| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/01563/И |
| Дугаар | 01563 |
| Огноо | 2020-08-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 01563
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ханх сумын 2 дугаар багт оршин суух, Чонод овогт Баасанжавын Нямдулам /РО94112527/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багт оршин суух,
Паг овогт Алтанцолмонгийн Дашзэвэг /РБ94121419/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Б.Нямдулам, хариуцагч А.Дашзэвэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Дашзэвэгтэй 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдраад 2 жил болсон. Бидний дундаас хүү Билгүүнбаяр 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. Хамтын амьдралын явцад эхний 2 жил амьдрал хэвийн хэрүүл маргаангүй байсан. Харин 2016 оноос таарамжгүй, хэрүүл маргаантай нэг гэрт бараг амьдраагүй 2 гэрт ирэн очин байсаар сүүлдээ тус тусдаа амьдрах болсон. Бидний энэ хэрүүлтэй таарамжгүй байдал нь хүүхдийн эрх ашигт муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон. А.Дашзэвэгтэй эвлэрүүлэн зуучлалаар ороход эвлэрэх санал гаргаагүй.
Иймд 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6701000188 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Билгүүнбаярыг өөрийнхөө асрамжинд авч эцгээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч А.Дашзэвэг нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Дашзэвэг нь эхнэр Б.Нямдуламтай 2013 онд танилцаж 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү Д.Билгүүнбаяр төрсөн. 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд хэрүүл маргаан багатай байсан. Манай эхнэр хэрүүл маргаан гараагүй байсан ч байнга л аав, ээж рүүгээ явдаг байсан. Бид хоёрын дунд маргаад байх зүйл байхгүй. Хамгийн сүүлд намайг хөдөө айлын байшин барих гээд явсан хойгуур гэрээсээ явсан байсан. Тэгээд түүнээс хойш гэртээ ирээч гэж олон удаа дуудсан боловч очихгүй, сална гээд одоо болтол гэртээ ирээгүй байгаа. Бид хоёрын дунд гэрлэлтээ цуцлуулах шалтаг шалтгаан байхгүй гэж бодож байна. Миний тухайд гэр бүлээс гадуур харилцаа үүсгээгүй. Одоо гэртээ ээжийнхээ хамт эхнэр, хүүхдээ хүлээгээд л байж байгаа. Хүү Д.Билгүүнбаярын тухайд би очиж уулзах гэхээр уулзуулдаггүй, чи гаргасан юм биш гээд байдаг. Миний тухайд хүүхэдтэйгээ уулзмаар байдаг. Хүүгийн маань үсийг авахдаа надад болон ээжид маань дуулгаагүй байсан.
Иймд би эхнэр Б.Нямдуламын гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг эвлэрүүлэн зуучлалаас дуудаж уулзаагүй, мэдэгдээгүй. Би хүүхдийнхээ ирээдүйг бодож эхнэр Б.Нямдуламтай эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч А.Дашзэвэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Нямдуламын гэрлэлт цуцлуулахаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Бидний дунд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхсэн ч нэхээгүй ч миний бие хүүхдээ цаашид харж хандаж тусалж дэмжиж явах болно гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямдулам нь хариуцагч А.Дашзэвэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2014 онд гэр бүл болж, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь 115/006294 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү Д.Билгүүнбаяр төрсөн болох нь 6701000854 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй хэдий ч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба зохигч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэрэг нөхцлийг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээхээ ...харилцан тохиролцож болно,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудал дээр маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Б.Нямдулам нь 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү Д.Билгүүнбаярыг өөрийн асрамжинд авах талаархи шаардлагыг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гаргадаг.
Шүүх хүүхдэд тавих эцгийн хайр, халамж, эцэгтээ ээнэгшин дассан байдал, мөн хүүхдийн насны байдал зэргийг харгалзан, эцэг эхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү Д.Билгүүнбаярыг эх Б.Нямдуламын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Д.Билгүүнбаярыг эх Б.Нямдуламын асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Б.Нямдулам эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлж болохгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Дашзэвэгээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Паг овогт А.Д Чонод овогт Б.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Д.Б-ыг эх Б.Н-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг А.Д-т, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Н нарт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Д-с 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгосугай
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН