| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/01562/И |
| Дугаар | 01561 |
| Огноо | 2020-08-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 01561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар баг 1-10-10 тоотод оршин суух, Бөхчүүд овогт Бат-Эрдэнийн Батбаатар /РД87042915/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар баг 4-19-15 тоотод оршин суух, Ач хариад овогт Базарранзайгийн Өлзиймөнх /Р86012201/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Б.Батбаатар, хариуцагч Б.Өлзиймөнх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Батбаатар нь Б.Өлзиймөнхтэй 2010 оноос хойш үерхэж эхлээд 2011 оны 5 сард хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ үеэс бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү Б.Чингүн 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Бид хамт амьдрах үеэс эхлэн үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж 2014 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Хүү Б.Чингүн ээжтэйгээ амьдардаг. Би өөрөө тусдаа амьдрах хугацаандаа эхнэр 2 хүүхэдтэй болсон бөгөөд бид буцаж нийлж хамтран амьдрах боломжгүй болсон. Би 2 хүүхдээ өөрөөрөө овоглох гэсэн тул гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан.
Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүү Б.Чингүнийг ээж Б.Өлзиймөнхийн асрамжинд үлдээнэ. Би хүүтэйгээ байнга холбоотой байдаг тул бидний хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.Өлзиймөнх шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2010 онд танилцаж үерхэж байгаад 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүү Чингүн бидний дундаас төрж бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж байсан. Бид гэр бүл болж хамт амьдарсан цагаас хойш хоорондын зан байдал, үзэл бодол таарч тохирохгүйн улмаас 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Хүү Б.Чингүн миний асрамжинд надтай хамт амьдарч байгаа. Бид 2 дутагдах гачигдах зүйлгүй амьдарч байгаа тул би Б.Батбаатараас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батбаатар нь хариуцагч Б.Өлзиймөнхөд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигч нь 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсноо 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 8-рт бүртгэсэн талаарх гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.Чингүн төрснийг 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын Иргэний бүртгэлийн 37-рт бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй хэдий ч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба зохигч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэрэг нөхцлийг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээхээ ...харилцан тохиролцож болно,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудал дээр маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Б.Батбаатар нь 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Чингүнийг эх Б.Өлзиймөнхийн асрамжинд үлдээх талаархи шаардлагыг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гаргадаг.
Шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, мөн хүүхдийн насны байдал, түүний санал болон өсөж дассан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан, эцэг эхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Чингүнийг эх Б.Өлзиймөнхийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдлаа.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Чингүнийг эх Б.Өлзиймөнхийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Б.Батбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Өлзиймөнхөөс эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бөхчүүд овогт Б.Б, Ач хариад овогт Ба.Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Ч-ийг эх Б.Ө-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ө-өөс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг Б.Б-т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй эх Б.Ө нарт тус тус даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН