Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 01564

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг 32-07 тоотод оршин суух, Жаргалант овогт Зоригтын Сувд-Эрдэнэ /РЭ92082226/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 4-18 тоотод оршин суух, Хаахага овогт Лхагвадоржийн Насанбуян / РЛ92092919/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч З.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.Сувд-Эрдэнэ нь Л.Насанбуянтай 2008 оноос үерхэж байгаад 2012 онд гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Бид дундаасаа нэг хүүтэй ба хүү Н.Билгүүнбаатар нь 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн. Одоо 8 настай. Л.Насанбуян надтай албан ёсоор гэрлэлтээ батлуулсан боловч нэг гэрт орж амьдарч байгаагүй. 2017 оны 4 дүгээр сараас Өмнөговь аймаг руу ачааны машин барьж ажил хийнэ гээд явсан. 2017 ондоо нэг удаа ирсэн ба утсаар ярьдаг байсан. Ингээд 2018 оны 2 дугаар сард ирээд явсан түүнээс хойш хүү бид хоёр луу яриагүй, бид 2 дээр ирээгүй. Сургийг нь сонсоход Л.Насанбуян гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй харилцаа үүсгэж улмаар тэр эмэгтэйтэйгээ хамт амьдарч дундаасаа хүүхэдтэй болсон гэсэн. Энэ байдлаас болоод бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.

Иймд 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 6701000163 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Н.Билгүүнбаатарыгаа өөрийн асрамжинд авч эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Л.Насанбуян шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Л.Насанбуян би З.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Бид 2008 онд танилцсан. 2012 онд гэрлэлтээ батлуулж хамт амьдарсан. Хүү Н.Билгүүнбаатар 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн. Бид хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2018 оноос хойш тусдаа амьдарч байна. Одоо гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Н.Билгүүнбаатарыг эх З.Сувд-Эрдэнийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Сувд-Эрдэнэ нь хариуцагч Л.Насанбуянд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигч нь 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсноо 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь 6701000163-рт дугаарт бүртгэсэн талаарх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүү Н.Билгүүнбаатар төрснийг 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд бүртгэсэн 0000807579-720 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба зохигч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэрэг нөхцлийг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудал дээр маргаагүй бөгөөд нэхэмжлэгч З.Сувд-Эрдэнэ нь 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Н.Билгүүнбаатарыг өөрийн асрамжинд авах талаархи шаардлагыг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гаргадаг.

Шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, ээждээ ээнэгшин дассан байдал, мөн хүүхдийн насны байдал зэргийг харгалзан, эцэг эхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Н.Билгүүнбаатарыг эх З.Сувд-Эрдэнийн асрамжид үлдээж эцэг Л.Насанбуянгаас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Н.Билгүүнбаатарыг эх З.Сувд-Эрдэнийн асрамжинд үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг Л.Насанбуянд хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа.

Нэхэмжлэгч З.Сувд-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Насанбуянгаас эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөг байгаагаас 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Н.Билгүүнбаатарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, жилд төлөх тэтгэмжийг тооцоход 103.000х12=1.236.000 төгрөг ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг нийт 70.200+34.214=104.414 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Л.Насанбуянд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хаахага овогт Л.Н, Жаргалант овогт З.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Н.Б-ыг эх З.С-йн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар, 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Н.Б-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 настай/ болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л.Н-ас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй гэсэн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Н-ас 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.С-д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг хэвээр үлддэг болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН