Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2026/0286

 

                                                     

 

                              

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Э.Б, С.О нарын гомдолтой

       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 159/ШШ2026/0005 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх албаны гаалийн улсын байцаагч Б.Б-ий давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

Хэргийн оролцогчид: 

Гомдол гаргагч: Э.Б, С.О  

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх албаны гаалийн улсын байцаагч Б.Б

Шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Э.Б, С.О

Гомдол гаргагч нарын өмгөөлөгч Ч.Н, Л.Д

Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх албаны гаалийн улсын байцаагч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 159/2026/0001

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 159/ШШ2026/0005 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 6, 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, 4.15 дугаар зүйлийн 1, Хүнсний тухай хуулийн 11.1, Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 234 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Э.Б, С.О нарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх албаны гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Э.Бд холбогдох 001259*, 001261* дугаар, С.Од холбогдох 001259* дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх албаны гаалийн улсын байцаагч Б.Б шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. “... Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д “Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг эрхээс гадна дараахь эрх эдэлнэ” гэж заасан. Хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.2.6-д заасан арилжааны зориулалттай хүнсийг тус журмын 5-д зааснаар гаалийн байгууллагад мэдүүлж, бүрдүүлэлт хийх шаардлагыг тавьсан. Энэ нь иргэний гаргасан гомдол, гэрчийн мэдүүлгээр нотлогдож, тухайн үеийн энгэрийн камерын бичлэгт тусгагдсан байдаг. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу тал бүрээс нь бодитоор харьцуулж, үнэлээгүй. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолгүй гэх үндэслэлээр шинжлэн судлаагүй шийдвэр гаргасан. Мөн иргэн Э.Бг хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах боломжоор хангаагүй, ялгамжтай хандсан гэж үзсэн. Мөн нэхэмжлэгчийг 16 цагийн турш саатуулсан, хяналтын талбайд автомашиныг нь 10 хонуулсан зэрэг нөхцөл байдал нь иргэн төрийн албан хаагчийн шийдвэрт захирагдаж байсныг нотлохоос бус, үйл ажиллагаанд нь саад учруулсан гэх дүгнэлтэд хүргэхгүй юм гэж шүүх дүгнэсэн. Иргэн Э.Бд дээрх журамд зааснаар гаалийн улсын байцаагчаас бараагаа буулгаж, гаалийн бүрдүүлэлт хийх шаардлага тавьсныг иргэн эсэргүүцэн гаалийн улсын байцаагчийг хэл амаар доромжилж, машиндаа олон цаг суун бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийлгээгүй нь Э.Бн өгсөн мэдүүлэг тайлбар, энгэрийн камерын бичлэгээр нотлогдож байдаг.

2.2. Гаалийн тухай хуулийн 230.1-д “гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж заасан. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.1-д хэмжээг заасан. Хэрэв арилжааны зориулалттай хүнстэй бол энэ журмын 5.5.3-т заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлж бүрдүүлэлт хийх шаардлагыг гомдол гаргагч Э.Бд тавьсан нь гаалийн улсын байцаагч хууль, журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэснийг илтгэж байна. Иргэн нь татвар төлөхөөс зайлсхийж дээрх журмыг буруугаар ашиглан барааг хууль бусаар гаалийн болон бусад татвараас зайлсхийх зорилгоор иргэн, аж ахуй нэгжийн хилийн гадна тарааж буй барааг ОХУ-ын Хиагт хотод тээш гэх агуулахаас хөлс аван зөөж буй нь хууль бус үйлдэл бөгөөд энэ үйлдлийг гаалийн улсын байцаагч таслан зогсоосон. Энэ нь гэрч Б.Уын мэдүүлэг, иргэн Э.Бн мэдүүлгээр нотлогддог. Барааг хууль бусаар нэвтрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хуурамч бүрдүүлэлт хийх зэрэг хууль бус үйлдэл хийхийг зөвлөсөн, дэмжлэг үзүүлж байна гэж үзэж шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

