Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00867

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01513 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1786 дугаар магадлалтай,

Б.Н-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Е П Г-т холбогдох

Нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 86,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Монгол Улсын Е П Г-т холбогдуулан нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 86,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01513 дугаар шийдвэрээр Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасанд хамаарахгүй тул Монгол Улсын Е П-ын Г-аас нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 86,400,000 төгрөг гаргуулах тухай Б.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1786 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 182/ШШ2020/01513 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.17-ны өдрийн 1786 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, тэдгээрээр тогтоогдсон үйл баримтыг зөв үнэлж дүгнээгүй гэж үзэж буй үндэслэлийн талаар: Анхан болон давж заалдах шатны шүүх “...Б.Ө нь 2017.05.03-ны өдөр ажлын бус цагаар эмнэлэгт өөрийн эрүүл мэнд буюу биеийн зовуурийг үзүүлэх зорилгоор гэрээсээ өглөө 7 цагийн үед гарсан. Тухайн өдөр ажилдаа очоогүй, мөн албан үүргээ гүйцэтгэж байгаагүй... ”...., “...Б.Ө нь 2017.05.03-ны өдөр ажил дээрээ очоогүй, мөн өдрийн 7 цаг өнгөрч байхад гэрээсээ шууд эмнэлэгт очсон буюу нас барах үедээ ажил дээрээ байгаагүй болох нь тогтоогдсон. Ажилдаа ирэх явцдаа нас барсан гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна...” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон. Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын цагийн бүртгэл, гэрч Б.Г-ын мэдүүлэг, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 32 дугаар магадлал  зэрэг баримтуудаар Б.Ө нь ээлжийн амралт эдлэлгүйгээр 2 жил орчим хугацаанд тасралтгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байгаа. Тэрээр нас барах өдрөө ажилдаа очихоор албаны байдлаар хувцасласан байсан бөгөөд ажил эхлэхээс өмнө эмнэлэгт үзүүлэхээр өглөө эрт 7 цагт гарсан болох нь гэрч Б.А-ын “...Шинжилгээ өгөөд шууд ажилдаа очно гэж байсан. Костюм, пиджактай, гадуураа өвдөгнөөс дээгүүр татсан хүрэмтэй байсан. ...өмнөх өдөр нь надтай “Маргааш шинжилгээ өгчхөөд ажилдаа явмаар байна. Өглөө ирээд намайг аваач” гэж ярьсан...” гэсэн, гэрч Л.Г-ийн “...Костюм, пиджактай, зангиатай, гадуураа цувтай байсан...” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх Б.Ө-ыг “тухайн өдөр ажил дээрээ очоогүй”, “нас барах үедээ ажил дээрээ байгаагүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй. 

4.2. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамаарах холбогдох хууль тогтоомжийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Дээр дурдсанчлан Б.Ө нь 2017.05.03-ны өдөр ажилдаа явахаар гэрээсээ гарсан ба ийнхүү явах замдаа эмнэлэгт үзүүлэн шинжилгээ хийлгэхээр эмнэлэгт очиж улмаар тэндээ нас барсан болох нь тогтоогдсон. Прокурорын байгууллагын тухай хууль (2002 оны)-ийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн “прокурор албан үүргээ гүйцэтгэж байхдаа” гэснийг хэрхэн ойлгох талаар нарийвчлан зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй. Харин Монгол Улсын Засгийн газрын 2019.01.09-ний өдрийн 8 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн хувьд “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д “Албан үүргээ гүйцэтгэх явцад” гэдэгт “... ажлын бус цагаар албан ажлын байр, ажил үүрэгт хамаарах бусад байршилд гүйцэтгэх, мөн гэрээс ажлын байр, ажлын байрнаас гэртээ харих,... ” явцыг хамааруулан үзэхээр зохицуулсан байдаг. Прокурор бол төрийн тусгай албан хаагч тул төрийн албан хаагчид хамаарах дээрх журмын зохицуулалтыг Б.Ө-ын амь нас хохирсон үйл явдалд хэрэглэх нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн “...Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна...” гэсэнд нийцэх тул тэрээр ажилдаа явахдаа эмнэлэгт очиж тэндээ нас барсныг прокурорын ажил үүргээ гүйцэтгэж байсанд хамааруулан үзэх үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.  

ХЯНАВАЛ:

5. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

6. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Монгол Улсын Е П Г-т холбогдуулан нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 86,400,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хоёр шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ“... Миний нөхөр Б овогтой Ө нь Говь-Алтай аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсан ба 2017.05.03-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэт нас барсан... Иймд тухайн үед үйлчилж байсан Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зааснаар 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 86,400,000 төгрөгийг авах ёстой. Хуульд заасан журмын дагуу холбогдох тэтгэмжийг авахаар Е П Г удаа дараа хандсан боловч татгалзсан хариу авсан тул арга буюу шүүхэд хандаж байна...” гэжээ.

8. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь Монгол Улсын Е П-ын газар буюу захиргааны байгууллагад холбогдуулан нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох Прокурорын байгууллагын тухай хуулийг үндэслэн маргасан байна.

9. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хувийн эрх зүйн (иргэний хууль тогтоомжийн хүрээнд) маргаан үүсээгүй, харин нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын татгалзлын улмаас өөрийнх нь нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон субьектив эрх нь зөрчигдсөн гэж үзэж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд ханджээ.

10. Гэтэл хоёр шатны шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах гэсэн журмыг зөрчсөн байна.

11. Нэгэнт иргэний хэргийн харьяаллын маргаан биш тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй. Харин нэхэмжлэгчээс тухайн асуудлаар зохих журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргахад уг тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн ... 65.1.1... -д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан.

13. Иймд шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгохоор тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01513 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1786 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Б.Н-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Е П Г-т холбогдох нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 86,400,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОЛМОН                                        

                                                   ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ                     

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     Б.МӨНХТУЯА

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД