр гэмтэл учруулахдаа охиноо өмөөрөх шалтгаанаар маргалдаад шалны модоор Э- гарыг цохиж хугалсан үйлдэл байдаг. Э- О- нарын хэрүүл өөрсдийнх нь дунд биш гадагшаа халиад ах дүү нарын дунд болсон байна. Хянан шийдвэрлэхдээ нэг жилийн хорих ял өгөөд тэнсчихсэн байдаг. О- өөрийнхөө байгаа байдлыг хэнд ч хэлдэггүй. Өөртөө бодож шаналж явсаар өдий хүрсэн байдаг. Дээрх баримтууд зөвхөн энэ хүчирхийлэл үйлдээд байгаагийн нэгээхэн хэсгийг нотлоод байгаа юм. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа тайлбараас харахад гэр бүлийн хүчирхийлэл хүний нүднээс далд байдаг. Хүчирхийллийн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, бурууг эхнэртээ тохох, итгэл үнэмшил төрүүлэх, гэрлэлтээ цуцлуулахгүй гэсэн тайлбар өгч байна. Өөрийгөө цэвэрхэн авч гарах гэсэн оролдлого гэж үзэж байна. Гэрлэлтийг цуцлах шаардлага байна гэж үзж байна. Э-ын хүсэлтийг хүлээж аваад гэрээ байгуулах боломж байхгүй гэж үзэж байна. Эвлэрэх асуудлын тухайд эвлэрсэн гэдгээ хэллээ. Хоёр жилийн хугацаанд эвлэрэх гээд үзсэн гэлээ. Амьдрал дээр хэрэгжих үү гэдгийг нэхэмжлэгч хэлээд байна. Бэлгийн гаж байдал гаргадаг. Тэр үйлдэлдээ одоо ч уучлалт гуйгаагүй. Сөгдүүлж байж дарамтаа болих юмуу. Би чам дээр ирээд тэгсэн гэдгээ хэлэхээр дахиад уучилна гэсэн ойлголт байхгүй гэж үзэж байна. Гэрлэлтээ цуцлуулъя, хүүхдүүдээ асрамжиндаа авъя гэсэн шаардлага гаргасан. Гэрлэлтээ цуцлуулахаас өөр гарц алга байна. Цаана нь эдийн засгийн асуудал байна. Заналхийлэлд байх байдал байна гэж үзээд байна. Өнөөдөр намайг өмгөөлөгчөөр авсан. Өдөр хэрэгтэй танилцаад шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэлийг уншихаар өөрийнхөө бодож байснаар бичсэн байна. Яах аргагүй ийм шаардлага тавьсан байна. 8 жилийн хугацаанд ийм байсан хүн засарна гэж байх уу. Гэрлэлтийг цуцлаад хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй ч гэсэн шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Доржсүрэн овогтой Э- нь 2012 оноос Х.О-тэй гэр бүл болж 7 жил хамт амьдар ч байна. Бид хоёр долоон настай Г- охин, нэг ой 8 сартай Ивээлэрдэнэ гэсэн хүүтэй. Хамгийн анх гэр бүл болохын өмнө би түүний араас 3 жил гуйж түүний надаас хүссэн бүх зүйлийг биелүүлж сүүлдээ цагаан хоолтон болж бясалгалаар хичээлдэг авшигтан болж гадаадад сурч байх хугацаанд ганцхан түүнийг л гэж амьдардаг байсан. Энэ бүх явдал хамгийн анх тэр миний өвөр дээр сууж байгаад өмнө хүнтэй унтаж байсан гэж хэлэхэд миний сэтгэл өвдөж байсан ч зүгээрдээ би чинийхээ биенд биш сэтгэлд чинь дуралсан юм шүү гэж хэлээд энэ амьдралыг эхэлсэн энэ бүх хугацаанд надаас энэ явдал дээрээ нэг ч удаа уучлалт гуйгаагүй харин эсрэгээрээ уурлаж өнгөрсөн явдал чамд хамаагүй гэж харьцдаг байсан. Миний хувьд багаасаа хүүхдийн цуглаанд явдаг цэвэр ариун гэр бүлийг босгохын тулд өөрөө цэвэр ариун бас тийм ч охинтой гэр бүл болж хуриман дээрээ цагаан костюм өмсөж зогсохыг хүсдэг тийм л залуу байсан. Харин энэ бүх хугацаанд надаас уучлалт гуйхын оронд энэ бүхнийг ийм байдалд хүргэж байна. Хамгийн анх үерхэж байхдаа хоёулаа сайн ярилцъя л даа гэж араас нь гуйж явахад миний тархи луу миксерний тагаар цохиж ухаан алдуулж түргэний машинаар нэгдсэн эмнэлэгт очиж байсан нь хамгийн анх миний биед гар хүрсэн явдал юм. Манай хүн уул нь хүнд тусархуу цайлган сэтгэлтэй надаас бусдад халамж анхаарал тавьдаг сайн бэр, сайн хань, сайн ээж, тэсвэр хатуужилтай муу зуршил байхгүй, цагаан хоол идэж бясалгалаар хичээллэдэг, миний энэ амьдралдаа уулзаж байсан хамгийн сайхан эмэгтэй гэж боддог. Энэ нэхэмжлэлийг уншаад бичсэн бүх зүйлд нь би хариу өгөхийг хүсэж байна. 