Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 165

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2012/0147/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар

улсын яллагч хяналтын прокурор Б.Сүрмандах,

хохирогч Т.Т.Н-,

шүүгдэгч Б.Б.Ү- түүний өмгөөлөгч А.Намсрай нарыг оролцуулан тусшүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1, 100 дугаар зүйлийн 100.1-д заасан гэмт хэрэгт Б.Ү-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000198 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Ү- / / 1970 оны 03 дугаар сарын 07-нд Баянхонгор аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “*********” ХХК-ны засварын газарт засварчинаар ажилладаг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ******** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Б.Б.Ү- нь эхнэр Т.Т.Б-г удаа дараа зоддог ба 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэртэйгээ маргалдан бие эрх чөлөөнд халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, Т.Т.Б-г амиа хорлоход хүргэсэн гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б.Ү- шүүхийн хэлэлцүүлэгт “2012 оны 03 дугаар сарын 27-нд орой ажлаасаа тараад гэртээ ирсэн. Намайг зурагт үзэж байхад эхнэр байна байна орж гараад байсан. Эхнэр Т.Б- дээр яваад очиход архи үнэртэж байсан. Тэгэхээр нь чи яагаад уугаад байгаа юм бэ гээд түүнтэй муудалцан хоорондоо зодолдсон юм. Над руу дайраад байхаар нь үсдээд, цохьсон. Тэгээд хэсэг байж байгаад эвлэрсэн. Тэгээд унтчихсан байсан. Шөнө 03 цаг 30 минутын үед босоод хартал гэрийн хаалга мөн гаднах хаалга бас онгорхой гэр сэрүүнхэн байсан. Тэгээд би амбаарын хаалга хаах гэхэд эхнэр тэнд өөрийгөө боомилчихсон байсан. Тэгээд дүүд нь бас цагдаад хэлсэн. Би өмнө нь талийгаачийг байнга зоддог байгаагүй, урьд нь хэрэлдэж зодолдож байсан үе байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Миний хоёр хүүхдийг бодож надад хөнгөн ял оноож өгнө үү“ гэв.

 

 

Б.Ү- 95.1, 100.1 ШТ-165

Хохирогч Т.Т.Н-гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт “Талийгаач Т.Б- миний ганц эмэгтэй дүү юм. Миний дүүд үхье санаа байгаагүй байх. Ээж, эгч, хүү, охин байгаа. Хүү нь нилээн толгой сайтай, охин нь байнгын асаргаатай хорт хавдартай байсан. Миний дүү маш их ажилсаг, ээж, эгчийгээ асарч хайрладаг байсан. Ямар ч өвчин хууч байхгүй байсан. Б.Ү- нь архи их хэмжээгээр уудаг, байнга зодож нүдэж, хэл амаар доромжилж, дээрэлхдэг байсан. Бөөрний өвчтэй болсон байсан. Миний толгой руу цохиод байхын юм гэж ярьдаг байсан. Цагаан сараар бүгдээрээ сууж байхад миний дүүг стакан аваад дух дээр хага цохьсон. Бусад үед зодуулж байхыг хараагүй ч шарх сорвийг нь мэднэ. Өөрөө надаас нуугаад байдаг байсан. Миний дүү надад гэрээслэл үлдээсэн. 2 хүүхдийг нь аваад өсгөе гэж бодож байгаа” гэв.

гэрч Т.Т.Д-гийн “…нас барахаас 1 жилийн өмнө талийгаач Т.Б- над руу яриад ...Ээжээ намайг Б.Ү- зодоод алах гээд байна, дандаа тархи толгой руу цохиод юм авч шидээд байна гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь би одоо болио тэгвэл гэртээ хүрээд ир, сал гэсэн чинь гэртээ хүрээд ирсэн юм. Би төрсөн эгч Т.Н-гийнх рүү нь явуулаад 1 жил гаран Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд амьдруулсан юм. Ингээд 2011 оны 9 дүгээр сард манай талийгаач би нөхөргүй 2 хүүхдээ өсгөх юм уу гээд Т.Н- эгчдээ хэлэхээр нь төрсөн эгч Т.Н- болон аав Төмөрбаатар нар нь яах юм бэ битгий нөхөр дээрээ буцаж оч гэж хэлсэн юм. Тэгээд талийгаач бид нарын үгэнд оролгүй шилжээд Дарханд охин Энх-А-гийн хамт хүрээд ирсэн, тэгээд нөхөр Б.Ү- дээр ирээд 6 сар болоод амиа алдлаа. Дарханд ирснээс хойш нөхөр Б.Ү-ид зодуулж байсан гэж Ч-, Б- нарт хэлсэн гэж тэд нар надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16 дугаар тал/,

