| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Оч |
| Хэргийн индекс | 171/2012/0160/Э/ |
| Дугаар | 166 |
| Огноо | 2012-09-05 |
| Зүйл хэсэг | 145.2., 223.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0160/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан,
иргэдийн төлөөлөгч Д.Ганболд, С.Банди, Ц.Цэндсүрэн
улсын яллагч О.Доржмаа
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд /0-325/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 223 дугаар зүйлийн 223.1-д заасан гэмт хэрэгт Э.У-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000367 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Э.У-, /РД: /, 1987 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, 2 дүүгийн хамт тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 10 хоног хорих ял шийтгэж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 211 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар түүний эдлэх ялаас 3 жилийг хасаж, мөн үүний дараа Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 23 хоногийг өршөөн хасч суллагдаж байсан.
Шүүгдэгч Э.Э.У- нь ялтай байх хугацаандаа 2012 оны 6 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******************* тоот иргэн Д.Д.Г-ын гэрт нэвтрэн орж 17 нэр төрлийн эд зүйлийг шунахай сэдэлтээр хулгайлан авч нийт 13449500 төгрөгийн хохирол буюу үлэмж хэмжээний хохирол, мөн хашаанд байсан түүний Киа Бонго маркийн ***ДАР улсын дугаартай автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Э.У- нь ялтай байх хугацаандаа 2012 оны 6 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******************* тоот иргэн Д.Д.Г-ын гэрт нэвтрэн орж 17 нэр төрлийн эд
D:\My D\My office files\Шийтгэх тогтоол\Э.Ууганбаяр-145.4, 223.1-166.doc
зүйлийг шунахай сэдэлтээр хулгайлан авч нийт 13449500 төгрөгийн хохирол буюу үлэмж хэмжээний хохирол, мөн хашаанд байсан түүний Киа Бонго маркийн ***ДАР улсын дугаартай автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан болох нь
Хохирогч Д.Д.Г-ны “2012 оны 6 дугаар сарын 06-ны өглөө 09 цагийн орчим манай хүү Ч-э утсаар яриад хашаан дотор байсан Бонго-3 маркийн *****ДАР улсын дугаартай автомашин урд шөнө алга болсон.Машин алга болохтой хамт хулгай орсон байна. Гэрээс нилээн юм авсан юм шиг байна гэж хэлсэн. Ингээд би үүнийг сонсоод шууд Дархан руу гарч өдөр 14-15 цагийн орчим ирэх үед цагдаагийнхан манай хулгайд алдсан машиныг олчихсон байсан. Зэрэг эд зүйлийг хулгайлж авахдаа улаан эрээн шоотой цүнхэн дотор хийж байсан байсныг өнөөдөр цагдаа дээр ирээд авлаа. Тэр хулгай хийсэн хүн бас манай гэрт телевизорын доор байсан Хятад улсад үйлдвэрлэсэн DVD тоглуулагчийг цагаан өнгийн торон бүтээлгэнд боож авсан юм шиг байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24 дэх тал/ гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Ч-ийн мэдүүлэг “2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим би гэрээсээ 1 ширхэг мөнгөн аяга авч ломбардад тавьж архи уухаар гэрээсээ гарсан. Гэрээсээ гарахдаа аавынхаа *****ДАР улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго-3 маркийн автомашиныг унаж гарсан. Тэгээд мөнгөн аягаа Биржийн ур талд байдаг барьцаалан зээлдүүлэх газар 15000 төгрөгөөр тавьсан. Ингэж явах үед биржийн урд зам дээр өмнө нь таньдаг байсан У- гэдэг залуутай таарсан. Тэгээд би У-г хамт явъя гэж хэлээд дагуулж явсан. Тэгээд би мөнгөн аягаа барьцаанд тавьчихаад У-гийн хамтаар манай гэр лүү явж би хашаандаа аавынхаа машиныг тавьчихаад буцаж гэрээсээ гараад урд талын Арбатын гудамжинд нэг бааранд орж 1 шил Ерөөл архи уусан…тэгээд би нэг мэдсэн нилээн муудаад байхаар нь баарнаас гараад гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ хариад унтсан. Гэтэл өглөө сэрээд хартал манай гэрт хулгай орсон бололтой авдар сав онгичоод хойморт байсан Хятад улсад үйлдвэрлэсэн 14 инчийн хавтгай дэлгэцтэй телевизор, DVD тоглуулагч, телевизорын доод талд байсан шүүгээнээс 2 ширхэг харлаг манан хөөрөг, аав, ээж хоёрын аяга, түүн дотор байсан том гарын мөнгөөр бүрсэн зэсэн аяга, түүн дотор байсан мөнгөн бөгжнүүд зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. Тэгээд гэрээсээ гараад иртэл хашаан дотор байсан *****ДАР улсын дугаартай аавын Бонго-3 маркийн автомашин алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26 дахь тал/,
Гэрч С.С.М-гийн мэдүүлэг “Манай хүү Э.У- 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим болов уу гэрээс гараад буцаж ирээгүй. Гэтэл маргааш өглөө нь 11 цаг өнгөрч байхад би Тосгонд буюу Төмөр замын буудлын чанх урд талд байдаг дүү Н-ийнхоо гэрт очтол манай дүүгийн охин С- байж байсан. Гэтэл С- надад Э.У- ах шөнө ирж хоносон. Ирэхдээ согтуу байсан. Тэгээд хотоос ирлээ тэгээд зурагт тэвэрчихсэн мөн боодолтой цүнхтэй юм авчирсан. Тэгээд унтаж байгаад өглөө гараад явсан. Авчирсан юмнууд нь энэ байна гэж хэлэхээр нь тэр зүйлийг нь хартал хавтгай дэлгэцтэй телевизор, мөн жижиг улаан хөгжим, цагаан даавуунд боодолтой зүйлүүд байсан. Би тэр юмнуудыг нь задалж үзээгүй байж байтал цагдаа нар манай хүүг дагуулчихсан ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 27 дахь тал/
