Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0080

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0084/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч ***  /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000129 дугаартай хэргийг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, *********тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнагүй, урьд: 
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***-ны өдрийн ***  дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ял, 
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** -ны өдрийн ***  дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар 5 жил 3 сар хорих ял биечлэн эдэлж байгаад Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн  Ерөнхий шүүгчийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн ***  дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 3 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн. 

Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа “*** ” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа байгууллагын итгэмжлэгдэн хариуцсан хөрөнгө болох “*** ” ХХК-ны борлуулалтын орлого болох 3.710.620 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч *** ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2013 оны 8 сард зар харж байгаад 09 сард нь “*** ” ХХК-нд түгээлтийн борлуулагчаар ажилд орсон юм. Энэ компани хүнсний дэлгүүрүүдэд хүнсний бараа тарааж өгдөг байсан. Би борлуулалт хийж, мөн жолоочоор ажиллаж байсан. 2013 оны 11 дүгээр сараас эхлээд харилцдаг дэлгүүрүүдээс өмнө нь зээлээр өгсөн барааныхаа орлогын мөнгийг нь аваад хувьдаа хэрэглэж байсан юм. Тэгээд 2014 онд манай ажлын нэг хүн ажлаасаа гараад тэгээд манай компани тооллого хийж мэдсэн юм.” гэх мэдүүлэг,

-Хохирогч *** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 09 сард манай компани борлуулагч ажилд авна гэж зар өгөөд зарын дагуу ***  ирж уулзаад борлуулагчаар ажилд авсан юм. Тэгээд 2013 оны 12 сард дэлгүүрүүдээс өмнө зээлээр өгсөн барааны мөнгийг аваад ир гээд өөр борлуулагч явуулсан чинь ***  аваад явсан гэж байна гээд мөнгө байхгүй ирээд байсан юм. Тэгээд харилцагч дэлгүүрүүдээр ороод тооцоо хийсэн чинь *** орлогыг бүгдийг нь аваад өөртөө хэрэглэсэн байсан. Зарим үед гарын үсэг зураад авсан байсан, заримдаа зураагүй авсан байсан. Нийт авсан мөнгө нь 3.710.000 төгрөг байсан. Одоо хохирлоос 3.400.000 төлсөн байгаа. Үлдэгдэл хохирол 310.690 төгрөг төлөөгүй байгаа.” гэх мэдүүлэг,

-Хохирогч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** ганцаараа түгээлтийн үйл ажиллагааг хариуцаж ажиллаж байсан*** гэж ажилтан захиалга хариуцдаг. *** нь нөгөө хоёртоо туслаад аль ачаалал ихтэй газар нөхөөсөнд ажиллаж тооцоонд холилдохгүй ажилладаг байсан. Захиалагч дэлгүүрүүд ***р дамжуулж бараа захиалаад, *** захиалгын барааг, падааны хамт дэлгүүрт хүргэж өгөөд гарын үсэг зуруулж, өнгөн хувийг өөртөө авч, нөгөө хуулбарыг дэлгүүрт өгөөд явдаг юм. Энэ хугацаанд 2013 оны 9 сард Мөнхдархан 2 дэлгүүрээс 200.000 гаруй төгрөг авсан байсныг манай нөхөр ажилчдыг байхгүй хойгуур нь өөрөө түгээлтэнд явж байгаад мэдсэн. Тухайн үед дахиж битгий ингэж алдаа гаргаарай гэж хэлээд, надад мөнгөний хэрэг гараад гэж гуйгаад байхаар нь цалингаас нь суутгаад орхисон. Дараа нь шинэ жилээр ажлын ачаалал ихсээд 2013 оны 12 сарын сүүлийн 10 хоног зээл цуглуулахаар ***ыг явуулсан. Тэгэхэд *** ажил таслаад байхаар нь 3 удаагийн сануулга өгч байсан. Тэгээд он гараад ***ыг 2014 оны 1 дүгээр сарын 3-нд халах тушаал гаргаж, Мөнхдарханыг дагуулж ***н тооцоог харилцагч дэлгүүрүүдээр явж шалгахаар хамт явсан. Тэгэхэд ***аас илүү ***ы авсан тооцоонууд их байсан. Мөнгийг нь авсан гэх харилцагч 35 дэлгүүрээр явж тооцоогоо үзээд 2014 оны 1 дүгээр сарын 9-нөөс ажилд гаргахаа больсон. Тэрнээс хойш одоо битгий ***нд мөнгө өгөөрэй гэсэн 4 дэлгүүрүүдээс 200.000 орчим төгрөг авсан байсан. Мөнхдархан нийт харилцагч дэлгүүрээс авсан мөнгө нь 3.846.196 төгрөг болсон.” гэх мэдүүлэг, /хэргийн 63-64 дэх тал/  