гэрч Т.Т.М-ийнТалийгаач Т.Б- 2007 онд ажилд орсноос хойш хамт ажиллаж байгаад 2008 оноос эхлэн би их ойр дотно болсон юм. Ингээд надад нэг удаа 2009 онд байх он, сар, өдрийг нь мэдэхгүй байна, нэг удаа надад хэлэхдээ нөхөр намайг зодоод би гэрээсээ зугтааж гарч ирлээ гэж ярьж байсан, би лавшруулж сайн асуугаагүй, нэг 00-н өрөө хөлсөлж сууж байгаа гэсэн, нөхөр нь их архи ууж байнга зовоож байдаг гэж ярьж байсан. 2012 оны 3 дугаар сарын 27-ны 8 цаг 45 минутын үед над руу ярьсан юм. Надад ярихдаа Ч-гээс мөнгө авах гээд ажлынх нь гадаа хүлээгээд зогсож байна гэж байсан, тэр надад хэлэхдээ нөхөр Б.Ү- нь гэрээс гаргахгүй, битгий ажил хий, ажил хийхгүй гэж ирээ биз дээ гээд гэрээс гаргахгүй байна гэж хэлж байсан. Тэгээд намайг Ч- дээр ажил хийж байхад байнга ирээд авч явдаг, гадуур гаргахгүй байнга харддаг, Улаанбаатар хот руу явуулахгүй, явна гэхээр хот орж янхандах гээд байгаа юмуу гээд байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь би янхандаад байхдаа хаашаа юм бэ гээд инээж байсн тэгээд Үлээ нэг хүүхэнтэй болсон юм шиг байна лээ гэж байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дүгээр тал/,

гэрч Ц.Ц.Б-ийн “Талийгаач “***” ХКомпанид ажилд ороод 2009 оны 2 дугаар сард нэг удаа ажилдаа ирэхдээ нүдээ цохиулчихсан ирж байсан. Тэгээд би асуухад надад манай нөхөр архи уугаад ирэхээр нь загнаад аашиндаа болоод нүдэндээ цохиулчихлаа гэж байсан, мөн үүнээс хойш 2-З сар болсны дараа нэг удаа ажилдаа ирэхдээ мөн нүдэндээ цохиулчихсан байсан. Тэгээд асуухад нөхөртэйгээ таарахаа больсон, Хээтэй хороололд 00 өрөө хөлсөлж тусдаа байгаа гэж байсан, үүнээс хойш 2009 оны 8 дугаар сарын сүүлээр байх сургууль эхлэхэд хэдхэн хоногийн өмнө байсан, талийгаач Т.Б-г нөхөр нь зодоод ажлаа хийхгүй, УБ хот руу яваад тэгээд ирээд хүүхдийнх нь бие муу гээд чөлөө аваад дараа нь чөлөөгөө сунгах гэтэл сунгахгүй гээд нэг мөсөн ажлаасаа гарсан. Талийгаач Т.Б- ажилд орсноос хойш нэг хэсэг гайгүй байснаа нэг жилийн дараагаас нөхөр нь маш их архи уудаг, тэгээд архи уугаад ирэхээрээ маргаад талийгаачийг зоддог гэж байсан. Тэгээд тэр нөхөр нь талийгаачаас сална гээд хэлээд байдаг гэсэн. Надад ярихдаа нөхөр маань өөр хүүхэнтэй болсон юм шиг байна лээ гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дугаар тал/,

гэрч Н.Н.А-ийн “Надад талийгаач Т.Б- 2011 оны 12 дугаар сарын сүүлээр уулзахад Б.Ү- архи уучихлаа, ядаргаатай юм, архи уухаараа 10 гаран хоног уудаг гэж байсан. Мөн талийгаач Т.Б- нөхөр Б.Ү- архи уучихсан ирэхээрээ намайг хардаад байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тийм үгийг нь битгий тоож бай гэж хэлж байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дугаар тал/,

2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хэргийн  3-8 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 41 тоот акт /хэргийн 42 дугаар тал/,

2012 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 43 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 65, 67 дугаар тал/,

2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3536 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 55 дугаар тал/,

Шүүх сэтгэц гэм судлалын 59 тоот магадлагаа /хэргийн 167 дугаар тал/,

Б.Б.Ү- *********** гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 88 дугаар тал/,

шүүгдэгчий иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 85 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 86 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүгдэгч Б.Б.Ү- нь эхнэр Т.Т.Б-г удаа дараа зоддог байсан ба

энэхүү байдлаас болж Т.Т.Б- 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр амиа хорлосон болох нь

2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хэргийн  3-8 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 41 тоот акт /хэргийн 42 дугаар тал/,

2012 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 43 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 65, 67 дугаар тал/,

шүүгдэгч Б.Б.Ү-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг,

гэрч Т.Т.Д-гийн “…талийгаач нас барахаас өмнө над руу яриад ...Ээжээ намайг Б.Ү- зодоод алнэ, Зодохдоо дандаа тархи толгой руу цохиод юм авч шидээд байна гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь би одоо болио тэгвэл гэртээ хүрээд ир, сал гэсэн чинь гэртээ хүрээд ирсэн юм. Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд төрсөн эгч Т.Н-гийн 1 жил гаран амьдарсан.