2.3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.Н-ийн “Яг ижил нөхцөлд байсан хүмүүсийн зарим нь бүрдүүлэлтээ хуурамчаар хуулийн этгээд болгоод ирэхээр хуулийн шаардлага хангачихдаг. Хуурамчаар хуулийн этгээд болоогүй хүмүүс нь хуулийн шаардлага хангаагүй юм шигээр хуулийн хэрэгжилтийг хууль бусаар ойлгомжгүй байдлаар хэрэгжүүлж байгаа” гэх тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Яг ижил нөхцөл гэж юуг ойлгож байгаа вэ? 1 тээврийн хэрэгслээр 1 ижил барааг, ижил цаг хугацаанд улсын хилээр орж ирсэн эсэхийг тогтоогоогүй. Мөн нэхэмжлэгчийн гэрчийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж үзчихээд хариуцагчаас шүүх хуралд нотлох баримт болгон авч ирсэн эдгээр хүмүүсийн гаалийн бүрдүүлэлтийг нотлох баримтаар авч үзээгүй. Гэрчийн мэдүүлгээр эдгээр яг ижил нөхцөлтэй хүмүүс нь хүнсний бүтээгдэхүүнээ Эрхүүгээс захиалж Хиагтын тээшнээс Э.Б байгаагүй гэж мэдүүлсэн нь яг ижил нөхцөлд байсан гэдэгтэй бүрэн нийцэхгүй байна. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхээс, зөрчлийн хэргийн материалыг бүрэн дүүрэн судлаагүй, хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулаагүй, үнэлээгүй.

2.4. Гомдол гаргагч С.Оийн хувьд өмнө нь ижил төрлийн барааг хилээр нэвтрүүлэхэд байцаагчийн зүгээс тухай бүр үзэмжээрээ татвар авч нэвтрүүлдэг байсан тогтсон практик нь иргэнд "энэ хэлбэрээр нэвтрүүлж болно" гэсэн хууль ёсны итгэлийг төрүүлсэн байна. Захиргааны байгууллага өөрийн тогтоосон буруу практик болон байцаагчийн зүгээс өгсөн "хуурамч бүрдүүлэлт хийх" зөвлөгөөнийхөө үр дагаврыг иргэнд хариуцуулж, түүнийг зөрчил гаргагч гэж буруутгах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж дүгнэсэн. Шүүгч зөрчлийн хэрэгт хавсаргагдсан С.Оийн үйлдлийг зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримт болох А боомтын хяналтын бүсийн камерын бичлэгийг шинжлэн судлаагүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж, үнэлэлгүйгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Шүүх гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Мөн Э.Б нь хуулийн этгээдийн эрхгүйгээр хүнсний бүтээгдэхүүн импортолсон үйлдэл нь хэлбэрийн хувьд уг заалтыг зөрчсөн шинжийг агуулж байна гэх боловч шийдвэр гаргахдаа үүнийг үгүйсгэсэн шийдвэр гаргасан байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Э.Б, С.О нарын гомдлыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

              ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Гомдол гаргагч Э.Б, С.О нараас “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх албаны гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Э.Бд холбогдох 001259*, 001261* дугаар, С.Од холбогдох 001259* дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргажээ.

3. Маргаан бүхий Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх албаны гаалийн улсын байцаагч Г.Билгүүний 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001259* дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Э.Бг Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн 1,000,000 төгрөгөөр, мөн өдрийн 001261* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үндэслэлээр 250,000 төгрөгөөр,

3.1. 001259* дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч С.Оийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулжээ.

4. Гомдлын Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх албаны гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Э.Бд холбогдох 001261* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

4.1. Уг шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Э.Бг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан” гэх үндэслэлээр торгох шийтгэлийг оногдуулсан боловч энэ нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр хангалттай тогтоогдохгүй байна.

4.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасан бөгөөд зөрчлийг тухайн хүн, хуулийн этгээд үйлдсэн болохыг эрх бүхий албан тушаалтан зайлшгүй тогтоосон байх зарчмыг тодорхойлсон.

4.3. Гэтэл гомдол гаргагч Э.Бгийн хувьд тэрээр эрх бүхий албан тушаалтнаас тавьж буй шаардлагын дагуу тээвэрлэж байсан барааг хураалгаж,  гаалийн хяналтын бүсэд өөрийн тээврийн хэрэгслийг үлдээсэн, ногдох татварыг төлсөн зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй энэ тохиолдолд гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.

4.4. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан дуу дүрсний бичлэгээс дүгнэхэд ч гомдол гаргагчийг төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзэхээргүй байна.

4.5.  Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зөрчил нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон идэвхтэй үйлдлээр илэрдэг. Гэтэл хариуцагчаас ямар шаардлагыг, хэрхэн эсэргүүцэж, саад учруулсан болох талаар хангалттай тогтоож чадаагүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Гомдлын Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх албаны гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Э.Бд холбогдох 001259* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

5.1. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

5.2. Хариуцагч гаалийн улсын байцаагч нь гомдол гаргагч Э.Бг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн оройн 20 цаг 25 минутад Оросын Холбооны Улсаас Монгол Улсын А боомтоор 522* СЭ* улсын дугаартай тоёота приус 30 маркийн автомашинаар нийт 14 хайрцаг, 7,290,108.16 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн /шоколад/-ийг улсын хилээр оруулахдаа Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, дээрх Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авчээ.

5.3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл, хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, зөрчлийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоолгүйгээр маргаан бүхий 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Э.Бд холбогдох 001259* дүгээр шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

5.4. Учир нь гомдол гаргагч Э.Б нь нэр бүхий 3 иргэний хамт бараа, бүтээгдэхүүнийг мэдүүлэлгүйгээр гаалийн хилээр нэвтрүүлсэн байх боловч гомдол гаргагчаас бусдад нь бүрдүүлэлт хийх боломжийг олгон нэвтрүүлжээ.

5.5. Тодруулбал, гомдол гаргагч болон хамт гаалийн хилээр бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлсэн бусад этгээдүүд нь “Бат алтан жолоо” ХХК-ийн нэр дээр бүрдүүлэлт хийсэн, “Бат алтан жолоо” ХХК-ийн барааг өөрсдийн бараа мэт тээвэрлэж, нэвтрүүлсэн талаар тайлбарласан байхад дээрх хуулийн этгээдийн татварын тайлан, бараа бүтээгдэхүүн тээвэрлүүлсэн эсэх талаарх гэрээ, холбогдох баримт зэрэг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр зөвхөн гомдол гаргагч Э.Бд шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай, дээрх нөхцөл байдлыг тодруулсны эцэст хэн ямар зөрчил гаргасныг нэг мөр бүрэн бодитой тогтоох шаардлагатай байна.

5.6. Мөн хэрэгт авагдсан гэрч Б.Уын “... эхлээд машины хаалга онгойлгоод ачсан барааг хараад урд байгаа машинтай адилхан бараатай юм байна гэж хэлээд явсан. Удалгүй урд байгаа машин хэл ам хийгээд байна бараагаа буулгаж оруулаад шалгуул гэсэн ... дараа нь Н.Цогзол над дээр ирсэн, та бид хоёртой Э.Б барьцана гээд байна, Э.Б дээр очоод барьцахгүй гээд хэлээд өг гэхэд Э.Б очоод би барьцахгүй гэж хэлсэн. Н.Ц бид хоёр адилхан бараатай байсан, эхлээд хураалга гэж байгаад сүүлдээ бүрдүүлэлт хийлгэхээр болоод 4 машин нийлж бүрдүүлэлт хийлгэсэн” гэх мэдүүлгээс үзэхэд гомдол гаргагч болон бусад этгээдүүд ижил бараа нэвтрүүлсэн байхад гуравт нь бүрдүүлэлт хийж гаалийн хилээр нэвтрүүлсэн атлаа зөвхөн гомдол гаргагч Э.Бд шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил бүрд хариуцлага оногдуулах шударга ёсны зарчимд нийцсэн эсэх, өөрөөр хэлбэл Э.Бн үйлдэл нь бусад гурван этгээдийн адилаар бүрдүүлэлт хийлгэж гаалийн хилээр гаргах боломжтой байсан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй.

5.7. Учир нь, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ”, 3-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана”, мөн хуулийн 4.4 дүгээр зүйлд “Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах” гээд 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно” гэж тус тус заасан.

5.8. Гэтэл хариуцагч нь Э.Бн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн оройн 20 цаг 25 минутад Оросын холбооны улсаас Монгол Улсын А боомтоор 522* СЭ* улсын дугаартай тоёота приус 30 маркийн автомашинаар нийт 14 хайрцаг, 7,290,108.16 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн /шоколад/-ийг улсын хилээр оруулсан гэх үйлдэлд холбогдуулан 2531001277 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн боловч зөрчилд холбогдох нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, энэ ажиллагааг хийх эрх, үүрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хариуцагч гаалийн улсын байцаагчид хамаарч байна.

5.9. Нөгөөтэйгүүр, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж тус тус заасны дагуу бодит нөхцөл байдлыг нотлох баримтаар тогтоох нь эрх бүхий албан тушаалтан буюу гаалийн улсын байцаагчийн үүрэг болно.

