Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0082

 


    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0089/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2013090000783 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, ***, бүрэн бус дунд боловсролтой, ***тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

    Шүүгдэгч *** нь 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цаг 20 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** улсын  дугаарын автомашиныг жолоодон Дархан-Уул аймгийн Хонгор сумаас Дархан сумын чиглэлд явж байгаад Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр болох асфальтан хучилттай зам дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 15 дугаар бүлгийн 15.1, 2 дугаар бүлгийн 2.7а-д заасныг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гарган, иргэн ***ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
  
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 13 цагийн орчим 200 грамм архи уусан байсан. Орой нь эгчийгээ Хонгор руу гэрт нь хүргэж өгөх ажилтай болсон юм.  Ингээд гэрт нь хүргэж өгчихөөд 

D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Nayanjin 215.2.doc
Дархан руу буцаад явж байтал Дархан 2-н төмөр замын ойролцоо манай эхнэр “хөөе урд чинь тэрэг түрсэн хүн явж байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд замын хажуу руу гарах гэтэл өндөр жалга байсан учир замаас гарч чадаагүй, эсрэг урсгал руу орох гэтэл урдаас 3-4 машин ирж байсан юм.  Ингээд бас замаас гарч чадаагүй учир тормозоо гишгээд сигналаа өгөөд хурдаа сааруулсан боловч машин цасан дээр гулгаж очоод тэр хүнийг мөргөчихсөн юм. Ингээд тэр хүнийг эмнэлэг рүү тусламж үзүүлэхээр аваад явсан юм. Хохирол төлбөрт нийт 1.730.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг.

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохирогч ***  тэрэг түрж амьдардаг юм. Өдөрт тэргээ түрэхээрээ 15000-20000 төгрөг олдог байсан юм. Ослын улмаас 4 шүд нь унасан, 12 ширхэг оёдол тавиулсан, хөл нь шажигнаад хөдлөж болохгүй хадаас нь гарч ирчих гээд хэцүү байдалтай байна. ***г хүн чанар гаргаж эмнэлэгт хүргэж өгсөнд баярлаж байна. *** 5 сар хэвтэрт байгаа. Энэ хугацаанд эмнэлэг рүү явахад машин тэргээр хүргэж өгч байх хэрэгтэй байна. *** эмнэлэгийн эмчилгээний зардал төлсөн. Манайх хонины мах иддэггүй учир өгсөн хонийг нь 50.000 төгрөгөөр зарчихсан. Одоо 1.500.000 төгрөг нэхэмжилж байна.“ гэх мэдүүлэг,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн  3-6 дахь тал/
 - “...2013 оны 11 сарын 23-нд шөнийн 23 цагийн орчимд Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт асфальтан хучилттай төв замаар хюьндэй соната 5 маркын ***  улсын дугаартай автомашиныг ***  жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 15.1-т “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. А.хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч *** г мөргөж, зам тээврийн осол гаргасан, мөн дүрмийн 2.7-т жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а-согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг жолооч *** нь мөн зөрчсөн гэж үзэж зам тээврийн ослын дүгнэлтийг гаргав” гэх зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн ослын бүдүүвч /хэргийн 7-9 дэх тал/,
-Согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 10 дахь тал/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, амбулаторын картын хуулбар /хэргийн 25-29 дэх тал/,
-Хохирогч ***ийн биед үзлэг хийж гаргасан: “***ийн биед зүүн хөлийн шилбэний 2 ясны сэлтэрхийт битүү хугарал, хагалгааны дараах байдал, нүүрний шарх, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1254 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 31 дэх тал/,
-Өвчний түүх /хэргийн 36-50 дахь тал/,
-Техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 52-55 дахь тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд бид хоёрыг явж байтал Дархан 2-ын төмөр замын гармын ойролцоо явж байтал зам дээр тэрэг түрсэн хүн гэнэт гараад ирсэн юм. Тэгээд би хараад “хүүе ээ, наана чинь тэрэг түрсэн хүн явж байна шүү дээ” гэж хэлтэл манай нөхөр харчихаад сигнал дараад зүүн тал руу дараад гарах гэтэл хажуугаар нь өнгөрөх гэсэн боловч өөдөөс машинууд ирж байсан ба нөгөө тал руу дарах гэхээр хонхор газартай байсан болохоор урдаас нь очиж мөргөсөн. 
...хальтиргаа ихтэй, цас их хэмжээгээр орж байсан, үзэгдэх орчин муу байсан.
...сигнал дараад, тормоз гишгэсэн. Тэгтэл гулгаж очоод мөргөчихсөн.
...машинд мөргүүлсэн хүн бид хоёрын явж байсан урсгалын өөдөөс зорчих хэсэг голлоод ертөнцийн зүгээрээ урд зүг рүү буюу 3 шар тал руугаа явж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 50-51 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 75 дахь тал/,
-Хохирогч ***д гаргасан эмчилгээний болон бусад зардлын тооцоо /хэргийн 82 дахь тал/,
-Хэргийн газарт хийсэн нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 87-90 дэх тал/,
-Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хэргийн 91-92 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 93 дахь тал/,
-Хувцсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 94-96 дахь тал/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 97-99 дэх тал/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хэргийн 100 дахь тал/,
-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 101 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цаг 20 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** улсын  дугаарын автомашиныг жолоодон Дархан-Уул аймгийн Хонгор сумаас Дархан сумын чиглэлд явж байгаад Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр болох асфальтан хучилттай зам дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 15 дугаар бүлгийн 15.1-т “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна а.хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, мөн дүрмийн 2.7-т “жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а.согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг согтуугаар үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
    
    Иймд шүүгдэгч ***г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
    
    Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн хагалгаа болон эмчилгээний зардлыг төлж, мөрдөн байцаагч Г.Анхбаяраар дамжуулж 440000 төгрөг, шүүхээр дамжуулж 400000 төгрөг, нийт 840000 төгрөг бэлнээр өгсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

    Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирогч *** нь зах дээр гурил үүрч, өдөрт 15000-20000 төгрөг олдог байсан учир дундажаар бодож 1500000 төгрөг нэхэмжилнэ гэж байгаа боловч энэ талаар холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй байна. Иймд хохирогч ***ийн олох байсан орлого гэх 1500000 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
    Шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөр байхгүй тул шүүгдэгч ***гийн эхнэр ***ийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Анхбаярын 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 449 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ***т буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
    Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
    Шүүгдэгч *** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа
хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нотлох баримтын хэмжээнд өөрийн сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
    
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хасч, 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч ***, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон олох байсан орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
    
    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан ***ийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Анхбаярын 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 449 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг У.Эрдэнэчимэгт буцаан олгосугай.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч ***ийн өмсөж явсан гэх 3 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

    8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хасч, 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурьдаж, ***гийн  ***  дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй. 

    11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