2011 оны 9 дүгээр сард нөхөр дээрээ буцаж очсон. Нөхөр Б.Ү- дээр ирээд 6 сар болоод амиа алдлаа. Дарханд ирснээс хойш нөхөр Б.Ү-ид зодуулж байсан гэж Ч-, Б- нарт хэлсэн гэж тэд нар надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16 дугаар тал/,

гэрч Т.Т.М-ийнТалийгаач Т.Б- 2007 онд ажилд орсноос хойш хамт ажиллаж байгаад 2008 оноос эхлэн би их ойр дотно болсон юм. Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна нэг удаа надад нөхөр намайг зодоод би гэрээсээ зугтааж гарч ирлээ гэж ярьж байсан. Дараа нь би нэг 00-н өрөө хөлсөлж тусдаа амьдарч байна. Нөхөр архи их ууж байнга зовоож байдаг гэж ярьж байсан.

2012 оны 3 дугаар сарын 27-ны 8 цаг 45 минутын үед над руу ярьсан. Надад ярихдаа Ч-гээс мөнгө авах гээд ажлынх нь гадаа хүлээгээд зогсож байна. Нөхөр Б.Ү- гэрээс гаргахгүй, битгий ажил хий, ажил хийхгүй гэж ирээ биз дээ гээд гэрээс гаргахгүй байна гэж хэлж байсан. Ер нь ажил хийж байхад байнга ирдэг, гэрээсээ гаргах дургүй байнга харддаг. Улаанбаатар хот руу хүүхэдээ эмчилгээнд авч явах гэхээр явуулахгүй, хот орж янхандах гээд байгаа юмуу гээд хэрүүл хийдэг байсан гэсэн. Бас талийгаач надад Үлээ /Үл үзэгдэгч/ нэг хүүхэнтэй болсон юм шиг байна гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дүгээр тал/,

гэрч Ц.Ц.Б-ийн “Талийгаач “***” ХКомпанид ажилд ороод удаагүй байхдаа нөхөр архи ууж ирээд зодсон гээд нүд нь хөхөрчихсөн ирсэн мөн үүнээс хойш 2-З сар болсны дараа бас нүдэндээ цохиулчихсан ирж байсан. Тэгээд асуухад нөхөртэйгээ таарахаа больсон. Хээтэй хороололд 00 өрөө хөлсөлж тусдаа байна, нөхөр ерөөсөө ажил хийлгэхгүй байна хүүхдийнх нь бие муу гээд чөлөө аваад дараа нь чөлөөгөө сунгах гэтэл сунгахгүй гэхээр нь ажлаасаа гарсан.  Талийгаач Т.Б- ажилд орсноос хойш нэг хэсэг гайгүй байснаа нэг жилийн дараагаас нөхөр нь маш их архи уудаг, тэгээд архи уугаад ирэхээрээ маргаад талийгаачийг зоддог гэж байсан. ...Надад ярихдаа нөхөр маань өөр хүүхэнтэй болсон юм шиг байна лээ гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дугаар тал/,

гэрч Н.Н.А-ийн “Надад талийгаач Т.Б- 2011 оны 12 дугаар сарын сүүлээр уулзахад Б.Ү- архи уугаад байна. Архи ууж ирсэн үед маш их зовоох юм. Архи уухаараа 10 гаран хоног уудаг гэж байсан. Бас намайг маш их харддаг гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтууд ,шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи баримтуудаас шүүгдэгч Б.Б.Ү- байнга архи уудаг байсныг зэрэгцээгээр ямар нэгэн шалаг шалтгаан үүсгэж удаа дараа бие эрх чөлөөнд нь халдаж зоддог байсны улмаас Т.Т.Б- амиа хорлосон байх тул түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1, 100 дугаар зүйлийн 100.1-д заасан заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б.Ү-ийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал, түүний шууд асрамжинд хүнд өвчтэй охин Ү.Э--А- /хэргийн 94-97 тал/ байдаг, шүүгдэгч Б.Б.Ү- 2 хүүхдийн хамт амьдардаг тухай ам бүлийн тодорхойлолт /хэргийн 148 дугаар тал/ мөн хохирогч Т.Т.Н- нь шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байдал зэргийг харгалзан хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр болохыг дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Б.Ү-ийг иргэн Т.Т.Б-г байнга

зоддог байсан, иргэн Т.Баасан сүрэнг амиа хорлоход хүргэсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Ү-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн

ангийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д 6 /зургаа/ сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д заасныг журамлан шүүгдэгч Б.Б.Ү-ид  эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д 6 /зургаа/ сар баривчлах ялыг хорих ялын нэг хоногтой тэнцүүлэн тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан

мөн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч

Б.Ү-ийн эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д зааснаар шүүгдэгч Б.Б.Ү-ээс гаргуулах хохирол төлбөргүйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Ү-ид оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

 

9. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б.Ү- нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ногоон өнгийн бал, шалны нэг үе, үс мэт зүйл, хар өнгийн бүслүүр олс, ягаан цамц, энгэртээ 3 ширхэг товчтой ягаан өнгийн хөхөвч, хар өмд, дотоож, өвлийн дотортой хар гутал зэргийг устгахыг, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар гэрээслэл бичиг 1 ширхгийг хохирогч Т.Т.Н-д буцаан өгөхийг шүүгчийн туслахад тус тус даалгасугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б.Ү-ид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МАНЛАЙБААТАР