Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 142/шш2020/00124

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө овогт А.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З овогт Д.Х-т холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Х.М-нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Одоо 2 нас 4 сартай. Одоогоор өвөө, эмээ, ээжийн гар дээр эрүүл саруул өсөн торниж байна. Охины эцэг болох Д.Х-аас нь охины аав болохоос татгалзаж байгаа тул Д.Х-аас охин Х.М-д тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Х-аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х-нь нь М-тай 2017 онд үерхэж байгаад бидний дундаас 2017 оны 07 дугаар сарын 22-нд охин Марал төрсөн, бид таарч тохирохгүйн улмаас одоо болтол тустаа амьдарч байна. Мандалын гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэж.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ 2 маань 2016 оноос үерхэж нөхөрлөөд 2017 онд хүүхэд нь гарсан. Манай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, сонсгол муу, бичиг үсэг мэдэхгүй, хажууд нь заавал хүн хамт байж л амьдрахгүй бол амьдарч чадахгүй тийм л хүн, түшиг муутай хүнтэй амьдраад яах юм бэ? Одоо боль гээд байгаа юм бид хэд. Энэ хоёр өөрсдөө биеэ даагаад амьдрах чадвар байхгүй. ... Бага байхад нь энэ 2 охиноо тэврээд л манайхаар орж гардаг байсан. Түүнээс хойш хараагүй, тэгээд зун нэг уулзсан байсан. Ядаж нэг нь гайгүй бол яая гэхэв хоёул хоёулаа хэцүү хүмүүс. 2 ээж нь зовж байгаа юм чинь. Нэхэмжлэлийг бол зөвшөөрч байгаа. Харин ачийг маань авчирч уулзуулаад ганц нэг хонуулаад байвал зүгээр байна. Өөр хүсэх юм алга даа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.М- нь хариуцагч Д.Х-ааст холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч А.М-, хариуцагч Д.Х-аас нар нь 2017 онд танилцаж, хамтран амьдарч тэдний дундаас 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр охин Х.М-төрж, охин төрсөн цагаасаа эхлэн эх А.М-ын асрамжид байгаа, Д.Х-аас, А.М- нар нь 2017 оноос эхлэн таарч тохирохгүй болсны улмаас тусдаа амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн ФВ17272202 тоот регистртэй 6104000041 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Х.М-нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба хариуцагч Д.Х-аассар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин М-ыгтэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32529 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-аас улсын тэмдэгтийн хураамж 32529 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин З овогт Х-ын М-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг З овогт Д.Х-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.М-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 32529 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-аас улсын тэмдэгтийн хураамж 32529 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