Гэрч Н.С-ийн мэдүүлэг “2012 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж байтал Э.У- ах манай гэрт шөнө 02 цагийн орчим ирж унтсан. Тухайн үед Э.У- ахыг юу барьж орж ирснийг хараагүй. Тухайн үед Э.У- ах хотоос ирлээ гэж хэлж байсан. Гэтэл өглөө босоод иртэл манай гэрт цагаан өнгийн даавуунд боодолтой юм, мөн хавтгай дэлгэцтэй зурагт, мөн жижиг улаан өнгийн хөгжим зэрэг эд зүйл байсан. Тэгээд 10 цаг өнгөрч байхад манай гэрт авчирсан эд зүйлээ орхиод гараад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/ мэдүүлэг
Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-6,10 дахь тал/
Э.Э.У-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчим би Бирж уруудаад явж байтал Ч- /Ч-э/ гэдэг залуутай явган гүйж яваад надтай тааралдсан. Тэгснээ намайг хүрээд ир гэж дуудаад өөрөө түрүүлээд захын урд талд байдаг ломбардад мөнгөн аяга 15000 төгрөгийн барьцаанд тавиад зогсож байсан. Тэгээд гарч ирсний хоёулаа нэг шил архи ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Ч-тай хамт явахад Ч- захын урд талд өөрийнхөө *****улсын дугаартай цэнхэр өнгийн ачааны Бонго машинаа тавьсан байсан. Тэгээд бид хоёр машинд нь сууж Ч- машинаа Толгойтод аваачиж тавьсан. Тэгээд бид хоёр буцаж алхаад 18 буудлын доод талын Энжой гэдэг бааранд орж 1 шил 0.5 литрийн Ерөөл архи авч уусан. Тэгээд архиа хийж дуусаад Ч- баарнаас гарч хүнтэй уулзана гээд явсан. Гэтэл буцаж ирэхгүй болохоор нь би интернэтэд орж сууж байгаад хориод минутын дараа буцаж гараад явж байтал Ч- 15 дугаар сургуулийн урд талд тааралдсан. Гэтэл Ч- намайг “Чи таньдаг баарандаа гар утсаа тавьчих найз нь маргааш аваад өгчихье” гээд байхаар нь би зөвшөөрөөд Аялгуу нэртэй бааранд орж 6 лааз касс уусан. Тэгээд пиво ууж дуусаад орой баар хаах үеэр Ч- намайг бааранд орхиод гарч явсан байсан. Тэгээд би тэнд сууж байтал баарны эзэн намайг яваарай гэж байсан. Тэгээд би баарнаас гараад Ч-гийн гэр лүү явсан. Тэгээд Ч-гийн гэр лүү явж байснаа санаж байгаа юм. Тэгсэн нэг мэдсэн тасарчихсан байсан. Нэг мэдсэн би Ч-гийн машиныг согтуугаараа барьчихсан Тосгон явдаг замаар буюу Төмөр замын гарам гараад явж байсан. Машиныг нь Тосгонд гудамжинд шаварт суулгаад орхиж явсан.” гэсэн мэдүүлэг” зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э.У- нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 10 хоног хорих ял шийтгэж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 211 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар түүний эдлэх ялаас 3 жилийг хасаж, мөн үүний дараа Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 23 хоногийг өршөөн хасч суллагдаж байсан нь нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, шийтгэх тогтоол хуулбаруудаар /хэргийн 56-62 дахь тал/ тогтоогдож байна.
Үүнээс үзвэл тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78.2.4, 78.4-д зааснаар дээрэмдэх гэмт хэрэгт ялтайд тооцогдож байна.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.6-д заасны дагуу онц хүнд гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Э.Э.У-ын сэтгэцийн байдалд шинжилгээ хийлгэхэд 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 60 дугаартай магадалгаагаар тэрээр: “сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл байна, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай” нь тогтоогджээ. /хэргийн 62 дахь тал/
Иймд Э.У-ыг урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Мөрдөн байцаалтын хохирогч Д.Д.Г-ын хулгайд алдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай баримт хэргийн 14 дэх талд авагдсан байх бөгөөд хохирогчоос өөр зүйл нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Э.Э.У-аас гаргуулах хохирол төлбөр байхгүй байна.
Шүүгдэгч Э.Э.У-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй, хохирогч нь ямар нэгэн гомдолгүй гэж тайлбарласан зэрэг байдлуудаар түүний хорих ялыг эдлүүлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасны дагуу хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.У-ыг урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэм буруутайд тооцсугай.
2. Э.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар гар утас буюу 30.000 /гучин мянга/ төгрөгийг хурааж, 10 /арав/ жил 6 /зургаа/ сар хорих ял, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар 2 /хоёр/ сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Э.Э.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар гар утас буюу 30.000 /гучин мянга/ төгрөгийг хурааж, 10 /арав/ жил 6 /зургаа/ сар хорих ялд, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар 2 /хоёр/ сар баривчлах ялыг багтаан түүний биечлэн эдлэх ялыг зааснаар гар утас буюу 30.000 /гучин мянга/ төгрөгийг хурааж, 10 /арав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн зүйлийн 52.5-д зааснаар Э.Э.У-т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Э.Э.У- энэ хэрэгт 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 90 /ерэн/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Э.Э.У-ын эд хөрөнгө болох гар утсыг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 295 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Энэ тогтоолоор Э.Э.У-аас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Э.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Э.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Ё.РИНЗААН