5.10. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Э.Бд холбогдох 001259* дүгээр шийтгэлийн хуудсыг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

5.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “...Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана” гэж зааснаар давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий 001259* дүгээр шийтгэлийн хуудсыг 58 хоногийн хугацаатайгаар түдгэлзүүлсэн, энэ хугацааг давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн тоолох бөгөөд уг хугацаанд хариуцагч энэхүү магадлалын 5.5, 5.6-д заасан үндэслэлээр шинээр захиргааны акт гаргаагүй бол уг шийтгэлийн хуудас хүчингүй болохыг тэмдэглэв.

6. Гомдлын “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн С.Од холбогдох 001259* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

6.1. Уг шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч С.Оийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, гаалийн хилээр гаргасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.

6.2. Анхан шатны шүүх  энэ талаар “... иргэн өөрийн нөхрийн машинаас 3 хайрцаг чихэр тофифи (Toffifee) авсан үйлдэл нь байцаагчийн зүгээс өгсөн зөвлөгөө, хяналтын үйл ажиллагааг албажуулаагүй эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар зөрчлийг шуурхай илрүүлж, нотлох баримтыг бэхжүүлэх ёстой. Гэтэл байцаагч барааг авч явсан даруйд таслан зогсоох, саатуулах арга хэмжээ аваагүй атлаа маргааш өдөр нь нөхөн тооллого хийж, тээврийн хэрэгслийг саатуулсан нь процессын хувьд алдаатай байна” гэх дүгнэлтийг хийж, гомдлын шаардлагыг хангасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

6.3. Гаалийн тухай хуулийн 246 дугаар зүйлийн  246.1-д “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь барааны гаалийн мэдүүлгийг хүлээн авсны дараа түүний үнэн зөвийг тогтоох зорилгоор бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.3-д “Гаалийн хяналтад байгаа барааг ачих, буулгах, задлах, сав, баглаа боодлыг өөрчлөх, тээврийн хэрэгслийг хөдөлгөхийг гагцхүү гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ”, 261 дүгээр зүйлийн 261.1-д “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн зорилгоор тэмдэглэгээ цаашид "гаалийн тэмдэглэгээ" гэх хийхдээ лац, ломбо, үсгэн болон бусад тэмдэглэгээ тавих, марклах, тээврийн болон худалдааны бичиг баримтад хяналтын тэмдэг дарах, сорьц, дээж, загвар авах, бараа, тээврийн хэрэгслийн шинж байдлыг дэлгэрэнгүй тодорхойлон бичих, фото зураг авах, бичлэг хийх, зураг, бүдүүвч зураг гаргах зэрэг боломжтой бүхий л аргыг хэрэглэнэ” гэж тус тус заасан.

6.3. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэж; 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж шударга ёсны зарчмыг тус тус баталгаажуулсны зэрэгцээ 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” хэмээн шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхойлсон байна.

6.4. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд гаалийн хяналтад байгаа барааг ачих, буулгах, задлах, сав, баглаа боодлыг өөрчлөх, тээврийн хэрэгслийг хөдөлгөхийг гагцхүү гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэхээр заасан байх бөгөөд гомдол гаргагч С.О нь өөрийн нөхрийн машин гаалийн хяналтын бүсэд байсан болохыг мэдэж байсан атлаа өөр бусад этгээдийг ашиглан гаалийн хяналтад байгаа барааг зөвшөөрөлгүйгээр хилээр гаргасан болох нь хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны гэрчээс мэдүүлэг авсан тухай болон бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зураг, бичлэг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

6.5. Ийнхүү нэгэнт хэрэгт авагдсан баримтуудаар гомдол гаргагч С.О нь гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хилээр гаргасан болох нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

6.6. Иймд хариуцагч улсын байцаагчаас Гаалийн тухай хуулийг зөрчиж, гаалийн хяналтад байгаа барааг зөвшөөрөлгүйгээр гаалийн хилээр гаргасан хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хуульд нийцсэн байна.

7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 159/ШШ2026/0005 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь  хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 6, 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, Хүнсний тухай хуулийн 11.1, Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 232 дугаар зүйлийн 232.3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Э.Б, С.О нарын гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001261* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001259* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001259* дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001259* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, “2” гэснийг “4” болгон дугаарлаж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэг зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                       Г.МӨНХТУЛГА

 

 

 

                        ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 

                        ШҮҮГЧ                                                       Ц.ОДМАА