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ***тай суугаад 4 жил орчим болж байна. Бид дундаасаа нэг хүүтэй болсон. Одоо ой гурван сартай. Надтай анх танилцаж байхдаа Дархан секьюритид хамгаалалтын албанд ажилладаг байсан. Дараа нь Компорт зочид буудалд хаалгач хийж байгаад гараад 2013 оны 8 сард “***” ХХК-д ажилд ороод 10 дугаар сараас эхлээд гэр орондоо ирэхгүй, хонож өнжөөд архидаад ирдэггүй болсон. Гэртээ ирэхгүй болохоор нь өглөө хүүхдээ хүнд үлдээчихээд ажил дээр нь яваад очиход нил архи үнэртдэг байсан. Хуулийн зөвлөх нь *** гэж хүүхэнтэй уулзаад асуусан чинь өглөө ажилдаа гараад, орой тараад ажлаа хэвийн хийж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь ***ыг ажлаа тарахад нь хэлж байгаач, би орой тосоод авч байя гэж хэлээд нилээн хэдэн удаа тосч авсан. Сүүлдээ би ч тосч авахаа больсон, *** ч надад хэлэхээ байсан. 2013 оны 11 сарын сүүлээр 7 хоног гэртээ ирээгүй. Дараа нь 2-3 хоногоор гэртээ ирэхгүй болсон. Тэгээд хааяа гэртээ ирэхдээ хүүхдээ хуурах ганц уут боов, хэдэн ширхэг памперс, ганц литр сүү аавдаа авч ирдэг. Өөр хоол хүнсний юм юу ч авахгүй, ажилд орсныхоо дараа 10 шуудай нүүрс л авсан. Хадам аавын тэтгэвэрийн мөнгө болон хүүхдийн тэтгэлэгийн 40.000 төгрөгөөр амьдардаг.
…. ***ыг компаний мөнгө идэж, ууж байгаа талаар огт мэдээгүй, Шинэ жилийн өмнө 2013 оны 12 дугаар сарын 28-нд 200.000 төгрөг, 30-нд 500.000 төгрөгийг цалин гэж өөрөө өгсөн. ” гэх мэдүүлэг, /хэргийн 65 дахь тал/ 

-Гэрч Ж*** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай дэлгүүр 2013 оны 6 дугаар сараас “***” ХХК-тай харилцаж байгаа. Энэ компаниас захиалагч нь эхлээд бараа захиалж аваад маргааш нь борлуулагч нь ирж бараа өгөөд бэлэн мөнгөөр тооцоо хийгээд явуулдаг. Манай дэлгүүрт 7 хоногт 2 удаа “***” ХХК-ийн бараа ирдэг. Энэ компаниас их мөнгөөр бараа авдаггүй. Дандаа Солонгос бэлэн хоол, стандарт сахар, арвайтай ногоон цай, хааяа жимс авдаг. 20.000-70.000 төгрөгийн бараа авдаг. Энэ компанитай ямар нэгэн тооцоо байхгүй.” гэх мэдүүлэг, /хэргийн 85 дахь тал/ 
-Гэрч А***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би архи ууж ажил тасалсан гээд 2014 оны 1 дүгээр сарын 3-нд ажлаасаа халагдсан. Миний харилцагч дэлгүүрүүдээс авсан мөнгийг шалгах гээд ***ыг дагуулж шалгаж явсан. Тэгээд ***ы хувьдаа ашигласан мөнгийг олж илрүүлэн ажлаас нь халсан. Би хоёр удаа Мөнхдархантай архи уусан.” гэх мэдүүлэг /хэргийн 66 дахь тал/
-Гэрч Б***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2013 оноос “***” ХХК-тай нээгдсэн цагаас эхэлж харилцаж байгаа. Анх *** захирал нь өөрөө явж бараагаа тараадаг байсан. Дараа нь 2013 оны намраас ***, ***, *** гэх гурван хүн ирдэг болсон. “***” ХХК-ийн борлуулагч *** нь 2013 оны 12 дугаар сарын 28-29-ний хооронд орой 22 цагийн орчим жаахан архи үнэртүүлчихсэн орж ирээд найздаа 30.000 төгрөг хувиасаа зээлээч гээд байхаар нь өгсөн. Дараа нь “***” ХХК-ийн захирал ***г ирэхэд барааны мөнгөнөөс нь суутгаж авсан. Одоо манай дэлгүүр “***” ХХК-тай ямар нэгэн тооцоо байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 75 дахь тал/ 
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай дэлгүүр “***” ХХК-тай 2013 оны хавраас эхэлж харилцаж байгаа. Манай дэлгүүр хоёр худалдагчтай. 15 хоногоор ээлжилж гардаг. Энэ компанитай падаанаас падааны хооронд тооцоогоо шахаж явдаг. “***” ХХК-ийн борлуулагч ***шинэ жилийн өмнөхөн архи үнэртүүлчихсэн орж ирээд 34.400 төгрөгийн тооцооны үлдэгдлээ авъя гэж орой 21 цагийн үед орж ирээд хэлэхдээ манай байгууллагын шинэ жил болж байна. Би захиралтайгаа явж байна, манай захирал гадаа байгаа гэж хэлээд 34400 төгрөг аваад гарсан. Маргааш нь бараа захиалагч Мөнхбатыг орж ирэхээр нь танай борлуулагч залуу өчигдөр орой мөнгө аваад явсан шүү гэж хэлсэн чинь гайхаад тэр хүн чинь чөлөө аваад Улаанбаатар явсан байх ёстой гээд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 77 дахь тал/ 
- Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай дэлгүүр “***” ХХК-иас хүнс, жимс захиалгаар авдаг. Захиалгыг Ганхөлөг гэж залуу ирж авдаг. Захиалсан барааг *** гэж залуу хүргэж ирдэг. Мөнхдархан өмнөх авч ирсэн бараагаа зээлээр падаантайгаа өгөөд сүүлд ирсэн бараагаа өгөхдөө өмнөх падаанаа аваад явдаг. Заримдаа Мөнхдархан ажлын бус цагаар согтуу орж ирээд “***” ХХК-иас явж байна. Барааны мөнгө авах гэж ирлээ гээд орж ирдэг. Орлого хүрэхгүй байна гэхээр цувуулаад өгдөг байсан. Сүүлд 2013 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш нэг удаа бараа захиалсан чинь өмнө авсан барааны мөнгө төл гэж хэлсэн байсан. Одоо манайх “Жоконо Ерөө” ХХК-тай ямар нэгэн тооцоо байхгүй” гэв.    

- Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай 2013 оны 9 дүгээр сараас “***” ХХК-тай харилцаж эхэлсэн. Энэ компани нь эхлээд захиалгаа аваад дараа нь бараагаа авчирч өгдөг. Манай дэлгүүр хөдөлгөөн багатай учраас бага бараа захиалаад ихэвчлэн бэлнээр мөнгөө өгдөг. 2013 оны 12 дугаар сарын 20-нд захиалсан барааг *** авчираад би бэлэн 109.400 төгрөг өгөөд явуулсан. Дараа нь *** ирэхгүй байж байгаад 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр жаахан согтуу ирээд үлдэгдэл 20.000 төгрөг аваад явсан. Одоо энэ компанитай ямар нэгэн тооцоо байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 69 дэх тал/ 
- Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай дэлгүүр “***” ХХК-тай 2013 оны 10 сараас хойш харилцаатай болсон. Манайх энэ компаниас бэлэн хоол, далайн байцаа, жимс жимсгэнэ авдаг. Манай дэлгүүр “***” ХХК-ийн захиалагч нь нэг хоногийн өмнө ирж захиалгаа авч явдаг. Маргааш өдөр нь борлуулагч нь бараагаа тараадаг. Манай дэлгүүр хааяа зээлээр авдаг. Одоо манайх “***” ХХК-тай ямар нэгэн тооцоо байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 78 дахь тал/   
      
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би “***” ХХК-тай 2013 оны 2 сараас эхлээд харилцаж байгаа. Манай дэлгүүрт захиалагч нь урд өдөр нь ирж захиалгаа аваад маргааш өдөр нь борлуулагч гэх залуу ирж бараагаа өгдөг. Манай дэлгүүр дэндаа бэлэн мөнгөөр бараагаа авдаг. Хааяа бараагаа өглөө аваад үдээш хойш мөнгөө өгдөг. 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би 174.850 төгрөгийн бараа бэлнээр авсан. Намайг дэлгүүртээ сууж байхад сарын сүүлээр “***” ХХК-ийн нягтлан гэх хүүхэн борлуулагч залуутай ирсэн. Тэгээд тэр хүүхэн өрөө төл гэхээр нь би өргүй гэхэд хамт явсан борлуулагч залуу “өө надад мөнгөө өгсөн” гээд цуг гараад явсан. Одоо манай дэлгүүр “***” ХХК-тай ямар нэгэн тооцоо байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 79 дахь тал/  
-“Жоконо Ерөө” ХХК-ийн захирлын тушаал, /хэргийн 6 дахь тал/ 
- Зарлагын баримтууд /хэргийн 11-49 дэх тал/ 
- “***” ХХК-ийн ня-бо *** нарын харилцагчдаас авсан мөнгөний тооцоо хийсэн баримт /хэргийн 58-59 дэх тал/   
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хэргийн 114-120 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ***нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***-ны өдрийн *** дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар 5 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлж байгаад Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн  ***-ны өдрийн *** дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 3 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар ялгүй болох хугацаа дуусаагүй байхад байгууллагын итгэмжлэгдэн хариуцсан хөрөнгийг завшиж үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.
    Иймд шүүгдэгч ***г байгууллагын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг  завшиж, үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч ***нь “***” ХХК-д 3.710.620 төгрөгийн хохирол учруулснаас 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1.400.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан, үлдэгдэл 310.690 төгрөгийг төлөөгүй үлдсэн болох нь “***” ХХК-иас ирүүлсэн тайлбар /хэргийн 144 дахь тал/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй гэж үзнэ.
    Шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мөнхдарханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч ***г байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т зааснаар шүүгдэгч ***д тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 сар /нэг сар/ баривчлах ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

    4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *** аас 310690 /гурван зуун арван мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулж, хохирогч ***” ХХК-нд олгосугай.
    
    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