| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00413/И |
| Дугаар | 00392 |
| Огноо | 2020-06-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 00392
| 2020 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2020/00392 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Орос .. айлын ... тоотод оршин суух, Илжгэн овогт Дын Д //-ийн нэхэмжлэлтэй,
Н.Нийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 153/2020/00413/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Д.Д нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Н.Н 2018 онд зээлсэн мөнгөө өгөөгүй байсан учраас би 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэр гаргуулсан.
Хоёр долоо хоногийн дараа өгнө гэсэн өгөхгүй 50000, 100000 төгрөгөөр нийт 250000 төгрөг өгсөн. 1530000 төгрөг өгөх ёстойгоос 250000 төгрөг өгсөн. Би нэхэмжлэл гаргахдаа 70200 төгрөг төлөөд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дээр байж байгаад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгээд хурааж авсан зүйлүүдийг Н.Н нь би энэ багаж хэрэгслээ ашиглаж ажил хийж байгаад Д.Дийн өрийг төлнө гэж буцааж аваад 2 сард сураггүй болсон. Одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Шийдвэр гүйцэтгэгч Оюунбаярт би Улаанбаатар хотод хуучин хаяг дээрээ байна гэдэг хариу өгсөн байсан. Би итгэл үзүүлж зээлсэн мөнгөө буцааж авъя гэсэн....Н.Н нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 80 айлын 01 тоотод амьдран сууж гоо сайхны салон ажиллуулж байгаад сураггүй болсон...гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь Н.Нийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцож буй Н.Н нь нийт 1,530,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Дт төлөхөөр 153/ЭГ2019/00007 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсныг тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШЗ2019/00228 дугаар “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжаар баталгаажуулсан болох нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШЗ2019/00228 дугаар “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 20-21 дүгээр тал/
Улмаар нэхэмжлэгч Д.Д нь дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасныг тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШЗ2019/00573 дугаар “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамжаар шийдвэрлэжээ. /хх-ийн 19 дүгээр тал/
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШЗ2019/00228 дугаар “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжид заасан төлбөрийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Н нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 1 дүгээр 80 айлын орон сууцанд түр оршин суух бүртгэлтэй боловч 2019 оны 12 дугаар сараас хойш тус хаягтаа оршин суугаагүй болох нь Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /хэлтэс/-ын 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Оюунбаярын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20/19 дугаар “Төлбөр төлөгч, түүний эд хөрнөгийг эрэн сурвалжлах тухай тогтоол”-оор тогтоогдлоо. /хх-ийн 18 дугаар тал/
Тавичуул овогт Ноостын Н нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 1 дүгээр 80 айлын орон сууцны 1 тоотод оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаартай “Ноост овогтой Н нь Жаргалан багийн 1 дүгээр 80 айлын орон сууцны 1 тоотод оршин суудаггүй болохыг тодорхойлсон” тодорхойлолтоор тус тус нотлогдож байх тул Н.Нийн эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.
Н.Нийн талаарх мэдээлэл: Тавичуул овогт Ноостын Н нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэгийн 16 дугаар хорооны Орхон 3 дугаар гудамжны 18 тоотод бүртгэлтэй гэх, эмэгтэй, ДИ84101404 регистрийн дугаартай болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Цагдаагийн байгууллага, алба хаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагчаас хэрэгжүүлж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн этгээд, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах, олж тогтоох тохиолдолд туслалцаа үзүүлж, харилцан мэдээлэл солилцохоор заасныг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ДИ84101404 регистрийн дугаартай, Тавичуул овогт Ноостын Нийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Тавичуул овогт Ноостын Нийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Н.Нийг оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Д.Дт нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