2017 оны өвөл 11 сард эхнэр бид 2 маргалдаж би аавынх руугаа явлаа гээд явсан маргааш нь охиныг минь цэцэрлэгээс нь авах гээд очтол хадам ээж аваад явсан байсан, хадмын хаалгыг тогшоод орох гэтэл хадам аав урдаас үгийн зөрөөгүй цохьсон. Би гайхаад та нар ямар ч учрыг нь олоогүй байж ийм зан гаргаж байгаа юм уу гэж хэлээд охиноо аваад явсан. Энэ явдлын дараа 7 хонгийн дараа эхнэртэйгээ уулзах гээд хадмынд очтол эхнэр урдаас гарч ирээд надад гаргадаг шигээ миний нүүр нүдлүү цохиж байтал хадам аав цаанаас нь гарч ирээд над руу дайрч цохиж зодож эхэлсэн. Би залуу хүн учраас та намайг цохиж даралтаа ихэсгээд яах вэ гэж хэлтэл миний гар луу шалны модоор цохиж буглагаар нь хугарч 6 сар ажиллах чавдаргүй болгосон. Энэ явдлаас хойш 2 сарын дараа эхнэр гэнэт залгаад надтай уулзахыг гуйсан би гомдож байсан ч охиноо бодоод уулзтал чамайг маш их саналаа, шөнө чамаар тэврүүлмээр, үнсүүлмээр, хүсээд маш их хэцүү байна, чамтай унтмаар байна, надад 40 мянга байна, 2-уулаа буудал оръё л доо, чамаас гуйж байна гээд уйлж эхэлсэн. Би гайхаж байсан ч яаж ийм үйлдэл гаргачихаад надруу ирдэг байна гэж бодож байсан ч охиноо бодоод буцаж нийлсэн. Тэгтэл айж цочирдсондоо надаас салж чадаагүй гэж бичсэн байна. Энэ бүхнийг дэлгэрэнгүй ярьж байгаа нь намайг бэлгийн хүчирхийлэгч, гаж донтон гэнэ үү, санаж хүсээд ирдэг байсан хань ижил минь ингэж ярихаар сэтгэл үнэхээр өвдөж байна. Энэ бүх амьдралын хугацаанд би эхнэртээ 3 удаа гар хүрч байсан. Хамгийн сүүлийнх нь 2019 оны 11 сарын 10-нд болсон миний дээрээс хүйтэн шанагатай ус байнга асгаж тархи толгой руу минь байнга цохиж зоддог байсан ч эр хүн учраас эхнэртээ зодуулдаг гэж хэлэхээс ичээд хэнд ч хэлдэггүй байсан, харин миний ээж энэ бүхнийг хараад тэсэлгүй 2 удаа О-ийг гэр лүүгээ яв гэж хөөж байсан, эр нөхрийнхөө тархи толгойнд байнга гар хүрээд байвал энэ амьдрал чинь яаж дээрдэх юм бэ гэж үргэлж хэлдэг ч хүлээж авдаггүй байсан. Хүүхдийнхээ дэргэд хэрэлдмээргүй байна, хоёулаа маргалдаж муудалцсан ч чи миний биед битгий гар хүрч байгаач гэж энэ амьдралын туршид гуйж хэлсэн ч хүлээж авч байгаагүй. Энэ нэхэмжлэхээс харахад намайг гэр бүлийн хүчирхийлэгч шиг бичсэн байна, хүүхэд гэр бүлийн толь гэдэг охиноос минь асуухад үнэнээр нь хэлнэ. Намайг араар тавьж хуурч байсан гэж бичиж, яагаад хуурах болсон бэ гэвэл чи миний араас гуйж байж нийлсэн, чи гараад явдаа, надаас өөр хүн чамайг тоох нь уу яах нь уу яваад үздээ гэж үргэлж шордож намайг хувь хүний талаас минь царай муутай гэж байнга сэтгэлийн дарамтанд оруулдаг байсан. Би бүүр нээрээ л намайг хэн тоох билээ гэж боддог болсон байсан. Өөрөө ч намайг хуурч тэр битгий хэл хуурсан залуугийн эхнэр нь аминд нь хүрэх шахаж байсан. Бас гэрийн хувцастай хүйтэнд хөөж гаргасан гэж бичсэн байсан, өвлийн хувцас гутал малгайтай гэрээсээ гараад явсан араас нь гартал байхгүй байсан. Шүүхийн өмнө миний бичсэн бүх зүйл нэг ч худал үг байхгүй гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрөх байх. Би л энэ амьдралыг босгож эхлүүлсэн учраас үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээж хоёр хүүхдийг минь өсгөж өгсөн ээж аавыгаа бодоод энэ бүхнийг үзэн ядалт уур бухимдлаар шийдмээргүй байна. Энэ бүхний эцэст хоёр хөөрхөн үр минь ирээдүйд аав минь яагаад бидний төлөө зогсож чадаагүй юм бол гэж хэлүүлэхийг хүсэхгүй байна. Төгс хүн гэж байхгүй, надад маш их алдаа дутагдал байгаа гэхдээ энэ бүхнийг өөрчлөхийн тулд дахиж цуглаанд явж, эхнэрээ би л сонгосон өөр хэн ч биш тиймээс буулт хийж өгч, уучлал гуйж, хоёр хүүхдээ бодоод зөв шийдвэр гаргаач, хагас өнчин гэж дуудуулахыг хэзээ ч хүсэхгүй байна. Манай ээж бас би чамайг хайраар дүүрэн байлгахын төлөө чадах бүхнээ зориулахад бэлэн байна, хань минь ийм дэмий юм хийгээд байлгүй над дээр хүрээд ирээч гэж гуйж байна. Чин сэтгэлээсээ чамаас бүх зүйлд намайгаа уучлаарай хайрт минь гэж хэлэх гэсэн юм. Харилцаагүй байгаа учраас сэтгэлийн үгээ сүүлд нь бичлээ. Хууль шүүхийн байгуулагын ажилтан та бүхнээс хоёр хүүхдийг минь бодоод элэг бүтэн үлдээж өгөөч гэж чин сэтгэлээсээ гуйж байна.

...Хоёр хүүхдийнхээ хажууд бэлгийн хүчирхийлэгч шиг ярьж байна. Би чамаас дандаа гуйдаг байсан. Ганцхан надтай чөлөөтэй байдаг. Миний найзуудыг миний найз гэж хэлдэг. Энэ бүхэн миний буруу. Би өөр хүмүүстэй амьдарч болох л байсан. Сая О-ийн ярьж байгаа зүйлийг сонсож чадахгүй чихээ бөглөмөөр санагдаж байсан. Би эхнэрээсээ хайр халамж мэдрээгүй. Болзъё хоол унданд оръё. Нэг сар тусдаа байя, цоо шинээр амьдаръя гээд санал тавьж байсан. Миний зүгээс ярих юм гэвэл арав дахин илүү байгаа. Жагсаагаад хэлвэл хэлж болж байна. Охиныхоо, хүүхдийнхээ дэргэд надад гар хүрч байсан. Охин энэ талаар хэлнэ. Хүүхэд гэр бүлийн толь гэдэг. Чи намайг бэлгийн хүчирхийлэгч, гаж донтон гэж байна. Намайг Чи миний араас гуйгаад гүйж байсан, чамайг тоох хүн байвал гардаа гэдэг байсан. Би маш их хайртай байсан. Би Х.О-ийг түрүүлж үнсээгүй, үнсэхээс ч эмээдэг байсан. Надтай тоглоом шоглоом хийж харьцдаг байсан. Манай амьдрал тийм бололцоотой биш. 4 дүгээр ангиасаа би аавыгаа дагаад хар ажил хийдэг байсан. Манай хадмынхан бололцоотой айл ч гэсэн хайр халамж дутагдсан айл. Хадам аав зурагтны удирдлагаа бариад суудаг. Би хадмындаа амьдардаг байхдаа таксинд явж ирэхдээ бүх хувцас гутлаа тайлчихаад, хаалганы нугас дугараад байхаар нь дуугүй болгочихоод орж ирдэг байсан. Намайг өчнөөн цохьсон. 4 хоногийн өмнө тархины даралт ихэссэн. Х.О- миний толгойд байнга гар хүрдэг. Хүүхдүүд минь манай аав ээжийнд 20 хоног инээж хөхрөөд аз жаргалтай байсан. Охин маань аавдаа үнэхээр их хайртай. Манай хадам аав ээж дээр очдоггүй. О- ийм юм ярихаасаа ичээсэй. Хүүхэд маань л хэлнэ. Би нэгдүгээр курст байхдаа цагаан хоолтон болсон. Х.О-ийн төлөө их золиос гаргасан. Х.О- тэр компьютерийг санаатайгаар салгасан. Би Х.О-ийг биш ширээгээ цохьсон. Би архи тамхи хэрэглэдэггүй. Энгийн нэг алба хаагч шиг амьдрахыг хүсээгүй. Амьдралаа дээшлүүлье, төсөл хөтөлбөр хэрэгжүүлье гээд ажлаасаа гарч байсан. Чи мэдэж байгаа биздээ Х.О-ээ. 7 хоногийн хугацаанд баривчилгааны байранд орсон. Энэ хүн эргэлт байтугай санаа ч тавиагүй. Гэр бүлээ цуцлахад бэлэн байна. Миний гарыг хадам аав хугалсан. Намайг ямар аймар зоддог юм бэ. Би гомдол гаргасан. Намайг ингэж их зовоочихоод тэр үед надтай унтах гэж ирсэн. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Манай хүн эхээс гурвуулаа. Дүү нь маш их уур бухимдалтай. Хүүгээ өвдөөд 7 сартай байхад нь эмнэлэгт 5 хоног би нойргүй хонож байсан. Хүүхдийн 80 хувийг манай эцэг эх, 20 хувийг нь чи өсгөсөн. Х.О- захирлын туслах хийдэг. Орой 10 цаг гэж ирнэ. Манай ээж аав хоёрын ачийг нь хариулж чаддаггүй юмаа гэхэд тайван амьдруулж чаддаггүй. Х.О- миний хоёр үрийг төрүүлж өсгөсөн. Хийсвэр хагалгаар төрсөн. Уучлаарай гээд 4 сар явахад намайг тоогоогүй. Би сүүлдээ хаясан. Би тэр үед найзындаа амьдарч байсан. Гар хугархай тул охины минь үсийг миний найз боож өгч байсан. Найзууд маань мөнгө нийлүүлээд тусалж байхад энэ хүн ийм хатуу хүн. Дараа нь надаас гуйж буудал орж яах гэж байгаа юм бэ. Сонголтыг нь зөвшөөрөөд чамайг хүссэн. Хоёр талын бүх хүмүүст намайг бүгдэд нь муу хүн гэж ярьсан. Энэ хугацаанд би чамайг дулаахан байранд байлгаж хэрэгцээгээр дутааж байгаагүй. Би тусдаа гарах юм бол намайг зодоод алчих байлгүй дээ гэж тоглоомоор хэлдэг байсан. Чамайг одоо харахад гундсан байна. Чи өөрийгөө зовоогоод байна. Аз жаргалыг бусдаас биш өөрөөсөө хайх ёстой. Хайрт минь чи миний хоёр хүүхдийг төрүүлж өсгөсөн. Чамд гомдох эрх байхгүй. Охины маань ярилцлагыг сонсоод үзээрэй. Би л энэ амьдралыг эхлүүлсэн. Хуулийн байгууллага хатуу чанга байдаг, цагдаа, шүүх, тоглоом биш байдаг юм байна гэдгийг ойлгосон. Би чиний намайг зодож байгаа бичлэгийг цагдаад өгөхөд доод тал нь 7 хоног баривчилна. Нам даралтын паар хөлдөөд нормын хувцастай гэртээ унтлаа. Би байсан эмүүдийг бүгдийг уусан. Хэнийг хайрлана гэж, хэнтэй учирна гэж өөрийнхөө төлөө амьдрах юм уу. Би ямар муу хүн юм бэ. Христэд итгэдэггүй байсан бол машинтайгаа нэг шон мөргөөд үхэх байсан. Аав ээжийнхээ өмнө өөрчлөгдөнө. ... Өглөө охиноо сургууль цэцэрлэгт нь хүргэж өглөө. Ээж нь байхгүй мөртлөө яагаад тайван байгаад байгаа юм. Бид дутагдаж гачигдах юм байхгүй. Шүүхийн шийдвэр амгалан тайван байдал бүү алдагдуулаасай. Би хуралд орж ирэхийнхээ өмнө насан туршдаа хамт байлгаасай гэж бурхнаас гуйж залбирчихаад орж ирсэн. ...Х.О- энэ хүн өмгөөлөгч авч байхаар өөрөө хэлэх юмаа хэлээд ярьмаар юм. Асрамжийн газрын хүүхдүүдэд өмгөөлөгчид өгөх мөнгөө өгчихсөн бол дээр байсан юм. Өөр ярих зүйл байхгүй гэв.

