Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 01560

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багт оршин суух, Цанжид овогт Мандширын Отгон-Өлзий /РС84050205/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 22-01 тоотод оршин суух,
Бөхчин овогт Раадандоржийн Чинбат /МД79051776/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч М.Отгон-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Отгон-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Отгон-Өлзий нь Р.Чинбаттай 2008 онд танилцаж үерхэж байгаад 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү Төгөлдөр, 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүү Золбоо нар төрсөн. Бид гэрлэснээс хойш хамт амьдарч байгаагүй бөгөөд миний бие Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор 2009 оноос ажиллаж нөхөр Мөрөн суманд хувиараа ажил хийдэг байсан. Энэ байдал удаан үргэлжилж хол байх хугацаанд таарч тохирохгүй, үргэлж хэрэлдэж, маргалдаж байсан. 2017 оны намраас муудаж харилцаа цөөрсөн. Сүүлдээ ямар ч харилцаагүй болж холбоо тасарсан. Цаашид аль аль нь хамт амьдрах хүсэлгүй, боломжгүй болсон.

Иймд 2011 оны №0127069-5 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Төгөлдөр, Золбоо нарыгаа өөрийн асрамжинд авна. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг авах гэсэн боловч тэтгэлэг тогтоолгохгүйгээр насанд хүрэхэд нь тусламж дэмжлэг авахаар ярилцаж тохиоролцсон учир тэтгэлэг тогтоолгохгүй мөн бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Р.Чинбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Р.Чинбат би М.Отгон-Өлзийгийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. 2008 оноос уулздаг болж 2011 онд гэрлэлтээ батлуулсан боловч ирэн очин амьдарсан. Нэг гэртээ ороогүй. Ингээд 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү Төгөлдөр, 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүү Золбоо нар төрсөн. Тус тусдаа амьдарсаар сүүлдээ бидний харилцаа хөндийрч цаашид хамт амьдрах боломжгүй болсон.

Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Ч.Төгөлдөр, хүү Ч.Золбоо нарыг ээж М.Отгон-Өлзийгийн асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй ба бид хоорондоо ярилцаж тохиролцсон. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Отгон-Өлзий нь хариуцагч Р.Чинбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2011 онд гэр бүл болж, 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь 0121069-5 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү Ч.Төгөлдөр төрсөн болох нь 0000634433-52 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүү Ч.Золбоо төрсөн болох нь 6758000055 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй хэдий ч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба зохигч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэрэг нөхцлийг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээхээ ...харилцан тохиролцож болно,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудал дээр маргаагүй бөгөөд нэхэмжлэгч М.Отгон-Өлзий нь 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Ч.Төгөлдөр, 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Ч.Золбоо нарыг өөрийн асрамжинд авах талаархи шаардлагыг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гаргадаг.

Шүүх хүүхдэд тавих эцгийн хайр, халамж, эцэгтээ ээнэгшин дассан байдал, мөн хүүхдийн насны байдал зэргийг харгалзан, эцэг эхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Ч.Төгөлдөр, 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Ч.Золбоо нарыг эх М.Отгон-Өлзийгийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Ч.Төгөлдөр, Ч.Золбоо нарыг эх М.Отгон-Өлзийгийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч М.Отгон-Өлзий эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлж болохгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Чинбатаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Р.Чинбатад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бөхчин овогт Р.Ч, Цанжид овогт М.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Ч.Т, 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Ч.З нарыг эх М.О-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Р.Ч-д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх М.О  нарт тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Ч-аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.О-д олгосугай

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН