Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0083

 

 


       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0090/Э/ 

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
        Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201409000196 дугаартай хэргийг 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** ны өдөр төрсөн, ***  настай*** , бүрэн бус дунд боловсролтой, ***тоотод оршин суух,
-2001 оны 1 дүгээр сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,
-2008 оны 4 дүгээр сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч *** нь 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр 20 дугаар байранд байрлах “Цэлмэг” шүдний эмнэлэгт үйлчлүүлж байсан иргэн ***ийн гар цүнхийг  хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 3 дугаар сарын 6-ны  өглөө  эрт  сэрээд траншейнаас гарсан  юм.  Гэгээ  орж  байхад  дэвсэж  унтсан  хоёр

D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Ganzorig 145.1.docx
шалавчаа зарах гэж гарсан. Тэр өдөр би хогноос архи олж ууж *** ахтай таарсан. Би *** ахад шалавчийг зарья гэж хэлсэн. Эмнэлэгээс шалавч авах уу гэхэд сувилагч нь авахгүй гэхэд Эрдэнэбаяр ах түрүүлээд гараад явсан. Үүдний хажууд цүнх байхаар нь би аваад гарсан. Орц руу ороод цүнхийг уудалж үзээд улаан түрүүвчийг нь авсан. Түрүүвчнээс 120.000 төгрөг авсан. Тэгээд би тэр мөнгөөр Улаан байшингаас нэг шил архи авсан. Халуун усанд орчихоод Микрт ганцаараа архи уусан. Нэг сэрэхэд таньдаг орцны жижүүрийн гэрт сэрж байсан. Би цүнхнээс нь зөвхөн ээмэг л авсан.” гэх мэдүүлэг, 
-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 15 дахь тал/,
-Хохирогч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...тэгэхээр нь би цүнхээ эмнэлэгийнх нь коридорынх нь сандал дээр нь тавьчихаад эргэж хараад куртикээ өмсчихөөд эргээд харсан чинь сандал дээр тавьсан байсан цүнх маань алга болчихсон байсан. Тэгэхээр нь гайхаад миний цүнх алга болчихлоо гээд орилоход манай нөхөр цаад эмчийнх нь өрөөнөөс гарч ирээд нөхөр бид хоёр эмнэлэгээс гараад хоёр тийшээ гараад хайсан боловч олдоогүй.
...хуучин хорооллын 21 дүгээр байрны 6 дугаар орцны 2 давхарт гарч үзэхэд миний барьдаг хар өнгийн цүнхний хамаг цахилгааныг нь онгойлгочихсон байдалтай байсан. Тэгэхээр нь цүнхэн доторх эд зүйлээ шалгаж үзэхэд улаан өнгийн эмэгтэй хүний түрүүвч, хар өнгийн самсунг маркын гар утас зэрэг маань байхгүй байсан. Бусад зүйл нь байсан. Харин түрүүвчин дотор бэлэн 120000 төгрөг, турк монетон урт ээмэг, миний өөрийн иргэний үнэмлэх, миний дугаарын сим картны үүр зэрэг байсан. Ингээд цагдаад мэдэгдсэн. 
...миний цүнхийг хулгайлсан хүнээс гар утас, түрүүвч, ээмэг, бэлэн 120000 төгрөг зэргээ нэхэмжилнэ. Би гар утсаа Өмнөговь аймгийн “Тэнгэрийн ертөнц” гээд гар утасны дэлгүүрээс 85000 төгрөгөөр авч байсан. Энэ утас маань самсунг маркын мэдрэгчтэй хар өнгийн утас байсан. Яг ямар маркийнх гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ гар утасны маань худалдаж авахад нь өгсөн баталгаат засварын хуудас байгаа, энэ хуудсаа би хэрэгт хавсаргаж өгч болно. Монетон ээмэг маань турк улсад үйлдвэрлэсэн нарийн унждаг ээмэг байгаа юм. Би ээмгээ одоогоос 2-3 жилийн өмнө Дархан Номингоос 160000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ямар нэгэн хээ хуар бол байхгүй ээ. Харин түрүүвч нь улаан өнгийн эмэгтэй хүний урт түрүүвч байгаа юм. Энэ түрүүвчээ би 15000 төгрөгөөр үнэлж байна. ингээд нийт би 380000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17 дахь тал/,
-Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Ганзориг нэг улаан өнгийн эмэгтэй хүний түрүүвч куртикнийхээ халааснаас гаргаж ирээд “би сая шүдний эмнэлэгээс хүний цүнх хусчихлаа” гэж ярьсан. Тэгээд миний дэргэд нөгөөх улаан өнгийн түрүүвчийг онгойлгож үзсэнээ 120000 төгрөг байна гээд мөнгийг авснаа түрүүвчийг нь  буцаагаад куртикнийхээ халаасанд хийсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/, 
-Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...ингээд би шууд бирж рүү явж манай эхнэрийн цүнхэнд байсан утас, монет зэргийг нь зарах гээд хүмүүс явж байж магадгүй гэж 1 цаг орчим явж байгаад буцаж ирсэн. Намайг буцаж ирэхэд манай эхнэр урдаас цүнхээ урд байшингаас нь олчихлоо, гэхдээ дотор нь байсан мөнгөтэй түрүүвч, утас зэрэг нь алга болсон байна гэж байсан. Манай эхнэрийн түрүүвчинд бэлэн 120000 төгрөг байсан. Энэ мөнгийг би урд өдөр нь эхнэртээ хамт явж байгаад эхнэрийнхээ данснаас нь 1 сая төгрөг аваад би тэр мөнгөнөөс нь 120000 төгрөгийг нь эхнэртээ өгөөд, үлдсэн мөнгийг нь өөрөө аваад маргааш нь эмнэлэгт хэвтсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,
-Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...удаагүй эхнэр нь буцаж орж ирээд цүнх алга болчихлоо гээд ярьж байхад гаднаас нэг өндөр хүн орж ирж шүүдээ эмчлүүлэх гэж байснаа сая намайг 21 дүгээр байрны 6 дугаар орцноос гарч ирэхэд орцонд нэг цүнх байна лээ шүү дээ гэж хэлэхэд нөгөө цүнхээ алдсан эгч тэр орц руу нь орж үзсэнээ буцаж ирээд цүнхээ олчихлоо гэж ярьж байсан. Тэгээд яваад өгсөн. Явахаасаа өмнө цагдаа нартай уулзсан. “ гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,
-Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...тэгээд 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүүхдийнхээ шүдийг эмчлүүлнэ гээд нөхрийнхөө хамт гарсан. Тэгээд өдөр манай гэрт 16 цагийн орчим ирсэн. Гэрт маань ирээд шүдний эмнэлэгээс цүнхээ алдчихлаа гэж ярьж байсан. Би цүнхэнд нь юу байсан юм бэ? гэж асуухад би харин цүнхээ шүдний эмнэлэгээс алдаад хажуу талынх нь байрны орцноос олсон гэж ярьсан. Тэгээд цүнхээс нь түүний бэлэн 120000 төгрөгтэй түрүүвч болон гар утас нь алга болсон гэж ярьж байсан. Би урьд өдөр нь түүний алга болсон утсыг нь харсан. Түүний алдсан утас нь хар өнгийн мэдрэгчтэй гар утас л байсан. Тэр утсаа Өмнөговиос наашаа гарахынхаа өмнөхөн авч байсан гэж ярьж байсан. Мөн түүний алдсан түрүүвчинд нь бэлэн мөнгөнөөс гадна цахим үнэмлэх, монетон ээмэг байсан гэж ярьж байсан. Эмнэлэг явахынхаа өмнө манай охин нөгөө ээмгээ сольж зүүгээд, зүүж байсан ээмгээ түрүүвчиндээ хийж байсан юм. Тэгээд тэр ээмгээ алдчихсан байна лээ.” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дэх тал/,
-Эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хэргийн 46-47 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр 20 дугаар байранд байрлах “Цэлмэг” шүдний эмнэлэгт үйлчлүүлж байсан иргэн Д.Энхзаяагийн гар цүнхийг  хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.    
    
    Иймд шүүгдэгч ***ийг бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
    
    Шүүгдэгч *** нь “цүнхэнд байсан түрүүвчийг авсан, өөр юу байсныг мэдэхгүй” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд харин хохирогч ***д хууль сануулж авсан “түрүүвчин дотор маань бэлэн 120000 төгрөг, турк монетон урт ээмэг, миний өөрийн иргэний үнэмлэх, миний дугаарын сим картны үүр зэрэг байсан. Ингээд цагдаад мэдэгдсэн. ...миний цүнхийг хулгайлсан хүнээс гар утас, түрүүвч, ээмэг, бэлэн 120000 төгрөг зэргээ нэхэмжилнэ. Би гар утсаа Өмнөговь аймгийн “Тэнгэрийн ертөнц” гээд гар утасны дэлгүүрээс 85000 төгрөгөөр авч байсан. ...Монетон ээмэг маань турк улсад үйлдвэрлэсэн нарийн унждаг ээмэг байгаа юм. Би ээмгээ одоогоос 2-3 жилийн өмнө Дархан Номингоос 160000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ямар нэгэн хээ хуар бол байхгүй ээ. Харин түрүүвч нь улаан өнгийн эмэгтэй хүний урт түрүүвч байгаа юм. Энэ түрүүвчээ би 15000 төгрөгөөр үнэлж байна. Ингээд нийт би 380000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлгийг /хэргийн 16-17 дахь тал/ үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна. 

    Хохирогч *** нь хохирол төлбөрт 380000 төгрөг нэхэмжилж байгаа боловч эд зүйл үнэлэх комисс түүний түрүүвчийг 10000 төгрөг, монетон ээмгийг 100000 төгрөг, гар утсыг 80000 төгрөгөөр үнэлсэн байх тул уг үнэлгээрээ тооцож, алдсан эд зүйлийн үнэ 190000 төгрөг, бэлэн мөнгө болох 120000 төгрөг, нийт 310000 төгрөгийг шүүгдэгч ***оос гаргуулж, хохирогч *** д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

    Шүүгдэгч ***ийн энэ хэрэгт 2014 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс цагдан хоригдсон 16 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч ***г бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүгдэгч ***т 1 /нэг/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ***ийн энэ хэргийн улмаас 2014 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

    4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***оос 310000 /гурван зуун арван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч ***д олгосугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Я.ТУУЛ