 

Шүүх зохигчдийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.О- нь хариуцагч Д.Э-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан.

 

 

 

Гэр бүлийн тухай хуульд гэрлэгчид харилцан зөвшөөрөлцсөнөөр гэрлэж болно гэж заасан байх ба хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Э-, Х.О- нар нь 2012 оны 12 сарын 11-нд гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж, тэдний дундаас 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр охин Э.Г-, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү Э.Ивээлт-Эрдэнэ төрсөн болох нь зохигчдын тайлбар, охин Э.Г-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүү Э.И-ийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 Гэр бүлийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрлэгчдийн хэн нэгний нэхэмжлэлийн дагуу шүүх гэрлэлт цуцлуулах маргааныг шийдвэрлэх ба эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэх хуулийн зохицуулалттай хэдий ч нэхэмжлэгч Х.О- нь нэхэмжлэлдээ хариуцагч Д.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гээд нэхэмжлэлд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 1117 дугаартай шийтгэвэрийг хавсаргаж өгсөн ба уг шийтгэвэрээр хариуцагч Д.Э- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байх тул эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж шууд шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн болно.

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Д.Э- нь эхнэр Х.О-ийг гэр бүл болж амьдран суусан цагаасаа эхлэн түүнтэй суухдаа охин биеэрээ өөр дээр нь ирээгүй, гэрлэхээсээ өмнө өөр хүнтэй байсан, ... ариун байдлаараа надтай суугаагүй гэж шалтаглаж, хэрүүл маргаан үүсгэж, энэ байдлаас болоод намайг үнэ цэнэгүй хүүхэн гэж дорд үздэг, үүнээс болж өөр хүмүүстэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, цаашлаад гэрлэгчдийн дотно харилцаа болох бэлгийн харилцаанд орохдоо хэвийн бус, гаж сонин байдлаар бэлгийн харилцаанд орохыг хүсч шаарддаг, шаардлагыг нь биелүүлэхгүй бол зоддог... гэж тайлбарласан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...би хүчирхийлэгч, гаж донтон биш, Х.О- нь намайг байнга толгой тархи руу зоддог, би хүүхдүүдээ өнчрүүлмээргүй байна, гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж тайларласан.

Гэрлэгчдийн тайлбар, хэрэгт авагдсан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 1117 дугаартай шийтгэвэр, Цагдаагийн газрын аюулын зэргийн үнэлгээний маягт зэрэг нотлох баримтуудаар хариуцагч Д.Э- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, шийтгүүлж байсан, мөн Д.О-ийн аав Л.Х нь охиноо хариуцагч Д.Э-аас өмөөрөх шалтгаанаар түүний гарыг цохиж хугалсны улмаас ял шийтгүүлсэн болох нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 23 тоот шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байна.

Иймд гэрлэгчид зан харьцааны хувьд болон бэлгийн харилцааны хувьд таарч тохирдоггүй, бие биенээ хүндэлж, харилцан ойлголцож чаддаггүй, нэхэмжлэгч нь цаашид хариуцагч Д.Э-тай эвлэрч, эргэж амьдрах боломжгүй гэсэн тайлбар гаргасан, хариуцагч Д.Э- нь олон хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаанд орж байсан, мөн эхнэр Д.О-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан зэрэг шалтгааны улмаас гэрлэгчид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй болох нь тогтоогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

 

 

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү Э.И, 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр охин Э.Г- нарыг өөрийнхөө асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн ээж, аавынхаа асрамжид байсан, бага насны хүүхдүүдийг эхийнх нь асрамжид байлгахад сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, хариуцагч Д.Э- нь зан харьцааны хувьд тогтворгүй, гэр бүлийн хүчирхийлэлд үйлдэж зөрчил гаргаж байсан тул хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчийн хооронд эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.О-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.О-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасныг баримтлан Д.Э- , Х.О- нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Э.Г, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Э.И нарыг /эх/ Х.О-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчийн хооронд эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.О-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.О-д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